Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

УТТ-ООС Ч ДОЛООН ДОР

Posted by bolod on April 20, 2010

Амлалт нэхэж байсан суулт сунжирч, Ард нийтийн санал асуулга явуулахыг шаардсан өлсгөлөн болон хувирсан. Хэд хоног үргэлжилсэн өлсгөлөнгийн үр дүн нэг л ахиц муутай мухардмал байдалд орчихоод, тэмцэгчид тэмцлээ зогсоох янзгүй, төрчид суудлаасаа ховхрох шинжгүй бие биенээ хялайлцан хэд хоносон. Үнэндээ, тэр муу хэд өлсөөд үхчихвэл бараг сайн л биз гэж ТЭД дотроо бодож байгаа ч, өлсгөлөнгөөр хүн үхчихсэн гэх муу нэрнээс айхдаа эрх баригчид өлсгөлөнг хүчээр тараах аргыг сонгожээ. Үгээ хэлье гэхэд хэлүүлэхгүй, сууя гэхэд суулгахгүй, гэр барья гэхэд бариулахгүй, барьсан ганцыг нь галзуу солиотой хэн нэг нь дайрч нураагаад, өлсөе өлсөж болохгүй тийм “ардчилсан” нийгэм аж. Өлсгөлөн зарлагсдын өмнөөс бурханд залбирья. Ямартай ч тэдний амь нас аюулгүй болох шиг боллоо, тэд амь насаа зольж байна гэх хөндүүр бодлоос салж болох нь.

Жагсвал буудчихна, өлсвөл албадаад эмчилчихнэ. Үг хэлэхээр нь гутаан доромжилно. Хэвлэн нийтлэхээр нь шүүхэд өгчихнө. Сонгуульд нэр дэвшвэл албан тушаал эрх мэдэлд шуналаа гэнэ. Зүгээр байхаар дээрэлхээд байна. Тэгээд яах ёстой юм бэ? Ардчилсан Монгол орон мөн юм бол, бүрэн эрхт гишүүн нь мөн юм бол, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, төр засагтаа үгээ хүргэх эрхтэй, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй, тусгаар тогтносон Монгол улсын иргэн мөн юм бол яах ёстой юм бэ?

20 жилийн өмнө, хаалттай, хатуу дэглэмтэй, социалист нийгэмд өлсөж болж байсан, одоо болохоор өлсөж болдоггүйн шалтгаан юу вэ? Хувьсгал хийгдээд дуусчихсан гэж үү? Эсвэл тэд өлсөж болдог бусад нь өлсөж болохгүй гэж үү? Р.Гончигдорж Ц.Нямдоржтой нийлчихсэн зурагтаар бөөлж байна. Нөгөө л эхлэл нь төгсгөлөөсөө зөрсөн, бөөрөнхий үлбэгэр үгээр, гэхдээ л одоо тэмцэл хөдөлгөөн өлсгөлөн хэрэггүй гэж хэнд ч ойлгогдохоор хатуу мэдэгдэж байна. Энэ тал дээр Нямдорж тэр хоёрын санал яасан их нийлж байнаа. Эсвэл “Алаг бөмбөг” угаасаа ТЭДЭНТЭЙ санал нийлж байсан юм болов уу? Энэ удаад улаан талаараа бөөрөө нийлүүлчихэв үү? Цагтаа Гончигдорж ч гэсэн өлсгөлөн зарлаж байж билээ. 1990 оны 3 сарын 7-нд эхэлсэн, УТТовчоог огцруулсан эхний өлсгөлөнд биш шүү. Дараа нь  өчүүхэн эрх ашгийн төлөө тунирхан өлсөж байсан. Түүнийгээ мартчихав уу? Бусдыг мартчихсан гэж бодов уу? Одоо болохоор өлсөж тэмцэж байсан үе дууссан хэмээн мэдэгдэж суух юм. Хөөрхий дөө.

20 жилийн өмнө өнөөгийн төрчингүүд УТТ огцор хэмээн шаардаж өлсгөлөн зарлаж, жагсаж тэмцэж байлаа. Өнөөгийн УИХ, ЗГ-ыг бодвол илүү их эрх мэдэлтэй, бөх үндэстэй бүтэц байсан. Гэхдээ тэд огцрох шийдвэр гаргаж чадсан. УТТовчоо гэж нэг новшийн юм байсан, түүнийг огцруулж чадсанаар манай ардчилсан хувьсгал хийгдсэн, хувьсгалыг цус урсгалгүйгээр хийсэн хэмээн одоо цээжээ дэлдэж байгаа нөхдүүд өнөөдөр УТТ-оосоо ч долоон дор болчихсон байгаагаа мэдэхгүй байна уу? Тэд ядаж 20 жилийн өмнөх УТТ шиг огцорчихож ч чадахгүй юм байна. Тэдний огцрох эсэхэд ч асуудал байгаа юм биш. Тэд суудалтай зууралдсан бэртэгчингүүд болсонд л учир бий болов уу? Ганцхан үүнээс дүгнээд үзэхэд л тэд тэднээс ч илүү новш болчихсон биш гэж үү?

20 жилийн өмнөх өлсгөлөнг албадан тарааж байгаагүй юм. Эмнэлгийн машин ирээд талбай дээр үзлэг хийгээд хяналтаа тавиад явчихдаг байсан. Харин өнөөдөр хүчээр албадан тарааж байна. 20 жилийн өмнө цагдаа цэрэг ард түмэн рүү буу чиглүүлж байгаагүй юм. Гэтэл тэд өнөөдөр хэнэг ч үгүй хүмүүсийг буудчихаад ичих ч үгүй тэднийгээ өмөөрөөд сууж байна. 37 онд бол лавтайяа До яамны алуурчин баймаар нөхдүүд төрд ороод суучихсан буудна ална гэж мэдэгдээд, ална хядна гэж заналхийлэн, нударга зангидалцан байна. Өнөөгийн төрчингүүд муулаад шүүмжлээд байдаг 20 жилийн өмнөх төрийн хүнд сурталтнуудаас юугаараа дээр юм бэ? Надад нэрлээд өг, тоочоод аль. Энэ нь дээр, үүгээрээ дээр гээд…

2 Responses to “УТТ-ООС Ч ДОЛООН ДОР”

  1. Цооу said

    гоё

  2. huder said

    Лайтай

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: