Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“МАНАЙ КЛУБИЙНХЭН”

Posted by bolod on September 30, 2010

Өнгөрөгч пүрэв гаригт “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг дахин гарч эхэлжээ. Элдэв хэлэлцүүлгүүд сонирхол татахаа байж, элдэв нүүр тулсан ярилцлагууд газар авахаа байгаад, улс төр сонирхолтой сэдэв биш больж, улс төрийг сонирхолтойгоор үзүүлэхээ байчихсан, улс төр сонирхол татахуйц өрнөхөө байгаад мөлгөр хөшүүн, магтаал суртаал л гарах болсон энэ зурвасхан үед бас ч гэж сонирхол татаж болохуйц нэвтрүүлэг. Урьд нь би энэ нэвтрүүлэгт оролцогчдын бүрэлдэхүүнийг эсэргүүдүү гишүүд цуглачихаж гэж харж томъёолж байсан. Бас ч гэж нийгэмд үзүүлэх нөлөөг харж эерэг хүлээлттэй байсан. Одоо харин үүндээ эргэлзэж эхэллээ.

Энэ нэвтрүүлгийн санаа нэлээн дээрээс яригдаж байсан санагдана. Олон нийтийн санааг татахуйц сонирхолтой ямар нэвтрүүлэг байж болох вэ? гэж ярилцаж байхад Туркийн ТВ-ийн ийм нэвтрүүлэг байдаг юм гэсэн санаа яригдаж байсан юм. Тухайн үедээ “Унтдаггүй улстөр” гэсэн нэртэйгээр, нэг хөтлөгчтэйгөөр яригдаж байсан боловч, “Дуусдаггүй яриа” гэсэн нэртэй клуб маягийн зохион байгуулалттай болж таарсан. Нэвтрүүлэгт оролцогчид өөрсдийгөө “манай клуб” гэж нэн тааламжтайгаар томъёолох юм. 5 жилийн өмнө сэтгүүлч Алтантүрүү “Команд” нэртэй яг иймэрхүү нэвтрүүлгийг хөтөлдөг байсан санагдана. Хэн нэг нь улс нийгэмд тулгамдсан сэдэв хөндөнө, дундаа шиднэ. Командын гишүүд тэр сэдвээр оюуны шуурга хийж маргаан мэтгэлцээн өрнүүлдэг. Оролцогчдынх нь бүрэлдэхүүн тогтмол тул тэгсгээд сэдэв нь барагдаж, нөөцөө шавхсан даа.

“Манай клуб” –ийнхэн ч бас нэг тиймэрхүү болох маягтай. Анхандаа УИХ-ын эсэргүүдүү гишүүд гэж томъёолж байсан тэд, УИХ дахь бас нэг бүлэг фракц маягтай болоод явчихлаа. Энэ хэлэлцүүлгээ цаашид өргөн дэлгэрүүлэхийн тулд илүү олон хүнийг хамруулсан уулзалт хэлэлцүүлгүүдийг хийх хэрэгтэй юм гэх “уран” санааг гаргацгаах аж. Аргагүй, сонгууль дөхөж буйн дохио. Угаасаа ч энэ нэвтрүүлэг өөрөө сонгуульд чиглэсэн байсан болохоор одоо бүр өргөн дэлгэр болгож, шууд сурталчилгааныхаа ажилд орж буй нь тэр. Сонгуулийн хуулиар сурталчилгааг ийм эрт эхэлж болохгүй ч, үүнийг одоо сурталчилгаа гэхэд ч хэцүү, нэвтрүүлэг гэхэд ч хэцүү. Гээд яалтай билээ. Сонгуулиар З.Алтай, Д.Энхбат гээд л теле одууд сонгогдоод гарчихдаг бэлээхэн туршлага байхад үзээд алдахаас өөр замгүй. За тэр ч яахав.

“Манай клубийнхэн” ТАХ-ын цалинг 30 хувиар нэмэх асуудлын талаар мэтгэлцэв. Мэтгэлцэх ч гэж саналаа нэгтгэв. Хамгийн түрүүнд О.Чулуунбат гишүүн, цалингийн өсөлтийг бүтээмжтэй нь уях хэрэгтэй гээд үндсэн дүгнэлтээ хэлчихэв. Сайхансамбуу гишүүн ч яахав өөрийн бизнесээ эхэлсэн түүх мүүхээ яриад хольж хаях юм. Араас нь залгаад С.Гантөмөр гишүүн, бүгдийг нь хавтгайруулан 30 хувь нэмж болохгүй, индексжүүлэн нэмэх хэрэгтэй гэж авч байна. Гол санаа нь цалин багатай албан хаагчдын цалинг өндөр хувиар нэмж, цалин өндөртэй албан хаагчдын цалинг бага хувиар нэмэх учиртай гэнэ. МҮЭ-ийн эрхэм дарга С.Ганбаатарын яриад байгаа санаа л даа. Яахав ихэнх нь бага цалинтай тул ингэж яривал масст таалагдана л даа. Түүнийгээ хүч нэмэгдүүлэн өндөр хөгжилтэй орнуудад (арай Японд гээгүй байгаа даа,) дээд доод цалингийн зөрүү 30 хувиас хэтэрдэггүй гэхчилэн мэдэмхийрэв. Уг нь би түүнийг Японд суралцаж төгссөн өндөр боловсролтой, ардчилсан үзэлтэй, шинэ үеийн шилдэг залуу улстөрч гэж бодож байсан юм. Ярьж байгаагий нь сонсоод эргэлзэхэд хүрлээ. Түүнийхээр цалингийн зөрүү 30 хувиас хэтэрдэггүй юм бол Майкл Жордан хичнээн авъяастай ч бай сагсан бөмбөг эхлэн суралцагчаас 30 хувь илүү л цалин авч болох аж. Японы жишиг тийм гэлүү? Тасархай их аваргууд, Ёкозүна л гэхэд жонидан зиндааны бөхөөс 30 дээгүүр цалинтай л байдаг юм байх. Хүний авъяас хөдөлмөр, бүтээмжийг 30 хувийн интервалд л үнэлэх ажээ. 5 минутын өмнө О.Чулуунбат гишүүний хэлснийг огтхон ч ойлгоогүй бололтой.

УИХ дахь иргэний хөдөлгөөнүүдийн цорын ганц төлөөлөл болсон Д.Энхбат гишүүн, Яагаад зөвхөн төрийн албан хаагчдын цалинг 30 хувь нэмж багйаа юм бэ? Нэмбэл бүгдийг нь 30 хувь нэмэх хэрэгтэй хэмээн айлдав. Зүгээр байгаад өгөөрэй. Хувийн хэвшлээр оролдохоо болиорой. Оролдвол тэрмуу төрийн албан хаагчидтайгаа л зууралдаж байхгүй, бас хувийн хэвшил рүү халдах гэнэ. Төр мэдээд, хувийн хэвшлийнхний цалинг тогтоодог болчих юм бол юу болох бол. Ёстой социализм руугаа марш биз дээ. Харин ч төр оролцоогүй тулдаа хувийн хэвшил өнөөдөр өдий зэрэгт хүрч, хамаг ачааг нуруундаа үүрч яваа.

“Манай клубийнхэн” өөр өөр намын төлөөлөлтэй боловч ярьдаг хэлдэг юм нь огтхон ч ялгарахаа байж, нэг долгион дээр донгоддог болж. Ёстой л хэн нь хувьсгалч, хэн нь ардчилагч, хэн нь хөдөлгөөнчин, хэн нь бие тоогч болох нь огтхон ч ялгаагүй болжээ. Манай нийгмийн толь ердөө л энэ.

Advertisements

2 Responses to ““МАНАЙ КЛУБИЙНХЭН””

  1. zorigtsoc said

    социализм руугаа л марш болжийно доо

  2. gankhuyag said

    Дараагийнхаа бичье ээ. Яасан уддаг юм.
    Судлаач Ганаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: