Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ҮҮСГЭЛ САНААЧЛАГЫН БАЙГУУЛЛАГУУД

Posted by bolod on March 5, 2010

Бодлогын судлаач Нямхүүгийн бичсэн өгүүллийг та бүхэнд толилуулж байна. Зохиогч өөрөө надаас, энэхүү нийтлэлээ өөрийнхөө блогтоо нийтэлнэ үү хэмээн хүссэн болохоор би дуртайяа та бүхэнд дамжуулан хүргэж байна. 

Үүсгэл санаачлагын байгууллагууд гэдэгт ямар байгууллагууд ордог вэ. Хуулийн тодорхойлолтыг нь мэдэхгүй юм. Гэхдээ бодоход иргэдийн өөрсдийн санаачлагаар үүсгэн байгуулагдсан байгууллагууд л байх байлгүй. Мэдээж, хуулийн хүрээнд ямар ямар байгууллага байгуулахыг нь зааж өгдөг байх. Тэгж байж улс бүртгэж гэрчилгээ юм хум олгодог, эрхийн харилцаа үүсдэг байх.

Тухайлбал, СӨХ гэдэг жинхэнэ утгаараа иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага байна. Бүртгүүлэх хийгээд бусад эрх нь СӨХ-ний тухай хуулиар тодорхойлогддог байх. За тэгээд ТББ гэх. ТББ-ын тухай хуулиар зохицуулагддаг байлгүй. Нам гээд байх. Намын тухай хуулиар зохицуулна. Лам гээд байх, лам юу байхав, шашин сүм хийд л дээ.  Мэдээж бас компани. Гэхдээ компани бол тусдаа ашгийн төлөө нэг болон хэсэг бүлэг цөөн хүний байгууллага болохоор энд ярихгүй. Ер нь олон хүнийг нийлүүлсэн олон хүний нэрийн өмнөөс цөөн хүн ажилуулдаг, үйл ажиллагаа явуулдаг байгууллагын тухайд л ярьж байна.

Манайд ерөнхийд нь байгууллагын бүртгэл гэж яриад байдаг. Бодвол одоо нөгөө супер бүртгэлийн ерөнхий газар дээр шилжсэн байх учиртай. Бүртгэлийн ерөнхий газар гэдэг санаа нилээн дээр Баяр ерөнхий сайдын таван төгөлдөршлөөс эхтэй байгууллага юм. Эрхийн бүртгэл гэж яриад байгаа төрөөс бүртгэж, гэрчилгээ баталгааг нь өгсөнөөр эрх зүйн харилцаанд орж, эрх үүсэж, хариуцлага үүрдэг субьектуудыг хуулиар тодорхойлдог. Үүнд, мэдээж иргэний эрхийн бүртгэл, эд хөрөнгийн эрхийн бүртгэл, байгууллагын бүртгэл орох ёстой гэдэг хуучин тус тусдаа байгууллагууд бүртгэдэг байсан эдгээр эрхийн бүртгэлийн асуудлыг нэг толгой дор зангидъя гэсэн санаагаар энэ байгууллага байгуулагдсан түүхтэй, одоо ч бүр Сото гуай ирээд хүчээ авч байгаа байлгүй.

Гэхдээ энд би бүртгэлийн байгууллага, бүртгэлийн тухай ярих гээгүй, харин иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага гэх СӨХ, НАМ, ТББ-үүд за тэгээд Хадгаламж зээлийн хоршоо (ХЗХ) гэх мэт тодорхой эрх ашгийн үүднээс ашгийн болон ашгийн бус зорилгоор нэгдсэн нилээн олон иргэд эвсэн хамтарч бий болгодог байгууллагууд Монголд нэг л болохгүй байгаа тухай санааг л хөндмөөр санагдаад байна.

Болохгүй байгаа тухайд ихэнх хүн бараг төлөв санал нэгдэх байх, гэхдээ яагаад гэдэг дээр л асуудал байх шиг. Бусад газар болдог л байлгүй, тэгээд монголд ч гэсэн болох ёстой гэсэн санаагаар хууль ном нь гарч эдгээр байгууллагуудыг байгуулдаг байж таараа.

Хамгийн түгээмэл жишээ нь НАМ байна. Гэхдээ намын тухай асуудал хангалттай хэлэлцүүлэгт ордог, хүн болгон л болсон болоогүй өөр өөрийн үнэлэлт дүгнэлттэй байгаа тул дэлгэрүүлж яриад юүхэв. ТББ-ууд байна. Яахав хөөрхийс яаж ийгээд ажлаад байдаг тэгээд ч ашгийн бус тул эрхэлж буй сайн дурын уран сайханч захирлуудын л асуудал биз гээд түр орхичихож болох юм.

Гэтэл асуудал СӨХ болон ХЗХ болоод ирэхээр арай өөр нэгэнт бүгд ямар нэг хэмжээгээр оролцдог, оролцож байсны хувьд нөхцөл байдлын тухай нэг түвшний ойлголттой, төдийгүй бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг тул үнэлэлт дүгнэлт өгөх, ойлголцоход ойр байдаг тул энэ талаар дэлгэрүүлж яръя гэж бодож байна.

Хамгийн гол нь дурдсан хоёр байгууллагуудын тухайд үүсдэг асуудал болон түүний учир шалтгаан нь НАМ, ТББ, СӨХ, ХЗХ гэх мэт үүсгэл санаачлагын байгууллагуудын хувьд ижил буюу ядаж л ойролцоо байх магадлал өндөр байна. Учир нь бүгд л иргэд бидний үүсгэл санаачлагын байгууллагууд билээ.

            СӨХ-ний тухайд нэг л болохгүй байгааг иргэд оршин суугчид бүгд л мэддэг, гэхдээ бас л болдоггүй биздээ гэсэн ууч сэтгэлээр хандаад л өнгөрдөг, заримдаа жаахан бухимддаг ч, яахав хөөрхий байрны орц ядаж гэрэлтэй байдаг болсон шүү гэсхийгээд өнгөрөөд байдагтай бүгд л санал нийлэх биз. Миний мэдэхийн манийг багад үгүй саяхан ерээд онд л орц харанхуй бүдчээд л байдаг байсан санагдахийн би буруу санаагүй бол шүү дээ. Харин сүүлд Дорнод аймагт 2000 оны намар очоод хэдэн 5 давхаруудаар ганц нэг айлаар орох гэж гэсэж явахдаа УБ минь СӨХ-тэй болсоны хүчинд үгүй ядаж орцондоо гэрэлтэй болсон юм байна шүү гэж бодож байсансан.  Ямар ч байсан тэр олон байр хариуцдагаас тэр үү ОССК гэдэг байгууллага л лав орцны гэрлийг зохицуулаад байж дийлдэггүй л байсан санагдаж байна.

            Хэдийгээр зарим нэг дэвшил байгаа ч СӨХ өнөөдөр СӨХ-өө байгуулсан хэдхэн хүний хувийн компани шиг ажилдаг, эрх биш хуулиндаа заасан тул жилд нэг хурал хийх гэж додомддог, удирдах болон хяналтын зөвлөл сонгодог, гүйцэтгэх захиралтай, санхүүтэй, ня-бо-той гэх боловч хэдхэн хүн л тэр бүхнийг авч явдаг нийт оршин суугчид хуралд нь ч очдоггүй СӨХ-ний дотоод нарийн учир, мөнгө санхүүгийн талаар ямар ч ойлголтгүй байдаг нь хэн бүхэнд тодорхой биз.

            Анх бодвол хууль хийж байхад логик нь иргэд хуралдаад төлөөлөө сонгодог, сонгогдсон хэд нь хэрэгжүүлдэг, буцаад тайлагнадаг байна гэх мэт сонгодог хэлбэрээр л хийгээ биз. Үүнд ч буруу юу байхав. Нэгэнт нийтээр дэлхийн бусад оронд ч хэрэглээд ажлаад байдаг систем тул логикт нь ямар нэг алдаа байхгүй байх. Харин ажилдаг механизм нь болохгүй байх шиг байна.

            Яагаад бусад газар болдог механизм манайд болохгүй байна вэ? Механизм гэдэг үгийг англи үгийн Макмиллан толиос харвал ерөнхийдөө нэг тодорхой үүрэг функц гүйцэтгэх зорилгоор хамтдаа зохицож ажилдаг эд ангиудын нийлбэр тогтолцоо гэсэн утгатай үг байх юм. Хоёр дахь утга нь байгууллага буюу нэг цул тогтолцооны тухайд тодорхой үүрэг гүйцэтгэх зорилгоор тогтоосон арга зам, процесс  гэж тодорхойлсон ч байна. Манай тохиолдолд СӨХ-ийн үүргээ гүйцэтгэх арга зам, процесс нь болохгүй байгаа гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой тул СӨХ-ний ажилдаг механизм болохгүй байна гэдэг дүгнэлттэй бараг төлөв бүгд санал нийлэх биз.

            Хэдийгээр СӨХ-ний тухай хуулиар СӨХ-ний тогтолцоо, зарим нэг процесс-ийг хуульчилсан хэдий ч хуулиар тогтоосон механизм монголын бодит хөрсөн дээр ажиллахгүй байх шиг байна. Магадгүй гадаадад ажилдаг арга зам, процессыг авчирч хуульчилсан байх, гэхдээ л монголд тэр нь ажиллахгүй байна. Учир нь тэр процессыг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь монгол хүн учраас тэр болов уу гэсэн таамаглал байна.

            Яагаад СӨХ-ийн Дарга, Удирдах зөвлөл, хяналтын зөвлөл бас бус эд аниуд болох монгол хүмүүс нийт оршин суугчдынхаа эрх ашигтай нийцүүлэн ажиллаж чадахгүй байна вэ? Бусад газар сонгогдсон хүмүүс нь нийт оршин суугчдынхаа нийтлэг эрх ашгийн төлөө ажлаад байж болдог болтой юм билээ.

Саяхан Чех улсад ажиллаж амьдардаг танил маань тэнд байр сав худалдаж аваад сайхан амьдарч байгаагаа хуучлаад манайд зочлохоор бүр онгоцны тийз юмаа худалдаж авчихаад байтал СӨХ-н хуралдаад айл бүрээс 3 мянган доллартай тэнцэхүйц мөнгө гаргуулж байраа засуулах болсон тул ирж чадахаа байлаа, дараа болъё гэсэн байх юм. Сонирхол татсан хэсэг нь СӨХ-ний хуралд оршин суугч айл бүрээс заавал хүн байлцуулж байж томоохон асуудлыг олонхиороо шийддэг журамтай юм байх. Олонхийн шийдвэрээ дагаагүй нэгийгээ байрнаас хөөх тухай хүртэл авч хэлэлцдэг юм гэнэ. Хүн хувийн байрандаа зүгээр ч нэг амьдарч болохгүй нээ гэх ухааны юм толгойд орж байгаа юм чинь. За тэгэхдээ хөөх нь ч юу юм асуудал тэр хүртэлээ хурцдалгүй тэгээд ойлголцолд хүрээд болоод байдаг болтой. Асуудал нь тэр байр нь хашаан дотроо байдаг хувийн хаус биш дундын өмчлөлтэй, бие биеээсээ ямар нэг байдлаар хараат холбоо сүлбээтэй манайтай адил цэнхэр 9 давхрынхан учраас СӨХ-тэй байдаг, тэндээ дундын өмчлөлтэй хэсгээ хамтаараа шийддэг гэсэн логик, механизм нь төгс төгөлдөр ажилдаг газар байгаад байна.

            Энэ мэтчилэн олон улсын жишээ гээд ярьвал олон хүн янз бүрийн л юм ярина. Хууль номыг үзэхээр зарчимын нэг их ялгаа байдаггүй, манайхний яриад байдаг хуулийн концепц буюу үзэл санааны тухайд ихэнхдээ л нэг их ялгаа байдаггүй ч хэрэгжээд ирэхээр л механизм нь монголын хөрсөнд таарахгүй байна, болохгүй байна өөр механизм заримдаа бүр шаал өөр механизм хэрэгтэй юм шиг яриад байдаг үнэн хэрэгтээ ихэнхдээ тэрхүү механизмыг хэрэгжүүлж байгаа хүмүүс нь өөрөө механизм, арга зам, процессоо гажуудуулаад байдаг юм биш үү. Энэ бүхнээс үзэхэд СӨХ-ний ажилдаг арга зам, процессыг гажуудуулдаг хүмүүс тэнд ажиллаж байгаа хүмүүс нь өөрсдөө. Учир нь тэд хуулинд заасан механизмыг биелүүлэхэд өөрсдөөс нь хамаарах субьектив хүчин зүйлүүд зөндөө байдаг, эргээд тайлагнахад хуулийн хүрээнд асуудалгүй тайлагнаж болдог, нэгэнт хуулийн хүрээнд тайлан юмаа хийчихсэн байхад хяналт тавих асуудал лөөлөө төдийгүй, хариуцлага тооцох асуудал байхгүй. Яагаад ийм байдалд хүрэв, яагаад гэвэл оршин суугч иргэд бид хуралдаа суудаггүй, нийтээрээ асуудлаа шийддэггүй, мөнгөө төлсөн бол үлдсэн нь тэр хэдэн хүний асуудал гэсэн байр суурь үзэл бодолтой учраас, товчдоо монголын маань орон сууц эзэмшигчид, оршин суугчид хамтын хариуцлагын талаар маш сулхан ойлголттой учраас монголд СӨХ-ний механизм сайн ажиллаж чадахгүй байна гэсэн таамаг дэвшүүлж байна.

            Иргэд, оршин суугчид хариуцлаггүй учраас болохгүй байна гэдэг нь дээр дурдсан Чехийн СӨХ-ний жишээн дээрээс ч харагдаж байна. Би хувьдаа үүнийг бараг төлөв олонхи нь нэг их баталгаа нотолгоо шаардалгүй зөвшөөрөх байх гэж найдаж байна. Логик ч тэрлүү чиглүүлээд байна. Нэгэнт иргэд асуудалдаа бодитой хандаж гүнзгий оролцдоггүй, олонхиороо гаргасан шийдвэрээ дагадаггүй учраас тэрэнд тааруулаад СӨХ-ний хэдэн сонгуультан болон ажилтнууд яг одоо байгаа шигээ ажлаад байдаг юм биш үү.

            Нэгэнт бусад оронд ажлаад байдаг механизм монголд болохгүй байгаа юм бол одоо яах вэ? Мэдээж монголын маань онцлогт тааруулаад хуулиа сайжруулаад арга зам, процессоо төгөлдөржүүлээд явахаас өөр арга байхгүй л болов уу. Харин үүнээс цааш зөвхөн монголчууд л хийхгүй бол гадаадууд хийж чадахгүй шүү дээ. Учир нь тэдэнд энэнээс цаашхи туршлага байхгүй, магадгүй өнгөрсөн цаг хугацаанд тэд бидэнтэй адил проблемтэй тулгарч байсан байх, тэгээд даваад гарсан байх, өнөөгийн хүмүүс нь ийм мэтийн амьдралын жижиг проблемуудыг мартчихсан байх. Гэтэл Сото ахийн хэлдэг шиг тэдний тэр дээр үеийн туршлагууд нь яг одоо бидэнд хэрэгтэй болоод байх шиг. Гэхдээ тэр туршлагаа хөөрхий барууныхан мартчихсан учраас санаж бидэнд хэлж чаддаггүй. Тэгээд ч хүн хүний нийгэмд иймэрхүй аахар шаахар проблемээ өөрсдөө өөрийн цаг хугацаандаа шийдээд ирсэн тул ийм юм асуугаад суух нь ичгэвтэр хэрэг. Одоо л нөгөө монгол ухаанаараа ажиллах хэрэгтэй байх. Монгол ч юу байхав, монголын асуудалд монгол хүн өөриймсөг хандах ухааныг л монгол ухаан гэж хэлээд байгаа байх гэж ойлгоод байгаа шүү. Бусад улсад чех-д хүмүүс нь ийм мэтийн асуудалд өөрсдийн чех ухаан, хятадууд хятад ухаанаараа хандаад шийдээд л ирсэн нь тодорхой.

             Барууныхан өдгөө хүртэл бидэнд асар их тусалж ирсэн, Дашзэвэг эдийн засагч нэгэнтээ Дэлхийн банкын монголыг хариуцсан эдийн засагчаас Монгол улс социализмын үед 10 гаран тэрбумын зээл тусламж авсан, үртэй үргүй янз бүрээр зарцуулсан, гэхдээ цонхоор харвал бас ч гэж юм харагдаж байна, 90 оноос хойш бараг тэрбум гаруйг /магадгүй одоо хоёр тэрбум болсон биз/ аваад идчихсэн, одоо цонхоор харагдах юм байна уу гэж асуухад, танай тогтолцоог өөрчлөхөд шинэчлэхэд энэ мөнгө зарцуулагдсан гэсэн утгатай хариулт өгч байсан. Би хувьдаа үнэн гэж боддог. Манай тогтолцоог өөрчлөх, хууль хийж өгөх, үзэл санааг нь орчин үеийн иргэншсэн ертөнцийхтэй нийцүүлэх, тогтолцоо, механизмыг нь шинэчлэхэд энэ мөнгө зарцуулагдсан, янз бүрийн төсөл хөтөлбөр, сургалт, семинар, гадаад экспертийн зардал гэх мэт. Үзэгдэх юм бага ч энэ өөрчлөлт цаашдын хөгжлийн суурийг тавихад бодитой хувь нэмэр оруулна байх.

            Тиймээс монголчууд монгол ухаанаа, эсвэл нөгөө сэрэх ухаанаа юу ч гэдэг бай өөрсдийн ухаанаа ажиллуулж байж урагшилахаас өөр арга зам алга даа. СӨХ-ний хуулийг шинэчлэх гээд шал өөр механизм олох гээд гадаадаас өндөр үнэтэй эксперт авчирах гэж байсанд бодит байдлаа судалж үзээд хуулинд заасан процедур, процессыг жаахан нарийвчлаад бага багаар яваад баймаар байх юм. Энэнээс өөр зам байхгүй.

Иргэд, оршин суугчдаа иргэншиж, ухамсаржихыг хүлээж суухаар хуулиараа шахаад иргэншүүлж, ухамсаржуулах нь илүү дөт гэж би бодож байна. Хэрэв иргэдийн иргэншил, ухамсар нь хоцроод байгаа юм бол нийгмийн элит хэсэг энэ үүргийг аваад явахаас өөр гарц харагдахгүй л байх шиг.

            Энэ өгүүллэгээр хэлэх гээд байгаа гол санаа маань СӨХ мэтийн үүсгэл санаачлагын байгууллагууд ном ёсоороо ажиллахад дутагдаад байдаг иргэдийн оролцоог иргэд оролцдог болтол нь хүлээж суухын оронд хуулиндаа заавал оролцдог байхаар хуульчилж суулгаад заавал иргэдийн оролцоотой ажилдаг болговол дээр юм биш үү гэж хэлэх гэсийн. Энэ чинь уг логик нь иргэд оролцож бултаараа асуудлаа шийдэх шүү дээ. Хэрэв тэгэж чадахгүй, иргэд нь идэвх санаачлагагүйн улмаас ажиллахгүй байгаа бол ер нь ийм байгууллагууд байх хэрэг байна уу. Иргэдийн оролцоог хангахгүй, тэрний төлөө ажиллахгүй үүсгэл санаачлагын байгууллагыг зүгээр л хаагаад байвал ямар вэ?

            СӨХ-ний хуралд бүх оршин суугч гэр бүлийн төлөөллийг заавал оролцуулж байж утгатай болно. НАМ-ын үүрийн хуралд анхан шатны нэгж нь цус ойртсон хэдэн идэвхтэн биш харин нийт намын гишүүдийг заавал оролцуулж байж хуралддаг байж энэ утгатай болно. ТББ-ын захирал нь биш харин УЗ гишүүд заавал хуралдаж байж энэ утгатай байна. ХЗХ-ний бүх гишүүд заавал хуралдаж байж асуудлаа шийдвэл энэ утгатай байна. Энэ бол монголын онцлог. Бид үүнийг хуулиндаа заавал суулгаж өгвөл үүсгэл санаачлагын байгууллагууд ном ёсоороо ажиллах юм биш үү. Тэгэхгүй иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага өөрсдийнх нь дотоод асуудал, санаачилсаныхаа дараа хуралдаа суух эсэх нь тэдний өөрийнх нь ухамсарын асуудал, байнга л дотоод асуудал гээд байвал өнөөгийн бидний байгуулчихаад байгаа СӨХ, НАМ, ТББ, ХЗХ л байна шүү дээ.

Гэхдээ энэ нь иргэдийн үүсгэл санаачлагын байгууллагуудын дотоод асуудалд нь төр оролцох тухай биш, харин иргэдийн үүсгэл санаачлагын байгууллага уу, эсвэл энэ нэр доор хэсэг бүлэг этгээдүүдийн хувийн сонирхолоо хэрэгжүүлдэг газар байна уу гэдэгт хяналт тавьдаг болъё л гэсэн санаа. Гэхдээ зөвхөн тухайн байгууллагыг байгуулсан иргэдийн оролцоог хянах замаар. Оролцоонд доод босго тавих замаар шүү.

Ц.Нямхүү,

2010 оны 3 дугаар сар 4

One Response to “ҮҮСГЭЛ САНААЧЛАГЫН БАЙГУУЛЛАГУУД”

  1. huder said

    Нүсэр бичлэг байна шүү…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: