Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЧУУЛГАНЫ ТҮГЖРЭЛ

Posted by bolod on November 29, 2010

УИХ-ын чуулганаар төсөвийн хууль хэлэлцэх гээд, гэтэл танилцуулга хийх ёстой байсан Сангийн сайд С.Баярцогт ирж өгдөггүй эрхэм гишүүдийг цаг хагас чилээсэн гэнэ. Хүлээж чилсэн гишүүд ч ууртай, гэрээсээ гарангуутаа л үүднээсээ авахуулаад замын түгжрэлд орсон сангийн сайд ч ууртай байсан юм болов уу? Толхилцоод авчээ. Үүнээс улбаалаад Хурлын дарга уцаарлаж, “Энэ засгийн газрын гишүүд ер нь хэтэрхий байна шүү, хаана байна бусад сайд нар. Саяхан 5 сайд харагдаж байсан, одоо ердөө л 3-хан сайд байна. Дандаа хурал тасална, ирэхээрээ үзэгдсэн болчихоод гараад явдаг. Энэ ер нь Манай засгийн газар хэр зэрэг ажиллаж байгааг л харуулж байгаа шүү. Ингээд байвал Засгийн Газрыг кабинетээр нь огцруулах тухай асуудлыг ч хөндөж болно шүү” гэхчлэн бууж байна.

Нэг сайд нь ирэхгүй байхад л чуулган ийнхүү түгжирч байна. Энэ удаад замын түгжрэл нь чуулганы түгжрэлийн шалтаг байлаа. Гэхдээ шалтгаан нь биш. Худлаа ингэж тэрүүхэндээ уцаарлаж, хэнд ч хэрэггүй газар авахгүй үг хаяад яах билээ дээ. Их хурлын даргын энэ үг ямар ч нөлөөгүй гэдгийг сайд нар ч, их хурлын гишүүд ч, тэр бүү хэл иргэд ч мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Хурал тасалсан төдийд л засаг огцруулдаг байтугай, хууль зөрччихөөд замруулчихаад огцордоггүй засаг алийг тэр гэх билээ. Тэгэхээр сайд нар болон хурлын дарга нарын хоорондох энэхүү зөрчил хэзээ ч арилахгүй бөгөөд цаашид ч мөнх үргэлжлэх байнгын асуудал болон байсаар байх болно.

Энэ байдлыг засаж болох уу? Болно. Хэзээ засаж болох вэ? УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүний албыг давхардуулан хашдаггүй болсон тохиолдолд л болно. Өөрөөр хэлбэл 2000 онд “Үндсэн хууль”- д хийсэн өөрчлөлтийг буцааж, УИХ, ЗГ хоёр туурга тусгаарлаж байж л энэ асуудал цэгцэрч шийдэгдэх байх даа. Засгийн газрын гишүүн, сайд байна гэдэг их амархан ажил юм шиг байгаа юм. УИХ-ын гишүүнээ хийгээд, намын бүлэг дээрээ хуралдаад, байнгын хороон дээрээ хэрэлдээд, тэгээд чөлөө заваар нь яамаа удирдаад яваад байж болохыг бодоход сайдын ажил гэж хурууны үзүүрээр хийдэг ажил юм шиг байна. Эсвэл УИХ-ын гишүүд гэж нэг хийх юмгүй хүмүүс байдаг болтой юм. Бие биенээ хүлээж, сонин уншиж, нетээр тэнэж, чатлаж, хууч хөөрч, онигоо ярьж, хов жив сэнгэнүүлж, явсан газрын сонин, технологийн шинэ дэвшлээс бие биедээ гайхуулахын зэрэгцээ, элдэв клуб байгуулж, чөлөөт цагаа өнгөрүүлнэ. Камер харангуутаа ухаантай царай гаргаж цэцэрхэнэ, тэгээд гүйцээ. Тэгэхээр сайдын албыг давхар хашихад харшлах зүйлгүй бололтой. Гэтэл олон түмэн УИХ-ын гишүүд хийгээд засгийн газрын сайдуудыг төрийн чухал албан тушаалтан мэтээр сэтгэж, хувь заяагаа тэдэнд даатгаж, тэднээсээ ихийг хүсэж хүлээж байдаг нь өөрсдийнх нь л буруу юм уу даа.

УИХ-ын гишүүд болон сайдууд ачаалалгүй ажил байдаг байлаа ч гэсэн засаглал хуваах зарчмын дагуу тэдний энэ давхардлыг арилгах нь зөв юм байна. Намууд бие биенээ хянахаа байчихаад байхад ядаж төрийн институцууд нь бие биенээ хянадаг баймаар ажээ. Гэтэл Засгийн газрын гишүүд нь бүгдээрээ шахуу УИХ-ын гишүүн учраас өөрөө өөрийгөө хянах чиг үүргийг давхар гүйцэтгэхээр үнэндээ ашиг сонирхлын зөрчилтөй болчихож байна. Өөрөө өөрийгөө хянахаар (үнэндээ хянахгүй болохоор) УИХ-ын нэг чиг үүрэг тэр чигтээ суларч орхино. Улмаар барьцана, дам дам нөлөөлнө. Сайдууд томрохоос аргагүй л юм байна.

One Response to “ЧУУЛГАНЫ ТҮГЖРЭЛ”

  1. Huder said

    Нөгөө Цэнддоогийн Монгол Улсын Ерөнхийлөгч Цэнддоо, Монгол Улсын Ерөнхий сайд Цэнддоо, Монгол Улсын Их Хуралын дарга Цэнддоо шиг үү

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: