Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НАМ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?

Posted by bolod on April 27, 2010

2010 оны 3 сарын эхээр МАХН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гарган Сонгинохайрхан дүүргийн засаг дарга Ч.Сайханбаяр болон, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Баярт нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тухай мэдээ цацагдав. Энэ мэдээний талаар эргэцүүлэн бодож үзвэл Монгол орны засаглалын хямралын үндсэн асуултад хариулт олж болмоор санагдана.

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга болон иргэдийн хурлын дарга нар хоёул МАХН -ын гишүүд. Бараг л “томилогдсоноосоо” хойш л хоорондоо толхилцсон гэж хэлж болно.  Нэг талаас нь харвал МАХН, ажил хийдэггүй, хариуцлагагүй, албан тушаал булаацалдаж, талцаж муудалцсан гишүүддээ хариуцлага тооцсон, цаашид ийнхүү хариуцлага тооцох их ажил эхэлж байгаа юм байна гэж дүгнэж болохоор. Овоодоо муу МАХН, энэ даварсан хурган дарга нарыг ингэх цаг нь болсон. Одоо л МАХН намын гишүүдтэйгээ хариуцлага тооцож, чанд хатуу нам болох гэж байна. Шударга бус зүйлтэй тэмцэж, бузрыг зайлуулж, буяныг хураах нь. Цөвүүн цаг төгсгөл болж шинэ сайн цаг ирж байгаа нь энэ гэж үү? Гэхдээ ингэж дүгнэх нь, Засаг дарга нарыг намаас томилж байгааг, тэрчлэн ИТХ-ын даргыг намаас томилж байгааг зөвтгөсөн хэрэг болно. Нөгөө талаас нь харвал иргэдийн сонголтод Нам бүдүүлгээр халдаж байгаа гэж хэлж болно.

Дарга нар будаан дээрээ зодолдож байнаа гэдэг чинь булаацалдах овоохон зүйл байгаа болоод л булаацалдаж байгаа хэрэг биз. Хийх ажлаа булаацалдаад юм уу, эсвэл ажлын арга барилаас болоод ингэтлээ “зодолдохгүй” нь лавтай. Намын удирдах зөвлөл дээр хүртлээ өндөр авч байхыг бодоход дүүргийн дарга гэдэг овоо ашиг сонирхолтой албан тушаал болох нь дам байдлаар батлагдаж байгаа юм. Нам ингээд алдаа завхрал гаргасан дарга нараа цаашид бүгдийг нь солих болов уу? Ёстой горьдсоны гарз биз. Тэд бол ердөө л үзүүлэн төдий. Тэгээд ч намын удирдлагынхаа үгийг үл тоомсорлож давилуун зан гаргасан дээгүүр толгойтонгууд учир хоёул хоёуланг нь түр зүр цээрлүүлж байгаа хэрэг. Тэднээс илүү өндөр албан тушаалын, тэднээс хэд дахин их эрх мэдэлтэй, ашиг унацтай албан тушаалтнууд МАХН-д зөндөө бий. Тэднийг бүгдийг нь ажлаас нь чөлөөлж, ял асууж, нам дотроо цэвэрлэгээ хийх улс төрийн хүсэл зориг МАХН-д байхгүй. 

Гэхдээ нэг дүүргийн Засаг даргыг ингэж нэг нам мэдэж сольж холих нь зөв үү? Намаас томилж байгаа учраас л намаас огцруулж болиулж болж байна. Нэгэнт нам томилсон учир нам буцааж татах нь зөв гэх биз. Хэргийн учир МАХН -даа ч байгаа юм биш. Орон нутгийн сонгуулиар АН ялалт байгуулсан Хан-Уул дүүрэг дээр ч байдал нэг их дээрдэхгүй байгаа. Баян-Өлгий, Дорнод, Өмнөговь аймгууд гэхчлэн асуудалтай байгаа, байсан, цаашид асуудал үүсэх, хурцдах аймаг орон нутгийг яаж тоочиж барах билээ. Хэргийн учир нам томилж байгаад л байна. Ер нь яахаараа орон нутгийн засаг захиргааны хэрэгт нэг нам оролцох ёстой гэж? Тэднийг чинь орон нутгийн сонгуулиар иргэд өөрсдөө сонгож болдоггүй юм уу? Аймаг, дүүргийн байтугай, сум хорооны засаг даргыг бараг нам мэдээд байгаа юм биш үү? Гэтэл Завхан аймгийн Баянхайрхан сум юм уу, эсвэл Увсын Давст Сагил сумдын орон нутгийн нөхцөл байдлыг, тэнд хэн гэдэг хүн илүү нэр хүндтэй олны итгэлийг хүлээсэн хүн болохыг нам мэднэ гэж үү? Энэ нам гэдэг гайг орон нутгийн амьдралаас шахан гаргах ёстой юм байна.

Орон нутагтаа байгаа асуудлаа орон нутгийн иргэд өөрсдөө хуралдаж ярилцаж, намаас үл хамааран сонгож шийдвэрлэдэг болбол сайн сан. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлнэ гэж олон жил ярьж мэтгэлцэх боловч өнөөг хүртэл ямар ч үр дүнд хүрсэнгүй. Орон нутгийн бие даасан байдлыг дээшлүүлнэ гэдгийн доор зөвхөн төсвийн бие даасан байдлыг ч биш, улс төрийн намуудаас хараат бус бие даасан байдлыг ойлгох шаардлагатай юм. 3000 хүрэхгүй хүн амтай сумыг хэдэн намд хувааж талцуулж, улстөржсөнөөр ямар ч үр дүнд хүрэхгүй гэдгийг өнгөрсөн 20 жил харууллаа. МАХН болон АН –ууд орон нутагт хөлтэй, орон нутагт намын үүр, нэгж бүтэцтэй гэдгээрээ бараг гайхуулж бахархан ярьцгаадаг. Намын сонгуулийн ялалтад энэ нь эерэгээр нөлөөлдөг байж болох ч орон нутгийн хөгжил, орон нутгийн иргэдийн сайн сайхан байдалд энэ нь ямар ч давуу тал авчрахгүй байна.

Жишээ нь МАХН-ыг дэмжсэн гэдгээрээ Говь-Алтай, Ховд, Увс аймгууд ямар давуу талыг олж авсан юм бэ? Эсвэл Ардчилсан хүчний намуудыг дэмжсэн гэдгээрээ Дорнод, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай зэрэг аймгууд ямар хохирол үзсэн хийгээд ямар давуу талыг олж авсан юм. Аль нэг нам нь давуу байдлаар сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд өрсөлдөгч намын нэр дэвшигчийг дэмжсэн тойрог, дүүрэг хороог гадуурхдаг байдал гардагийг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ нь иргэдийг битгий хэл сум орон нутгийг тэр чигт нь үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж, Үндсэн хуулиа зөрчсөн үйлдэл болох юм. Зөвхөн үүнийх нь төлөө тухайн нам хийгээд УИХ дахь намын бүлгийн гишүүдийг бүгдийг нь үндсэн хуулийн цэцэд өгөхөд болох билээ.

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал дахь МАХН-ын бүлэг хуралдаж байна гэсэн мэдээллийг та бид мэдээллийн хэрэгслээр байнга л сонсож байдаг. Иргэдийн төлөөлөгчдийн гэж тодотгочихсон мөртлөө бас намын бүлэг байхдаа яахав дээ. Яагаад гэвэл Иргэдийн төлөөлөгчдийн хуралд намын гишүүн иргэд нэр дэвшин сонгогддог учраас тэр. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд нам бус иргэдийг нэр дэвшин өрсөлддөг болгочихъё. Тэгвэл намын гар хөлийг иргэдийн төлөөллөөс хасч чадна. Ингэж байж л ИТХ жинхэнэ утгаараа иргэдийнх болж чадах билээ. Тэгэхгүйгээр иргэдийн нэр зээлдсэн намчингууд, орон нутгийн хурган дарга нар ИТХ-д шургалж, дээрх мэтийн будилааныг үүсгэж хутгаж байна. ИТХ маань жинхэнэ иргэдийн төлөөллөөс бүрдэж чадвал орон нутгийн удирлага, засаг захиргааныхаа үйл ажлыг жинхэнэ утгаар нь хянаад байж болох юм.    

Ер нь орон нутаг дахь намуудын бүтцийг татан буулгая. Төрийн албан хаагчдыг намын гишүүнчлэлээс нь түдгэлзүүлсэнтэй адилаар орон нутгийн удирдлагыг ч гэсэн намын гишүүнчлэлээс чөлөөлчихвөл ямар вэ? Үгүй энэ чинь улс төрийн албан тушаал шүү дээ гэж хэлэх хүн ч гарах л байх. Гэхдээ үүнийг чинь улстөрийн албан тушаал биш, орон нутгийн албан тушаал, иргэний албан тушаал болгоё л доо. Орон нутагт нэгжтэй намуудын хувьд ийм улс төрийн томилгоо нь орон нутгийг барьж хянаж байхад маш чухал байж болох л юм. Гэхдээ намын эрх ашгаас хальж улс орны нийлбэр эрх ашгийн үүднээс авч үзвэл ингэх нь бараг дээр. Орон нутгийг намын дарангуйллаас чөлөөлье.

Аймаг, дүүрэг, сум, хорооны засаг даргыг орон нутгийн иргэдээс шууд сонгодог болгочихъё. Тэднийг дээрээс нь нам хянах гэж үйлээ үзэж байснаас, иргэд нь доороос нь хянаж шаардаж байг. Хэрвээ ажиллаж чадахгүй, идэж уугаад байвал тэд чинь дор нь солиод дараагийнхийг нь сонгочихож чадна. Үүнийг нь л сайн хуульчлаад өгчихвөл болоо. Аймаг сумын засаг дарга нарыг шууд сонгохоос гадна, орон нутгийн цагдаагийн газрын даргыг ч иргэдээс шууд сонгодог болгочихвол ямар вэ? Цагдаагаас гадна шүүхийн даргаа ч тэд өөрсдөө сонгоход болохгүй гэх газаргүй. Ингэж байж л орон нутгийн бие даасан байдал жинхэнэ утгаар хангагдана. Ингэж байж л орон нутаг улс төрийн хүлээснээс ангижирч, иргэдийн хяналтад очно. Ингэж байж л иргэний нийгэм жинхэнэ утгаараа орон нутгаасаа хөгжиж эхлэх байх.

Орон нутгийн сонгуулийг орон нутгийн сонгууль л болгоё. Харин орон нутаг дахь намуудын хоорондын өрсөлдөөнөөс холдуулж орон нутаг дахь эрүүл саруул үзэл бодол, ур чадвар, арга барилын сонгуулиар сольчихъё. Улс орныг хэрсэн улс төржилт, намчирхлаас тэгж салъя.

One Response to “НАМ ШИЙДЭХ ЁСТОЙ ГЭЖ ҮҮ?”

  1. amar said

    Дээр хэлж байсан үг санаанд орчихлоо. Тархи хүртэл нугасныхаа түвшинд асуудлаа шийдээд явж байдаг гэж.
    Та би бид бүгдээрээ хувийн хариуцлага гэдгийг гүйцэд ухамсарлахгүй хамаг юм аа тийшээ түлхэж, тийшээ чихэж, өгсөөр байна. Түүхэн замналтай нь холбох нь бий ч …
    Би гэж байхгүй.
    Би ард чинь байна наадхаа алчих гэвэл шууд алах хүн олон.
    Би л лав наадахад чинь хамаагүй шүү чи өөрөө мэд гэвэл өөрийхөө чадах зүйл хийгээд үр дүн нь гайхалтай сайн байх тийм зүйлээс ч буцдаг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: