Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХУУЛИЙН ЦООРХОЙ

Posted by bolod on February 1, 2010

Компьютер техник үүсэж хөгжсөн 60 гаруйхан жилийн хугацаанд программ хангамж сүүлийн 30-аад жилд л өндөр хурдацтай хөгжиж түүний салшгүй нэг хэсэг гэдэг нь хүлээн зөвшөөрөгдсөн. Хүний нийгэм үүсэж хөгжөөд хэдэн мянган жил болсон боловч хууль эрх зүйн зохицуулалт түүний салшгүй нэг хэсэг болон хөгжсөн нь бас л сүүлийн хэдхэн зуун жилд хамаарна.

Өнгөрсөн 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой болж өнгөрсөн. Төрт ёсны уламжлалыг яривал үүнээс ч урт түүхтэй. Гэтэл өнөөдөр Монгол улс ямар байдалтай байгаа билээ. Эртний төрт ёсны уламжлалтай эрх зүйт төр гэж хэлэхэд хүндхэн байдалтай болжээ. 

Компьютерийн програм хангамж үүсч хөгжиж байх эхэн үеийн програмууд олон арван алдаатай, цох нүхтэй байдаг байлаа. Эдгээр алдаа, нүхнүүдийг хэрэглэгчид, програмчид олж уйгагүй засварласаар өнөөгийн түвшинд өдий зэргийн төгс системийг зохион бүтээжээ. Энэхүү үйл явцад дэлхийн хамгийн баян хүн болох Билл Гейтс чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд түүний нэр нь майкрософт корпорацитай салшгүй холбоотой юм. Өнөөдөр компьютерийг Windows-гүйгээр Microsoft Office-гүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Гэвч эдгээр програмуудад өнөөдөр ч гэсэн алдаатай нүх, цох цөөнгүй байдаг бөгөөд чухам түүнийг нь ашиглаж элдэв вирусын төрлийн програмууд бүтээгддэг, тэдгээр нь дэлхийн болоод зарим нэг орны эдийн засагт багагүй хохирол учруулах нь бий.

Өнөөдөр манай хууль эрх зүйн систем бүрэн төгс систем болж хараахан чадаагүй байгаа бөгөөд олон арван хуулийн цоорхой бий. Энэ цоорхойг ашиглаж, Монголын бизнес өргөжиж цэцэглэж байна гэхэд хилсдэхгүй. Yнэндээ хуулийн дагуу, хууль ёсоор бизнес эрхлэх боломж манай ядуу эдийн засагт, манай жижигхэн зах зээлд тун хомс бололтой. Тиймээс ч дээд шатандаа улс төрчид нь, дунд шатандаа бизнесменүүд хийгээд дунд доод шатны албан хаагчид хурган дарга нар нь, доод шатандаа хулгайч луйварчид нь энэхүү хуулийн цоорхойнуудыг ашиглаж өөрийн түвшинд хэрэндээ л “бизнес” хийцгээж байна.

Компьютерийн програмд алдаа гарсан бол түүнийг яаралтай зайлшгүй засварлах шаардлагатай бөгөөд нэгэнт засвар хийж нүхийг нь бөглөсөн бол тэрхүү алдаа дахиад хэзээ ч давтагдахгүй болдог билээ. Ингэснээр нийт компьютер хэрэглэгчдэд ашигтай байдаг. Харин хуулинд цоорхой гарвал түүнийг бөглөх гэж яарах нь бага, яагаад гэвэл энэхүү цоорхой нь хэн нэг эрх мэдэлтэн албан тушаалтан, бизнесменд ашигтай байдаг болохоор тэр. Ийм хуулийн цоорхой байгааг анзаарч мэдсэн безнсмен маань энэхүү цоорхойг аль болох удаан хугацаанд үр дүнтэйгээр ашиглаж ашгаа нэмэгдүүлэхийг хичээдэг. Цоорхойг бөглөх хуулийн төсөл бэлтгэгдэж гартал нэлээд хугацаа өнгөрнө, бэлтгэгдэж бэлэн боллоо ч гэсэн УИХ-д өргөн баригдталаа нэг хэсэг хугацаа өнгөрнө, УИХ-аар хэлэлцсэн ч батлагдталаа хол, батлагдаж гарсан ч гэсэн хэрэгжитлээ бүр хол байдаг. Монгол хүний зарчмын саналын цаана түүний өөрийнх нь явцуу эрх ашиг нуугдаж байдаг гэдэгчлэн хуулийн цоорхойг засаж бөглөх биш, өргөсгөж томруулах оролдлого ч байнга хийгдэж байдаг. Програм хангамж дахь нүхийг бодвол, хуулин дахь цоорхой амь бөхтэй байдгийн шалтгаан нь нэг иймэрхүү. Тиймээс ч энэхүү цоорхойг ашигласан “вирус”-ын төрлийн бизнес цэцэглэх өргөн боломжтой.

Эрнандо де Сото бугайн судалж тогтоосноор хаана олон хууль дүрэм заавар журам байна. Тэнд далд эдийн засаг цэцэглэж байдаг ажээ. Өөрөөр хэлбэл хуулиас гадуурх бизнес өргөждөг байна.Тэр хэрээр хүний эрх эрх чөлөө зөрчигдөж, ялгаварлан гадуурхагддаг ажээ. Yүний эсрэг хуулин дахь цоорхойг олж эмчлэх, хууль дүрмийн нийгэмд, нийгмийн бүлэг нийтлэгт учруулах хор нөлөөллийг олж илрүүлэн засуулахаар ажиллах, бодлогод нөлөөлөх нь өнөөдөр Монголд тулгамдсан асуудал болжээ. Хууль тогтоогчдын дураараа засаж, өөртөө тааруулан өөрчилж байгаа энэ эрх зүйн орчны дархлааг яаж сайжруулах вэ?  

2000 оны үед хууль бусаар шонхор шувуу гадагшаа гаргалаа гээд л шуугидаг байсан бол сүүлийн жилүүдэд шонхор шувууг хууль ёсоор хэдэн арваар нь ил цагаан гаргадаг болсон. Шонхор шувуу нь тийм их элбэгшчихсэн юм уу, эсвэл хэрэггүй болчихсон юм уу?

Мод огтлохыг хязгаарлаж, хууль бусаар мод огтолсон, тээвэрлэсэн бол тээврийн хэрэгсэл бүх юмыг нь оролцуулаад хурааж, улсын орлого болгож торгож байх маш хатуу журам гаргасан. Модны наймаа улам л цэцэглэсэн. 4 жилийн өмнө Тужийн нарс бас ч гэж хэдэн сэрвэгэр юм байсан бол одоо туж элс болсон. Хотын ойролцоох хэдэн уулын моддыг хяргасаар одоо хэдэн нүцгэн уулс үлджээ.

90-ээд онд Богд уулын буга ууландаа багтахаа байж, хотын хогон дээгүүр бэлчиж явдаг байсныг хүн болгон санаж байгаа. Миний ойлгож байгаагаар буга дархан цаазтай амьтан бөгөөд буга алсан хүнд овоохон хүнд ял оногддог болов уу. Одоо бугыг дэргэдээс нь харах тийм боломж дахин хэзээ ч гарахгүй бөгөөд Минжийн хангайд очоод ч буга харах нь битгий хэл буга урамдахыг ч олж сонсох нь үгүй болов бололтой. 50 хүрэхгүй Мазаалай, 200 хүрэхгүй хавтгай, 1000 гаран цоохор ирвэс болон аргаль угалз, янгир, бөхөн, хүдэр, булга минжийг тооцолгүйгээр хэрэм, тарвага, цагаан зээр ч устаж үгүй болох дээрээ тулж ирээд байна. 

Тэрхийн цагаан, Өгий, Хар-Ус, Хяргас, Буйр нуурууд загас агнуурын арвин их нөөцтэй нуурууд байсан. Сүүлийн дөрвөн жилд эдгээр нуурын загасыг хятадууд шүүж дуусгаснаар жараахай л үлджээ. Монголын загасчдын тэмцээн болж гадаад дотоодын арав гаран баг өдөржин оролдоод арваадхан загас барьсан гээд бодохоор инээх багадаж, уйлах ихдэнэ гэдэг л болжээ. Удахгүй жараахай ч үгүй болох бизээ. Нууруудаас гадна загас ихтэй байсан томоохон голууд бараг загасгүй болсон гэхэд хилсдэхгүй. Ийм байдалд орсон загасыг “Тул” Дашзэвэг олон тул барьж, барьсан тулаа буцааж тавьснаар баригдахгүй байх аргад сургаж аварна гэвэл ёстой лөөлөө байлгүй. Хүүхдийн санаа гэхээс цаашгүй.

Ойн сан усны сав газарт олборлолт хайгуул явуулахыг хориглосон хууль гарсан, саяхнаас хэрэгжиж эхэлсэн, гэвч гацчихлаа. Лиценз эзэмшигчид нь нөхөн төлбөр нэхээд хэвтчихсэн гэнэ. Ашиглаагүй ч гэсэн хөрөнгө оруулсан мөнгөө гаргуулна гээд хэд дахин их мөнгө нэхээд ашиглахгүйгээр лицензийнхээ ашгийг хүртэх гээд хүлээж байна. Байгаль орчинтой холбоотой санаанд орсноо хэлхэхэд л ийм бөгөөд хуулийн элдэв гажуудлыг тоочивч баршгүй нь. (Энэ талаар “Эрх зүйгүй нийгэм” гэсэн нийтлэл бичсэн.)

Дээрх бүх жишээнүүд Монголын бизнесийн өнөөгийн төрхийн харуулах хамгийн өргөн дэлгэрсэн жишээнүүд бөгөөд бас хараахан бүгдээрээ биш гэдэг нь тодорхой. Эндээс ганцхан дүгнэлт хийж болно. “Монголын бизнес хуулийн цоорхойгоор цэцэглэдэг”. Энд хуулийн цоорхой гэдгийн дор хуулийн хэрэгжилтийн цоорхойг давхар авч үзэж байна.

Дээрх дүгнэлтээс хийж болох бас нэг мөрдлөгөө нь “хуулийг гажуудуулагчдын дийлэнх нь хууль боловсруулагчид, хууль хэрэгжүүлэгчид өөрөөр хэлбэл эрх мэдэлтэнгүүд юм”.

Монгол дахь энэхүү нөхцөл байдал нь “Боловсролгүй хулгайч төмөр зам дээрх галт тэрэгнээс ачаа хулгайлдаг бол боловсролтой хулгай галт тэргийг төмөр замтай нь хулгайлдаг” гэсэн үгтэй дүйх ажээ.

Нөгөө талаас хууль зөрчигчдийн албан тушаал нэмэгдэх тусам хуулийн хариуцлага хүлээх нь багасдаг. Боловсролтой, дээр нь эрх мэдэлтэй өндөр албан тушаалтай хэн нэг хүн хуулийг яаж ч ноцтой зөрчөөд хариуцлага хүлээх нь огт үгүй гэж хэлж болно.

Энэхүү байдлыг давхраажилтын онолтой харьцуулан зүйрэлбэл “баячууд нийгмийн дээд давхаргынхан хүн амын хамгийн цөөн хэсгийг эзэлдэг мөртлөө баялгийн дийлэнхийг эзэмшдэг бол ядуучууд нийгмийн дийлэнхийг бүрдүүлэх мөртлөө баялгийн маш бага хувийг эзэмшдэг”. Эрх мэдэлтнүүд хүн амын өчүүхэн хувийг эзлэх мөртлөө улсад учруулах хохирлын дийлэнхийг үйлддэг.

Хууль зөрчөөд хариуцлага хүлээхгүй мөртлөө, үүнийгээ бүр хуульчилж өөрийн үйлдлийг хуулийн дагуу болгож чаддаг. Бүх зүйлийг ард түмний нэрээ тэдний төлөө гэсэн далбаан доор өөрийнхөө төлөө хийдэг. Дүгнэвэл хуулийн дагуу хулгайлж, дээрэмдэж, сүйтгэж байна. Хуулийн дагуух хулгайчдыг харин юу гэж нэрлэдэг юм бол.

2 Responses to “ХУУЛИЙН ЦООРХОЙ”

  1. huder said

    Албан тушаалаа завшигчид

  2. amur said

    Khuuli olondoo bus oilgomjtoidoo iluu ur duntei baikh. Yag l nugel buyan shig.
    Khedkhen khun khuuli yanzlaad baikhgui bukh niitiin baival zugeer yum shig ee. Daan ch ene khelber tudii l baikh shig bna. Nuguu deereesee dooshoo chigleltei. Door baigaa khed ni zakhiragdakhaas uur arga zamgui.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: