Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2

Posted by bolod on February 25, 2010

Үргэлжлэл

Судлаач Г.Чулуун, Байнгын парламенттай болох үеийн улс төрийн нөхцөл байдлыг судалж цэгцтэй хронологи үйлдсэн байдаг юм. Олон намын тогтолцоонд шилжих, улс төрийн систем солигдох процесс хэрхэн өрнөснийг, парламентийн засаглалтай болох гэж гэж ямархуу үйл явдлууд өрнөснийг товчоолж, он цагийн хэлхээс үйлдэн. Г.Чулуун гуай, “Байнгын парламентийг “нэхэж шаардсан” нийгэм-улс төрийн түүхэн нөхцөл байдал” нэртэй номыг бэлтгэсэн байдаг юм. Чингэхдээ тухайн үеийн ном сонин, сэтгүүл, архивын материалууд, хурлын тэмдэглэл гээд өдий төдий материалуудыг үзэж тэмдэглэж, цуглуулж эмхэтгэж бүтэн жилийн (2 жил ч юм уу) хөдөлмөрөө зарцуулсан бөгөөд асар их ажил болж бүтээж, бэлтгэсэн энэ ном нь тухайн үеийн хэн нэгэн эрхтэн дархтанд таалагдаагүйн улмаас хэвлэгдээгүй гэдэг. Үүнийг нь “Социологи” сэтгүүл цувралаар нийтэлсэн байдаг бөгөөд түүнээс эшлэн зарим нэг үйл явдлыг цувралаар сануулмаар санагдлаа. Энэхүү хронологийн үнэ цэнэ нь цаг хугацаа өнгөрөх тусам улам нэмэгдэх ажээ. Судлаачид, энэ хронологийг үйлдсэн аргазүйг ашиглан цааш нь үргэлжлүүлэхэд л маш сайн судалгааны бүтээл болох билээ. (Өөрийн блогтоо бичиж байсан өмнөх бичлэгээсээ энэхүү урт, илүүдсэн удиртгалыг хулгайлав)

Зохиогч энэхүү номынхоо эхэнд “…ардчилсан хүчнийхний шахалтаар тухайн үеийн нам-засгийн үйл хэрэг арга буюу эрчимжсэн харагддаг. Оршил, дүгнэлтийг орхиж, он цагийн түүхэн тэмдэглэлийг өнгөцхөн мөхөж уншигч Танаа хичээнгүйлэн толилуулъя” гэсэн товчхон оршил хийснийг эс тооцвол өөрийн үгээр ямар ч үйл явдлыг дүгнэж бичээгүй байдаг. Зохиогчийн субъектив дүгнэлт нөлөөлөл бараг ороогүй нь энэхүү бүтээлийн үнэ цэнийг улам нэмэгдүүлж байгаа бөгөөд энэ нь ч энэхүү он дарааллын хэлхээсийг хоёрдогч эх сурвалж гэхээсээ бараг анхдагч эх сурвалжаас авч буйтай адил түвшинд аваачиж байгаа юм. Тиймээс энэ бүтээл нь судлаачдын авч ашиглавал зохих үнэ цэнэтэй эх сурвалж яах аргагүй мөн. Гэхдээ, хэдийгээр судлаачийн өөрийнх нь байр суурь нөлөөлөөгүй байж болох ч анхны эх сурвалжуудад бас ч цаг үеийн нөлөөлөл тусгал байсан юм уу даа гэж анзаарагддаг.

* * *

  • 1990.3.09. Энэ өдрийн орой МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнх ард түмэндээ хандаж радио, телевизээр үг хэлж дээрх «зөвшилцөл»-ийн хэрэгжилтийн баталгааны талаар дэлгэрэнгүй мэдээлэв.
  • 1990.3.09. Мөн өдрийн 2200 цагт  Сүхбаатарын талбай дахь улс төрийн өлсгөлөн зогсов.
  • 1990.3.09. Монголын Ногоон Нам байгуулагдав.
  • 1990.3.11. Монголын Yндэсний Дэвшлийн Нам байгуулагдав.
  • 1990.3.11. Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Нам байгуулагдав.
  • 1990.3.12. МАХН-ын Төв Хорооны VIII Бүгд хурал хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв. Yүнд:

–     Цаг үеийн улс төрийн байдал, түүнээс хийх дүгнэлт»-ийн тухай МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ж.Батмөнхийн илтгэл,

–     МАХН-ын онц их хурлыг хуралдуулах саналын тухай,

–     МАХН-ын тухай БНМАУ-ын Yндсэн хуульд байгаа заалтыг өөрчлөх саналын тухай,

–     Зохион байгуулалтын асуудал:

a)          МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны гишүүд, орлогч гишүүд, нарийн бичгийн дарга нар бүрэлдэхүүнээрээ огцрох саналын тухай,

b)         МАХН-ын Төв Хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай,

c)          МАХН-ын Төв Хорооны удирдах бүрэлдэхүүнийг сонгох тухай,

–     БНМАУ-ын АИХ-ын ээлжит чуулганд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Сайд нарын Зөвлөлийн даргын талаар оруулах саналын тухай,

–     Бусад,

Бүгд хурал хэлэлцсэн асуудлуудаар тогтоол гаргав. Ж.Батмөнх БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргын, Д.Содном БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргын үүрэгт ажлаас тус тус чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг Бүгд хурал анхааралдаа авсан байна.

  • 1990.3.14. МАХН-ын Төв Хорооны (дээрх) VIII Бүгд хурлын тогтоолуудад: МАХН-ын Төв Хорооны гишүүд, орлогч гишүүд, нарийн бичгийн дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрохоор Бүгд хуралд оруулсан саналыг ёсоор болгосон.

БНМАУ-ын Yндсэн хуулийн «БНМАУ-ын төр, нийгмийг удирдан чиглүүлэгч хүч бол бүхнийг ялагч марксист онолыг удирдлага болгосон МАХН мөн» гэсэн оршил хэсэг болон «Улсын ба хөдөлмөрийн олон түмний бусад бүх байгууллагын манлайлагч бөгөөд жолоодогч МАХН-д ажилчин, хоршоолсон хөдөлмөрчид, хөдөлмөрч сэхээтний эгнээнээс шалгарсан хамгийн идэвхтэй, ухамсартай иргэд эвлэлдэн нэгдэнэ» гэсэн 82 дугаар зүйлээс тус тус татгалзах саналыг БНМАУын Ардын Их Хуралд уламжлах нь зүйтэй гэж үзсэн,

МАХН, монголын ард түмний өмнө хүлээсэн өндөр хариуцлагатай үүргээ хөсөрдүүлсэн Ю.Цэдэнбалыг МАХН-аас хөөсөн зэрэг болон бусад олон заалтууд орсон байв.

  • 1990.3.18. Монголын нийгэмд бий болсон улс төрийн ээдрээтэй байдал, түүхэн эгзэгтэй энэ нөхцөлд монголчуудын үндэсний эв нэгдлийн ач холбогдлыг онцлон тэмдэглэсэн агуулгаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Очирбат монголын ард түмэнд хандаж радио, телевизээр үг хэлэв.
  • 1990.3.20. МАХН-ын Төв Хорооны ээлжит IX Бүгд хурал хуралдав.
  • 1990.3.21. БНМАУ-ын Ардын Их Хурлын 11 дэх удаагийн сонгуулийн VIII чуулган ажлаа эхэлж, Yндсэн хууль (1960 оны)-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль болон БНМАУ-ын Ардын Их Хурлын төлөөлөгчдийн сонгуулийн хуулийн төсөл, бусад асуудлыг хэлэлцэж эхлэв.
  • 1990.3.21. Пунсалмаагийн Очирбатыг БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар, Шаравын Гунгаадоржийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн даргаар, мөн түүнчлэн БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн даргаар Човдоронгийн Дашдэмбэрэлийг, БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгч гишүүнээр Бяраагийн Чимидийг сонгож баталсан тухай БНМАУ-ын АИХ-ын тогтоол тус тус гарчээ.
  • 1990.3.23. БНМАУ-ын Ардын Их Хурлаас «БНМАУ-ын төрийн дээд байгууллагын бүтцийн тухай» тогтоол гаргав. БНМАУ-ын Yндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав.
  • 1990.3.23. БНМАУ-ын Ардын Их Хурлаас монголын ард түмэнд хандаж уриалга гаргав.
  • 1990.3.23. Мөн чуулганаас БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн нэгдүгээр орлогч дарга бөгөөд Төлөвлөгөө-эдийн засгийн улсын хорооны даргаар Д.Бямбасүрэнг, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч даргаар К.Зардыхан, Б.Шаравсамбуу нарыг тус тус томиллоо.
  • 1990.3.29. Монголын Чөлөөт Хөдөлмөрийн Намын анхдугаар Их хурал хуралдав. Тус намын даргаар Х.Маам сонгогджээ.
  • 1990.3.30. Дорнод аймгийн төв Чойбалсан хот дахь орос цэргийн (суларсан) хотхонуудыг монголын талд хүлээн авч ашиглах асуудлыг зохицуулсан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн шийдвэр гарчээ.
  • 1990.3.30. Дэлхийн улс орнуудтай эдийн засаг, шинжлэх ухаан, техник, соёлын бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэн гүнзгийрүүлж, эдийн засгийн нээлттэй бодлогыг хэрэгжүүлэхэд гадаад хэлний бэлтгэлтэй боловсон хүчин шаардагдаж байгааг иш үндэс болгож, БНМАУ-ын Засгийн газрын тогтоолоор Орос хэлний багшийн дээд сургуулийг Гадаад хэлний дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулав.
  • 1990.3.31. Монголын Социал-Демократ Намын анхдугаар Их хурал хуралдав. МСДН-ын даргаар Бат-Эрдэнийн Батбаяр (Баабар) сонгогдов.
  • 1990.3.31. МАХН-аас улс төрийн талаар хэлмэгдсэн Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нартай Шинэ дэвшилт  холбооныхон уулзалт ярилцлага хийжээ.
  • 1990.4.01. «БНМАУ-ын төрийн дээд байгууллагын бүтцийн тухай» Ардын Их Хурлын [дээр дурдсан] тогтоолыг тус улсын төрийн эрх барих төлөөлөгчдийн дээд байгууллага нь Ардын Их Хурал, хууль тогтоох, захирамжлан зохион байгуулах, хянан шалгах үүрэг бүхий байнгын байгууллага [парламент] нь Улсын Бага Хурал байх, Улсын Ерөнхийлөгчийн албан тушаал бий болгох, үүнтэй уялдан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагаанд гарах өөрчлөлтийн эрх зүйн ерөнхий үндэслэлийг тогтоох үүднээс БНМАУ-ын Yндсэн хууль [1960 оны]-ийн III ба IV бүлгийг бүхэлд нь хүчингүй болгож, «БНМАУ-ын Yндсэн хуулийн нэмэлт» гэсэн хуулийн төсөл боловсруулсныг ард нийтээр хэлэлцүүлэхээр болсон тухай БНМАУ-ын Ардын Их Хурлын тогтоол гарав.

Энэхүү төслийн үндсэн дээр баталсан БНМАУ-ын хуулийг, БНМАУ-ын Yндсэн хуулийг бүхэлд нь шинэчлэн найруулж, ард нийтээр хэлэлцэн БНМАУын Ардын Их Хурлаар батлах хүртэл дагаж мөрдөхөөр товлосон байна.

Мөн түүнчлэн, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын дагуу Улс төрийн намуудын тухай хуулийн төслийг олон түмнээр хэлэлцүүлэхээр нийтэлжээ. . .

Үргэлжлэл бий

One Response to “ХОРИН ЖИЛИЙН ЦУВРАЛ -2”

  1. huder said

    Удахгүй та үнэн гэдэг түүхийн ном гаргахнээ. Амжилт

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: