Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЁР ЖИЛ

Posted by bolod on March 24, 2010

Би блог хөтөлж эхлээд “аль хэдийн” хоёр жил өнгөрсөн байна. Уг нь жил болгон тайлангаа тавьж, “аудит” хийлгэх хүсэл байхгүй л байна л даа. Хэн нэг хүний шахалт дарамтгүйгээр өөрөө өөрийнхөө хүссэнээр чөлөөтэй байх гэж блог нээсэн сэн. Гэтэл блогийн маань зочид хоёр жилийн ой болж байгааг сануулаад, тайлан нэхээд зүгээр суулгадаггүй. Нодлин жил блог хөтөлж эхэлсэн шалтгаанаа учирлаж, нэг юм сарааччихсан чинь энэ жил бас хоёр жилийнхээ ойн тайланг тавих хүлээлтийг олон хүнд бий болгосон юм шиг байна. Яая гэхэв, үйлийн үр. Нодлин тэгж илүү хөдөлгөөн хийгээгүй бол хэн ч надаас тайлан нэхэхгүй л байсан. Уг нь би хэнд ч тайлан тавих үүрэггүй. Гэхдээ үүнийг бас ч буруу гэж бодохгүй байна. Миний юу хэлэх гээд байгааг хүмүүс ойлгож байгаа гэж найдъя. Би өөрийн бодож байгаагаа гаргаж хэлж чадахгүй байна. Хөдөөгийн малчин залуу шиг нараар баримжаалан амьдарч, өдөр хоногуудыг долоо долоо хоногоор ээлжлэн үдсээр нэг л мэдэхэд дахиад нэг жил өнгөрчихөж. Өнгөрсөн нэг жилд би юу хийж бүтээсэн билээ гэж эргэцүүлж, дүгнэж сурах нь яагаад буруу гэж. Түүнтэй адилхан блогийнхоо талаар ч дүгнэж болох буюу.

Би блог хөтөлж байна. Блог хөтөлнө гэдэг нь нэг талаас тогтмол давтамжтайгаар, тасралтгүй бичихийн нэр юм байна. Гэтэл бидэнд тийм тасралтгүй ритмтэй ажиллах чадвар мөхөстөнө. Германчууд шиг цагийг яс баримталж, безнесмэнүүд шиг бүх ажлаа жилийн өмнөөс хатуу төлөвлөж чадахгүй болохоор салхины аясаар нисэж, бут харагдвал бууж явсаар нэг мэдэхэд өдөр хоногууд өнгөрчихсөн байх юм. Уг нь би дураараа тонгочих гэж, заримдаа хэд хэдэн бичлэг нэмж заримдаа өөрийн тааваар хөл хөсөр гар газар сул явах гэж блог нээсэн юм. Гэтэл энэ нь блог хөтөлж байгаа явдал биш юм байна. Блогтой хүн л  болохоос жинхэнэ блогчин, блог хөтлөгч биш байж.

Блог хөтөлнө гэснээс, ер нь блог хөтөлнө гэдгийг хэд хэдэн шалгуур үзүүлэлтээр хэмжиж болохоор санагдах юм.

Нэгдүгээрт, тогтмол давтамжтай байх. Чадвал долоо хоног тутамд нэг шинэ бичлэг оруулдаг байх юм бол чиний блогийг уншдаг сонирхдог хүмүүст тааламжтай байна. Нэг долоо хоногт хоёр бичлэг тавьчихаад л эсвэл хоёр гурван сараар юу ч бичихгүй, юу ч оруулахгүй байж болно л доо. Тэгж тэгж байгаад л нэг гениальны зүйл биччихээд л алга болчихож болно. Гэхдээ энэ нь блог хөтөлж байгаа хэрэг биш юм байна.

Хоёрдугаарт, бичлэгийн урт богино хэмжээг тааруулах, Хэтэрхий урт нүсэр, үргэлжилсэн зүйлийг унших тийм тэвчээртэй уншигч бараг байхгүй. Интернетээр хэсүүчлэн бидэн явагчдын сонирхлыг чи ямар хугацаанд татаж чадах вэ, тийм л хугацаанд уншиж чадахаар урттай зүйлийг бичих хэрэгтэй юм байна.

Гуравдугаарт, бичлэгийн хүнд хөнгөн стилийг тогтох, Блог бичих хатуу дүрэм журам, бичлэгийн стандарт, бичгийн соёл гэж байхгүй л дээ. Ер нь хэн ч бай хүссэнээрээ бичиж болно. Гэхдээ хэнд зориулж бичиж байгаагаа сонгож бичих хэрэгтэй юм байна. Өндөр түвшний мэргэжилтнүүдэд үү, эсвэл жирийн олон түмэнд үү? Оюутнуудад уу, эсвэл албан хаагчдад уу? Улс төрчдөд үү, яруу найраг сонирхогчдод уу? Өөрөөр хэлбэл та уншигчдын зах зээлээс өөрийн гэсэн сегментээ сонгох ёстой юм болов уу? Тэгэхгүй бол та зорилтот зах зээлгүй, таамгаар буудаж байгаатай адил гэсэн үг. Нэгэнт сегментээ сонгосон бол түүндээ таацуулан бичлэгийн стилээ сонгох хэрэгтэй болов уу?

Дөрөвдүгээрт, төрөлжсөн байх. Яруу найргийн блог юм уу, уран зургийн блог юм уу? Фото зургийнх юм уу, дүрс бичлэгийнх юм уу? Эсвэл улс төрийн юм уу эдийн засгийн юм уу, сургалтын юм уу судалгааны юм уу гэдгээ сонгож аль нэг дээр нь төвлөрөх хэрэгтэй юм шиг. Тэгэхгүй бол нэг судалгааны мэдээлэл оруулаад, нэг зөвлөгөө өгөөд тэгснээ хараал хэрүүл бичээд, арас нь яруу найраг оруулаад, онигоо бичээд байхаар блог уншигчид төвлөрдөггүй бололтой. Өөрөөр хэлбэл таны блог хэзээ ч тогтмол уншигчтай болохгүй гэсэн.

Тавдугаарт. Амьд байх. Коментуудад тогтмол хариу өгч, уншигчидтайгаа байнга харилцаж байх. Санал нийлж, зөрж байгаа, эргэлзэж байгаа дэмжиж байгаа алин боловч тухайн блогийг уншсан гэдгээ мэдэгдэж, таны бичсэнийг цаг гарган уншихаас гадна цаг гарган комент үлдээж байгаа уншигчиддаа хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм байна.

Зургадугаарт. Эмх цэгцтэй байх. Таны блог дахь бичлэгүүдийг хаанаас ч харсан ойлгомжтой, энгийн бүтэцтэй байхаар мэдээллүүдээ ангилж, эмхэлж цэгцэлж зохион байгуулах хэрэгтэй. (Ажиглагч бид хоёр энэ талаар байнга санал солилцож байна) Үнэндээ өөрийнхөө бичсэн бичлэгүүдийг ангилж зохион байгуулна гэдэг нь маш зовлонтой ажил. Тэгээд ч их цаг хугацаа шаардагдана. Ер нь аливаа мэдээллийг сайтар эмхэлж цэгцэлж чадвал тэндээс мэдлэг бүтээж ч болох буюу. Харамсалтай нь ийм чадвар тэр бүр заяахгүй аж.

Долдугаарт. Үр өгөөжтэй хэрэгцээтэй байх. Таны бичсэнийг унших ямар нэг хэрэгцээ байгаа болоод л хүмүүс таны блогт хандаж байгаа. Тэр эрэлтийг биелүүлж чадахгүй бол дахин эргэж орж ирэхгүй. Тиймээс таны бичсэн, оруулсан мэдээллээс хүн, ямар нэгэн зүйлийг олж мэдэж, ямар нэгэн санааг олж авч байх ёстой. Таны бичсэн хэлсэн зүйл хүнд импульс өгөх хэрэгтэй. Тэгэхгүй, байдаг л нэг бичдэг л нэг зүйлийг дахин дахин давтан нуршаад байх юм бол хэний ч анхаарлыг татахгүй, сонирхогдохгүй.

Наймдугаарт. Анхаарал татахуйц байх. Блогийн чинь загвар хийц, өнгө үзэмж, зураг хөрөг, анимэшн нь хүний анхаарлыг татахуй дээд зэргийн байх хэрэгтэй… Юу вэ нэг мэдсэн блог судлаач болчихсон, блог хөтлөх талаар сургаал айлдах шахуу юм болж байдаг байна. Блог хөтлөхөд анхаарах шаардлагатай зарим зүйл мэдээж байгаа боловч тэр бүхнийг анхаараад байж тэр бүр чадахгүй юм. Хэрэв та анзаарсан бол миний блогт дээр дурдсан шалгуурууд дандаа эсрэгээрээ эргэчихсэн байгаа. Яая гэхэв. Тийм болохоор л би өөрийгөө блог хөтөлдөг гэж хэлж чадахгүй байна. Блогтоо хаяа нэг бичлэг нэмчихээд л байж байдаг эгэл нэгэн.

Яагаад блог нээсэн талаараа жилийн өмнө “НЭГ ЖИЛ” хэмээх бичлэгтээ тайлагнасан учир ингэсгээд товчилъё. Блог хөтөлнө гэж юу хэлдэг юм бэ? Зарим туршлагатай блогчид тодорхой нэг сэдвээр, нэг асуудлаар дагнан мэргэшиж, жинхэнэ утгаар “хөтөлдөг” юм байна. Миний хувьд харин ингэж хөтөлж чадахгүй, блогийнхоо зочдыг их гонсойлгодог болтой юм. Өөрөөр хэлбэл би өнөөг хүртэл фокусаа олоогүй л байна. Чиний урт нуршуу бичлэгээс залхаж байна хэмээн олон хүн шүүмжилдэг байсан. Тэгэхээр нь би богинохон бичих гэж оролдлоо. Тэгтэл нөгөө талаас, олигтойхон юм биччихгүй, хоёрын хооронд жоохон юм шол хийлгээд, урамгүй юм гэж байна. Хэт академик бичлэгүүд чинь хэцүү юм гэнэ. Тэгэхээр нь бага зэрэг шарлуулангуут л, та ийм хараалын үг хэллэг хэрэглэхээ болиоч ээ гэнэ. Таны блог их хүнд юм. Дандаа болохгүй бүтэхгүй, улс төр, сэтгэлд дарамттай гэж байна. Тэгэхээр нь арай хөнгөхөн “ХҮҮХДИЙН ЯРИА” гэсэн нэг ангилал нээгээд долоо хоногтоо ядаж нэг бичлэг нэмж байхаар шийдлээ. Араас нь түмэн шүүмжлэл. Ийм балай юм бичих гэж л гэнэ. Энэ чинь чиний блогийг гутааж байна л гэнэ. Шал дэмий юм л гэнэ. Ийм юм бичихээ болихыг тулган шаардаж ч байх шиг. Нөгөө талаас, зарим нэг нь чи харин зэвүүн сэдэв сонгоод авчихаж л гэнэ. Арай хөнгөхөн, гэгээлэг зүйлүүдийг эндээ уншиж байна л гэнэ. Ерөнхийдөө хувь тэнцүүхэн л шүүмжилж, дэмжиж байна.

Үнэндээ бүтэн жилийн турш, тасралтгүйгээр хөтлөх гэдэг чинь бас тодорхой хэмжээний хөдөлмөр зарцуулдаг юм байна. Тиймээс бичлэг нэмэх давтамжийг нэмэгдүүлэхэд Хүүхдийн яриа их тус болсон. Үүнийг маань өөрийн гэсэн блог хөтөлж, хөдөлмөр зарцуулаагүй уншигчид шүүмжлээд болох биш. Гэхдээ надад ч бас барьцах юм бий. Амарсайханы блогийг аваад үз. Долоо хонгтоо нэг онигоо эсвэл нэг шог зураг оруулчихаад л яваад байна. Ажиглагч болохоор, цагаан утас, хаяг реклам, сэтгүүлийн нүүрний зураг оруулчихна. Судлаач Ганаа болохоор аль тэртээ 10 жилийн өмнө бичсэн юм уу, эсвэл орчуулсан зүйлээсээ оруулчихна. Тэгэхээр давтамжаа хадгалах гэж заримдаа ээлж өнгөрөөх явдал хүн бүрт л байдаг бололтой юм.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд миний блогт зочлогчдын тоо бараг хоёр дахин нэмэгджээ. Эхний нэг жилд нэг түмэн хүн орж гарсан бол сүүлийн нэг жилд бараг хоёр түмт дайраад гарчээ. Би ч бас хэрэндээ л хичээж өмнө бичсэн улирсан баларсан, хүүхдийн яриа, оюутны зөвлөгөө энэ тэртэйгээ нийлүүлээд өмнөх жилээс 30 хувиар илүү ажилласан байна. Блог нээсэн эхний жилээ 100 орчим бичлэг оруулсан бол хоёр дахь жилдээ 130 –аадыг оруулж. Ойролцоогоор дундажилбал долоо хоногт 2 бичлэг оруулаад байсан байна.

Хүмүүст зарлаж сурталчлаагүй ч миний блогт зочлогчдын тоо аажим боловч тасралтгүй нэмэгдсээр л байна. Өнгөрсөн зун “Ажиглагч” –тай уулзаад, “миний блогт өдөрт дунджаар 50 хүн ордог” хэмээн голонгуй хэлсэн чинь, “чи өдөрт 50 хүнтэй уулзаж чадахгүй шүү дээ” гэж хэлсэн юм. Нээрээ бодоод байсан чинь, би олон хүнд уншуулах гэж блог хөтөлж эхлээгүй. Би өөрийн блогоо, өөрийн бичсэнээ олон хүнд уншуулах гэж оролдоогүй, зүгээр л өөрийн бодсоноо л бичих гэж блог нээсэн. Гэхдээ, нөгөө талаас нээрээ би өдөрт 50 хүнтэй уулзаж санал бодлоо хуваалцаж угаасаа чадахгүй юм байна шүү. Гэтэл өнөөдрийн байдлаар миний блогт өдөрт дунджаар 100 гаран хүн орж гарч байна. Сардаа 3000 гаран гэсэн үг шүү дээ. Дээд тал нь 318 хүн орсон гэсэн статистик үлджээ. Энэ их даруухан тоо боловч надад чамлалтгүй санагдаж байна. Ажиглагчийнхаар өдөрт дунджаар 300, дээд тал нь 600 орсон, судлаачийнхаар дээд тал нь 1800, өдөрт дунджаар 900 ордог энэ тэртэй харьцуулбал юу ч биш л дээ. Эднээс ч мундаг блогчид олон л байдаг байлгүй. Гэхдээ би өдөрт 100 хүнтэй уулзаж чадахгүйгээ нэгэнт мэдсэнээс хойш, өдөрт 100 хүн миний блогт зочилж байгаад сэтгэл хангалуун байгаа. Миний блогоор зочилж, сэтгэгдэл үлдээж, мэйл бичиж санал солилцон, элдэвээр дэмжиж, урамшуулж ирэлж хурцалж байдаг уншигч зочид та бүхэндээ чин сэтгэлээсээ талархлаа илэрхийлье. Баярлалаа.

11 Responses to “ХОЁР ЖИЛ”

  1. Bat said

    Блогийн 2 жилийн ойн мэндийг хүргэе! Блогоо нээгээд 2 жил ажиллуулаагүй хүмүүст үлгэр жишээ болж байна. Уншигч, фэнүүдтэйгээ хэзээ уулзалт зохиох вэ? Цаагуур чинь “Болд судлал”-ын анхны бүтээлүүд гарч эхэлж байна ш дээ.

    • bolod said

      Миний блогт зочлогчидтой би өдөр болгон “уулзалт” хийж байгаа шүү дээ.

  2. zorigtsoc said

    Цаг хугацаа нисэн одлоо сүн сүн… Энэ таны хийж бүтээсэн зүйлийн үр дүн… Хоёр жилийн ойн мэнд…

    • bolod said

      Харин л дээ. Хийж бүтээсэн зүйлийн үр дүн үү? Хийж бүтээгээгүй зүйлийн үр дүн үү? Үүнийг бичиж байсан цаг зав хөдөлмөрөө өөр зүйлд зарцуулсан бол өөр ихийг амжуулж болох байсан. Алдагдсан боломжийн үнэ цэнэ түүгээр хэмжигдэнэ.

  3. Mundag zaluu said

    би ч гэсэн блог хөтөлдөг л дөө. чамд амжилт хүсье хөгшөө

  4. amar said

    эрх жил 3 дахь нь болно доо … хэ хэ

  5. Блогын насан баярын мэнд хүргэе. Амжилт хүсье

  6. Цоож said

    Сайн байна уу багш аа.
    3 жилийн ойн амжилт хүсье.

    … шалгуур …шууд та харагдаж байна шүү.

  7. Bolormaa said

    sain uu bagshaa, bayar hurgeye, ajliin amjilt huseye

  8. oyuna said

    Сайн бна уу. Танд баяр хүргэе. Таны блогийг унших үнэн урамтай шүү. Үг үсэг, найруулгын алдаагүй болохоор хэлэх гэж байгаа санаагаа маш тодорхой, оновчтой илэрхийлсэн байдаг нь их сайхан байдаг. Энэ бүхнийг бичихэд маш их хугацаа, хөдөлмөр шаарддаг байх тийм үү. Та яаж энэ их ажлыг амжуулдаг байнаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: