Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАН”

Posted by bolod on November 26, 2009

Биднийг багад Ардын Хувьсгалын партизанууд гээд хэдэн өвгөд байдаг байсан. Хөөрхий тэр хэдэн өвгөд бидний төлөө цусаа урсгаж, ийм энхжингийн цагийг авчирсан юм гээд л, партизаанууд байр авна, тусгай хангамж эдэлнэ, оочир дугааргүй үйлчлүүлнэ, автобусанд үнэгүй явна. 90-ээд оноос хойш ахмад дайчид нэмэгдсэн. 1939 оны болон 1945 оны дайны үеийн ахмад дайчдад байр олгох тухай яриа хэдэн сонгууль, хэдэн засгийн газар дамжин яригдаж ирлээ. Эхнээс нь олгосоор байгаа одоо ч олгож байгаа бололтой. Тэдэнд зөвхөн байр өгөөд болоо гэж үү? Ганцхан байр өгөхөд хангалттай гэж үү? Ямар сайндаа л тэд төрөөсөө байр гуйж, царай алдаж, хэдэн хүүхдээ орох оронтой болгох гэж гол нь тасрахгүй гүрийж байгаа билээ. Ардын хувьсгалын партизан байлаа ч, халх голын дайны ахмад дайчин байлаа ч, ер нь хэн ч байлаа гэсэн хөгшчүүдийн амьдрал, байр царайчилсан энэ байдал нь  монголчуудад нийгмийн баталгаа үгүй байгааг бидэнд улам тод харуулах аж. Насаараа зүтгээд энгэрээрээ дүүрэн одон медаль цуглуулсан, хэдэн таван жилийн гавшгайч болж хийж бүтээх насаа өнгөрүүлсэн өвгөд хөгшид одоо болохоор ядарч зутарч явна. Уг нь бол тэд хийдгээ хийчихсэн. Хий гэснийг нь л хийсэн. Харин төр, нам засаг хулхидчихсан юм уу даа.

90 оноос хойш Монгол улс зах зээлийн системд шилжсэн гэж амтай бүхэн ярих боловч эдийн засгийн шинэчлэл ерөөсөө хийгдээгүй байгаагийн нэг нь энэ нийгмийн халамж даатгалын систем. Энэ байдлаараа байх юм бол дахиад 20 жилийн дараагаар “Бид ардчилсан хувьсгалын партизанууд байна. Бидэнд амьдрах орон сууц, байр өгөөч” гэсэн өргөдөл дараад л байж байх бололтой. Залгаад гучин жилийн дараа би, төрөөс байр гуйдаг өвгөчүүлийн тоог нэгээр нэммээргүй байна. Тэгэхээр одоо яах вэ? Энэ нийгмийн даатгалын системийг орвонгоор нь өөрчлөхгүй бол болохгүй мэт.

Төрөөс гуйх ч юу байхав. Төрд дээрэмдүүлснээ л эргүүлж авах гээд гуйгаад байгаа хэрэг. НДШ-д төлж байгаа мөнгөө хувь хүмүүс өөрсдөө хуримтлуулаад байх юм бол нийтийн орон сууц байтугай орд харштай байх баталгаа ч уг нь байгаа билээ. Бяцхан тооцоо хийгээд үзье.

1. 3 жилийн өмнө л төрийн албан хаагчдын цалингийн дундаж хэмжээ 300 000 мянгад хүрсэн талаарх мэдээг тухайн үеийн ерөнхий сайд болон Сангийн сайд нар албан ёсоор мэдээлж байсан. Энэ тоо одоо мэдээж өссөн. Гэвч үүгээр нь тооцож үзье.

2. НДШ-д хувь хүнээс нь цалингийн 10%, ажил олгогчоос 11%-тай тэнцэх хэмжээний мөнгийг татварлаж Нийгмийн даатгалын санд төвлөрүүлж байгаа. Нийлбэр нь 21%. Энэ 21% нь 300 000 төгрөгийн цалинтай хүний хувьд 63 000 төгрөг болж байгаа юм. Та бид сар бүр 63 000 төгрөгийг НДСанд тушааж байгаа.

3. НДСанд хуримтлагдсан мөнгийг сарын дор хаяж 0,5%- ийн хүүтэйгээр өсгөж байх заалт бий боловч үүнийг тэр бүр мөрдөхгүй байна. Одоогийн банкуудын хадгаламжийн сарын хүүг дунджаар 1,5% гэж тооцъё. Таны сар бүр тушаадаг 63 000 төгрөгийн сарын 1,5%-ийн хүүтэйгээр хадгаламжинд байрлуулбал дараах байдлаар өсөх боломжтой ажээ.

 

 

Хэдэн жил хуримтлуулах вэ? Нэг сарын хүүд хэдэн төгрөг оногдох вэ? Хэдэн төгрөг хуримтлагдсан байх вэ?
1 1 жилийн дараа 11 210 821 596
2 5 жилийн дараа 88 648 6 061 523
3 10 жилийн дараа 307 509 20 871 156
4 15 жилийн дараа 842 236 57 054 344
5 20 жилийн дараа 2 148 692 145 457 825
6 25 жилийн дараа 5 340 649 361 446 958
7 30 жилийн дараа 13 139 303 889 155 879

Таны НДСанд тушааж байгаа мөнгө нэг жилийн дараа 821 мянга 596 төгрөг болж өсдөг аж. Харин 5 жилийн дараа 6 сая, 10 жилийн дараа 20 сая, 20 жилийн дараа 145 сая, 30 жилийн дараа 890 сая төгрөг болж өсөх боломжтой юм байна. Инфляцийг тооцохгүйгээр, өнөөгийн ханшаар, өнөөгийн мөнгөний нэрлэсэн дүнгээр 890 сая төгрөг болж өсөх мөнгийг 30 жил ажилласан хүн нийгмийн даатгал нэрээр улсад хураалгачихаад, дараа нь би партизан байсан хэмээн 32 сая төгрөгийн үнэтэй байр гуйж, царайчилж байгаа нь хэр шударга зүйл вэ? Гэтэл энэ хуримтлалыг улсын төсөв залгичихаад одоо эргүүлж өгөхгүй байгаа. Дээрээс нь Нийгмийн даатгалын салбарын 1500 орчим ажилтан албан хаагчид үүгээр цалинжиж, тэжээлгэхийн сацуу ахуй амьдралаа сайжруулах нэрээр ээлж ээлжээр байр орон сууц авч тансаглаж байдаг.

Энэ нь багадсан юм шиг, Сангийн сайд гуай НДШ-ийн хувь хэмжээг 4-5% иар нэмэх санал боловсруулаад орж ирж байдаг. Үндэслэл нь их хөгийн. Хэрэв нэмэхгүй бол тэтгэврийн даатгалын сангийн алдагдал жил бүр өсөөд байгаа гэх ажээ. Тэтгэврийн даатгалын сан алдагдалтай ажиллаж байгаа нь НДШ төлөгч бидний буруу огтхон ч биш. Харин алдагдалтай ажиллуулж байгаа сайд таны буруу шүү дээ. Өөрийнхөө алдагдлыг л над дээр үүрүүлэх гэсэн санаа байгаа биз. Ер нь яахаараа НДСангийн алдагдлын талаар Сангийн сайд асуудал боловсруулж орж ирдэг билээ. Энэ уг нь НХХЯ-ны сайдын эрхлэх ажил биш билүү? Учир нь ч бас их энгийн. НДСангийн хуримталыг улсын төсвийн ОРЛОГО гээд ангилаад бүртгээд байгаад л байх ажээ. Уучлаарай, НДС-ийн хуримтлагдсан мөнгө улсын төсвийн орлогоос тусдаа зүйл болохыг анхаарна уу? Ийм байдлаар ажиллаж байгаа тохиолдолд, хэрвээ боломжтой бол би НДШ нэрээр улсад ганц ч төгрөг тушаамааргүй байна. Харин та ингэж тушаахыг хүсэж байна гэж үү?

2 Responses to ““АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫН ПАРТИЗАН””

  1. Хүсэхгүй байна.

  2. Huder said

    Тийм

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: