Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БОГДЫН БООРЦОГ

Posted by bolod on June 3, 2010

Сүхбаатар кинон дээр нэг тийм сюжет бий. Гамин цэргүүд мөргөлчдийг нэг нэгээр нь өндийлгөж нүүрийг нь сөхөн шалгаж Сүхбаатарыг хайна. Баригдах дээрээ тулсан Сүх, Гомбыгоо явуулж Богдоос боорцог гуй гэдэг. Гомбо ч үргээ сайн гүйцэтгэж, боорцог гуйж, Богд хаан ч боорцог авчруулан атган цацаж, сүсэгтэн олон ч боорцгоо булаацалдан үймж, юун эргэл мөргөл, юун эрэл хайгуул манатай, ёстой жинхэнэ эмх замбараагүй байдал, орон нутгийн шинжтэй мөргөлдөөн, үймээн самуун гээч болдог билээ. Сүх тийнхүү гамингуудын мөрдлөгөөс мултардаг юм.

МАХН хийгээд АН –ууд сонгуулиар сая сая төгрөг амалчихаад, түүнийхээ урьдчилгаанд 70000 төгрөгийг цагаан сарын өмнө нэг хэсэгт нь, 5 сарын эхээр нэг хэсэгт нь тарааж байна. Хэдийгээр хүний хөгжил сангийн мөнгө энэ тэр гэж гоё нэртэй болсон боловч, угаасаа л сонгуулийн амлалтын мөнгө. Энэ 70000 төгрөгийг яаж ч харсан, дээрх Богдын боорцог шиг санагдаад байгаа юм.

  1. Боорцгоо булаацалдсан сүсэгтэн олон. Цагаан сараар 70000-ыг тараахад эгээ л Сүхбаатар киноны кадр гэлтэй дүр зураг үргэлжилсэн. Оочерлож дугаарлаж, шахалдаж, урдуур хойгуур дайрч, хэрэлдэж зодолдож, бухимдаж, телевиз дуудаж, зарим нь ухаан алдаж, зарим нь хөлдөхөө шахаж, үүрээр зогсч, хонож өнжиж байлаа. Нэг бадарчин боорцог булаацалдаж, саваагаараа самбаатай нь аргагүй нанчилдаж байдаг хэсгийг та санаж байна уу? Түүнээс нэг их ялгаагүй л харагдсан. Өөрийн эрхгүй тэр кадр надад санагдаж, нэг юм огшоод явчихсан.
  2. Аманд ч үгүй хамарт ч үгүй боорцог. Боорцог булаацалдаад, зарим нь ганц нэгийг олж авсан л байх. Эх орны хишгээс бүгдээрээ хүртсэн л юм биз. Гэлээ гэхдээ тэр нь нэг их нэмэр нөлөө болох нь үгүй. Ганц боорцог идээд цадсан хүн байхгүйтэй адил 70000 төгрөг аваад  овойж оцойтлоо баяждаггүй юмаа гэхэд амьдралд нь нэмэр, нөлөө болох ч зүйл алга гэлцэн гомдоллож байна. 70000-аар ганц ууц ч авч хүрсэнгүй, 70000 тараахтай зэрэгцээд өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихлээ гэлцэн бухимдана. Дүгнэвэл 70000 төгрөг аваад баярласан цадсан хүн нэг ч байхгүй. Богдын боорцог гэж сүсэглэдэг шиг төрийн минь хишиг гэж дээдэлдэг нь л хаашаа байдаг юм бэ?
  3. Боорцог тарааж байгаа богд. Хүний хөгжил сангаас мөнгө тарааж байгаа эрхэм түшээд, сайдууд эгээ л Богд адил дүр үзүүлж байна. Наанаа болохоор, эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд гэсэн нирваан дүрийг эсгэчихээд цаагуураа ард түмний амьдрал юу болох нь тэдэнд ёстой падлий алга. Ертөнцөөс тасарч, нүгэлт хорвоогийн хоосон чанараас ангижирсан мяндагтан бурхад, амласан л бол амласандаа хүрнэ, өгнө гэсэн мөнгөө өгөхдөө л өгнө хэмээн баатарлаг дүр дүрлэнэ. Харин өгсөн мөнгө нь тэдэнд хүртэж байна уу, нэмэр болж байна уу гэдгийг огтоос тоохгүй байгаа байдалтай. Богд хаан боорцог цацчихаад, түүнийх нь төлөө хэрхэн нанчилдаж, нармайгаа нээлцэж, зарим нь хоосон хоцорч, зарим нь үзэн ядсаар зогсож байгааг анзаардаггүйтэй адил.

Би оюутнуудаас асууж үзлээ. 70000 төгрөг тараах нь зөв үү, буруу юу? Та нар юу гэж бодож байна? Анги дүүрэн оюутнуудын 80 хувь нь буруу гэж үзэж байна. Ам амандаа шаагилдаж, түмэн дутагдал, хор нөлөө тоочив. 70000 ч гэлтгүй ер нь бэлэн мөнгө тараах явдлыг буруу гэж олон нийтийн 60 –аас дээш хувь нь үздэг, мөнгө тараахыг буруутгадаг юм. Эргүүлээд, за буруу гэж боддог юм байж, гэхдээ одоо нэгэнт тараагаад эхэллээ, та нар 70000-ыгаа авах уу? гэж асуулаа. 90-ээс дээш хувь нь авна гэж хариулж байна. Цөөн хэд нь л авахгүй гэж эсэргүүцэж, үзэл бодлоо хадгалж байна.

Энэ хоёр асуултыг эсрэгцүүлж болохооргүй юм. Харин улс төрчид яг ийм нөхцөл байдлыг эсрэгцүүлэн, өөртөө ашигтайгаар тайлбарлах нь олонтой. Ер нь улстөрчдийн хувьд улс төрийн ашиг хонжоо л бүхнээс чухал болохоос эдийн засгийн ч юм уу, улс орны нийлбэр эрх ашиг, элдэв өөр ашиг сонирхол байдаггүй бололтой. Эсвэл улс төрийн ашиг сонирхол нь хувийн бусад бүх ашиг сонирхлыг нь гүйцэлдүүлдэг ч юм уу?

4 Responses to “БОГДЫН БООРЦОГ”

  1. Arsun said

    Goyo zuirlel baina.

  2. amar said

    Энэ чинь байсан бичлэг биш бил үү. Уншиж байсан юм байх чинь

  3. Цаадуул чинь албаар ядуу байлгаад, ходоодоор нь сонгуулиад байхаа мэднэ ээ

  4. huder said

    Нэг бадарчин боорцог булаацалдаж, саваагаараа самбаатай нь аргагүй нанчилдаж байдаг хэсгийг та санаж байна уу? ХА ха ХА элэг хөшиж үхлээ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: