Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЛИМП ХИЙГЭЭД ОЛИМПИАД

Posted by bolod on December 30, 2009

Энэ бичлэгийг 2008 оны эхээр бичсэн юм. Блогтоо оруулж амжаагүй юм байна. Одоо оруулчихъя.

Эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Ухаан” хэмээх зохиолын эхэнд “Биеийн бөхөөр нэгийг ялна, Ухааны бөхөөр мянгыг ялна” гэсэн ардын мэргэн үг бичээтэй байдаг. Чингис хаан ч хэлсэн юм уу хэн ч хэлсэн юм бүү мэд. Өнөөдөр хүмүүс энэ үгийг хэлэх их л дуртай болжээ. Гэхдээ энэ үгийг хэлэхийн тулд л хэлэх нь хангалттай биш байна.

Саяхан “Олимп хөгжил сан” ч билүү нэг юм байгуулагдаад нээлтээ хийгээд сүр болоод байх юм. Зорилго нь 2008 онд Бээжинд болох Олимпод эртнээс бэлдэх, Олимпоос болж өгвөл урьд өмнө авч үзээгүй алтан медалиа авах, ядвал ганц хүрэл ч болов авах явдал ажээ. Олимпоос манай тамирчид медаль авбал хэн хүнгүй л баярлана. Алт авчихвал түүнээс сайн юм гэж хаана байх вэ? Ерөнхийлөгч хүлээн авч уулзана. УИХ дарга, Ерөнхий сайд, тус тус хорооны дарга түшмэдүүд бүгд л хөл нь газар хүрэхгүй. Тамирчин маань ч амжилтынхаа шагналд овоо хэдэн сая төгрөг хармаална. Монгол улсын маань нэр хүнд дэлхийн тавцан дээр өсөж бид нүүр бардам алхах болно.

Гэвч бидний бодож байгаа шиг Монгол орны нэр хүнд тэгж өсөх болов уу? Тэртээ тэргүй биднийг ядуу буурай орон гэдгийг бүгд л мэдэж байгаа шүү дээ. Ганц алтан медаль авчихаар ДНБ өсчихгүй, Ганц тамирчны амжилтыг дагаад манай эдийн засаг өсөөд сүйд болчих нь юу л бол. Бид галуу дууриаж хэрээ хөлөө хөлдөөнө гэгчийн үлгэрээр санахгүй юманд санаа зовж, сачий хүрэхгүй юмаар оролдоод байгаа бус уу. Мэдээж Кёкүшюзан Батбаярыг дагаад олон сумоч амжилт гаргасан, аварга болсон. Японд барилдаж байгаа 50 гаран монгол бөх гэр бүлээ тэжээж байгаа. Гэхдээ тэднээс хэдэн зуу дахин олон монголчууд  Японд, Солонгост ажиллаж амьдарч ажлын хөлснөөсөө илүүчлэн өөрөөсөө харамлан байж тэднээс илүү юу гэхээс дутахгүй их хэмжээний мөнгийг ар гэртээ, Монгол руугаа гуйвуулж байгаа. Монгол эрдэмтэд, Японд, Англид, Америкт, Австралид энд тэндгүй ажиллаж амьдарч, бүтээл нь Нобелийн шагналд нэр дэвшиж байна.

Асашёрю их аварга аргагүй олны хайрыг татсан их аварга. Барилдааныг нь үзээд үзээд бахдаж баршгүй, аргагүй Монголчуудын шүтээн, бахархал болсон бөх. Тэглээ гээд Монголын эдийн засагт ямар өсөлт авчирсан болон авчрах юм бэ. Дагвадорж аварга маань сумо бөхийг Монголд мөнгө оруулдаг бизнес болгож дөнгөх үү. Сумогийн нэг башёг Монголд зохион байгуулдаг, түүнийг нь үзэхээр олон жуулчид ирдэг, дагаад бусад бизнес үйлчилгээний салбарууд нь хөгждөг мөнгө олдог, мөнгө оруулдаг болчихвол ч…

Олимпод орж байгаа олон төрлөөр манай тамирчид гадаад дотоодын олон уралдаан тэмцээнд явдаг. Тухай бүр ивээн тэтгэгч олох гэх мэт их л асуудал байдаг байх. Гэхдээ улсаас харж үзэж байгаа нь багадаагүй. Хангалттай их зардал төсөв мөнгө өгч байгаа. Хамгийн сүүлийн жишээг дурдвал, саяхан ерөнхийлөгч санаачлан “Ерөнхийлөгчийн нэрэмжит” олон улсын тэмцээн зохион байгууллаа. ДОХА –д болж буй Азийн спортын наадамд Монгол улс 342 хүний бүрэлдэхүүнтэй багийг илгээж ЗГ-аас 100 сая төгрөгийг гаргалаа гэх мэт.

Гэтэл шинжлэх ухааны салбараа гаргуунд нь гаргачихсан юм уу. Төсөв мөнгө багатай шоовдор хэдэн эрдэмтэн үлдлээ. Сайн дурын хэдэн эрдэмтдийн гадагшаа гарах нэг нь гараад, төсөл хөтөлбөр дамжих нь дамжаад, ШУАкадемийн салбар хүрээлэнгүүдэд хэдэн өвгөн доктор, академичид л үнэнч хэвээр үлджээ. Тэднийг хийж бүтээх нас нь өнгөрсөн, малаар бол заазлагдах болж байгаа нь тэр гэж боддог юмаа гэхэд дараагийн үе, залгамж холбоо нь хаана байна. Эсвэл шинжлэх ухаан гэж нэг хэнд ч хэрэггүй зүйл учраас түүнд илүү мөнгө зарцуулах шаардлагагүй юмуу. Дагавар хүүхэд шиг энэ хэдэн эрдэмтэд, цэвэрлэгчийн цалингаар амьдарч, шинжлэх ухааны нээлт гаргана гэж байхгүй биз дээ. Дэнс дэнс мөнгөөр дэлхийгээ худалдсан сайдууд, эрдэм шинжилгээний ажлыг эрээн цоохор, бичиг цаас л гэж ойлгож байна. Түрийний бөөснүүд тэргүүнд гарсан учраас тэдний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ.

90-д оноос хойш Монголд бий болсон бас нэг туйлшрал бол элдэв төрлийн олимпиад мөн. Математикийн, физикийн, газарзүйн, химийн биологийн, англи хэлний, орос хэлний герман хэлний, програмчлалын, IQ –гийн гэх мэтээр олон чиглэлээр байхын зэрэгцээ, сургуулийн, дүүргийн, хотын, улсын, олон улсын, тэр ч багшийн нэрэмжит, тэддүгээр сургуулийн нэрэмжит, түргэн бодолтын, туршилтын гэх мэтээр тоо томшгүй олон олимпиад явагдах болсон. Сургуулиудын нэр хүнд ч үүнтэй холбоотойгоор аль сургуулийн хүүхдүүд олимпиадад олон медаль авсан, аль сургууль нь илүү өндөр амжилт үзүүлсэнээр нь тодорхойлогдоно. Сонгоны ангийн хүүхэд хагас бүтэн сайн өдөр болгон олимпиадад оролцоно, зарим тохиолдолд нэг өдөр хоёр ч олимпиад давхцаж хүүхдүүд нь хоёр талд хуваагдана. Үүнийгээ дагаад сургалт ч олимпиадад бэлтгэх маягтай, харин ерөнхий эрдмийн хичээлүүд, суурь мэдлэг нь орхигдох янзтай. Хэдийгээр олон тооны олимпиад зохиогдох нь хүүхдийн бэлтгэлийг хангах сайн талтай ч дэндүү олон овооны наадамд уралдаад цуцах тал бий. 2002 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд европийн багууд амжилтгүй оролцсон. Өмнөх дэлхийн аварга Францын баг хүртэл нэг ч голгүйгээр дэлхийн аваргыг орхиж байлаа. Мэргэжилтнүүд европийн хөлбөмбөгийн холбооны цуврал тэмцээнүүд тэднийг залхаажээ хэмээн дүгнэсэн.

Тэгэхээр энэ олон тооны цуврал олимпиадууд бол нэг төрлийн туйлшрал л юм. Гэхдээ эерэг маягийн гэх юм уу даа. Сөрөг талаасаа эерэг тал нь давамгайлах байх. Энэ туйлшралын дутагдалтай талыг нь давуу тал болгож ашиглая л даа. Тун удахгүй энэ олон олимпиадууд цэгцэрч овооны олон наадмын оронд даншиг наадмууд, хэдэн нэр бүхий том олимпиад зохиогддог болно гэдэгт найдна. Гэхдээ спортын тэмцээн, уралдаануудаас ялгаатай нь оюун ухаанаа уралдуулж байгаа учраас тэднээс ирээдүйд үр дүнг хүлээж болно. Оюуны хүчээр мянгыг ялах Монгол улсын ирээдүйн эзэд нь тэдний дунд бий.

90-ээд оноос хойш Монголын боловсролын салбарт гарсан нэг эерэг үзүүлэлт бол олон улсын чанартай олипиадад амжилт гаргах болсон явдал юм. Урьд нь Р.Гончигдорж нэг удаа булхайцаж Монголын багийнхныг медальд хүргэж байсан бол сүүлийн үед үнэн хүчийг үзэж медаль зүүх болсон байна. Энэ бол амжилт мөн. Үүнд Ц.Дашдорж болон Монголын математикчдын байгуулсан гавъяа бий. Гэвч тэд медаль зүүсэн гээд хэнээс ч юу ч гуйгаагүй. Нэг медалийн цаана дагаад Монголын математикчдын, физикчдийн түвшин тэр хэрээр өссөнийг харуулна. Нэг удаагийн амжилт тухайн тохиолдолд хэн нэг авъяастай хүний үзүүлэлт байж болно. Тэгвэл Монголын залуу математикчид, физикчид, програмистууд, монгол хүүхдүүд тогтмол амжилттай оролцож байгаа нь Монголд шинжлэх ухаан хөгжих хөрс суурь бэлтгэгдсэнийг харуулж байгаа юм. Энэ бол гарцаагүй том амжилт бөгөөд олимпоос арван алтан медаль авахаас илүү эерэг нөлөөг улс нийгэмдээ үзүүлэх болно. Нэрт физикч Ландау шиг санаж байна, миний шавь болохоор зориглосон хэн ч гэсэн дуртай цагтаа ирж шалгалт өгч болно, гагцхүү чаддаг л байх ёстой хэмээн зарладаг байсан гэдэг. Түүний хувьд шаардлага хангахуйц чадвартай л бол хэн ч байсан хэдийд ч хамаагүй шалгалт өгөх өргөн эрхтэй байлаа. Нэрт эрдэмтэн маань амьд байсансан бол манай сурагчид удахгүй түүний шалгалтад тэнцэхүйц хэмжээнд хүрэх болно.

Гэхдээ спортын тэмцээнүүдээс ялгаатай нь тэднийг ивээн тэтгэгч байхгүй, улсаас төсөв огт өгөхгүй (олон улсын олимпиадын зардлыг эс тооцвол), санхүүгийн асуудлаасаа болоод оролцож чадалгүй хоцрох нь олон. УИХ-ийн гишүүд, засгийн газрын гишүүд, сайдууд дэд сайдууд, газрын дарга нараас авахуулаад ерөнхийлөгчөө хүртэл толгой дараалан, сагсан бөмбөгийн холбооны, волейболын, хөлбөмбөгийн, бейсболын, сумогийн, чөлөөтийн, жудогийн, шатрын, даамны, заримыг нь бидний сонсоо ч үгүй спортын холбоодын тэргүүн, дэд тэргүүн байдаг. Гэтэл математикийн олимпиадыг зохион байгуулах хороо, физикийн олимпиадыг зохион байгуулах хороонд тэдэнд хийх ажил байдаггүй юм уу, эсвэл толгой нь ч юм уу сэтгэл нь ч дутдаг юм уу, нэр холбогдсон, дэмждэг, сэтгэл гаргадаг хүн нэг ч байхгүй. Өөрсдийгөө математикч, физикч гэж цоллох улс УИХ-ын гишүүд дотор олон ч тэд одоо математикч ч биш, физикч ч биш, тэд бол одоо улс төрчид. Тийм ч учраас тэд юу хэрэгтэйг биш, хүнд юу таалагдахыг хийхийг хүсдэг. Оюуны хүчийг үнэлдэггүй учраас энэ хэдэн улс төрчдөөс оюунлаг зүйлийг дэмжих нааштай зүйлийг хүлээгээд ч нэмэргүй биз. Харин Yүрэг холдингийн захирал, “Урбанек” компанийн захирал гэх мэт ганц нэг хүн л хувиараа хөрөнгө оруулж өдрийн од шиг ивээн тэтгэдэг байна.

2008 онд Азийн физикийн олмпиад Монголд зохиогдохоор боллоо. Энэ нь томоохон нэр төр, хариуцлагаас гадна, монголын ирээдүйн физикчдэд томоохон үйл явдал болно. Yүний тулд улсаас өнөөг хүртэл нэг ч төгрөг гаргаагүй ажээ. Багш эцэг эхчүүд өөрсдийн идэвх зүтгэлээр энэ амжилтад хүрцгээсэн. Хүүхдийнхээ сургалтын төлбөрт төлсөн мөнгө, олон улсын олимпиадад бэлтгэхэд зориулж багш нарт төлж байгаа мөнгө, олимпиад болгонд оролцогчдын мандатын мөнгө бол шинжлэх ухааны хөгжилд оруулж байгаа, улс орныхоо ирээдүйн хөгжилд оруулж байгаа эцэг эхчүүдийн хөрөнгө оруулалт юм шүү. Хүүхдүүдээ шөнө өдөргүй бэлдэж, хоолтой хоолгүй бодлого бодож хичээл зааж, шавь нь медаль авахаар өөрөө авчихсан юм шиг баярлаж, насаараа идэх хөрөнгөтэй болчихсон юм шиг сэтгэл ханадаг багш нар хүүхдийн ирээдүйд төдийгүй, нийгэмд оруулсан гавъяагаараа УИХ-ын гишүүдээс илүү юу гэхээс дутуугүй гавъяатан мөн. Боловсрол бол тэргүүлэх салбар гэх мөртлөө улс төрчид үүнд их л бага мөнгө зарцуулж байна. Худлаа гэвэл би тэдэн төгрөгөөр ивээн тэтгэсэн, ивээн тэтгэнэ гээд зоригтой хэлчих сачийтай хүн байна уу. Та нарын амыг асуумаар байна.

Зуны Олимпын тоглолт 2008 онд Бээжинд болно.

Азийн Физикийн олимпиад 2008 онд Улаанбаатарт зохиогдоно.

Advertisements

4 Responses to “ОЛИМП ХИЙГЭЭД ОЛИМПИАД”

  1. onoch said

    Saina u? Boldoo,

    saixan bichleg boljee. ert uridiin yum sanaand orj baixchineve. yer ni bichleguud ulam l dajgui bolood baigaa shuu. Sayaxan serdaram gej nuxriin 29-nii tusgaar togtnoliin udur temdeglesen tuxai temdegleliig unshaad mash saixan sanagdlaa. Tend Bold gej neg xun garaa urgusun tuxai garaad baina, tsagdaad zaginuullaa ch gex shig, bi ch chamaig yum boluu l gej bodoj suulaa. oirxon baisan bol ochij neg uziye gej bodod baisan amjsangui. gexdee yaxav tom temdegledeg bolxoor ni ochiyu gej bas sanaj yaviya daa.

    Amjilt, bas shine jiliin mend xurgeye!

  2. amur said

    Энэ урьд нь өөр газар тавигдаж байсан уу?
    Уншсан ч юм шиг.

    • bolod said

      Магадгүй ээ, гэхдээ би өөрөө хаана тавьж байснаа санахгүй байна.

  3. amur said

    Нээрэн Та болон танай гэр бүлд ирж буй Шинэ оны мэнд.
    Ажил хөдөлмөрийн өндрөөс өндөр амжилт, аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: