Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХУВЬСГАЛЧ АРДЧИЛСАН ПАРТИЗАН

Posted by bolod on December 11, 2009

Ардчиллын 20 жилийн ойг өнөөдөр улс орон даяар өргөн дэлгэр тэмдэглэв. Ардчилсан хувьсгал ялсны 20 жилийн ой боллоо. Тайван замаар хувьсгал хийсэн, цус урсгалгүйгээр хувьсгал хийсэн юм, гэх мэтээр өдөржин ярилаа. Зарим талаар залхмаар ч юм шиг. 1989 оны 12 сарын 10 -нд тэрхүү хувьсгалыг эхлүүлсэн цуглаан Залуучуудын соёлын төвийн дэргэдэх талбайд болж, 300 орчим хүн оролцсон бөгөөд, энэ өдөр Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсаныг зарлаж байжээ. (Үүнээс 1 хоногийн өмнө Эрдэнэтэд цуглаан болсон, мөн гурав хоногийн өмнө Ховдод цуглаан болж 300 орчим хүн оролцсон байдаг) Энэ цуглааны тухай сураг, мэдээ тухайн үедээ олон хүнийг сэртхийлгэж, чихийг дэлдийлгэж байсан. Аргагүй л дурсгалтай түүхт өдөр мөн. Нэг л мэдэхэд 20 жил өнгөрчээ.

Ардчиллыг хэн ч өмчилдөггүй. Ардчилал хэний ч өмч биш, ардчилал бол ард түмний өмч гэх мэтээр хүн бүхэн ярьж байна. Хамгийн гайхалтай нь энэ үгээр халхавчлаад өнөөдөр хүн бүхэн ардчилагч болчих юм. Хүн бүхэн ардчилагч болох ч яахав. 1990 онд бараг л толгойтой бүхэн ардчилсан хувьсгалыг хийсэн болж таараад байна. Тухайн үед олон нийт ардчилсан хүчнийхнийг өргөнөөр дэмжсэн. Гэхдээ бас дутуугүй өргөнөөр эсэргүүцэж ч байсан. Сонгуулиар 1996 оныг хүртэл Ардчилсан хүчин олигтой амжилт гаргаж чадахгүй байсан нь үүний баталгаа болох биз. “Ардчилал” тийм амар хялбар ирээгүй билээ.

Өнөөдөр харвал МАХН ч хувьсгал хийсэн юм шиг, ардчилсан хүчин нь ч хувьсгал хийсэн юм шиг. Хамтдаа ч хувьсгал хийчихсэн юм шиг ойлгогдохоор байна. Хувьсгал л юм бол хэн нэгнийг хусаж хаяж, хэн нэгнүүд гарч ирсэн байх ёстой. Тэр хусагдсан нөхдүүд нь хэн байсан нь ерөөсөө ойлгогдохгүй болоод явчихлаа. Өнөөдрийн 20 настнууд яаж учрыг нь олж, үнэнийг яаж мэдэх болж байна.

1990 онд Ардчилсан хувьсгал ялсныг өнөөдөр анх удаа бүгдээр хүлээн зөвшөөрч МАХН, АН хамтдаа баяраа тэмдэглэж байна гэхчлэн хөөрөлдөх юм. Бүгд хүлээн зөвшөөрөхийн хамт, бүгд хамтдаа баяраа тэмдэглэж бүгд хувьсгал хийсэнтэй адил болчихоор л учир замбараа нь алдагдаж байна. Тэгээд ер нь хувьсгалаар хэнийг өөрчилсөн юм бэ? Албан ёсоор МАХН-ын Төв Хороо, Улс Төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон явдал нь ардчилсан хувьсгалын оргил нь байсан болов уу? Энэ л ардчилал тууштай ялахын эхлэл болсон.

Улс төрийн товчоог огцрох шийдвэрийг Ж.Батмөнх гуай гаргаж, товчооны гишүүд дагалдсан гэдэг. Ж.Батмөнх гуай маш ухаалаг шийдвэр гаргасны гавьяаг, өнөөдөр МАХН хүртэж, МАХН л бараг хувьсгал хийсэн ухааны юм ярих гэж байна. МАХН-ын генсек У.Хүрэлсүх намын нөхдийн хамт Ж.Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөж, эхнэрийг нь дагуулан гороолох зуураа МАХН л хувьсгалыг хийсэн шахуу дүр үзүүлж байна. “Хүч хэрэглэж хэрхэвч болохгүй” хэмээн зааварлаж, улс төрийн товчоог огцрох шийдвэр гаргаснаараа тэр гавьяа байгуулсан. Гэхдээ МАХН ардчилсан хувьсгалыг хийгээгүй. Хийсэн гэвэл МАХН өөрийн улс төрийн товчоог огцруулах хувьсгал хийсэн болох гээд байна. Ардчиллыг хэн ч өмчилж болохгүй гэдэг нь үнэн байх. Гэхдээ хувьсгалыг бүгд хийгээгүй нь бас үнэн шүү дээ. Гэтэл зарим нөхдүүд өнөөдөр хувьсгалт ардчилсан партизан болчихсон тууж явах нь инээдтэй юм.

Ардчиллын ойгоор социалист шагнал хөврөв. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч 6 –хан сарын өмнө л “Миний цонхны доор шагнал аваад хөөрөн орилолдох улсуудыг хараад миний дотор муухай оргидог” гээд л авч өгч байсан. Өнөөдөр тэрээр бүр ч олон хүнийг дотор муухайрах байтугай, бөөлжтөл шагнав. За яахав, ерөнхийлөгч болчихоор, шагнахдаа бөөлжис цутгахаа байчихдаг юм байж. Хамгийн инээдтэй нь нөгөө шүүмжлээд байсан социалист шагналаараа ардчилагчдаа болон хувьсгалчдаа ялгалгүй шагнав. Сүхбаатарын одонгоор, Алтангадас одонгоор гэхчлэн социалист угшилтай шагналаар ардчилагчдаа шагнав. Гавьяат цол олгов.

Энэ шагнал нь ихэвчлэн УИХ, Засгийн газрын гишүүд, албан тушаалтнуудад оногдсон байх юм. Хэрэв С.Оюун УИХ-ын гишүүнээр сонгогдож чадаагүй байсан бол түүнийг шагнах байсан болов уу? З.Алтай УИХ-ын гишүүн болоогүй байсан бол түүний гавьяаг санаж, гавьяат болгох байсан болов уу? Их л эргэлзээтэй дээ. Социологич Д.Мөнхтөр “телевизийн хувьсгал” гэсэн сонин томъёоллын тухай яриад байгаа. 1990-ээд онд болсон хувьсгалууд нь ТВ-ийн хувьсгал байсан юм гэсэн дүгнэлтийг хийж байгаа. Тэр үүднээс авч үзвэл анхны хувийн, чөлөөт, ардчилсан ТВ-ийг байгуулсан З.Алтай бол яах аргагүй гавьяатан мөн. ТВ байгуулахаасаа ч өмнө “Цаг үе, залуучууд” нэвтрүүлгээрээ залуусын анхаарлыг татаж, тухайлан тэр нэвтрүүлгээрээ дамжуулан Хонх хамтлаг байгуулагдсаныг зарлаж Цогтсайханы “Хонхны дуу”, “Албан тасалгааны цонхоор” дуунуудыг олны хүртээл болгосон билээ. Гэхдээ л тэр сонгогдоогүй бол түүнийг шагнах байсан гэж үү? Дүгнэвэл эдгээр шагналууд гай дайрч дарга нарыг онилсон байх шиг. Дарга болсон нь багадаад дээрээс нь шагналаар гайтуулж ониголов. Мэдээж чимэг болгохын тулд энд тэндээс ганц нэг жир хүнийг шагнасан л байна. Эсвэл дарга нарыг үзүүлэн болгож ордонд шагнаад жирийнүүдийг сунтгаар шагначихав уу? Уг нь ёстой жив жирийн ардчилагчдыг ордонд оруулан шагнаад “дарга” нарыг сэмээрхэн шагначихсан нь хэн хэнд дээр байх байсандаа. Гэхдээ л анхны өлсгөлөнд оролцож байсан хэдийг яагаад бүгдийг шагнаж болоогүй юм бол. Хонхын Цогтсайханыг жишээлбэл яагаад нэхэн шагнаж болоогүй юм бол, С.Зоригийг яагаад баатар цолоор нэхэн шагнаагүй юм бэ? Э.Бат-Үүл баатар болсон нь зөв. Гэхдээ С.Зориг ч гэсэн баатар биш гэж үү? Залуу уран бүтээлчдийн чуулган дээр “Бид нар ямар сэлэм жад бамбай юм уу” гэж мэдэгдэж байсан Б.Батзаяаг яагаад мартчихав. АН-ын анхдугаар их хурал дээр үндсэн илтгэлийг тавьж байсан Сосорбарам ямар нэг гавьяа шагнал өнөөдөр хүртэв үү?

Хөшөөдийг хуваарилж авна. Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв гэсэн мэдээ зай завсаргүй явлаа. Хөшөө гэснээс Чингисийн хөшөөнөөс эхлээд С.Зоригийн хөшөө хүртэл урагшлах тусам хөшөөний хэмжээ жижгэрч, тэр чинээгээр хүндэтгэл нь буурч байх аж. Чингисийн хөшөөнд хүндэтгэл үзүүлсэн мөртлөө Сүхбаатарын хөшөөнд цаасан цэцэг өргөв.  Харин С.Зоригийн хөшөөг томчуул нь санасан ч үгүй, юу ч өргөсөнгүй. Ардчиллын ойгоор С.Зоригийн хөшөөнд ач холбогдол өгөхгүй байгаа нь юуны учир вэ? Алуулсан учраас тэр үү? Алуурчин нь илрээгүй учраас тэр үү? Түүний сүүдэрт зарим хүний нэр дарагдаад байгаа учир тэр үү? Ямартай ч зүгээр л мартчих шиг санагдлаа. Харин дүү нь юм болохоор С.Оюун гишүүн мартсангүй. ИЗНам  мартсангүй. Очиж хүндэтгэл үзүүллээ. Уг нь Ардчиллын ойгоор түүнд л илүүтэй хүндэтгэл үзүүлэх учиртай мэт. Гэхдээ энэ нь ИЗН-ын хүндэтгэл үзүүлэх хуваарьт ордог бололтой юм. Гэх мэтчилэн хөшөөдийг ч гэсэн намууд хуваарилж авсан юм уу гэлтэй.

Ж.Батмөнхийн хөшөөг МАХН нь хуваарилж аваад, МАХН-ын гишүүд хүндэтгэл үзүүлсэн бол Чингисийн хөшөө болон Сүхбааатарын хөшөө нь дундын бүсэд байрладаг дундын эвлэрлийн хөшөө юм болов уу даа. Цаашдаа Ю.Цэдэнбалын хөшөөг Увсынхан, Энэбишийн хөшөөг Булганыхан гэхчлэн өмчилж авч хүндэтгэл үзүүлдэг болж ч магадгүй юм байна.

Хувьсгалчид хийгээд ардчилагчдын найрамдал. Өнөөдөр анх удаа намууд ардчиллын ойг эв санааны нэгдэлтэй тэмдэглэж байгааг онцолж байгаа тухай дээр дурдсан. Ардчилал гэж хэдий чанга хашхирч, хэдий чинээ баяр тэмдэглэхийн хэрээр ардчилал бодит байдал болсон гэж хэлэхэд хэцүү байна. 2008 оны сонгуулийн дараагаас стандарт бус шийдвэрээр намууд хамтарсан Засгийн Газар байгуулсан шигээ Ардчиллын ойгоо хамтран тэмдэглэж байгаа ажээ. Энэ сайн зүйл үү муу зүйл үү?

А.Дюмагийн “Хорин жилийн хойно” зохиолд нэг ийм хэсэг байдаг. Кромвел, I Карл хааныг барьж авч цаазалчихаад, зэрэмдэглэсэн цогцсыг янзалж, авсанд хийн ордны сүмд тавьж хүндэтгэл үзүүлэн оршуулахаар тушаадаг.

“… -Элэг доог хийж байна! Цаазаар хороосон хааны шарилыг тэгтэл хүндэтгэж юугаа хийнэ гэж Атосыг ёозгүй дуугарахад,

– Энэ чинь хаан амь алдсанаас биш, хаан төр оршин тогтсон хэвээр байгааг гэрчилж байна хэмээн Арамис хэлэв…”

Үүнтэй төстэй зүйл болоод байх шиг. Ардчилсан хувьсгалын ойг социалист хувьсгалчид баярлан тэмдэглэв. Улстөрийн товчооны гишүүд, МАХН-ын удирдлагууд зурагтаар хувьсгал хийчихсэн аятай юм ярьж байна. Социалист шагналаар ардчилагчид бие биенээ шагнав. Шагнахдаа дарга нар бие биенээ шагнав. Дарга нар голцуу баярлалдав. Ард түмэн ердөө л сонсов. Тусгай хангамжийг устгана гэж тэмцсэн, тусгай байтугай тухайлсан хангамж газар авсан. Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас сална гэсэн, өнөөдөр төсөв дотоодын нийт бүтээгдэхүүний бараг тал хувийг эзэлж байна. Үнийг чөлөөлнө гэсэн, өнөөдөр жишиг үнийг тогтоож байгаа. Ард түмнээ баяжуулна гэсэн тал хувь нь ядуурч орхилоо. Хүний эрхийг дээдэлдэг болно гэсэн, гэтэл ард түмнээ буудчихдаг болсон. Гэх мэт… гэх мэт олныг нуршиж болох ч ардчиллын ойгоор билиггүй зүйл бичихээ больё доо. Гэхдээ эдгээр сэдвийг дараа үргэлжлүүлэх болно. Улс төрийн товчоо огцорсон ч систем өөрчлөгдөөгүй, амь бөхтэй хэвээр байгаа биш үү?

3 Responses to “ХУВЬСГАЛЧ АРДЧИЛСАН ПАРТИЗАН”

  1. amur said

    Гоё бичжээ.
    Ардчилал бидэнд олон сайхан зүйлийг өгсөн. Адгийн наад зах нь хүсэн хүссэн хүнийхээ блогт сэтгэгд үлдээгээр л …

    Гэхдээ 20 жилийн өмнөх цуглаан муглаанд оролцсон гэдэг дээр төвлөрч яриад байгаа нь утгагүй. Уг нь 20 жилийн өмнө цуглаан хийснээрээ өнөөдөр юу өөрчлөгдөж ямар дэвшил гарав гэдэг дээр ярих зөв мэт. Цуглаанд оролцсон гээд баатар маатар болгоод байхын бол аягүй бол та саваагүйгээрээ тэр цуглаанд оролцож байж таараа. Тиймээс та ч баатар.

    С. Зоригийн хөшөө, цэцэг, хүндэтгэл энэ тэр чинь яг зөв.
    Хэлж байгаагаар нь биш хийж байгаагаар нь дүгнэ гэдэг.
    Эндээс харвал ямар ч утга, зорилго, чиглэл, тэмцлийн үр дүн байхгүй юм шиг санагдаж байна.

    • bolod said

      Угаасаа Монголчууд бүгдээрээ баатар гээд Ц.Элбэгдорж ерөнхийлөгч яриад байгаа биз дээ. Тэр цуглаануудад би мэдээж оролцож байсан. Бараг бүгдэд нь оролцсон байх.1990 оноос хойшхи цуглаан, жагсаалуудыг би бараг алгасаагүй байх шүү. Гэхдээ цуглаанд оролцсон болгон баатар биш л дээ. 1990 онд тэр цуглаанд оролцож байсан хүмүүсийн ихэнх нь зүгээр сонирхож оролцож байсан. Зарим нь бүр дургүйцэж эсэргүүцэх гэж ч ирж байсан гэдэг. Бат -Үүл гишүүний яриаг хэрэв чи сонссон бол анхны өлсгөлөнгийн үед талбай дээр цугласан хүмүүсийн дунд уур амьсгал хүндэрч дэмжлэг улам бүр сулраад байсан гэдэг. Яг энэ үед нь оюутны жагсаал орж ирж дэмжлэг үзүүлсэн юм. Тэр оюутны жагсаал дотор бид ангиараа зүгээр л дарвиад шахуу цохиж явсан. Ламжав багш орж ирээд л та нар юу хийж суугаа юм бэ? Талбай дээр очиж жагс гээд ангиар нь явуулчихсан юм. “Огцоръё, огцоръё, шаардаж байна шаардаж байна” гэж шавайгаа ханатал хашгирчихаад л буцаад хичээл рүүгээ явсан. Тэгэхээр тэр цуглаанд оролцсон хүмүүс баатар биш зүгээр л үүргээ гүйцэтгэсэн гэх юм уу даа.

  2. Huder said

    Tiim.goyo goyo oilgolt gargaj irsen bn bayarllaa

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: