Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ПАРТИЗАНУУД ХИЙГЭЭД ТЕХНОКРАТУУД

Posted by bolod on March 20, 2010

Энэхүү нийтлэлийг блог дээрээ тавьж өгөөч гэж зохиогч нь өөрөө хүссэний дагуу та бүхэнд хүргэж байна.

 

Улс төрийн амьдрал оргилж, буцалдаг хавар цаг айсуй. Хувьсгал хийхээр хорхойсогчдийн хүсэн хүлээдэг цаг. Хавар хэдийгээр амьтай бүхэн сэргэж, өсөж төлждөг сайхан цаг ч малчин монголчуудын хувьд магадгүй амьдралын мөн чанарын тухай өөрийнхөө амьдралын тухай эргэж нэг боддог үе нь байх. Хавар цаг дулаардаг, цагаан сараар хамаг байдгаа гөвсөн олонхийн хувьд амьдрал тарчиг болдог нь дайран дээр давс нэмдэг ч гэж зарим нь ярьдаг.

Ямартай ч хаврын синдром гэж хувь хүний түвшинд ч тэр улс гэрийн түвшинд ч тэр байдаг үзэгдэл гэдэг нь хэн бүхэнд илэрхий зүйл. Сүүлийн 20 жил бараг жил алгасалгүй тохиож буй тул хүн бүхэн мэдэж буй биз. Манайхаас өөр газарт заавал хавар гээд байдаггүйг бодоход энэ бас тийм ч түгээмэл үзэгдэл биш байх. Зөвхөн монголын минь онцлог ч байж магадгүй юм.

Хорьдугаар зуун дэлхийн дахинаа төрөл бүрийн хувьсгалын зуун байсан гэдгээрээ алдартай болов уу. Колончлолын задрал, үндэстнүүдийн тусгаар тогтнол, дэлхийн дайнууд, алдарт пролетарийн гэх хувьсгал, коммунист систем гэх мэт. Бас болоогүй хүний амьдралын хэв маягийг өөрчилсөн өөр олон л хувьсгал тохиосон гэж яриад байдгаас үзвэл аргагүй л хувьсгалын зуун байсан биз. Ямартаа ч эдгээр олон хувьсгалыг гардан гүйцэтгэгч партизануудгүйгээр төсөөлөхийн аргагүй болов уу. Дэлхийн 2-р дайны дараа дэлхийн коммунист систем бүрэлдэн тогтож, маш олон хөгжиж буй орнууд колончлолоос ангижирч, шинэ тулгар улсууд бүрэлдэн тогтож байсан 40,50,60-иад онуудад партизанууд л дэлхий ертөнцийг удирдаж байлаа. Коммунист системийн тэргүүлэгч гүрэн ЗХУ, Коммунист хятад, шинэхэн эрх чөлөөгөө олсон Энэтхэг, зүүн европын шинэ тулгар коммунист орнууд, колончлолоос мултарсан ази, африк, латин америкийн олон оронд партизан удирдагчид ид тодорч байсан үе билээ. Ёстой л хувьсгал, партизан, тусгаар тогтнол, коммунизм гэдэг чинь түгээмэл зүй тогтол гэхэд хэн ч үгүй гэхгүй цаг үе байсан шиг. Амьдрал хамгийн сайн америкад хүртэл 60-аад оны хиппи нарын дунд коммунизм, хувьсгал гэдэг хамгийн түгээмэл, моодны үг байсан гээд бодохоор партизануудын  нэр хүнд гэж айхтар байсан байж таараад байгаа юм. Хийдгээ хийчээд үр дүнг нь хүртээд зөөлөн сэнтийд сууцгааж, зааж зураад л байж байдаг байсан байхдаа. Гэхдээ хөөрхийсийг арай ч бас тэгэж хэлж болохгүй л дээ. Тэдний дунд маш олон мундаг, гайхамшигтай удирдагчид байсан гэдэгтэй маргахгүй.  

Гэвч эргэх дэлхий цаг хугацааны эрхээр жамаа дагаад партизан удирдагчид ээлж халаагаа партизан биш ажил, хөдөлмөрийн фронтоос гараагаа эхэлсэн дараа дараагийн үеийн удирдагчид шилжүүлж өгсөн байж таараа. Чухамдаа эдгээр хувьсгал, дайн, байлдаан, амь өрссөн тэмцэлтэй холбоогүй төрж гарсан улс төрийн удирдагчийн үеийг л технократын гэж хэлдэг практик дэлхий дахинаа байдаг юм шиг билээ.  Энэ процесс янз бүрийн улсад урт богино янз бүрийн хугацаанд л өрнөө байлгүй.

Монголын хувьд партизаны үе Х.Чойбалсангаар төгсөж, технократын үе Ю.Цэдэнбалаар эхлээ биз. Партизан, технократ гэдэг ангиллаар авч үзвэл монгол маань зүүн европын орнуудыг хувьсгалаа хийж, партизанууд засгийн эрхийг авч байхад эсрэгээр технократ эриндээ шилжиж байв шүү. Коммунист хятадад партизанууд ид эрх бариж байхад монголд технократын үедээ орчихсон, өөрөөр хэлбэл, хувьсгалт өөрчлөлтийн үеээ өнгөрөөж тайван бүтээн байгуулалтын үедээ орчихсон байсан байх юм. ЗХУ-д мөн ялгалгүй, технократын амгалан эрин тэр л үед эхэлсэн байна. Тиймдээ ч 50, 60-аад оны Монголыг харсан хэнд ч дэлхийн олон хөгжиж буй орнуудтай харьцангуй үнэхээр л энх тайванч, хөдөлмөр, бүтээн байгуулалт ундарсан, хийж бүтээхийн эрч хүчээр дүүрэн, ямар нэг дайн хувьсгалын дараахь яр, шархгүй товчдоо аз жаргалтай орон байсан биз. Тэр үеийн Америкийн үндэсний газар зүйн сэтгүүл дээр Монголын тухай гарсан дүгнэлт ч дээр өгүүлсэнтэй адил байсан талаар бодлогын судлаач Батболд нэгэнтээ өгүүлсэн билээ.

Харин тэр үед хөрш хятад маань алдар соёлын хувьсгалаа дэглэж ёстой л үзэж тарж үсэрч наалдаж байсан байх юм. Зүүн европ амгалан мэт харагдаж байсан ч дайны дараахь шарх нь бүрэн эдгээгүй, шинэ тутам, коммунизмыг хүлээн авах эсэх талаар бас л нэлээн үзэлцэж байсан зэрэг нь 68 оны Чехийн үйл явдлаар харагдана. Ази, африк, латин америкийн орнуудад өрнөсөн олон олон үйл явдлын талаар нэг бүрчлэн нуршиж үнэндээ чадахгүй ч ерөнхийдөө партизан удирдагчдын дэглэсэн олон олон эмгэнэлт жүжиг болж байсныг та бүхэн зах зухаас нь аль хэдийн мэдэх биз бас яваандаа судлаачид гаргаж тавих байлгүй тиймээс энэ талаар нуршилгүй шууд барим тавим дүгнэлтээ хийхэд партизан удирдагчтай, партизаны үедээ байсан орнууд нь оргилж, буцалсан, үзэж тарж үсэрч наалдсан замыг туулсан бол харьцангуй технократ үедээ шилжсэн орнууд нь нам гүм, тайван, бүтээн байгуулалт давамгайлсан шинжтэй замыг туулсан мэт харагддаг. Яг л соёлын хувьсгалын хятад, хийгээд Брежневийн үеийн нойрмог ЗХУ, Цэдэнбалын үеийн бөглүү Монгол шиг.

Гэхдээ үүнийг хэлэхдээ удирдагч нь партизан болохоор улс орон бужигнаад эсвэл улс төрийн удирдагчид нь технократ болохоор унтаа нойрмог болдог гэсэн утгаар хэлээгүйг минь зөвөөр ойлгоорой. Тухайн цаг үе, улс орны нөхцөл байдал, орчин нь заримд нь бүхэлдээ партизанлаг, эсвэл технократлаг байжээ гэж хэлвэл ч илүү оновчтой байж болох юм. Хэрэв тэгвэл улс орон партизанлаг үедээ шинэчлэлт өөрчлөлтийг илүү хийдэг, технократлаг үедээ илүү бүтээн байгуулалт талдаа анхаардаг гэж бас дүгнэж болох юм.

Ямартаа ч энэ бүх бодролын эцэст Монгол маань 90 оныг хүртэл унтаа бөглүү байдалтай, илүү их бүтээн босгох тал дээр анхаарсан хүмүүс нь ч үргэлж л хийх, бүтээх, үйлдвэрлэх тухай л боддог байсан юм шиг (магадгүй өөр гарц байхгүй харагддаг байсан байх, хийх бүтээхээс өөр). Харин 90 оноос эргээд хувьсгал, партизан, шилжилт, тэмцэл, жагсаал, хаврын синдром гэх мэтчилэн партизанлаг үедээ ороо юу даа. Цаг үеээ дагаад хийж бүтээх, үйлдвэрлэх тухай бодохоосоо илүү худалдаа, наймаа, солилцоо, бартер, ре-экспорт гэх мэт юм нь илүү ойр ч болсон юм шиг. Энэ талаар хувьсгал хийсэн одоогийн партизанууд уг нь илүүтэй мэдэх тул дүгнэлт өгвөл зүгээрсэн.

Партизан гэснээс энэ цаг үед амьдарч байгаа хүмүүсийн тухайд хэн нь партизан, хэн нь технократ талаар хэлэхэд их төвөгтэй санагдаад байгаа тул партизан гэж хүнийрхэж хэлсэндээ бас санаа жаахан зовж байгаагаа давхар хэлсү. Магадгүй нэгэнт партизанлаг цаг үед ухаан орсны хувьд олон зүйл дээр бодол, оюундаа, сэтгэлгээндээ бас партизанлаг байж магадгүй л юм нэг талаас. Гэвч нөгөө талаас том профессорын хэлдэгээр тэр үед оюутан байсан олон хүн оюутан байж таарсан болохоос нэг их намчирхаж, хөх хувьсгалч байгаагүй нь үнэн тул илүү технократ сэтгэлгээ арга барилтай нь олон байсан ч байж магадгүй юм. Эсвэл холилдож байдаг эд үү, яг таг хэлэхэд үнэхээр хэцүү юм. Ямартаа ч манийг оюутан байхад төрсөн дараагийн үе маань надаас илүү технократ байх нь дамжиггүй л гэж итгэж, найдаж байна даа.

Энэ бичвэрийг бичих анхны санаа маань уг нь партизан сэтгэлгээ, арга барил, технократ сэтгэлгээ, арга барил гэж яах аргагүй 2 тусдаа зүйл байна гэж итгэж явдагтай минь холбоотой юм. Тэр сэтгэлгээ, арга барилын зөрөө хувь хүний түвшиндээ энэ нам мам гэдэг дээр илрээд байдаг бол том түвшиндээ улс орны хөгжил дэвшилд нөлөөлөхүйц том юм байна гэж санагдаад байгаа тул үүнийг бичиж сууна. Магадгүй, намын үзэл бодлоор ялгаж, ангилах гэж байхаар партизан, технократ-аар нь ялгавал асуудлын учиг ч тайлагдах юм билүү. Хэн мэдлээ. Баабарын нэгэнтээ хэлсэн намайг оруулаад надаас дээшхи үеийнхэн үхэж дуусвал шилжилт дууснаа гэж хэлсэн гээд байдгийн учиг ч энд байж магадгүй ш дээ. Бодох л хэрэгтэй. Алдагдсан үеийнхэн, шилжилтийн үеийнхэн, өөр юу ч гэдэг билээ. Үнэндээ ойлгоход төвөгтэй ойлголтуудыг ойлгоход тус болж болох юм.

Надад нэг улс төрч-эрдэмтэн (монголын ШУА-аар овоглодог нэгэн) хэлж байсан юм. Нилээн хэдэн жилийн өмнө дөө. Монголд энэ тэнд гадаад дотоодод боловсрол эзэмшсэн залуучуудаа дэмжихгүй байна гэх ухааны юм ярьсан чинь урдаас чи өөрөө очоод бүгдийг байлдан дагуулаач чиний насан дээр Сүхбаатар хувьсгал хийж байсан юм гэж хэлж байж билээ. Би тэр үгийг нилээн бодсон бөгөөд сүүлд энэ бол жинхэнэ партизанлаг сэтгэлгээний тод жишээ юм болов уу гэж бодох болсон юм. Сүүлд олон газар олон улс төрчдийн яриан дотор энэ мэт санаа яг л тэр чигээрээ байж байдгийг ажигласан. Манай ерөнхийлөгч лав тэгэж ярьдаг юм билээ. Германд оюутануудтай уулзахдаа тэгэж хэлж байсан. Дээр үед оюутан байхдаа Цахим-өртөө сүлжээнд бас тэгэж бичиж байсан. Тэр үеийн Цахим-өртөөний баатар одоо зөвлөхийг нь хийгээд явж байгааг хараад үнэхээр ер бусын стандарт бус сэтгэлгээтэй хүнийг л хүлээн зөвшөөрдөг юм байна гэдэг нь үнэн юм байна гэж итгэх болсон билээ. Бас нэг партизан нөхөр нь аль 90 онд Японтой холбооны улс байгуулах санал гаргаж байсныг их дурдах дуртай юм билээ. Ийм стандарт бус сэтгэлгээтэй байгаа ч гэдэг үгийг ишлэл болгож намын залуучуудаа сургамжилж байгааг нь хараад партизан хүн гэдэг стандарт бус бас их утопи талдаа байх ёстой юм байна гэж ойлгодог болсон билээ. Ер нь олон зүйл дээрээс партизан удирдагчид хүний боловсрол мэдлэгийг гэхээсээ илүүтэй стандарт бус сэтгэлгээ арга барилыг чухалчилдагыг ажигласан. Тэр сэтгэлгээ нь манай нийгмийг удирдаж байгааг алхам тутамд жишээ гаргаад хэлж болох байхаа.

Харин минийхээр технократ сэтгэлгээ гэдэг нь илүү уламжлалт, логикт тулгуурласан, стандарт, дүрэм журамд баригдсан гэх мэт ямар ч байсан партизанлаг сэтгэлгээнээс эсрэгээрээ юм шиг байгаа юм. Ингээд харвал бас хэдий партизанлаг цаг үед амьдарч байсан ч технократууд, үгүй ядаж тодорхой хувиар сэтгэлгээ, арга барил нь технократ хүмүүс их  байж таараа гэж бодогдох төдийгүй хүн бүр дор дороо партизан уу, технократуу гэдгээ ч тодорхойлчихож болмоор. Манай нийгэм 90-ээд онд нэг тийм юунд ч итгэхэд бэлэн сонин байдаг байсан. Тэр үед харь гарагийнхан л лав монголд маш их айлчилдаг байсан, биенээсээ гал гаргадаг, алт мөнгөн цөгц-пандорагийн хайрцаг хайдаг, гаднаас монгол гаралтай тэрбумтан-эль дорадо олдох гээд ч байх шиг ёстой л нэг утопи, стандарт бус зүйл их л байдаг байсан санагддаг. Ямар сайндаа л Японтой холбооны улс байгуулах санал гаргаж байхав. Хамгийн гайхалтай нь тэр санал нь гайхамшигтай сэтгэлгээний жишээ болоод одоо болтол дурдагдаад манай нийгмийн удирдлагын нэг чухал үзэл суртал болоод явж байгааг бодоход партизанлаг цаг үе төгсөх лав болоогүй болтой. Нөгөө талаар үүнтэй холбоотойгоор хөгжил дэвшил, хийх бүтээх тухай ярих ч эрт байж магадгүй санагдаад байна.

Гэхдээ нэг юм бас сайн ойлгогдохгүй байгаа нь стандард ер бусын хүнийг үнэлдэг партизан удирдагчид маань яагаад цүнхийг нь барьж явдаг дараа үеийнхэнээ сонгоод байдаг бас нэг парадокс байх юм. Магадгүй цүнхийг нь барьж явдаг ч цүнх барьж яваад амжилт олно гэдгээ мэддэг тэр сэтгэлгээ нь өөрөө стандарт бус учраас тэгдэг ч байж магадгүй. Ямартаа ч энэ мэт стандарт бус сэтгэлгээ үргэлжлээд байвал бид партизанлаг үеээсээ мөд гарч чадахгүй л болов уу. Мунхаг миний бодоход партизанлаг үеээ хурдан өнгөрөөж (нөгөө талаар хувьсгал, өөрчлөлтийн үеээ хурдан өнгөрөөгөөд), дараагийн бүтээн байгуулалт буюу технократ үедээ шилжих нь чухал юм шиг. Бүү мэддээ. Хувьсгал хийнэ л гээд байхын …

Б.Оночном,

2010-3-19

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: