Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

РЕКЛАМГҮЙ НОМ

Posted by bolod on January 27, 2010

Нодлин хавар философич Батчулуун багштай тааралдсан чинь нэг ном орчуулж байгаа тухай ярьсан юм. “Дэлхийн түүх” –ийн зурагт лавлах орчуулж байна, олон олон нарийн мэргэжлийн үг хэллэгтэй тул зарим зүйлийг нь дийлэхгүй байна, чи оролцохгүй юу, гэж санал тавьсан юм. Би оролцоно гэж амалсан бол ажилд нь лавтайяа саад хийх байсан тул газар дээр нь татгалзсан хариу өгсөн. Тэгээд ч миний англи хэлний зэвсгийн эрдэм илэрхий дутах тул (зэвсгийн эрдэм ч гэж дээ, осолгүй л энэ англиар бичсэн байна гэж ялгах төдий) үнэнээ л хэлсэн. Надад үнэмшилгүй, жаахан гайхаж байгаад яваад өгсөн юм. Өнгөрсөн намар уулзсан чинь орчуулаад дуусгачихсан, одоо жоохон амарна аа гэж байна. Бараг л, худлаа яриад гээд нүүрэн дээр нь хэлчихээгүй. Хэдийдээ амжуулдаг байна аа.

Олон нарийн мэргэжлийн нэр томъёо бүхий, дэлхийн түүхийн бүхий л асуудлыг хамарсан өргөн хүрээтэй, тийм том номыг орчуулахад дор хаяж гурван жил хэрэгтэй байх гэж хувьдаа төсөөлж байлаа. Гэтэл жил хүрэхгүй хугацаанд орчуулах байтугай хэвлүүлчихсэн байдаг байгаа. Батчулуун багш нарын хамтран орчуулсан энэ ланжгар номыг “Монсудар” хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Ийм богино хугацаанд ийм том номыг орчуулаад тэгээд хэвлүүлчихсэн байгаа нь үнэхээр гайхалтай.

Энэ ч бас юу ч биш. Хамгийн гайхалтай нь энэ номыг хэвлүүлчихсэн мөртлөө энэ талаараа нэг ч үг дурсахгүй, рекламдахгүй байгаа нь юм. Хэрвээ би ийм ном гаргачихсан, ийм ном бүтээхэд оролцсон бол хавиар нэг хашгирч гуугачиж, уулзсан болгонд зарлаж, гайхуулах байсан. Бүтээл нь өөрөө ланжгар юм болохоор реклам ч заримдаа илүүддэг болтой юм.

Бага байхад “Эртний дэлхий дахины түүх” –ийн сурах бичиг гэж маш гоё ном байж билээ. Дөрөвдүгээр анги төгсөнгүүтээ л тэр хавар нь 5-р ангид үзэх хичээлийн сурах бичгүүдээ, түүний дотор “Эртний дэлхий дахины түүх” сурах бичгийг худалдан авч билээ. Хавтаснаасаа эхлээд л гоё гоё зурагтай, Египетийн фараон, муми, пирамид, хүний цогцсыг задалж хэрхэн занданшуулдаг тухай, тэр мэс ажилбарт хэрэглэгдэж байсан ориг багажнуудын зураг гээд л үзэх сонирхох юм мундахгүй. Тигр, Еферат мөрний хөндий, Месопотами, Хятадын цагаан хэрэм, улаан алчууртны бослого, шар хөмсөгтний бослого, Ромын домог, Анфитеатр, гладиаторуудын бослогыг хичээл эхлэхээс өмнө л уншаад дуусгачихсан санагдана. Тэрнээс болоод л “Спартак” номыг оросоор нь унших гэж үйлээ үзэж, хий дэмий л хуудсыг нь эргүүлж байж билээ.

Түүхийн хичээлийг хүүхдүүд тэгж их сонирхдог. Гэвч анги өгсөх тусам сонирхол нь буурсаар, түүхийн хичээл дээр он сар өдөр, хэдэн хүний нэр цээжилж эрх биш дүн гаргуулахын тулд л уншдаг болсон санагдана. Дундад зууны түүх, Шинэ түүх, Нэн шинэ түүх зэрэг хичээлийн сурах бичгүүд нь үзэх ч зураггүй, сонирхол татах ч юмгүй. Тухайн үед МАХН-ын XYIII бүгд хурлын материалаас дээрдэх юмгүй л санагддаг байж билээ. Надад үнэндээ Мозамбикийн “Феролимо” намын үүсэл, хувьсгалт тэмцлийн түүхийг унших ямар ч сонирхол байгаагүй. Гэтэл тиймэрхүү өчнөөн олон жишээг хичээл болгон үздэг байж. Английн хөрөнгөтний хувьсгалын талаар яаж тийм сонирхолгүйгээр бичиж, зааж болдог юм бүү мэд. Кромвелийн талаар ч олигтой ойлголт өгөлгүйгээр тэгсгээд өнгөрч билээ. Гэтэл А.Дюмагийн “Шадар гурван цэрэг”-ийг уншчихсан тул Кромвел гэж хэн юм, Бекингем гэж хэн юм, яг юу болоод өнгөрсөн юм, ямар учиртай хувьсгал болсон юм гээд үнэхээр их сонирхож их ч хүлээлттэй байсан санагдана. Францын хувьсгалын талаар ч сэтгэлд хүрэх зүйл үлдээгүй.

Гэтэл өнөөдөр “Дэлхийн түүх” ном Монгол хэлээр орчуулагдаад гарчихаж. Тэртээ 30 жилийн өмнөх дурсамж минь сэргэж, хуудас бүрийг нь нэг бүрчлэн эргүүлэн унших “гижиг” хүрч байна. Яг л “Эртний дэлхий дахины түүх” ном шиг зурагтай, тайлбартай болохоор мэргэжлийн биш над шиг хүмүүст яг таарах юм байна. Над шиг хүмүүст гэхээс илүү яг одоо түүх үзэж, суралцаж байгаа хүүхдүүдэд бүр ч хэрэгтэй ажээ. Товчоор хэлбэл, энэ номонд үнэндээ реклам хэрэг алга. Рекламдвал бараг гутаачих юм байна. Энэ номыг бушуухан хүүхдэдээ, дүүдээ авч өг. Би хувьдаа аль хэдийн нэгийг авчихсан, нээлтээс нь өмнө шүү. Мартсанаас нээлт нь 1 сарын 28-нд болох сурагтай, бас л нууцхан.

4 Responses to “РЕКЛАМГҮЙ НОМ”

  1. amar said

    Нээрэн гоё ном байна лээ. Цаг төр дээр гарсан байв уу даа энэ номын тухай өмнө нь нэг уншиж байсан юм байна.
    “Мартсанаас нээлт нь 1 сарын 28-нд болох сурагтай, бас л нууцхан.” Нууцхан үйл ажиллагааг та дэлгэсэн дээ.

  2. zorigtsoc said

    Номын буян дэлгэрэг

  3. MW said

    gaihaltai nom gedeg ni todorhoi bna, yanchaan hurvel avch unshmaar nom bna.

  4. tsooj said

    Надад ч бас маш их таалагдсан. Шүлс гоожуулж байна лээ. Хэдий би түүх төдийлөн сонирхож байгаагүй ч гэсэн.
    Гэр бүл болгонд заавал байх хэрэгтэй гэж бодсон.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: