Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА

Posted by bolod on May 5, 2010

Би энэ нийгмийг ажиглаж, болж байгаа үйл явдал, үзэгдэл процессийг ойлгодог, өөрийнхөөрөө өөрөө өөртөө тайлбарлаж чаддаг гэж боддог байлаа. Би чинь эх орон нам засгийнхаа буянаар бичиг үсэгт тайлагдсан, XXI зууны ардчилсан Монгол улсын соёлжиж боловсорсон иргэн. Энэ байтугай нарийн зүйлийг, тухайлбал Пифагорын теоремыг Фалесийн теоремтой нь мэддэг, Менделеевийн үелэх системийг 107 элементтэй нь цээжилчихсэн, ус 0 градуст хөлддөг байтугай зарим тохиолдолд 0-ээс доош градуст хөлдөхгүй ч байж болохыг мэднэ. Архимедийн хүчийг, Кеплерийн хуулийг, Эйнштейний Харьцангуйн онол, Дарвины Хувьслын онолыг ч хүртэл андахгүй “мэддэг” боловсролтой иргэн. Кошийн тэнцэтгэл биш, Жуковскийн функцээс авахуулаад Фермагийн их теорем, Галуагийн онолыг ч хальт мөлт сонссон дээд боловсролтон. А.Смитийн “Үндэстнүүдийн баялаг”, К.Марксийн “Капитал”, Попперийн “Түүхчлэх үзлийн гуйланчлал”, М.Фридманий “Хувь заяагаа сонгох нь” зохиолууд хийгээд Хаек, Мизес, Де Сото, Мальтус, Рикардо, Вебер, Сорокин, Гумилёв нарын зохиолын талаар “тухай” мэдлэгтэй “нийгмийн амьтан”. Үүнийгээ ихэд бодож өөрийгөө ихэд тоосон “биеэ тоогч”.

Харин сүүлийн үед зарим зүйлийг ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Манай С.Баяр даргын хэлснээр “стандарт бус” нийгэмд стандарт бус сэтгэлгээтэй байхгүй бол стандарт бус зүйлүүдийг ойлгох ч аргагүй бололтой.

2008-2009 онд дэлхий нийтийг хамарсан санхүү эдийн засгийн хямрал боллоо гээд л шуугиад явчихсан. Манайд харин эсрэгээрээ, хямрал Монголыг тойроод гарна гэхчлэн тэргүүлэх эдийн засагчид нь мэдэгдэж, хямралыг сүрдүүлэн хөөж, Монголын эдийн засаг харин ч өндөр өсөлттэй байгаа талаар сайрхан гайхуулсан. Монголын эдийн засаг хямралаас ч үл айхаар хүчирхэг эдийн засаг бололтой. Хямралтай хөл зэрэгцэн ам долларын ханш бусад валютуудын эсрэг суларч байгаа талаар “таагүй” мэдээллүүд үргэлжилсэн. Монголд харин эсрэгээрээ долларын ханш галзуурч 1730 хүрэн рекордоо тогтоож байлаа. Сүүлд мэдэхнээ валютийн гүйлгээний 2-хон хувийг гүйцэтгэдэг валютийн ченжүүд буруутай болж таарсан. 98%-ийн гүйлгээг атгадаг Монгол банкны мөнгөний бодлого юу ч биш, харин хэдхэн муу гудамжны ченж удирддаг юм шиг байна. Цаашилбал Дэлхийн хямралын эсрэг, ам долларын сулралын эсрэг 2-хон хувийн ченжүүд, дэлхийн валютийн ханшийн эсрэг тоглож чадсан болж байна. Манай ченжүүд, олон улсын санхүү мөнгөний зах зээлийг ч удирдах чадалтай буюу. Харин өнөөдөр ам долларын ханш бусад валютийн эсрэг чангарч байгаа тухай мэдээ цацагдахтай зэрэгцэн төгрөгийн ханш ам долларын эсрэг чангарч байгаагийн учрыг би ойлгохгүй байна. Төгрөгийн ханш унаад байгаа мөртлөө ам долларын эсрэг чангарч болдогийн шалтгааныг Би ойлгохгүй байна. Бага чулуугаар том чулууг доргионоо гэж…

Ерөнхий сайд асан С.Баяр “Хямралын эсрэг төлөвлөгөө” боловсруулж 1,5 их наяд төгрөгийн хөтөлбөрөө УИХ –аар батлуулчихсан. Ийм их хэмжээний мөнгө, хямралаас гарахад нь хэрэгтэй болсон болтой юм. Гэтэл сарын өмнө баталсан улсын төсөвтөө аймаг бүрт ч билүү, сургууль бүрт ч билүү усанд сэлэх бассейн барих төсөв баталчихсан л байж билээ. Хямрал болж байна гэх мөртөө, “Шатрын ордон”, “Багшийн ордон”, “Сансар судлалын музей”, “Парламентийн ордон” барина ч гэх аварга том төслүүд яриад унасан. Хямралтай уралдан Ардчиллын ордон, МАХН-ын байрууд зэрэгцэн уралдан босч эхэлсэн. Хямрал болохоор мөнгө нь илүүдээд байдаг юм уу, дутаад байдаг юм уу би сайн ойлгоогүй.

Бөөн явдал яршиг болж байж батлуулсан “Хямралын эсрэг төлөвлөгөө” нь хүчинтэй болсон уу, хүчингүй болсон уу? Хэрэгжсэн үү, үгүй юу гэдгийг ч ойлгодоггүй юм. УИХ-аас баталсныг бодоход эрх зүйн хувьд хүчин төгөлдөр агуу том төлөвлөгөө. Гэтэл сар хүрэхгүй, сар ч гэж дээ хэдхэн хоногийн дараа л ОУВС-ийн бодлогыг дагах болж нөгөө лут төлөвлөгөө хэрэгжихээ больчихсон. Гэхдээ УИХ түүнийг нь баталсан шигээ цуцлаагүй. Одоо төлөвлөгөөгөөрөө яваад байгаа юм уу, зөвлөгөөгөөрөө яваад байгаа юм уу, ёстой зөвлөх чөтгөр л мэдэх байх даа.

Энхрий хайрт МАХН, 2004-2008 оны сонгуулийн жилд 145 000 ажлын байр бий болгосноо бүртгэж өдөр бүр л ТВ-ээр гардаг байлаа. Ерөнхий сайд асан М.Энхболд энд тэнд явж байгаад л санамсаргүйгээр, өөрөө ч мэдэлгүйгээр өөрөө бий болгосон шинэ ажлын байруудаа тоолж, бүртгэж ч амждаггүй байлаа. Гэтэл одоо болохоор ажилгүйдэл нэмэгдсэн тухай яриад байх юм. Ажлын байрыг ажилгүйчүүдэд зориулж гаргаагүй, ажилтай хүмүүст зориулж илүү сайн ажлын байр гаргаж өгөөд байсан болтой юм. Дотоодын нийт бүтээгдэхүүн 4 дахин нэмэгдэж, нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүн, 1500 ам доллар, зарим мэдээллээр бүр 1800 хүрсэн ч гэх шиг мэдээллүүд цацагдаж байлаа. Цалингийн дундаж 300000 –д хүрч цалин орлого нэмэгдэсэн гэх боловч, ядуурал буураагүйгээр барахгүй нэмэгдсэн гээд байгаа. Хэний орлого өсөж хэний цалин исэж байгааг би ер ойлгохгүй байгаа юм.

Монголын төрийн толгойд олигархи бүлэглэлүүд гараад суучихсан дураараа дургиж, дунд чөмгөөрөө жимбэдэж байгаа талаар амтай бүхэн цуурч, амаа хамхихгүй бурж байна. УИХ, засгийн газрын гишүүн, мөнгө төгрөг эрх мэдлээр хэнээс ч дутахгүй, харах царайны олигарх нөхөр гарч ирээд л олигархуудтай тэмцэх тухай амаа цангатал чалчих юм. Олигархууд нь олигархуудтай тэмцэх тухай яриад эхлэхээр хэн нь олигархи болохыг үнэндээ би ойлгохгүй, үүнийг ойлгох оюуны цараа илэрхий дутаж байна гэм.

Авлигатай тэмцэх талаар хүн бүхэн яриад л авлига гэдэг зүйл Монголын нийгэмд оршин байх ямар ч нөхцөлгүй болсон шахуу л байх юм. Гэтэл авлига буураагүйгээр барахгүй нэмэгдээд авлигачид буруутах байтугай зөвдөөд авлигатай авлигачид нь тэмцэж, авлигыг бууруулах талаар сурталчилж байх аж. Хэр зэрэг чанга хашгирч, хэр зэрэг олон удаа ярьснаар буурдаг бол буурахаар боллоо. Авлигачид нь авлигыг бууруулах тухай яриад эхлэхээр нөгөө авлигач гэх биегүй чөтгөр хаана байгааг мэдэх арга алга. Авлига авах өндөр потенциальт нөхөр л авлигатай тэмцэж байгаа хүнд хэцүү баатарлаг тэмцлийн замналаа ярьж, авлигын эсрэг тэмцэлд хэн нэгнийг уриалан дуудаж байхаар чухам хэн авлигач болохыг байтугай, авлига гэж юуг хэлээд байгааг ч ойлгохоо больчих юм.

Манай цагдаа гэмт хэрэгтэй тэмцээд байна уу, эвсээд байна уу ойлгох ч арга алга. Цагдаагийн академи төгсөгчид гурван жил болоод цол нэмэх тухай биш, амьдрал дээшлэх тухай ярьдаг болж. Тэр, гурван жил болоод машиныхаа мөнгийг хийчихсэн, тэр байрныхаа мөнгийг хийчихсэн гэх тухай ярилцах аж. Гэмт хэргийг цагдаа нар үйлдээд байна уу, цагдаа нар өөгшүүлээд байна уу, ойлгох ч арга алга. Цагдаагаар гүүпэрлүүлсэн модны машин бол хүүхдийн зугаа. Цагдаагаар хамгаалуулсан алтны уурхай, газрын дээрэм, цагдаагаар хамгаалуулж байгаад л байшин бариулдаг эрхтэн дархтан, гадаад дотоодын иргэд, цагдаагаар түрий барьж жагсагчдыг тараадаг улстөрчид, эрхбаригчид ч бас яахав. Цагдаагаар халхавчилсан хүний наймаа, контрбанд, казино, хууль бус зүйл бол Монголын нийгэм хэр зэрэг цагдаажсан нийгэм болохын баталгаа. Цагдаажихын хэрээр Монголын нийгэм хүмүүнлэг ардчилсан нийгэм болоод байна уу юу болоод байна, би ойлгохгүй байна. Хүмүүнлэг иргэний гэхээсээ илүүтэй цагдаалаг улс төрчдийн нийгэм гэмээр юм уу, юу гэж тодорхйолохоо би мэдэхгүй байна.

Улс төр бизнесийг салгая, Төрөө олигархуудаас цэвэрлэе гээд л бүгд ярих юм. Гэтэл хэр зэрэг баян байна түүнтэй тэнцэх албан тушаал эрх мэдлийг хүртэж, хамгийн баян хүн ерөнхий сайд болоод ч байх шиг, баяжих гэж албан тушаал хөөцөлдөөд байгаа юм уу, албан тушаал авах гэж баяжаад ч байгаа юм уу, мэдэхгүй ээ, мэдэхгүй би ойлгохгүй байна. Угаасаа тэгэх ёстой ч юм уу бүү мэд. Сү.Батболд Монгол улсын ерөнхий сайд боллоо гэсэн мэдээтэй зэрэгцээд гадаадын нэр хүнд бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Монголын хамгийн баян хүн Монголын хамгийн их эрх мэдэлтэй хүн боллоо гээд л шуугиад явчихлаа. Хэн мөнгөтэй нь эрх мэдэлд хүрдэг юм бол “Баяжигтун!” гэдэг лоозонг л өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Ерөнхийлөгч гомдоллож байна. Би ийм хууль санаачилж, ингэмээр байна тэгмээр байна, шударга ёсыг тогтоомоор байна гэнэ. Уг нь тэр чинь манай ерөнхийлөгч, эв нэгдлийн бэлгэдэл, гадна дотно нүүр тахалдаг төрийн тэргүүн маань шүү дээ. Эрх мэдэл нь хүрдэггүй бололтой. Гэтэл Ерөнхий сайд ярьж байна. Ийм хууль баталчихмаар байна, ийм мөнгөний эх үүсвэрийг батлаад өгөөч, тэгвэл ингээд ингээд ажил хийгээд нураагаад өгнө гэхчлэн. Ерөнхий сайдыг ажил хийхэд бас л нөгөө эрх мэдэл гээч юм дутаад УИХ гэж мам баталж өгдөггүй болтой юм. Хамгийн хөгтэй нь нөгөө УИХ-ын эрхэм гишүүд ч бас адилхан. Ийм ч юм хиймээр байна, уг нь ингэх ёстой, би мөн ч олон жил ярьж байна, би тэгэхэд нэг үг хэлсэн мөн биз, энийг л хийчихвэл болчихно гээд л ярих аж. Гэвч тэдний эрх мэдэл хүртэл дутаад байдаг болтой юм. УИХ-ын гишүүн байгаад болдоггүй, УИХ-ын дарга болоод бүтдэггүй, Ерөнхий сайд байгаад нэмэргүй, Ерөнхийлөгч болоод ч хангалтгүй энэ ер нь хаана байдаг эрх мэдэл вэ? УИХ-д насаараа суусан эрхмүүд л ингэх ёстой гээд л бураад байх юм. Тэрийгээ тэгээд хийхгүй яасан юм гэхээр, ингээд ч болохгүй, тэгээд ч болохгүй гээд л түмэн шалтаг тоочих аж. Чуулган дээр яриад дуусахгүй болохоор зурагтан дээр хүртэл яриагаа үргэлжлүүлэх юм. Ханаж цаддаггүй эрх мэдлийн хойноос хөөцөлдсөн эх төгсгөлгүй энэ орооцолдсон мэтгэлцээн дуусдаггүй яриа хэзээ хаан очиж төгсөж учраа олох бол.  Засгийн бүр эрх ард түмний мэдэлд гэж ер нь үнэн үг болоод явчихлаа шүү. Би мэт нь эрх мэдэлтэйгээ мэдэхгүй тэднийг л эрх мэдэлтэн гэж андуураад байгаагаас бүх зүйл болсон юм биш үү?

Advertisements

6 Responses to “БИ ОЙЛГОХГҮЙ БАЙНА”

  1. huder said

    Ёо Ёо бүүр бухимдчихлаа

  2. Ойлгохын дээдээр ойлгож байгаа хүмүүс, албаар ойлгомжгүй байдал бий болгоод, түргэхэн шиг гэдсээ цүдийтэл идэж авах л гээд байгаа юм болов уу даа хөөрхий. Хэнд ч ойлгомжгүй байлгах нь тэдэнд ашигтай. Ямар сайндаа л энэ олон ТВ, сонин бүгд ардаа улс төрчидтэй. Нэг зүйлийг 18 телевиз арван найман янзаар тайлбарлачихаар Долоон буудлын Долгор эмээ яг ойлгож харагдаач

  3. amar said

    Хамгийн сүүлийн өгүүлбэр янзтай.

  4. amar said

    Нээрэн Эдвард де Боногийн Стандарт бус сэтгэлгээ гэж нэг ном байдгийн. Хэ хэ

  5. Tungaa said

    Ёстой гоё бичсэн байна шүү, багшаа!

  6. Bonko said

    Хүрлээгийн “эргэлзээ” шиг юм болсон байна шд

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: