Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АНХНЫ СОНГУУЛЬ

Posted by bolod on July 22, 2010

Г.Чулуун гуайн хронологиос үргэлжлүүлэн хүргэж байна. Хорин жилийн тэртээ, Долдугаар сард Монголд анх удаа олон нам оролцсон сонгууль явагдсан юм. Олон намын систем тогтож эхэлсний илэрхийлэл нь ч энэ сонгууль байж. Өмнөх, нэг намаас, нэг хүнийг нэр дэвшүүлж, саналын хуудсыг нугалан хийснээр бүх оролцоо дуусдаг байсан “сонгуулийг” бодвол энэ нь сонгууль байлаа. Гэхдээ БНМАУ-ын АИХ-ын депутатыг сонгох сонгууль гэсэн хуучин хэлбэрээр, хуучин хуулийн дагуу явагдсан боловч шинэ сонгууль байжээ. Тиймээс энэ сонгуулийг АНХНЫ СОНГУУЛЬ гэж нэрлэж бараг болох биз.  

1990.07.05 БНМАУ-ын Ардын Их Хурлын болон орон нутгийн Ардын Хурлын депутатаар нэр дэвшигчдийг шалгаруулах санал авах өдрийг шинэчлэн тогтоож, 1990.07.22 -нд шилжүүлсэн тухай зарлиг гарсантай холбогдуулан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990.06.16-ны өдрийн 136 дугаар зарлигийн 3 дугаар зүйлийг хүчингүй болсонд тооцжээ.

  • 1990.07.06 Тус улсад улстөр, нийгэм, эдийн засгийн шинэ тогтолцоо бүрэлдэж, улмаар төр-засгийн бодлого, үйл ажиллагааны шинжлэх ухаанч үндэслэлийг дээшлүүлэх явдал чухал болж байгаатай холбогдуулан БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэд Төрийн бодлого, нийгмийн асуудал судлах төвийг БНМУА-ын Сайд нарын зөвлөлийн 361 дүгээр тогтоолоор байгуулав. Мөн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх институтыг Удирдлагын хөгжлийн институт болгон өөрчлөн зохион байгуулсан байна.
  • 1990.07.07 БНМАУ-ын Засаг-төрийн төв хэвлэл “Ардын Эрх” сонинд БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга П.Очирбатаас МСДН-д (5 зүйл бүхий)  “Мэдэгдлийн хариу” илгээснийг мэдээлэв. “Мэдэгдлийн хариу”-нд дурдахдаа:

–          МАХН-ын Төв Хорооны Бүгд хурлын шийдвэрээр, МАХН 1990 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн улсын төсвийн татаасаас бүрмөсөн татгалзан хуулийн шаардлагыг хангасан:

–          Сонгуулийн сурталчилгааны зардалд зориулан сонгуульд оролцох улстөрийн намуудад зохих хөрөнгө хуваарилсны дотор Засгийн газраас МСДН-ын харилцах дансанд 300.000 төг шилжүүлсэн.

–          Сонгуулийн үеэр гадаадын ажиглагчдыu урьж оролцуулж болно, гэх зэргээр өгүүлсэн байна.

  • 1990.07.10 Бүх шатны Ардын Хурлын депутатуудын сонгуулийг явуулж дуусах, БНМАУ-ын Ардын Их Хурал, улмаар Улсын Бага Хурлыг байгуулах хүртэлх хугацаанд Монгол ардын арми, Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын болон Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын нам /МАХН/-ын байгууллагуудын улстөрийн үйл ажиллагааг 1990.07.16-наас эхлэн түр зогсоохоор шийдвэрлэснээ МАХН-ын Төв Хороо мэдээлэв.
  • 1990.07.10 БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар Монгол Ардын Хувьсгалын ойн баярыг тохиолдуулан тэргүүний хүмүүсийг шагнасны дотор цагаан морин жилийн төрийн шагналыг:

–          “Монголын нууц товчоо”-г судалж эрдэм шинжилгээний цуврал бүтээл туурвисан эрдэмтэн, зохиолч Шанжмятавын Гаадамба:

–          “Сүмтэй бударын чулуу” шүлэг найраглалын түүвэр хэвлүүлсэн, яруу найрагч агсан, «эсэргүү» Ринчиний Чойном (нэхэн шагнасан) нарын зэрэг хүмүүст олгожээ.

  • 1990.07.11 МАХН-ын Төв Хорооны дарга Г.Очирбат энэ өдөр М.С.Горбачёвт Зөвлөлт Холбоот Улсын Коммунист намын Ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонтой нь холбогдуулж баярын цахилгаан илгээв.
  • 1990.07.22 БНМАУ-ын бүх шатны ардын хурлын депутатуудын сонгуулийн 3 болон түүнээс дээш тооны нэр дэвшигч бүхий 238 тойрогт урьдчилсан шатанд шалгаруулах санал хураалт явууллаа.
  • 1990.07.29 Орон даяар бүх шатны ардын хурлын депутатуудын сонгууль болж, түүнд нийт сонгогчдын 97.8% нь оролцсон байв. БНМАУ-ын Ардын Их Хурлын депутатын сонгуулийн /бүх/ 430 тойрогт сонгууль хуулийн дагуу явагджээ. Зарим нэр дэвшигчид сонгогчдын олонхийн саналыг авч чадаагүй зэрэг шалтгаанаар санал хураалтыг хуулийн хүчинтэйд тооцох боломжгүй байсан 28 тойрогт хуулинд зааснаар 1 сарын дотор дахин сонгууль бүрэн төгс болон бусад тойрогт нийтдээ нэр бүхий 402 сонгогдогч БНМАУ-ын Ардын Их Хурлын депутат болов. Тэдгээрийг улстөрийн намын харьяаллаар нь авч үзвэл:

–          МоАН-аас       23

–          МСДН-аас       4

–          МҮДН-аас      7

–          МЧХН-аас       1

–          МАХН-аас      343

–          МХЗЭ-ээс        4

–          Нам бус –        20         хүн тус тус байв.

(МХЗЭ” нь улстөрийн нам биш хэдий ч тухайн үеийн засаг төрийн хэвлэлд чухамхүү ийн мэдээлсэн байдаг нь монголын залуучуудын эл байгууллагыг МАХН-ын дайчин туслагч, бэлтгэл хүчин, улстөрийн байгууллага гэж үзэж байсны илрэл болов уу)

Мөн түүнчлэн сонгуульд оролцсон нийт сонгогчдын 60% нь МАХН-ыг, 24% МоАН-ыг, 6% нь МҮДН-ыг, 5% нь МСДН-ыг тус тус дэмжжээ. Анхны чөлөөт, ардчилсан сонгуулийг ажиглахаар АНУ, Англи, Зөвлөлт Холбоот Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Унгар Улс, Энэтхэг зэрэг орноос 30 гаруй хүн хүрэлцэн ирсний дээр дэлхийн 10 гаруй орны хэвлэл-мэдээллийн байгууллагын 80 шахам сурвалжлагч ажилласан байна. Сонгуулийн явц байдалтай танилцсан тэдгээр ажиглагчид энэхүү сонгуулийг хууль зүйн дагуу шударга үнэн явагдсан, ардчиллын ёс зарчимд нийцсэн гэж дүгнэсэн байна

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: