Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОНО

Posted by bolod on November 12, 2009

Ийм нэг хууч яриа байдаг. Хууч ч гэж дээ, бодитой юм гэсэн. Олон нялх нойтон хүүхэдтэй, хүн бүл тааруу хөдөөгийн нэгэн новширсон айлын том хүү нь зайлуул дагавар юм байж. Сэлээгүй өмсдөг дээлтэй, халаагүй хонины ээлжтэй байж. Өвлийн хүйтэн, хаврын хавсарга, зуны халуунд ч ялгаагүй өдөржин хонинд явж явж орой гэртээ ирээд хувь болгон аяганд нь хийж тавьсан хүйтэн нойтон хоолыг идсэн болоод унтдаг байж. Ах нь юм болохоор ажилд дарагдаж, дүү нараасаа дутуу гуцуу идэж баахан шоовдордуу өсөж байгаа том хүүгээ өрөвдөөд ээж нь нэг өдөр хэрэг болгон зөвхөн том хүүдээ зориулан бууз хийж, аяга дүүргэн тавьжээ. Орой болж, хонио хотлуулаад орж ирсэн хүүдээ ээж нь аяга дүүрэн буузаа ид хэмээн өгтөл, хүү учир зүггүй гомдоллон уйлж гарчээ. Яав ийв миний хүү гэтэл, “Надад ийм их бууз тавьсан юм чинь та нар өөрсдөө ямар ихийг идсэн бол” гээд л улам ихээр асгаруулан уйлсан гэдэг.

Сонгуулиар намууд нэг их мөнгө амлаад, сайн хүн болж сайрхахыг харах тусам надад энэ хууч санаанд ордог. Энэ их мөнгө амлаад байгаа хүмүүс, өөрөөсөө мөнгө гаргаж хэзээ ч өгөхгүй шүү дээ. Өөрсдийнх нь хармаанаас нэг гараараа суйлаад, нөгөө гараараа буцааж өгөхдөө нэг их мундаг өглөгч царай гаргаж байгаа болохоос. Бидэнд мөнгө өгнө тараана, харж үзнэ, жаргаана гэж амлах амлалтын цаана, түүнээс ихийг идэж уух зорилго дандаа байгаа. Бидэнд ийм ихийг өгнө гэж амлаж байгаа юм чинь өөрсдөө ямар ихийг идэж уух бол гэж дандаа бодогддог юм. Ер нь улстөрчид, намчингууд бидэнд мөнгө тараах, мөнгө амлах эрхтэй юу? Хэний мөнгийг хэн нь хэнд өгөх гээд буян амлаад бурханлиг дүр эсэгээд байгаа хэрэг бол. Энэ их мөнгөний эх үүсвэр нь юу вэ? Үнэгүй тараадаг, зүгээр өгдөг энэ хишиг, хавтгайруулсан халамжийн цаана дандаа улс төрийн ашиг хонжоо нуугдаж байдаг.

Улс төрчдийн ярианаас ч энэ нь шууд харагдана. Эх орны хишиг ч юм уу, эрдэнийн хувь ч юм уу, стандарт бус хамтарсан ЗГ-ыг байгуулалцсан намуудын дундын эрлийз амлалтын сураг дуулдах тутамд тэд энэ байдлаа баталдаг. Хавтгайруулсан халамж хийгээд бэлэн мөнгө тараах явдлыг аль ч нам өнгөн дээрээ дэмждэггүй, буруу, инфляцид хүргэнэ, бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлнэ гэж шүүмжлэх мөртлөө, яг хэрэг дээрээ өгөх шийдвэр гаргана. Нэг нэгээрээ болохоор жигтэйхэн эсэргүүцээд л уг нь бол буруу юм байгаа юм гэнэ. Бөөнөөрөө нийлэхээр л харин өгөх болоод явчихна. Бүлгийн сонголтын гажиг л юм даа. Шалтгаан нь ердөө энгийн. Улс төрийн ашиг. Улс төрийн амлалт өгсөн бол амлалтаа биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол дараагийн сонгуулиар биднийг хэн ч сонгохгүй хэмээн үүнийгээ тайлбарлана. Нөгөө луг луг эдийн засагчид нь хүртэл ингэж ярина. Эдийн засагч дүрээрээ ярихдаа, бэлэн мөнгө тарааж болохгүй гэх боловч, улс төрч дүрдээ орохоор өгнө тараана, цацна гэх ажээ. Ийм хоёр нүүртэй улс төрчид эдийн засгийн хийгээд улс орны бодлогыг тодорхойлж байгаа тул улс яаж хөгжих вэ дээ.

Оюутолгойн гэрээг баталсны төлбөрт 100 сая долларын урьдчилгаа зээллэг авах болжээ. Газраас зүгээр мөнгө олсон юм шиг түүнийгээ хэрхэн үрж зарахаа олж ядаж байна. Ярьдаг юм нь “иргэн бүрт 50 мянган төгрөг тараах” тухай. Ардчилагчид нь ч хувьсгалчид нь ч өгнө тараана гээд байна. Уг нь нэг нь манайх зүүнийх, нөгөө нь манайх барууны үзэл баримтлалтай гээд өрсөлдөөд байдаг юм. Ачир дээрээ бүгдээрээ “ТЭГШИТГЭН ХУВААРИЛАХ” тухай л ярьж байна. Намуудад үзэл баримтлал байтугай, бодлого байтугай, зарчим байтугай, эрүүл ухаантай хүн ч алга шиг.

2002, 2003 оноос Монголын эдийн засаг овоо сэргэж, эрүүлжиж байсан юм. 2004 оноос эхэлж уралдан амласан бэлэн мөнгө тараах бодлогоос болоод эргээд дордчихсон. Ёстой сахил хүртээд шал дордов гэгч болж байна. Хөдөө айлуудаар орж, судалгаа авч явахад өрхийн хамгийн гол зардал юу байдаг гээч. Хүнснээс хамгийн түрүүнд гурил гэж нэрлэдэг юм. Хувцас хунар гэхээр гутал гэдэг юм. 2003 онд нэг шуудай гурил 10000 төгрөг хүрдэггүй байлаа. Тэр үедээ л овоо үнэтэй байсан нь тэр. Гэтэл 2004 онд хүүхдийн 10000 төгрөг гэж амалцгаасан. Өөрөөр хэлбэл нэг шуудай гурил л амалж байсан хэрэг. Өнөөдөр харин намууд сая саяыг амалсан мөртлөө, Оюутолгойг зарж, хүүтэй зээлсэн урьдчилгаа мөнгөнөөсөө иргэн бүрт 50 000 төгрөг тараах тухай яриад байдаг. Гэтэл энэ мөнгөөр ердөө л нэг шуудай гурил авах мөнгө шүү дээ. Одоо өгөх гээд байгаа 50 000 төгрөг чинь 2004 онд өгөхөөр амалсан 10 000 –тай ханшаараа дүйх ажээ. Зөрүүлээд харин хүүхдийн мөнгө зэрэг зарим мөнгөө бүгдэд нь өгөхөө болих санаатай юм. Дээр нь нэмээд хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг эцэг эхээр нь төлүүлдэг болгох гэж хичээж байна.

Танд ойлгогдож байна уу? Энд ямар нэг бодлого, логик байна уу? Нэг гараараа хүүхдийн мөнгө гэж тараах мөртлөө, нөгөө гараараа эрүүл мэндийн даатгал хэмээн хурааж авах гэж байна. Нэг гараараа иргэн бүрт 50 000 төгрөг тараах мөртлөө, нөгөө гараараа хүүхдийн мөнгийг хасаж, зөвхөн эмзэг бүлгийнхэнд олгодог болгох гэж байна. Улстөрчингүүд, олон нийтийг ингэж л малладаг байна. Зах зээлийн харилцаанд шилжсэн л юм бол энэ шийдвэрүүдийг уг нь буруутгах аргагүй. Гэхдээ ингэх байсан юм бол эхнээсээ юунд амалж, тарааж завааруулж эхэлсэн юм бэ? Ингэх л байсан юм бол юунд сая саяыг амалсан юм бэ? Ингэх л байсан юм бол Эх орны хишгээ өгч чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрчихвөл яасан юм бэ? Ер нь  НЭГ САЯ ТАВАН ЗУУН МЯНГЫГ тараавал сахил хүртээд шал дордоно гэгч жинхэнээсээ болох гээд байна шүү дээ. Битгий надад мөнгө өгнө гээд айлгаад байгаач. Эх орны хишиг ч тэр, Эрдэнийн хувь ч тэр, аль аль нь БҮРЭН БОЛОЛЦООГҮЙ зүйл гэдгийг хүлээн зөвшөөрвөл яасан юм бэ?

4 Responses to “САХИЛ ХҮРТЭЭД ШАЛ ДОРДОНО”

  1. zorigtsoc said

    Монголын улс төр яг зунгааралдсан бантан шиг…ойлгомжгүй, төвөгтэй, ядаргаатай, хэцүү

  2. amar said

    Хүүхдийг хэт их эрхлүүлж, ажил хийлгэхгүй, өмнөөс нь бүх юмыг нь хийж өгөөд байвал эцэстээ тухайн хүүхэд бие даах чадваргүй болдог. Өөр зөндөө сөрөг байдал үүснэ. Үүн шиг төр засаг маань биднийг хэт эрхлүүлж, ажил хийлгэхгүй мөнгө өгсөөр байгаад бид сэтгэж, ажиллаж чадахгүй болж улмаар чадваргүй нэг улс болох вий дээ.
    1. Хүүхдийн мөнгө өгсөн биш хүүхэд эцэг эхээ тэжээх болсон.
    2. Гэр бүл боллоо гэж мөнгө өгсөн биш салалт ихсэж, хүүхэд өнчирсөн.
    3. Одоо хишиг хувь нэрэн дор бас мөнгө өгөх гэж байна. Өмнөх хоёроосоо илүү сөрөг байдал нийгэмд үүсэх биз ээ.
    Аливаа зүйлийг ул суурьтай, тооцоотой хийдэг. Мөнгө өглөө гээд юу дээшилж, хөгжсөн юм бэ? Энэ талаарх судалгаа мудалгаа байна уу?

  3. huder2003 said

    Нөгөө татварын хууль шиг үү сайхан рекламдаж байгаад эргүүлээд нугсалсан даа

  4. Baska said

    Хэлээд ойлгохгүй юмнуудыг бодож, зүхэж, уураа барж байхаар зүгээр л буудах хэрэгтэй. Харин нэг улс төрч царайлсан маанагийг буудсан хүнд 2.500.000 төгрөг өгнө гэвэл намуудын амалсан мөнгөнөөс илүүтэйгээр /бүр хэд дахин/ Монголчууд бидэнд ашигтай тусна. Өөр ямар ч арга байхгүй…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: