Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОВД АЙМГИЙН НАМЫН ХОРООНЫ ТОВЧООНЫ ХУРЛЫН ПРОТОКОЛ

Posted by bolod on December 13, 2009

1989 оны 12 сарын 7 –нд Ховдод болсон цуглааны дараахан МАХН-ын аймгийн намын хороо яаравчлан хуралджээ. Тухайн үед намын хорооны хурал ямаршуухан юм болдог байсан хийгээд жагсаал цуглаанд оролцсон хүмүүст амархуу аюул нүүрлэж байсныг ойлгоход энэхүү материал нь үнэ цэнэтэй баримт болох юм. Өөрсдөө уншаад дүгнэлтээ хийнэ үү?

 1989 оны 12 дугаар сарын 8-ны өдөр

№16

Ховд хот

Хуралдсан Товчооны гишүүд

Д.Буяндэлгэр, С.Балсанжамц, Х.Кушкий, Л.Чулуунбат, Л.Пүрэвжав, Д.Цэнд-Аюуш

Хурлыг 15 цагт Товчооны хурлын зааланд эхэлж Д.Буяндэлгэр даргалав.

Хуралд байсан хүмүүс:

Г.Дагдан – Аймгийн ХЗЭ-ийн I нарийн бичгийн дарга

Т.Батмөнх – Ховд хотын намын хорооны нарийн бичгийн дарга

Т.Норовжав – НАХ хэлтсийн дарга

Д.Мөнхцоож – Амйгийн намын хорооны зааварлагч

Н.Жадамбаа – БДС-ийн ректор

З.Баасанжав – БДС-ийн намын хорооны нарийн бичгийн дарга

Ц.Одонхүү – БДС-ийн проректор

Батчулуун – БДС-ийн декан

Г.Цэнд-Аюуш – БДС-ийн ҮЭ-ийн хорооны дарга

Өлзийжаргал – БДС-ийн ХЗЭ-ийн хорооны дарга

Ё.Чилхаажав – ХААТ-ийн захирал

Ж.Энхтайван – ХААТ-ийн намын үүрийн нарийн бичгийн дарга

Сонссон нь:

 Ховд хотод 1989 оны 12 –р сарын 7-ны өдөр Ард Аюушийн талбайд болсон цуглааны тухай

Д.Буяндэлгэр ярихдаа: Ард Аюушийн талбайд болсон цуглааны ажиллагаатай холбогдуулж дүгнэлт гаргах, цаашид ажиллах чиглэлийн тухай ярилцахаар товчоо шийдсэн юм. Төв Хороо засгийн газарт мэдэгдсэн. Төв Хороо засгийн газрыг бүхлээр нь огцруулах нь өөрчлөлт хийх гол арга зам гэж үзсэн байна. Төв Хороо, засгийн газарт өргөх бичиг гэгчийг бидэнд өгсөн гэв. Энэ үйл явдлын талаар нарийн бичгийн дарга л.Чулуунбат дэлгэрэнгүй мэдээлэв. Мэдээллийг хавсаргав.

Д.Буяндэлгэр – Ахлагч болон дөрвөн хүн над дээр орж ирж “Өргөх бичиг” гэгчийг өгнө гэсэн. Бид өөрчлөн байгуулалтыг түргэтгэх зорилгоор цуглаан хийлээ. Бүгд хуралд унших зорилт тавьсан юм. Танд гардуулъя гэсэн. Би тэдэнтэй ажиллах ёстой гэж бодсон, нэлээд ярьж санал солилцсон. Энд Д.Мөнхцоож, Б.Гомбосүрэн, Т.Цоож нар байв.Тэд цуглаан хийсэн замаа буруу сонгожээ гэсэн дүгнэлтэд хүрсэн. Энхбаяр гэгч орж ирж тараая гэдэг санал тавьж, тэд буцаж гараад оюутнуудыг тараасан байна.

Өнөөдөр БДС-ийн байрны тагтан дээр лоозонгоо уясан байгаа юм байна. “Залуусаа улс Монголынхоо төлөө нэгдэцгээе” гэсэн бичиг сургуулийн үүдэнд наасан юм байна гэв.

Н.Жадамбаа – Мөнхтөртэй хатуу ярилцаж тогтсон. Тавьсан лоозонгоо авсан.

Д.Буяндэлгэр – Өчигдөр орой юу болсон бэ?

З.Баасанжав – Байрандаа очоод юм болоогүй.

Д.Буяндэлгэр – Эхлээд таслан зогсоох арга хэмжээ ав гэсэн яасан бэ?

Н.Жадамбаа – Ярьж анхааруулсан, боль гэж шууд хориогүй, сургууль дотроо ярь, байр гаргая гэсэн. Тайлбарлаж сайтар ярьсан. Дахин ярилцсан. Зохион байгуулж байгаа 10 хүнээс бид 4 төлөөлж ирлээ гэсэн. Сүүлдээ тавуулаа ирээд 3 нь буруу юм гэсэн ойлголттой байв. Багш нар байгааг төсөөлж, багш нартай уулзсан. 14 цагт сургууль дээрээ ярья. Одонхүү маргааш нь нийгмийн ухааны багш нарт ярьсан. Бүх курсийн оюутнуудад ярьсан. Боломжгүй байсан. Зааланд цуглахаар ярьж тохирсон боловч оюутны байрнаас шууд талбайд очихоор болсон гэж хэлсэн.

Нэг гол асуудлын ерөнхийг шийдвэрлэхгүйгээр салбар асуудлыг шийдвэрлэхгүй гэж Лениний хэлснийг баримтлах ёстой гэсэн. “Үнэн” сонинд гарсан сэдвийг дэмжиж байгаа юм гэж байсан.

З.Баасанжав – Их сургуулийн хуулийн ангиас захиа ирсэн юм шиг байна. Хөвсгөлийн хамгаалах талаар иржээ.

Өлзийжаргал – Захиаг нь би авсан. Надад байна гэв.

С.Балсанжамц – Нэлээд хэд хоногийн өмнөөс бэлтгэж, эцэст нь Төв Хороог бүрэлдэхүүнээр нь огцруулахаар тогтсон бололтой. Хөдөөгийн эцэг эхэд ярьж байсан Ангиудад нэлээд эртнээс ярьж эхэлсэн байна. Үүнийг юу гэж үзэж байсан бэ? Багш нар ард нь үлдээд хүүхдээр тоглож байгаа юм биш биз. Зохион байгуулалтад орохоос өмнө арга хэмжээ авах байсан биш үү.

З.Баасанжав – Надад утсаар 12 дугаар сарын 5-ны өдөрхэлсэн. Би Чулуунбат даргад ярьсан. Та анхаараарай гэж нэг хүн хэлсэн. Тэгээд би Аюулаас хамгаалах хэлтэст хэлсэн. (Энх-Амгаланбаатарт) тэр танай сургууль биш байхаа гэсэн.

Нийгмийн ухааны багш нараас 5 нь оролцсон. Залуу багш нарт тавих шаардлага дутсантай холбоотой байна гэдгийг ойлгосон, хоёр багш явцын дунд оролцож зохион байгуулалцсан байна. Тэдэнтэй ярилцаж уулзсан.

С.Балсанжамц – Оролцоогүй гурван багшийн хувьд сонирхох нь зүйтэй юм.

З.Баасанжав – Баасандорж хэлбэр нь буруу, Цагдаа ингэх нь хэрэггүй гэсэн ойлголттой байсан.

Н.Жадамбаа – Эрдэнэтогтох анхлан санаачлагч нь би гэж байсан.

Д.Буяндэлгэр – Багш нар зохион байгуулсан гэх ойлголт байгаа юм. Тавьсан санал зорилгогүй, эцсийн бодлого нь улс төрийн товчоог шинэчилье гэдэг асуудал тавихад цуглааны зорилго оршсон байна. Нийгмийн ухааны багш нар практик амьдралаар шалгагдаагүй, хоосон онолчирхогчид байжээ гэсэн дүгнэлт хийж байна. Залуу багш нарыг зөв сонгож авч байхыг шаардаж байна. Танай тэнхим багш нарын үйл ажиллагаанд гол удирдлага нь байна. Танай намын гишүүн, оюутнууд оролцсон байна. Сургуулийн намын байгууллагаас зохиох үзэл суртал хүмүүжлийн ажил хангалтгүй, ХЗЭ-ийн байгууллагаас залуучуудын дунд зохиох ажил ямар байгааг ч харуулж байна.

Д.Цэнд-Аюуш – Чанга яригч, узелийг сургууль өгсөн үү?

Н.Жадамбаа – Оюутны зөвлөл, ХЗЭ-ийн хороонд эзэмшүүлсэн узель байсан юм.

Д.Буяндэлгэр – Анги удирдсан багш нар оюутнуудтай ажиллахгүй байна. Сургуулийн захиргаа багш нарын ажилд хяналт тавьдаггүйг харуулж байна. Оюутнуудад хууль зүйн үндсийг таниулж ойлгуулсан байх хэрэгтэй.

Л.Пүрэвжав – Энэ цуглаанд яригдсан санаа урьд нь оюутнуудын дунд яригдаж байсан уу?

З.Баасанжав – байхгүй гэв.

Д.Буяндэлгэр – Сарантуяа багш ууттай ааруул хөгцрөхөд нэг хэсгийг нь аваад хэрэггүй, бүхэлд нь авахгүй бол дахиад хөгцөрнө гэж байсан. Тэр бол оюутнуудад тйим л ойлгоц өгдөг байна шүү дээ. Танай багш нар хяналтаас гадуур, өөр өөрсдийн үзэл санаагаар явдаг байна.

Л.Пүрэвжав – Намын хороо, ректоратаас багш нарын хувьд ямар судалгаа байна вэ?

Хариулсангүй.

Д.Буяндэлгэр – Намын хорооноос ярьж байна гээд хүн ярьсан байна. Энэ асуудлыг мэдсэнээс хойш та нар ямар ажил зохиосон бэ?

Ц.Одонхүү – Нийгмийн ухааны багш нар нэгдсэн семинарт явдаггүй. Бид бусад багш нарын дунд улс төрийн сургууль явуулдаг. Бид өөрчлөн байгуулалтыг түргэтгэх санал нь зөв боловч арга нь буруу байна гэж нийгмийн ухааны багш нарт ярьсан. Батзангиа, Мөнхтөр, Батсуурь, Сарантуяа нар цуглаан хийх нь зөв гэж маргаж байсан. Чагдаа багш би зөвшөөрөхгүй, оролцохгүй гэж байв. Баасандорж эргэлзсэн.

Д.Буяндэлгэр – Байгууллагууд дээр элдэв яриа гарч байна. Модны үйлдвэр дээр маргаан гарчээ. Хөдөлмөрчид зүй ёсоор шүүмжилжээ. Багшийн дээд сургуулийн нэр хүндэд муу нөлөөлж байна. Хөдөлмөрчдөөс захидлууд ирж байна. Оюутны цуглаанд оролцож үг хэлсэн Болдоо гэгч хариуцлагагүй хүн байна. Чилгэр, Хархүү нарыг бид сайн мэднэ. Үл бүтэх, хариуцлага сахилгагүй хүмүүс ярьжээ. Тэдний санал бол ард түмний санал биш ээ. Нарантуяа, Цэцэгмаа нар ч дэмжиж байжээ. Мөн л дээрх хүмүүсийн ижил ноён нуруу муутай хүмүүс юм.

С.Балсанжамц – Танай сургуульд юу мэдрэгдэж байна.

Ё.Чилхаажав – Манай оюутны зөвлөлийн дарга оролцох гэж байсан шиг байна. Бид уулзсан чинь уйлаад өнжлөө. Бид цаашид яах вэ гэдгийг бодох хэрэгтэй байна. Бид механикаар хориогүй. Сурагчиддаа ярьсан, бид түүнд оролцохгүй гэж байсан. Гэвч санаа амрах ёсгүй. Бид ажил зохиох болно гэв.

Г.Дагдан – БДС-аас багш ирж танай сургууль дээр бүжиг заах нэрээр ярьж байсан юм биш үү?

Ё.Чилхаажав – Бүжиг заахыг хориогүй. Тэр үед өөрсдийн санааг сурагчдад илэрхийлж байсан байна.

С.Балсанжамц – Болдоо архи уудаг, хариуцлагагүй хүн байсан байна. Яагаад ийм дутагдалтай хүнийг хотын эвлэлийн хороонд авсан юм бэ?

Г.Дагдан – Бид Болдоотой өчигдөр ярьсан, замын дагуу явж байгаад үг хэлэх сэтгэгдэл төрөөд байсан гэж байна. Болдоог ажилд авахад нэлээд судалсан. Сэргийлэхтэй ярьсан. Түр авч ажиллуулж байгаад хотын ХЗЭ-ийн хороонд авсан юм.

Л.Пүрэвжав – Сайн ажилладаг нэртэй БДС-ийн ХЗЭ-ийн хороо хаана байна вэ?Өлзийжаргалын удирдсан залуучууд өнөөдөр яаж байна вэ? Залуучуудын дарга нараа хамгаалж халамжлах боловч, зарчмын шүүмжлэлтэй хандах хэрэгтэй гэв.

Батчулуун – Батзангиа, Энхбаяр нар шинэ багш нар юм. Багш нартай өөрчлөн байгуулалтын талаар олон удаа ярьсан. Өчигдрийн процессыг бид хожуу мэдсэн. Оюутнуудтай уулзаж ярилцсан гэв.

Л.Чулуунбат – Би Баасанжавыг ярихад та байдлыг судла. Холбогдох газруудад ярь гэсэн, эргэж яриагүй.

С.Балсанжамц – Тогтоол гарна. Дүгнэлт хийх ёстой. Энэ үйл явдал хүмүүсийн сэтгэл санааг үймүүлж байна. Хөдөлмөрчдийн сэтгэлгээнд эвгүй боллоо. Хор холбогдлыг хүн бүхэн мэднэ. Залуучууд олонтой газарт их ажил зохиох ёстой. БДС-ийн захиргаа, нам, олон нийтийн байгууллага муу ажиллажээ. Багш нарыг муу сонгосон, амьдрал, үйлдвэрлэл мэдэхгүй, гагцхүү сургууль төгссөн, сурлагаар үнэлдэг өрөөсгөл үнэлэлттэй байдгаас болж байна. Н.Баасанжав намын хороог удирдаад тэнхмийн эрхлэгч байдаг нь зохимжгүй юм. Намын хороо, захиргаанаас эхлээд анхаарах болж байна. Нам засгийн эсрэг үйл явдалтай бид тэмцэх ёстой. Хөдөлмөрчдөөс өргөн шаардлага тавьж байна. Цаана нь хүн байгаа юм биш үү гэж эргэлзэж байна. Энэ цуглаан зөрчил дутагдалтай хүмүүсийн идэвхийг сэргээснээс биш Ховдын хөдөлмөрчдийг сэргээгээгүй. Оюутны өөрөө удирдах ёсыг хэтийг дээгүүр тавьсантай холбоотой.

БДС-аас оюутнуудад ээдрээтэй асуудлыг зөв ойлгуулах талаар онцгой ажил хийх шаардлагатай байна. Буруугий нь ойлгуулах ёстой. Багш нарыг хүүхэд хүмүүжүүлж чадах хүн мөн үү гэдгийг тунгаах ёстой.

ХЗЭ-ийн байгууллагын ажил дутмаг байна. Сургуулийн ХЗЭ-ийн хороо, залуучуудын дунд итгэлгүй харуулж байна. Бүх хүүхдийг буруу үзэлтэй гэж бид бодохгүй, зохион байгуулалт, хоморгонд автагдсан нэг хэсэг байна.

Хөдөө аж ахуйн техникумд ч тодорхой ажил хийх хэрэгтэй. Залуучуудын байгууллагын ажилтнууд дээр анхаарах хэрэгтэй. Ажиллах байрны асуудал, хүнсний болон бусад хангамжийн хүрэлцээ нийгмийн асуудлаар их юм бий.

Хийж байгаа юмаа харилцан ойлголцохгүй байна. Хүмүүсийн дунд эрүүл уур амьсгал буй болгоё.

Д.Цэнд-Аюуш – БДС байгуулагдаад 10 жил боллоо. Ойгоо хийсэн. Ажлаа дүгнэсэн. Ховд аймагт ямар үр соёолуулав. Сургуулийн ректорат уг асуудлыг зохицуулж чадаагүй. Эсэргүүцэх хууль зүйн үндэс байхгүй гэж бодож байна. БДС-аас багш, оюутантай ажиллахгүй байна. БДС, түүний удирдлагуудыг аймгийн намын хороо, захиргаа ч хэт бөөцийлж дэмжсэн нь үүнд нөлөөлж байна. Энэ үйл ажиллагааг удирдсан багш нарыг дээд байгууллагад нь явуулах тодорхойлолтод тусгах хэрэгтэй. Энэ ажилд оролцсон хүүхдийн эх эцэгт захиа бичих нь зүйтэй. Дээд боловсролын хороо, оюутны холбооноос удирдлагууд нь ирж ажиллах хэрэгтэй. БДС-ийн нэр хүнд унаж байна.

Х.Пушкин – Оюутнуудын дунд БДС-ийн ректорат, нам олон нийтийн байгууллагуудын нэр хүнд муу байгааг харуулж байна. Уг асуудлыг зохицуулж чадаагүй байна. Нам засгийн эсрэг хийсэн зохион байгуулалтын арга хэмжээ гэж үзэх ёстой. Багш нар удирдаж, зохион байгуулсан нь тодорхой. Удирдлагууд оюутнуудад ойртох хэрэгтэй. Ард түмэн үүнийг маш их эсэргүүцэж байна. Намын хорооны хөдөөгийн гишүүд БДС-д үнэхээр гомдож ярьж байна. Намын байгууллагын дарга тэнхмийн эрхлэгч хоёр нэг хүн байгаа нь зохимжгүй байна.

Л.Пүрэвжав – Дээд боловсролын хорооноос багш нарыг судалж, тэд нартай ажиллаж өгөхийг хүсмээр байна. БДС-ийн намын хороог үүр болгож Баасанжавын ажлыг салгах нь зүйтэй.

ХЗЭ-ийн ажилтныг зөв сонгох хэрэгтэй. Эвлэлийн ажилтныг сургадаг систем байхгүй байна. Үүнийг ХЗЭ-ийн Төв Хороо ч анхаармаар байна. Сургууль хамт олноо бүрдүүлж чадаагүй юм биш биз дээ.

Л.Чулуунбат – Болсон үйл явдал бол улс төрийн зохисгүй үйл ажиллагаа юм. Гарч ирсэн хэлбэр нь өөрчлөлт шинэчлэлт гэсэн боловч эцсийн зорилго нь Улс төрийн товчоонд хандсан асуудал байв. БДС-д багш оюутантай ажиллах ажил задгай, хэт бие даах чиглэл рүү оруулсан байна. Ховд аймагт биднээс илүү мэддэг, чаддаг хүнгүй мэт ойлголт байдаг. Багш нарыг дуранд нь тавьсан явдал бий. Олон толгойтой дур дураараа санаагаа дэвшүүлж байдаг байна.

Үндсэрхэг үзлээр нэлээд дэврэгдсэн байдал байна. Үзэл суртал хүмүүжлийн ажлын талаар аймгийн намын хороо ч дутагдлыг хүлээх ёстой.

Н.Баасанжавын илтгэлийг мөн энэ чиглэлээр хэлэлцэж шийдвэр гаргасан. Үүнийг хэр хүлээж авч биелүүлсэн юм бэ гэдэг нь ч харагдаж байна. Хамт олны санаа бодлыг БДС, дээр судалж чадахгүй болохоор яах вэ. Энэ нь судалж чадаагүй болохыг харуулж байна.

Боловсон хүчинтэй ажиллах ажил ч дутагдалтайг харууллаа. Ховд хотын нутаг дэвсгэрт энэ арга хэмжээ явагдлаа. Хотын намын хороо, захиргаа юу хийж байсан юм бэ? Тус сургуульд өөрчлөлт шинэчлэлтийг ярьж онолдсоноос биш амьд хэрэгжүүлж чадсангүй. Өнгөрсөн үеэ эргэж зөв харах хэрэгтэй юм.

Их сургамж боллоо. БДС-ийн багш нар их тайван, санаа зовохгүй сууж байсан нь харамсалтай байна.

Д.Буяндэлгэр – Товчооны гишүүд ярилаа. Бид ийм цуглаан болж байх ёстой мэт ойлгож болохгүй. Муу үр дагавар үүснэ. Цаашдаа дахиад ийм цуглаан болохгүй гэх үндэс байхгүй. Зарим байгууллага, суманд ч элдэв цуу яриа гарч дэлгэрч, мэдээлэгдэж байна.

Аймгийн намын хорооноос эхлээд өөрчлөн байгуулалтыг сурталчлах, үзэл суртал хүмүүжлийн ажил муу байсныг харууллаа. БДС-ийн нам, ректорат, олон нийтийн байгууллагад ч энэ талын ажил сулыг харууллаа. Багш нарт байнга анхаарал тавьж ажиллах хэрэгтэй байна.

Сургуулийн ректорат, намын байгууллага, болсон явдалд дүгнэлт хийж өнөө шөнө хэлэлцэх хэрэгтэй. ХАА-н техникум ч нэгэн адил анхаарах хэрэгтэй. Дээд боловсролын хороо, эвлэлийн Төв Хороонд ч асуудал тавина. Мэдлэгтэйгээс гадна хүмүүжилтэй багш бэлтгэхэд анхаарах хэрэгтэй. Ер нь дээд боловсролтой сэхээтнүүдтэй ажиллах явдал бүх байгууллагын зорилт болж байна.

ХЗЭ-ийн байгууллага өөртөө дүгнэлт хийх хэрэгтэй. Аймгийн ХЗЭ-ийн хорооны аппарат ч ажлаа өөрчлөх, БДС-ийн эвлэлийн хороог ажиллуулах хэрэгтэй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхлэх хэрэгтэй. Бидний хүнтэй ажилладаггүйн сул тал гэж ойлгох ёстой. Хүлээх ёстой. Энэ талаар тогтоол гаргана. Олон түмэнд зөв ойлгуулах хэрэгтэй.

Судалгаа дүгнэлтийг үргэлжлүүлж хийх хэрэгтэй. НАХ байгууллага ч ажлаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэ үйл ажиллагаанд голлож оролцсон сурагчдын эх эцэгт захидал бичих нь зүйтэй.

ТОГТООСОН НЬ:

Энэ асуудлаар тогтоол гаргахаар тогтов.

Товчооны хурал 17 цагт дуусав.

Хурлыг даргалсан нэгдүгээр нарийн бичгийн дарга

Д.Буяндэлгэр

Протокол бичсэн тусгай тасгийн эрхлэгч

З.Самбалхүндэв

4 Responses to “ХОВД АЙМГИЙН НАМЫН ХОРООНЫ ТОВЧООНЫ ХУРЛЫН ПРОТОКОЛ”

  1. huder said

    Хаашаа юм бэ? Тэр үед оюутануудын сэтгэх хүрээг тогтоож хянаж байж, харин ардчилсан нийгэмд зөнгөөр нь хаяж сэтгэх чадваргүй болгосон юм уу даа.

  2. асай said

    Тэр өдөр бид нар ч бас оролцсон юм

  3. асай said

    Сайн байна уу? Шинэ жилийн мэнд хүргье! Би алс Казахстан улсаас холбоо барьж байна.Би тэр үед ХААТ-ад суралцаж байсан юм. Манай техникумын агро ангийн Ариунболд гэж, Завханых болов уу, идэвхтэй нөхөр байсан. Тэр л манай ХААТ-ын дотуур байрыг зохион байгуулсан бах шиг байсан. Орой ХААТ-ын дотуур байранд ухуулга хийдэг байв. Бас л Багшийн дээдийн том хурлын танхимд болсон цуглаанд очиж, бид нар сонссон юм. Нэг урт үстэй, том биетэй залууг санаж байна. Багшийн дээдээс ХААТ руу цуваа татаж оюутнууд ирж байхда, ХААТ-ын өмнө бид нар эгнээнд орж, Ард Аюуш руу хөдөлсөн юм. зарим нөхдийн толгойд улаан с билүү тууз жүүлттэй байсан. Ногоон чиргүүлд тавчихсан мегафоноор Хүн сурталтнууд огцор! МАХН-ыхан гараад ир гэсэнчлэн уриаалж, нөгөө ХОнхны дуу, биднийг сэрээ… дууг дуулж, өвлиийн хүйтэнд -2-3 цаг тэссэн юм. Тэр цуглаанд 12-р сарын 7 гэсэн хөдөлгөөн байгуулах тухай шийдвэр гаргаж байсныг санаж байна. Маргааш нь манай сургуулийн захирал Чилхаажав гуай оюутнуудийг цуглуулж, зэмлэж байсан санагдадаг.

  4. GanaaHOVD said

    Bi ene tsuglaaniig hajuunaas ni haraad zogsoj bailaa.gehdee 10 jil iin dund angiin suragch baisan bolohoor oilggochgui gaihaad sonirhood l harj baisan.Ene HAAt-iin oyutan baisan geed bgaa nohor joohon degsduuleed hudlaa yariad bh shig bna.YUN honhnii duu enee teree ve? bi lav ter uedduu dullsniig medehgui yum. Gehdee l huuhduud bid ch bas ih gaihaj sonirhoj baisanaa todhon sanaj bna.ayushiin talbai deer tiim ch ih olon hun baigaagui l dee. 100 hurehtei uguitei l humuus bsan bh. deerh hurliin protokoliig unshihad unheer sonirholtoi bailaa tnx.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: