Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ҮХРИЙН СҮҮЛ

Posted by bolod on February 22, 2010

Үхэр жил юу ч гэж шувтарлаа. Дээдэст халгаатай гээд байсан боловч, “доодост” бүр илүү халгаатай болж өнгөрлөө. Үхэр жил үнэндээ маш хүнд жил болж өнгөрлөө. Дэлхийн санхүү эдийн засгийн хямралын сургаар хямарсан манай санхүү мөнгөний бодлогын хямралын нөлөөлөл нь ядуучуудад илүү хүндээр туссан. Мөнгөний ханш унахад ядуучууд хамгийн ихээр өртдөг. Өртөөд зогсохгүй нэрвэгдсэн. Талхны үнэ, бензиний үнэ, эмийн үнэ ер нь өргөн хэрэглээний барааны үнэ хамгийн түрүүнд нэмэгдэж, түүнд нь ядуус, дунд давхаргынхан чирэгдэв. Баячуудын хувьд талхны үнэ хэд байдгийг ч үнэндээ мэдэхгүй шахуу, машин нь 100 км –т хэдэн литр бензин зарцуулдагийг тооцоолдоггүй, гар утасны төлбөрт хэр их мөнгө тушаадгаа ч санадаггүй юм. Тэдний хувьд жип машин, байр орон сууц, үл хөдлөх хөрөнгө хямдарч, хямрал нь хямрал гэхээсээ илүүтэй боломж болж хувирсан. Хямрал зогсч сэргэлт ажиглагдаж эхэллээ гээд байгаа ч юун түрүүнд баячуудын хувьд л сэргэж өндийнө. Ядуусын хувьд ядуурлын циклээсээ гарах нь бүү хэл, энэ хямрал, хүндрэлийн сүүдэр тэднийг дахин 2-3 жил дагах болно.

Үхэр жилд Монголчуудыг зовоосон бас нэг томоохон асуудал нь валютийн ханшийн савалгаа байсан. Энэ савалгаа жижиг дунд бизнес эрхлэгчид, хэнээс ч гуйхгүй өөрөө өөрсдийгөө болгоод явж байсан дунд болон дундаас доод давхаргынхныг самарсан. Тэдний гар дээрээ эргэлдүүлдэг цөөхөн хэдэн мянган доллар, юань, рублийн ханш савлаж, өсч буурах тутам тэд алдагдалд орж, худалдаа наймаа, бизнес нь зогсч, унтарч, явцгүй болж байсан. Ингэж олон мянган жижиг дунд бизнес эрхлэгчдийг сэгсэрч хаячихаад Монгол банкны ерөнхийлөгч нь зүгээр л өргөдлөө өгөөд огцорчихож байгаа юм. Энэ валютийн ханшийн савалгаа нь жам ёсны гэхээсээ зохиомол зориудын зүйл байсан гэдэг нь одоо бүр ч тодорхой болж байна. Үүнээс хэдхэн санхүүч л (эсвэл улс төрч, тэдний бүлэглэл) мөнгө хүүлж ашиг олсон. Зуд болохоор чоно таргалдаг шиг. Одоо валютийн ханш тогтворжсон ч гэсэн Монгол банкны хурц мэргэн бодлогын үр дүнд тийм болчихсон ч юм биш. Тэдний оролцоо багасаад ирэхтэй зэрэгцэн, долларын ханш суларсан нь хавсарч нөлөөлсөн биз. Үр дүнд нь иргэдийн мөнгөнд итгэх итгэл суларлаа. Одоо төгрөгт байтугай долларт ч төдийлөн итгэж чадахгүй байна. Хуримтлал бий болгох биш, бушуухан үрж дуусгах л сэтгэхүйг бий болголоо. Мөнгөнд итгэх итгэл сэргэтэл дахиад лав 3-4 жил хэрэгтэй болно.

Шувууны ханиадаас айх айдас арилаагүй байхад гахайн ханиад гэгч гарч олон хүн өвчилж, олон хүний амь насыг авч одлоо. Нялхас хүйн халдвараар хорвоог орхиж төрөх эмнэлгүүд ачааллаа даахаа байжээ. Монголын эрүүл мэндийн салбар бүхэлдээ хоцрогдож, өсөн нэмэгдэж байгаа эрүүл мэндийн үйлчилгээ авах эрэлт хэрэгцээг үнэндээ огтхон ч хангахгүй байгааг харууллаа. Үхрийн сүүлэн дээр ч тэр юм уу олон хөгшид ертөнцийн мөнх бусыг үзүүлж байна гэлцэн олон түмэн ам уралдуулна.

Ойрын хэдэн жил болж байгаагүйгээр хүйтэрч, ханиад шуухинаа дэлгэрэв. Олон аймгийг хамарсан зуд болж олон зуун малчид амьжиргааны эх үүсвэргүй болжээ. Зудад малаа алдсан олон манга айл өрхийн хувьд хот хүрээ бараадахаас өөр сонголт бараг үгүй болж байна. Өөрөөр хэлбэл ирэх хавар зунаас эхлэн хот суурин газар луу чиглэсэн шилжилт хөдөлгөөн улам нэмэгдэнэ. Гэвч хот суурин бараадлаа гээд тэдний амьдрал дээрдэх ямар ч баталгаа байхгүй. Хот орох зардлаасаа гадна хотод очоод суурьших, төвхнөх, ажил сургуульд орох, бүртгүүлэх зардал чирэгдэл хүнд суртал нь тэдэнд улам хүнд нэрмээс болдог. Үнэндээ энэ трансакцийн зардлыг тэд төлж бараг хүчрэхгүй, өөрөөр хэлбэл хотод ирээд ихэнх нь шууд ядуусын эгнээнд шилжинэ. Хотын гэр хороолол өргөснө, утаа нэмэгдэнэ, ядуурал гүнзгийрнэ, хот нийгмийн үйлчилгээний зардал болон ачааллаа хүчрэхээ байна. Залгаад эх адаггүй олон асуудал гинжин урвал шиг хөвөрнө.

Дээдэс гэснээс, үхэр жилд Монголчууд хоёр ч дарангуйлагчаас саллаа. Намбар ван гээд л мангаа шиг айлгаад байсан хүнийг ерөнхийлөгчийн сонгуулиар ченж хийчихсэн. МАХН-ын сүүлчийн найдвар болоод байсан С.Баяр бас өөрийн хүсэлтээр ч гэсэн бас л огцорчихсон. Нэг хүний дарангуйлал хийгээд нэг намын дарангуйллаас ямартай ч салав бололтой. Одоо хоёр намын эвслийн, хамтарсан гэгч засгийн газрын дарангуйллыг сэгсэрчихвэл ч улс төрийн хүрээнд стандарт бус төлөв байдалд цэг тавигдана. Сар шинийн барилдаанд хамаг хууччуулыг нэг цэргийн арслан хуугаар нь өвдөг шороодуулж, төрсөн бие түлбэрэх хуулийг батлав, шинэ цагийг бэлгэдэж байна гэж зарим нь бэлгэшээв.

Үхэр жилд түмэн олон хатуу бэрхийг туулсан. Хамаг юмны үнэ нэмэгдэж, гэрэл гэгээ харагдахгүй их бухимдуу ууртай байна. Өчүүхэн зүйлийн төлөө уурлаж, хэрэлдэж, цухалдуу байна. Оч хаявал гал гарна. Үхрийн сүүлийг юу ч гэсэн мушгилаа. Гэхдээ олон түмэн галзуу барын аманд ч гараа хийхээс буцахгүй байна.

2 Responses to “ҮХРИЙН СҮҮЛ”

  1. amar said

    Дээрх бүгд ойлгомжтой. Одоо харин яах ёстой, яавал зүгээр тал дээр та юу гэж бодож байна?

  2. huder said

    Гоё нэгтэгжээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: