Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТӨМӨР СОРУУЛ

Posted by bolod on November 30, 2009

Александр Бекийн бичсэн “Волоколамскийн их зам” гэж зохиол бий. Би эх орны дайн, дэлхийн хоёрдугаар дайны тухай олон л ном зохиол уншиж байсан. Үүн шиг гайхамшигтай ном өөрийг мэдэхгүй. Дайн гэж чухам юу болох талаар тэндээс л хамгийн гүнзгий ойлгож мэдэрсэн дээ. Мундаг тагнуулч, хатан зоригтон, эх орончийн талаар бичсэн олон зохиолуудаас энэ ном эрс ялгардаг. Домог болсон генерал Панфиловын тухай ном юм шиг мөртлөө, гол баатар нь тэр биш, түүний двизийн нэгэн батальон захирагчийн тухай. Дэслэгч Момыш-Улы болон генерал Панфилов хоёрын харилцаа, тэд хамтдаа тулалдааны шинэ тактик хэрхэн боловсруулж байгаа нь надад Москвагийн төлөөх тулалдааны мөн чанарыг ойлгуулсан гэж болно. Энэ номыг уншсаны дараа, Орос улс хөгжиж шалиагүй, дэд бүтэц байхгүй, байгалийн саад бэрхшээл нь хэвээрээ онгон дагшин байсан зэрэг нь Гитлерийн германы Цахилгаанчилсан дайны төлөвлөгөөг тасалдуулахад тусалсан юм байна гэж ойлгосон.

Тэр үедээ хүчирхэг армитай байсан, хүчирхэг хамгаалалтын шугамтай байсан Францын армийг бараг л буу дуугаргалгүй ялж, нийслэл Парист нь баярын жагсаалаар орж байсан, европ дахиныг нүд ирмэх зуурт эзэлсэн германы шилдэг дивизүүд яахаараа зэвсэг техник нь хоцрогдсон, дайнд бэлэн биш байсан улаан армийн цэргүүдийг дийлдэггүй билээ гэж гайхдаг байлаа. Орос ах нар аргагүй баатарлаг юмаа гэж л боддог байсан. Баатарлах нь ч баатарласан л биз. Гэхдээ…

Германы цахилгаанчилсан дайны тактик их энгийн. Их буу, миномётоор галлаж, нисэх онгоцоор бөмбөгдөөд араас нь танкаар зодож, машин мотоциклтэй цэргүүдээр фронтын шугамыг цүүцдэн сэтлээд түүгээрээ уулгалан довтлох тактик баримталж байжээ. Ингэж моторжуулсан автотехникээр дайрахын тулд замтай газраар л дайрах шаардлагатай байлаа. Гэтэл Москва руу чиглэсэн хоёрхон зам байсны нэг нь л засмал зам, тэр нь Волоколамскийн их зам байжээ. Цөөн цэрэгтэй, зэвсэг техник дутмаг оросууд өргөн фронтоор хамгаалж хүчрэхгүй тул гол замаа л хамгаалсан хамгаалалтын зангилаанууд байгуулж, үлдсэн газруудыг галаар хамгаалан барих тактик боловсруулсан нь оновчтой болж германуудыг Москва хүргэлгүй тогтоож чадсан байдаг. Хэрэв Москва руу чиглэсэн олон хар замтай байсан бол, хэрэв байгалийн саад, ой мод, шавар шавхай байгаагүй бол германууд түүгээр уулгалан дайрч цахилгаанчилсан дайнаа амжилттай хийх байсан бололтой.

Түүнтэй адил нөхцөл байдал өнөөдөр Монголд нүүрлээд байна. Өнөөдөр Монголчууд дэд бүтэц муутай тулдаа баялагаа цөлмүүлчихэлгүй байж байгаа юм шиг. Хэрэв дэд бүтэц сайтай байсан бол газрын доорх баялгийг аль хэдийн ухаад, ачаад, зөөгөөд явчих байж. Гэхдээ энэ нь Монголд дэд бүтэц хөгжүүлэх шаардлагагүй гэсэн үг биш шүү, зөв ойлгох хэрэгтэй. Дэд бүтэц нь зөвхөн байгалийн баялгийг гадагш зөөх зориулалттай байх ёсгүй. Монголын хилийг тойрсон дэд бүтцийн сүлжээ, ашигт малталын орд газрыг эзэмших гэсэн улс төрийн сүлжээ, Монголыг хяналтдаа байлгах гэсэн эдийн засгийн сүлжээний талаар А.Баатархуягийн цувралууд, тэр дундаа “Төмөр урхи” цувралуудад тодорхой бичсэн байдаг. Харин одоо энэ нь урхи төдий зүйл биш Монголын баялгийг цоолоод л гоожуулчих соруул болох төлөвлөгөө хэрэгжээд эхэлчихсэн санагдана. Сүүлийн хэдэн өдөр нэгэн нэвтрүүлэг телевизүүдээр байнга гарч байна. Монголын хил рүү чиглүүлэн 7-8 төмөр замыг Хятадын талаас тавиад бэлдчихсэн гэнэ. Одоо зөвхөн Монголд л хэдхэн км зам тавьчихвал түүгээр дамжуулан Монголын баялагийг гадагш нь зөөхөд бэлэн болох ажээ. Монголчууд “өөрсдөө” (нэр бүхий хэдэн улс төрч) баялгаа боловсруулалгүй, түүхийгээр нь гаргах бодлого барьж байгаа тул аль болох хурдан зөөхийн тулд эдгээр төмөр замууд хэрэг болох юм. Ингээд л гадаадын түүхий эдийн хавсарга болно.

Тэгэхээр эдгээр төмөр замуудыг Монголын баялгийг гадагш урсгах төмөр соруул гэж нэрлэж болох юм. Тэр хэдэн соруулаар Монголын баялгийг хуу сорно. 90-ээд онд ийм нэгэн яриа гарчихсан байж билээ. Нэгэн Монгол нэгэн өвөрлөгчид хандан “Бид нар Оросуудад 70 жил дарлууллаа, далан жил мөн ч их мөлжүүллээ дээ” гэтэл нөгөө өвөрлөгч хариуд нь “Харин ч гайгүй, хэрэв хятадууд байсан бол ясыг чинь гартал мөлжөөд чөмгийг чинь ташчихсан шүү” гэж хэлсэн гэнэ лээ. Энэ төмөр соруулууд Монголчуудын чөмгийг сорох л соруулууд болох болно. Эргээд тэр замаар хятадын бараа Монгол руу цутгана. Хэнд ашигтай нь нэн тодорхой.

Чаддагсан бол түүхий эдээ бага ч гэсэн боловсруулаад гаргах сан. Хэрэв Оюутолгойгоос зэсийн баяжмал ачуулах биш цэвэр зэс боловсруулаад, түүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргавал төмөр зам ч гэлгүйгээр, бараг л тэмээн жингээр тээвэрлэсэн ч түүнээс илүү ашигтай тусах байлгүй.

2 Responses to “ТӨМӨР СОРУУЛ”

  1. huder said

    Tiim.

  2. amur said

    гоё бичлэг байна. Санал нэг байна. +1 санал.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: