Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХЯНАЛТ БАЙГАА ЮУ?

Posted by bolod on December 13, 2010

Сөрөг хүчний хяналт. 1990 онд Монгол улс олон намын тогтолцоотой парламентийн засаглалтай болсон л гээд байгаа. Гэвч яг хэрэг дээрээ Монгол олон намын тогтолцоотой улс мөн үү, биш үү? Өнөөгийн сонгуулийн систем нь өөрийн эрхгүй хоёр намын тогтолцоо руу түлхдэг гэх боловч хэрэг дээрээ хоёр намын тогтолцоотой гэхэд ч хэцүү, энэ хоёр нам цаагуураа нэг хэмээн судлаачид дүгнэх боллоо. Сүүлийн хоёр сонгууль дараалан, сонгуулийн үр дүнгээр олонхийн Засгийн газар байгуулагдсангүй. Зөвшилцлийн засгийн газрууд байгуулагдан ажиллав. Айн Рэндийн хэлсэнчлэн “Зөвшилцөл бол фашизм” гэж үнэн бололтой. Одоогоор УИХ-д цөөнхийн буюу сөрөг хүчний намын ямар нэг бүлэг байхгүй. Үнэн хэрэг дээрээ намууд улс орны хэргийг өөрсдийн үзэмжээр хэлцэн тохиролцож явуулсаар ирлээ. Хоёр хулгайч бие биенээ хялалзахаа байгаад хамтран хулгай хийсэн ч энүүнээс долоон дор байхгүй байх. Дүгнэвэл Монголд сөрөг хүчний хяналт байхгүй байна.

Парламентийн хяналт. Засаглал хуваах зарчмын дагуу, гүйцэтгэх эрх мэдлийг Засгийн газарт ноогдуулж, харин засгийн газарт хяналт тавих чиг үүргийг УИХ-д ноогдуулсан. Харин манай засгийн газар нь УИХ-аас гадуурх хөндлөнгийн бүтэц биш, УИХ-ын нэгэн дэд олонлог төдий. УИХ –ын Засгийн Газрын байнгын хороо гэж хэлэхэд болно. Засгийн газрын байнгын хорооны гишүүд бусдаас илүү эрх мэдэлтэй тул бусад нь барьцаж, өөрийгөө сул гишүүн хэмээн голно. Энэ гомдлыг нь бага ч гэсэн нимгэлэхийн тул УИХ-ын гишүүний мөнгө гэдгийг өгнө. Өөрөөр хэлбэл тэдэнд бага ч гэсэн захиран зарцуулах эрх мэдэл өгч байгаа хэрэг. Нэгэнт өөрөө захиран зарцуулагч учраас өөрийгөө хянуулахыг ч хүсэхгүй, өрөөлийг ч хянахыг хүсэхгүй, Засгийн газраа ч хянахаа байна. Үүнийг зарим нь улс төрийн авлига хэмээн томъёолоод байгаа. Дүгнэвэл Монголд парламентийн хяналт гэж байхгүй байна.

Мэргэжлийн хяналт. УМХГ-ыг цоо шинэ зорилготойгоор, цоо шинэ бүтэц зохион байгуулалттайгаар үүсгэн байгуулж, ажиллуулж эхэлсэн боловч бас л нэг болохгүй байна. Мэргэжлийн хяналтад, мэргэжлийн биш улс төрийн хяналтын нөлөөлөл орж ирээд байгаа нь жирийн иргэдэд ч илэрхий шахам байгаа. Хэдий байцаагчид нь хүч тавин ажиллавч улс төрийн үзэмжээр зарим хэрэг баларч, зарим хэрэг дарагдана. Мэргэжлийн хяналт мэргэжлийн байж чадахаа байх дээр хяналтын чиг үүргээ алдаж, дарамтын, сүрдүүлгийн хэрэгсэл болон хувирах магадлалтай. Дүгнэвэл Монголд мэргэжлийн хяналт байхгүй байна.

Институцийн хяналт. Монголд мэргэжлийн байгууллага холбоод бараг байхгүйтэй адил. Байгаа нь ч үйл ажиллагааны хувьд өрөөсгөл түгжигдмэл. Мэргэжлийн холбоод өөрсдийн үйл ажиллагааг өргөжүүлж өөрсдийн хамаарах чиглэлээрх хяналтаа хэрэгжүүлж чадахгүй байна. Ийм мэргэжлийн холбоод институцүүд байгуулагдах үйл явц хэт удаан, байгуулах явцад ч хүндрэл саад ихтэй, тэдэнд зарим эрх мэдэлийг өгөхөөс төр засагч болгоомжлонгуй байгаа билээ. Дүгнэвэл Монголд институцийн хяналт байхгүй байна.

Хэвлэл мэдээллийн хяналт. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол дөрөвдэх засаглал хэмээн өөрсдөө хөөрнө. Хэвлэл мэдээлэл хүчтэй хэрэгсэл мөн боловч Монгол тэр байдлаар ажиллаж чадахгүй байна. Монголд байгаа ТВ-ийн олон сувгууд, өдөр тутмын сонингууд бараг бүгдээрээ аль нэг бизнес улс төрийн бүлэглэлд үйлчилдэг тэдний мэдэлд ажилладаг гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдөө ил тод ярьж бичицгээдэг. Бүр хэн нэг улстөрчөөр, аль нэг бүлэглэлээр хаягласан мэдээллийн хэрэгслүүд ч байгаа. Хэн нэгний өмч биш, аль нэг бүлэглэлд үйлчилдэггүй ч бүгд мөнгөө төлсөн болгонд үг дуугүй захирагдана. Мөнгөө төлсөн нь хөгжмөө захиалдаг энэ дүрэм нь мөнгөгүй хүмүүсийн амыг барьсантай ялгаагүй. Бүр олон нийтийн статустай, улсын төсвөөр санхүүждэг мэдээллийн хэрэгслүүд нь ч энэ жишгийг дагана. Хэн нэгний эсрэг төлбөртэй, захиалгатай нэвтрүүлгийг цацаж байгаа мэдээллийн хэрэгслийг хяналтын үүргээ гүйцэтгэж байгаа дөрөвдэх засаглалынхан гэж өргөмжлөхөд хараахан болмооргүй байна. Хэн гэдэг сэтгүүлч, аль сонин, телевиз, ямар асуудлыг сөхөж, өөрсдөө азрдлаа гаргаад, хэний гэмт үйлдлийг илчилж, хянаж зогсоож байгаа юм бэ гээд асуувал гарын 10 хуруунд багтах байх. 2008 оны 7 сарын 1-ний үйл явдлаас хойш хэвлэл мэдээллийн хэрэгслүүд илт хаалттай, цензуртэй болсон нь ажиглагддаг. Дүгнэвэл Монголд хэвлэл мэдээллийн хяналт байхгүйтэй адил.

Иргэний хяналт. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, эвлэлдэн нэгдэх, жагсаж цуглах тунхаглагдсан эрхтэй ч бодит эрхгүй. Хэдэн хүн нийлээд үг хэл гаргавал хөдөлгөөнчид хэмээн гутаан доромжлох явуулгыг хууль зүйн сайдаас авахуулаад эрх баригчид нэн ч шургуу хийнэ. Иргэдээ буудчихаад хэнэг ч үгүй байгаа ийм төр, иргэдийнхээ хүсэл эрмэлзэл, зоригийг мохоож, тоталитарианизм руу л хөтөлдөг. 2004-2008 онд идэвхжсэн иргэний хөдөлгөөнүүд болон иргэдийн бусад үүсгэл санаачлагын байгууллагуудыг 7 сарын 1-ний үйл явдлаар үндсэнд нь дарж номхотгож авлаа. Аливаа хуулиуд нууцын зэрэглэлтэй хэлцэгдэж, гэнэтхэн батлагдана. Гэрээ хэлцэл нууцын зэрэглэлтэй батлагдаж, хэрэгжих явцдаа ч нууцлагдана. Иргэд мэдээлэлгүй байтугай мэдээлэл олж авах ч эрхгүй шахуу. Ихэнх мэдээлэл нууцлалын зэрэглэлтэй. Үнэн бодит мэдээллийг нууж, дандаа нэг талыг барьсан итгэхэд бэрх мэдээллийг цацна. Иргэд төр засгаа хянах ямар ч боломжгүй. УИХ-ын гишүүнийг байтугай сум хорооны иргэдийн нийтийн хурлын гишүүнийг ч эргүүлэн татах эрхгүй иргэд төр засгийг хянах ямар ч бололцоогүй юм.

Бүхэлд нь дүгнэвэл Монголын засаглалын систем ямар ч хяналтгүй бөгөөд ийм хяналтгүй засаглалыг юу гэж нэрлэдэг билээ?

5 Responses to “ХЯНАЛТ БАЙГАА ЮУ?”

  1. Surug said

    Н.Энхбаяр хяная гээд л байгаа ш дээ. Харин бүгд л шахуу хянуулахгүй гээд тал талаас нь барьж идэх гээд байгаа юм биш үү.

  2. commentator said

    anarchism

  3. huder said

    Аа яа яа мань мэтийн газрын амьтадад юуны хамаа байх вэ?

  4. Jambaa said

    medehgui yum daa

  5. […] та эндээс уншина […]

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: