Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НОЁДЫН НААДАМ

Posted by bolod on August 27, 2010

Би нэг тийм хүнийг эртнээс мэдэх юм. Уг нь бөхтэй газрын, тодруулбал Увсын гаралтай билээ. Гэвч Монгол бөхийг нэг ч сайн хэлэхгүй, байнга л муу хэлж байна. “Хоёр шалдан юм бие биенээ түшээд л зогсоод байна, юу нь сонирхолтой байгаа юм бэ?” гээд л мэтгэлцэж, хэлэх муу үгээ олж ядна. Монгол бөх сонирхдоггүй, дургүй хүмүүс байдаг ч мань эр бол бүр нэт. Тэр үед А.Сүхбат ид байлаа, 6 залуу заан гээд шуугиж байлаа. Барьц сонгодог балай дүрэм ч гараагүй, уран гоё барилдаан бас ч гэж гардаг байж. Би ч өмөөрч мэтгэлцэнэ. Хэн хэн нь заргаа авч чаддаггүй л байсан. Гэтэл сүүлийн үед би ч ялгаагүй “хэдэн шалдан юм бие биенээ түшиж зогсоод, цаг болохоор шоо хаяж шидэлцдэг” энэ бөхийг үзэх сонирхолгүй болчихож. Нэг мэдэхэд л тийм болчихож. Би жинхэнэ бөх сонирхогч биш байж:

Монголчуудын хамгийн өргөн тэмдэглэдэг уламжлалт баярууд нь Наадам хийгээд цагаан сарын баярууд. Энэ хоёр баяраар Монголчууд даяараа Монгол бөхөө л үздэг билээ. Бөх сонирхдог сонирхдоггүй, эр эм ялгаагүй, чухам нас хүйс, шашин шүтлэг нийгмийн гарал ялгалгүйгээр бөхөө үздэг юм. Мэдээж бөх сонирхдоггүй огт тоодоггүй хэсэг байдаг ч дийлэнх олонх нь бөх үзэх уламжлал тогтсон гэх үү дээ. Тэр байтугай дуртай дургүй байсан ч төрийн тэргүүн, ерөнхий сайд энэ тэр нь бөх үзсэн дүр үзүүлж, голын цэнгэлдэхэд эсхүл бөхийн өргөөнд очиж, төв асарт тухлан, хүүхэн шуухан ч болтугай дурандаж өөрийгөө ард түмэндээ харагдуулж байх ёстой ажээ. Нүүдлийн соёлыг агуулсан Монгол зан заншлыг хадгалсан сайхан баярууд боловч бас ч агуулгыг нь бодвол эргэлзээтэй зарим нэг зүйл байгаад байдаг. Энэ удаад дүрэм журам, зохион байгуулалтыг алгасан бусад асуудлаар өөнтөглөе.

Баячуудын цэнгэл. Ш.Сүрэнжав гуайн зохиол “Гарьд Магнай” кинонд Богд хаан хатантайгаа бөх үзэж байгаа хэсэг гардаг. Эх Дагинын ивээлд багтсан ах дүү хоёр аваргыг Далайцэрэн дараалан өвдөг шороодуулахад хатантан уурлаж, “Яахаараа миний бөхийг ах дүүсээр нь олон түмний нүдэн дээр дахин дахин хаяж байдаг юм бэ? Энэ наадмыг би үзэхгүй ээ!” гээд ширэв татан гардаг хэсэг. Олон түмэн ч даган шуугиж, яахаараа эгэл ард түрүүлж болдоггүй наадам бэ? гэлцэн дургүйцэж, долдойнууд нь дээдсийг хилэгнүүлчихлээ гэлцэн сүржигнэж сүйд болдоггүй юу? Өөрөөр хэлбэл их даншиг ноёдын тааллаар явагдах ёстой байж. Эх дагины бөхийг хаячихад Очир заан Далайцэрэн дээр хүрч очоод бууж өгөхийг ятгадаг. Тэгээд үгэнд орохгүй болохоор нь, “за яахав чи өөрийгөө мэдэх болж, төөргөөрөө болог” гээд уурлан гардаг. Тэрчлэн манай бөхчүүд бүгд л ямар нэг “ноёны бөх” байх болж. Аль нэг том компаний, том группийн нэр дээрээс босож барилдацгаах аж. Нөгөө компаниа сурталчлаад, бас ч бэлтгэл юмныхаа мөнгийг даалгаад ивээн тэтгүүлээд аль аль талдаа болдог л байх. Гэхдээ эгэл ардын хүүхэд барилдаж болдоггүй, заавал ноёдын бөх түрүүлдэг байх юм бол ямар юмных нь наадам байх билээ.

Хурдан морины мэдээ сонсоход УИХ-ын чуулганы тойм сонсож байгаагаас нэг их дутахгүй улс төрчдийн нэр ус цол гуншин л дуудагдаж байх юм. Монголдоо томд тооцогдох хэдэн баячуудын нэр бүгд л сонсогдоно. Эсвэл сайн уяачид өөрсдийгөө ч гэсэн сайн уяж, УИХ-ын сонгуульд амжилт гаргадаг юм уу гэж эргэлзмээр. Ургуулаад бодвол бүр ард түмний баяр цэнгэл наадам биш ердөө л баячуудын цэнгэл л юм уу даа. Баячуудын баярхаж цэнгэхийг бусад нь сонсоно гэдэг л болох шиг. Аргагүй дээ, өдрийн хоолны мөнгөө яая гэж өлөн зэлмүүн өдөр хоног өнгөрөөж байгаа эгэл түмэнд 120 саяар хурдан морь худалдан авч, хурдан морьдоо онгоцоор тээвэрлэж, паартай байшинд хонуулж, өндөр үнэтэй эм тариа хүчин тэжээлээр бөмбөгдөх сачий байтугай дутна.

 

Нүүдэлчдийн цаг тоолол. Нөгөө, юун наадам юун цагаан сар гэдэг онигоо шиг, Монголчууд нүүдлийн соёлоосоо салаагүй байгаагийн баталгаа нь энэ хоёр баяр юм уу даа. Наадмын маргааш намар гэдэг ч юм уу, онд мэнд оров уу ч гэдэг юм уу, цагаан сар наадмаараа баримжаалсан амьдралын хэмнэл нь хэвээрээ, түүнтэй уясан яриа хөөрөө хөдөөгийнхөн байтугай хотынхны дунд түгээмэл. Монголчуудад хоёрхон цаг байдаг, тэр нь үдээс өмнө болон үдээс хойш гэсэн цаг хэмээн гадныхан биднийг гоочилдог шиг, Монголчууд жилийг хоёрхон хуваадаг гэвэл дэгсдүүлсэн болохгүй нь. Улс төрчид нь хүртэл “ХҮНИЙ МӨНГӨ” -өө (ямааны мөнгө, хүүхдийн мөнгөнөөс ялгаж ийн нэрлэв), цагаан сарын мөнгийг нь өгчихсөн, одоо наадмынх нь мөнгийг өгнө гэлцэн хэлцэх нь шоглоомтой. УИХ-ын чуулган нь ч ялгаагүй намрын (наадмын дараа эхэлж, цагаан сарын наах нь дуусдаг) болон хаврын (цагаан сарын дараахан чуулж, наадмын өмнөхөн өндөрлөдөг) чуулган нэртэй. Хаваржин золголдоод, намаржин наадамлана. Энэ хоёр баяраар царимжаалсан цаг тоолол, хавар намрын чуулганаар амьсгалсан Монголчуудын амьдрал хөөрхий.

Жендерийн мэдрэмжгүй. Аав нь ахыг нь дагуулаад Хийморийн овоонд гарах болсон тухай сонсоод охин нь “Эмэгтэй хүн хийморьгүй байх ёстой юм уу, шал тэнэг юм” гэсэн гэдэг. Одоо Монгол наадам гээд гоёор нэрлээд байгаа ч заримдаа Эрийн гурван наадам хэмээн жендерийн мэдрэмжгүйгээр нэрлэх нь хэвээр. Хурдан морьдийг эрэгтэй эмэгтэй хүүхэд ялгалгүй унах боловч, сурыг эр эмгүй харвах боловч ялгаагүй л эрийн гурван наадам гэж нэрлэсэн хэвээр. Учир нь эртнээс цэрэг дайны бэлтгэл чадварыг шалгах зорилготой сорилго маягтай үүссэн учраас, цэрэг дайны ажил нь ихэнхдээ эрчүүдийн үүрэг байсантай ч холбоотой биз. Гэтэл өнөөдөр буудлагаар дэлхийн тавцанд нэр гаргаж, медаль энэ тэр авчирсан 2 тамирчин нь хоёулаа л эмэгтэй байгаа билээ. Дэлхийн хоёрдугаар дайны үед мэргэн буудагчдын эмэгтэйчүүдийн салаа суман хүртэл байсныг хэлэхээ больё. Шилдэг мэргэн буудагчдын дунд эмэгтэйчүүд байдаг л юм билээ.

 

Цэрэгжилтийн шалгуур. Одоо морь унан хөөцөлдөж, нум сумаар байлдах шаардлага байхгүй болсон ч тэртээ эртний уламжлалаа хадгалсаар өдийг хүрсэн байна. Заримдаа гоёчлон үндэсний спорт энэ тэр гэж нэрлэх боловч спортлог шинж нь тийм ч мэргэжлийн гэхээргүй. Ёстой л наадам нэрэндээ таарсан. Монгол бөхийн цагийг эзэлсэн их аварга нь дэлхийн дэвжээнд очингуутаа хэн ч мэдэхгүй нэг хятадад дээрэлхүүлж, дэвжээ арчсаар байгаад ирэх нь энүүхэнд. Сумогийн хэд л манай бөхчүүдийн нүүрийг тахалж, нэрийг аварсныг эс тооцвол XXI зуунд манай бөхчүүлд нэг их гавьяа байгуулсан юм байхгүй. Сур энэ тэр бол бүр сураггүй. Тэгэхээр эрийн гурван наадам нь спортлог гэхээсээ наадамлаг, шоулаг, соёл уламжлалын үлдэц төдий л зүйл болж хувирч байна. Болдсайхан эмчийн бичсэнээр “Баатарлаг эрсийн наадаан” нэрэнд л таарна. Нэгэнт спортлог гэхээсээ наадамлаг (шоулаг) юм бол харин ч бүр жинхэнэ наадам болгож, Италийн багт наадам, Бразилийн бүжигт цэнгээн энэ тэр шиг жинхэнэ шоу болгож болмоор санагдана.    

Хуульчлагдсан луйвар. Сүүлийн жилүүдэд наадмаар шинэ хүн түрүүлэх нь элбэгшсэн. Үүнээс улбаалаад бөх шударга болж байна энэ тэр гэвэл харин хуудуутай дүгнэлт болно. Хэдийгээр начны найраа багассан ч бүр байхгүй болсон гэж хэн ч хэлж чадахгүй. Допингийн шинжилгээ хийдэг болсон, Баяр наадмын хуультай болсон ч найраа хэвээрээ л байгаа. Харин ч энэ нь шударга бус зүйлийг хуульчлан баталгаажуулж байгаагаараа улам л шударга бус болж байх аж. Найраагаар начин болчихсон нэгнийг хуулийн зүйл заалт дурдаж байгаад ерөнхийлөгчийн зарлиг гарган улсын цол олгох нь инээдтэй гэхээсээ эмгэнэлтэй. Гэтэл зарлигт гарын үсэг зурж байгаа эрхэм нь шударга байдлыг тогтооно гэж амалж гарч ирсэн нөгөө “Шударга ерөнхийлөгч” шүү дээ гээд бодохоор нэг л биш. Тэд элдэв луйвраа энэчлэн хуульчилж, эрхзүйн хувьд хүчин төгөлдөр болгож баталгаажуулдаг л байх даа гэж бодогдох ажээ. Манай төр данхайж томорч, элдэв жижиг сажиг асуудалд хутгалдан орж байгаагийн баталгаа нь ердөө энэ. Үндэсний бөхийн холбоо бөхийн барилдаанаа зохион байгуулаад яваад ирсэн туршлагатай. Ялихгүй жижиг маргаан, үл ойлголцлыг нь далимдуулан тэднээс энэ ажлыг нь булаан авч, мэргэжлийн холбоодыг хийх ажлаас нь хөндийрүүлж байгаа нь мэргэжлийн холбоодод эрх мэдлийг шилжүүлж иргэний нийгэм байгуулах цаг төдий хэр хол байгааг л харуулах ажээ.

Хувьсгалт агуулгатай. Өнөөдөр, Ардын хувьсгалын яруу алдарт 89 жилийн ой, тулгар төр байгуулагдсаны 804 жилийн ойн их баяр цэнгэл наадам, энэ тэр гээд л их л уран яруу нэрлэх аж. 90-ээд оноос хойш Монгол улс байгуулагдсаны ойг давхар тоолдог болсон боловч нөгөө Ардын Хувьсгалын ой энэ тэр нь хэвээрээ. Шинэ цагийн наадам нь анх 1921 онд Бүх цэргийн наадам нэрийн дор явагдсан гэдэг. Баабар нэгэнтээ “1921 оны 7 сарын 11-нд Монголд ямар ч тэмдэглэлт үйл явдал болоогүй. Төвийн бүсийн нутгаар цэлмэг нартай өдөр тохиосны ойн өдрийг бид тэмдэглэдэг” хэмээн бичиж билээ. 1921 оны хувьсгалын түүхэн учир холбогдлыг хэн ч үгүйсгээгүй боловч ганцхан энэ үйл явдалтай бүх зүйлийг уяж, шинэ цаг тоолол эндээс эхтэй хэмээн сурталдах нь нөгөө л социализмын үеийн хувьсгалт суртал ухуулгыг сануулсаар байх шиг. Тэрэндээ тулах юм бол 1911 оны хувьсгал (хувьсгалчид түүнийг “Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн” хэмээн нэрлэдэг байсан) нь түүнээс дутуугүй байтугай илүү учир утгатай хувьсгал байсан билээ. Тэгээд яагаад зөвхөн 1921 оноос л шинэ үе эхэлсэн аятай сурталдаад байгаа билээ. Яах аргагүй хувьсгалч суртал ухуулгын үлдэгдэл нь хадгалагдаж байгаа болохоор тэр биз. Бусад түүхэн үйл явдлуудыг ч гэсэн давхар давхар нэрлэж алдаршуулахад яагаад болохгүй юм бэ? Ерөөсөө ирэх жил наадмаа ингэж нэрлүүштэй. Анхны төр улс байгуулагдсаны 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жил, Үндэсний тусгаар тогтнолын 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 21 жилийн ой, Хувьсгалт намын байр шатаагдсаны 3 жилийн ой, түүхэн яруу алдарт ойнуудын тэгш ой зэрэг зэрэг давхацсаны өлзий дэмбэрэлтэй түгээмэл их баяр цэнгэл наадам гэхчлэн нэрлэвэл чихнээ чимэгтэй, яруу сонсголонтой биш үү?

Манай ноёд зунжин наадамдав. Бүс бүсээр наадамладаг байснаа болиод дор бүрдээ “Минж Долбу Номун ханы сүүдэр ташаарсны ой” мэт жижиг жижиг овооны наадмыг зохион байгуулж, тухай бүртээ ТВ-ээр сурталчилж шоудаж залхаалаа. Ноёдууд хөдөө орон нутагт ажиллах биш наадамлаж, архи дарс алиа цэнгэл элдэв цээртнийг хичээн дэлгэрүүлцгээлээ. За байз нөгөө баяр наадмын хууль энээ тэрээ юу билээ. Намрын ажлын үеэр наадам зохиож болох билүү үгүй билүү. Болдог бол юу билээ болдоггүй бол юу билээ. Феодалын уламжлалт ноёдын наадмаа гэж. Уг нь би наадмаараа наадамламаар байна, даанч маньд хүртээлгүй юм.

3 Responses to “НОЁДЫН НААДАМ”

  1. jambaa said

    “Тод Магнай” кинонд Наадамн өмнөх сунгаан дээр Морь нь бүдрээд хүүхэд унахад
    Түмэн гүйж очоод унаж байсан хүүхдээ амыг нь татаж явахгүй яасын гэж загнаад
    мориныхоо хөлийг бариад сүйд болдоггүй юу. Тэр нь шиг хүүхдийн асуудал хүнд байна аа.
    Өөрийн хүүхэд биш хүний хүүхдээр унуулж байгаа болохоор ноёдууд тоодоггүй байх даа.

  2. amar said

    “Ноёдын наадам” нэрэн дор ямар сонин сонин дэд сэдвүүдтэй бичлэг вэ?
    Хүртээлтэй болоод бичлэг бичээд байгаан биш үү?
    Хүртээлтэй болоод бичиж ойлгуулах гээд байгаан биш үү?
    Б.Бат-Эрдэнэ аварга түрүүлсэн жилүүдэд найраа байж л байсан. Ганц хүний түрүүлхийг харж суусанч хүмүүс уйдаагүй нь тухайн жилүүдийн талаар зарим нэг хорхойтонгуудаас тэдэн онд, тэдийн даваанд хэн хэнтэй учраа байгаад хэн нь яаж давсан юм бэ дээ гэхэд . Тэр тэрэнтэй барилдаад тэгэж давсан гэдэг юм билээ Одоо харин өнгөрсөн наадмын учрааг асуухад мэдэхгүй ээ нутгийнхаа тэргийг аваа биз, нутгийнхаа тэрийг гаргах гээд нөгөөхийг нь амлаа биз. Яаж ч давсын, яагаад ч унсын мөнгө аваа биз мөнгө өгөө биз л гэх юм.
    Бөхийг жинхэнээсээ, худлаагаасаа сонирхох гэхээсээ бөх нь өөрөө сонирхолгүй болоод байгаа юм чинь. Чухам л нэг гүзээ суусан нөхдүүд.

  3. Залуу улс төрчдөд дараах зөвөлгөөг өгч байвал хэ хэ Хурдан морьтой болж наадам бүрт уралдуулан нэрээ наадамчин олонд таниулах, үндэсний юм уу сумо бөхөөр амжилттай барилдах гэх зэргээр

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: