Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ

Posted by bolod on January 11, 2010

Өнгөрсөн намар Засгийн газар нэгэн хуулийн төсөл санаачлан орж ирээд ам руугаа алгадуулаад буцаагаад бариад гарсан. Оруулж ирсэн хүн нь Сангийн сайд С.Баярцогт, харин ч гутарсан шинжгүй инээд алдан байх нь ТВ-ийн дэлгэц дүүрэн харагдсан. Түүний хувьд батлагдана уу байна уу, падгүй асуудал байсан бололтой. Гэхдээ л тэр санаачлаад, НДШ-ийн хувь хэмжээг нэмэх тухай яриад ороод ирж байгаа юм. Тэр чинь сангийн сайд шүү дээ. Сангийн сайд учраас төсөв хэрхэн бүрдүүлэх, татвар хэрхэн нэмэгдүүлэх тухай ярих нь түүний үүрэг. Харин НДШ бол татвар биш, НДСан улсын төсөв биш учраас уг нь түүнд хүртээлгүй зүйл юм. Үүнийг НХХЯ-ны сайд нь ярьж орж ирсэн бол өөр хэрэг. Эндээс үүдээд, сэтгүүлчдийн ярьж байгаагаас хараад, иргэдийн ойлголтоос дамнуулаад дүгнэхэд манай иргэд улс төрчид аль аль нь НДШ-ийг, ЭМД-ийг ердөө л нэг хэлбэрийн татвар гэж үздэг ажээ. ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх тухай ярьж байхад сөргүүлээд яагаад татвар нэмэх гээд байгаа юм бэ? гэсэн асуултаар булах ажээ. Тэд эдгээр даатгалыг зөнгөөрөө л татвар гэж ойлгож хүлээж авдаг байна. Даатгалуудын үйлчлэл нь ч яг л татвартай адилхан болохоор тэр. Цаашлуулан дүгнэвэл НДШ болон ЭМДШ нэрээр татварласан хөрөнгийг үр ашиггүй зарцуулдагаас болоод эдгээр нь даатгалын механизм биш, татварын механизм болон хувирсныг бүгд хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь даатгалын систем огт буруу ажиллаад байгаа гэсэн үг. ЭМДаатгалын тогтолцоо болон Нийгмийн даатгалын тогтолцоог орвонгоор нь өөрчлөхгүй бол хувь шимтгэл мэтхэнийг нэмж хассанаар асуудал хэзээ ч шийдэгдэхгүй биз.

Хамгийн хоржоонтой нь С.Баярцогт сайд, хүүхдийн эрүүл мэндийн даатгалыг “улсаас” төлдөг байсныг нь болиулж, эцэг эхээр нь төлүүлдэг болохоор санаачлага өрнүүлсэнд байгаа юм. Зарчмын хувьд эцэг эх нь даах нь зөв л дөө. Гэхдээ….

УИХ-д ганцхан суудалтай байсан АН, 2004 оны сонгуулиар хүүхдийн “Итгэлийн мөнгө “ гэгчийг санаачилж, амалж, баталгаа энэ тэр гаргасны хүчинд 36 суудалтай болж чадсан билээ. Хүүхдийн мөнгөний хичнээн шударга, нийгэмд хичнээн эерэг импакт үзүүлж байгаа болох талаар АН-ынхан зөндөө л сайрхсан. Гэтэл Ардчилсан Намчин болох тэрээр нэг гараараа хүүхдэд өгсөн мөнгөө нөгөө гараараа буцаан булааж авах хуулийн төсөл санаачлан оруулж ирж байна. Ардчилсан хийгээд хувьсгалт намчингууд олон түмний дургүйцлээс болгоомжлоод нэг удаа буцаасан.

Он шилжихийн өмнөхөн “Хүний хөгжил сан” –гийн тухай хууль батлагдсан хэмээн улс төрчид баахан сайрхацгаалаа. Энэ хууль батлагдсаны хүчинд Монгол улсын иргэн бүр 120 000 төгрөгийн хишиг хүртэх ажээ. Ардчилсан намынхны ялгаа заагийг нь тодруулаад байсан “хувь” гэсэн утга агуулга аль хэдийн гээгдсэн. Энэ 120 000 төгрөгийг эхний ээлжинд хүүхэд хөгшид, эмзэг бүлгийнхэнд өгөх юм гэнэ. Энэ хууль батлагдсаны хариуд харин хүүхэд бүрт сар тутам өгдөг 3000 төгрөг, улирал тутам олгодог 25000 төгрөг, тэрчлэн шинээр гэр бүл бологчдод олгодог 500 000 төгрөг болоод шинээр мэндэлсэн хүүхдэд өгөх 100 000 төгрөг зэргийг олгохоо больж байгаа юм байна. Нэг талаас нь харвал иргэн бүртээ хишиг түгээгээд байгаа юм шиг. Нөгөө талаас нь харвал хүүхдэд өгдөг байсан мөнгөө буцааж аваад эргүүлээд эх орны хишиг нэрээр зүсийг нь буруулан дүнгий нь бууруулан өгөх гэж байгаа ажээ. Дүгнэвэл,

1. Хүүхдийн мөнгө гэдэг юм байхгүй боллоо. Энэ нь хүүхдийн мөнгө нь ямар нэгэн зөв бодлого давуу тал байхгүй байсны баталгаа болно. Хэрэв ямар нэгэн эерэг үр дүн байсан бол энэ улстөрчид түүнийг устгасан муу нэрийг зүүх болно.

2. Хүүхдэд очих мөнгөний хэмжээ багаслаа. Хүүхэд бүр жилдээ 136 000 төгрөг авдаг байснаа больж 120 000 төгрөг авдаг болох юм байна. Зөрүү нь 16000 төгрөг. Улстөрчид угаасаа л хүүхдэд өгч байгаа мөнгөндөө харамсаад түүнийг яаж буцааж авъя даа гээд толгойгоо гашилгаад байсны хариу нь ингэж гарлаа.

3. 2004 оны сонгуулиар амалсан мөнгөний амлалтууд бүгд цуцлагдлаа. Угаасаа л үүргээ гүйцэтгээд дууссан тул ингээд л хүчингүй болдог байна. Энэ нь улс төрчдийн амлалтад итгэж найдах хэрэггүйн тод жишээ, найдвартай баталгаа болж байна.

4. Стратегийн орд газруудыг ашиглаад, Оюутолгой, Таван толгой төслийг хэрэгжүүлээд ч ард түмэнд юу ч оногдохгүй болох нь ойлгомжтой боллоо. Сая саяар нь амлаад л “бүрэн боломжтой” гээд л баталгаа бичиг өгөөд л байсан ч бүрэн боломжгүй болох нь дахин батлагдлаа.

5. Улстөрчид гэдэг дээрэмчингүүд, бүхнийг дээрэмддэг. Тэр дундаа бүхнийг хүүхдийн төлөө гэх нэрээр эхлээд хүүхдээс дээрэмдэж үзүүллээ. Үүнд нь АН-ын сайд гол дүрд тоглочихлоо доо.

5 Responses to “БҮХНИЙГ ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ”

  1. Huder said

    Даатгал, татварыг тодорхойлох иргэдийн ойлголтыг их аятайхан гаргалгаагаар гаргажээ. Амжилт

  2. amur said

    Дүгнэлт нь их таалагдлаа.
    Ямарваа нэг гаргасан шийдвэр, амлалт нь 4 жил тогтвол дээдийн заяа болсон байдлаас харахад зөв ч бай буруу ч бай тийшээ гэсэн нэг чиглэлгүй л байна аа даа. Муу нэрт соцын үед бол байсан. Тиймдээ ч тэд олон зүйлийг бүтээсэн, бий болгосон. /өнгөрсөн рүүгээ буцах тухай биш шүү. Авах гээхийн ухаанаар хандаагүй/ Гэтэл одоо яаж байна? Илүү дэвшил, илүү боломж, илүү хөрөнгө мөнгө, ил тод баялаг, шинэ сайхан төсөл, хөтөлбөр, санаа, санаачлага байгаад хагархай толгой дээр очоод будаа болж байна. Ер нь тэгээр зорилгогүй улс юу хийхээ мэдэхгүй, юу хийж байгаагаа ойлгохгүй биз дээ.
    Ходоод нь хоосон хүн цааш явахгүй ч өнөөдрийн 70000, 120000, 500000,1000000,1500000 юу ч өөрчлөхгүй ш дээ. Учир нь тэр үргэлж өлсөж байдаг. Цадахаа мэддэггүй. Цадаж гэмээн Баярлалаа гэдэггүй. /Үгийн санд нь ч байхгүй./
    Цагаан сараас өмнө 70 гэл үү 70 70 аараа Нарантуулаар дамжаад урагшаа гарах нь дээ.
    Би хувьдаа мөнгө тараахын эсрэг байгаа болохоор сөргүүдийг нь жагсаалаа.
    – Залхуу болно.
    – Бэлэнчлэх сэтгэлгээтэй болно.
    – Хэн нэгний өмнө хариуцлага үүрэхгүй болж устана.
    – Мөнгөний үнэ цэнийг мэдэхгүй болно.
    – Мөнгөний ханш, үнэлэмж унана.
    – Буруу, болохгүй, хортой зүйлд зарцуулж эхлэнэ.
    – Шунахайн сэдэлтэй хулгай дээрэм ихсэнэ.
    – Хүнд суртал, нийгэмд хэт ялгарал үүснэ.
    – Юмны үнэ нэмэгдэнэ.
    – Улам их өр ширэнд орно.
    – Ажлын үр дүн гарахгүй.
    – Ажиллахыг ч хүсэхгүй.
    – Ядуурлын тоо нэмэгдэнэ.
    – Хөгжил, дэвшил зогсоно
    – Дотоодын мөнгөний эргэлт багасана./үгүй болно./
    – Цаашид эдийн засгийн хувьд ч, хүний чадварын хувьд үргэлжлэх чадваргүй болж будаа болно доо.

  3. amur said

    Би таныг нэмэх байх гэж бодож байлаа.

  4. Oyunsaikhan said

    Hundet Bold bagshdaa sar shiniin mend devshuulie.
    Minii khuvid belen mungu uguh turiin bodlogiig ankhnaas n esergvvtsegch um.
    Zaluu khosod 500.000 gants udaa uguh bus sar bvr tiim khemjeenii tsalintai bolgokh n turiin vvreg um .
    Tur unuudur vndsen vvrgee medehee baisan nuguu talaar songogchdiin mungugui baidal deer toglolt khij songuuliar yalj baina, deerkh khvnii bichsen olon asuudal n etsestee neg l zamd khutlunu *Dutch desiase* Baigaliin bayalag bol zuv ashiglaj chadval az muu zasaglaliin bodlogotoi ued ez um…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: