Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ӨНДӨР БАРИЛГЫН БҮСЛЭЛТ

Posted by bolod on December 17, 2010

“Вlue sky” цогцолбор дэлхийн өндөр барилгуудын жагсаалтад бүртгэгдэж гэнэ. Ийм мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж, үргэлжлэн аман мэдээллийн хэрэгслээр дамжиж нэг хэсэг давалгаалав. Давалгаалуулахаар ч зорьсон бололтой. Зорилгодоо хүрчээ. Уг барилгатай холбоотой элдэв хэл ам, сөрөг имижийг энэ мэдээллээр дарахыг хүссэн бололтой. Энэ барилга, үнэхээр Монголдоо шинэлэг, Монголдоо өндөр, Монголдоо өнгөлөг, монголдоо дизайнлаг, загварлаг, технологилог байх, маргахгүй. Их ч хурдацтай, эрчимтэй баригдаж байгаад яагаад ч юм бүү мэд зогсонги байдалд орчихсон байсан. Барилгын стандарт юм нь болоогүй юм шиг л дуулдсан, хэн мэдэхэв мэргэжлийн хяналтынхан л мэдэх байх. Харин одоо энэ барилгыг зүтгүүлэхээр шулуудсан бололтой. Сурталчилж эхэллээ.

Маньд ямар хамаатай билээ. Энэ бол мэргэжлийн хяналтынхны ажил. Монгол улсад барилгын салбарт мөрдөгдөх 360 билүү 365 стандарт байдаг гэдэг. Барилгын зураг төслөөс авахуулаад баригдах үеийн аюулгүй байдал, технологийн горим, материалын чанар, барилга хоорондын зай, барилгын эргэн тойрны зай талбай, тохижилт, халаалт, цахилгаан, гэрэлтүүлэг, хаалга цонх хүртэл тусдаа стандарттай байх. Дээрх стандартуудыг бүгдийг хангасан болоод л энэ барилга ингэж баригдаж дуусаагүй, ашиглалтад хүлээн авагдаагүй байхдаа урьдчилан өндөр барилгын жагсаалтад бүртгэгдсэн байх даа.

Энэ их өндөр барилгад олон л хүн орж гарах байх, тэр хэрээр л дор хаяж автомашины зогсоолын талбай хэрэгтэй баймаар. Ленинклубийн зүүн талд байсан хуучин талбайгаар нь төсөөлбөл тэнд тийм олон машин зогсоох талбай лав байхгүй. Ахмадын чөлөөт холбооны тэргүүн Баасан нарын булаацалдаад тэмцээд байсан байшинг буулгаж нурааж хөөхгүйгээр тийм орон зай гаргах боломжгүй. Тэгэхээр энэ нь стандарт хангаж байгаа юу үгүй юу? Ленинклубын барилгаас энэ барилга хэдэн метр зайтай вэ? Барилга хоорондын зай нь хүрэлцээтэй юу үгүй юу? Дахин хэлэхэд энэ бүхэн мэргэжлийн хяналтынхны ажил. Замын ачаалал нэмэгдэж замын бөглөрөл үүсч магад замын цагдаагийнхны хэрэг.

Миний хувьд ердөө л мэргэжлийн биш гомдол байна. Сүхбаатарын талбайг хөндлөн гарах тоолонд нүдэнд хамгийн түрүүнд Богдхан уул тусдаг байлаа. Бороотой, цастай, гандсан, шарласан, сэргэж ногоорсон зэрэг байгалийн хувирлыг бүгдийг Богдхан уулаар төсөөлөн харж болдог байсан юм. Энэ нь хотын түгжигдмэл бөглөрөлтэй амьдралаас түр ч атугай сатаарах сайхан арга болдог байлаа. Тэр цаг өнгөрчээ. Сүхбаатарын талбай дээрээс байтугай Зайсан толгой дээрээс Богд уулаа олж харахад хэцүү болж байна. Америк, Япон, Гонконг, Сингапурын өндөр өндөр барилгуудыг шагшихын зэрэгцээ тэнгэр баганадсан өндөр барилгууд нь нэг л дарамттай сэтгэлд давчуу гэж ярьцгаадаг нь бидэнд тулж ирж байгаа бололтой.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэг удаагийн ярилцлагынхаа үеэр, “Энэ Сүхбаатарын талбайн урд талд баригдаж байгаа нэг өндөр барилга байна аа. Тэр барилгыг харахаар л миний дургүй хүрээд байгаа байхгүй юу, цүдийчихээд жирэмсэн эхнэр шиг” гэж хэлж билээ. Хөөрхий уран цэцэн зүйрлэл олж ядахдаа л тэгж хэлсэн байх. Тэрнээс биш энэ үгийг нь мушгиж, “Ц.Нямдорж жирэмсэн эмэгтэйчүүдийг үзэн яддаг, эхнэрээ ч гэсэн жирэмсэн байхад нь харах дургүй байсан, хүүхдийн мөнгөнөөс болоод сүүлийн үед жирэмсэн эмэгтэйчүүдэд бүр ч дургүй болсон” энэ тэр гэж хэлж болохгүй л дээ. Сүхбаатарын талбайг тойрсон өндөр барилгуудыг л шүүмжилсэн хэрэг гэж ойлгосон.

Соёлын төв өргөө гэж бидний нэрлэдэг өндөр барилгыг барих зураг төсөл хийгдэж 80 –аад оны эхээр баригдаж эхэлсэн санагдаж байна. Сураг сонсохнээ, анх Тасганы овоон дээр барихаар төлөвлөж байгаад (анхны зураг төслөөр 32 давхар ч билүү их л өндөр байшин байсан санагдана) тийм өндөр барилгыг цэвэр усаар хангах асуудлыг тухайн үед шийдэж чадаагүй учраас нам дор газар гэж энэ газарт нь барихаар товлосон гэх юм билээ. Тэгэхдээ төрийн ордоны дэргэд ийм өндөр байшин барьж болохгүй гэж зураг төслийг дахин өөрчилж, намсгаж, тараан байрлуулж, орчны барилгуудтай нь зохицуулах гэж нэг иймэрхүү шийдэл гаргасан гэдэг. Ажиглавал “Өндөр” барилгын өндөр хэсэг нь Засгийн газрын ордноос нэлээд зугтаалгасан шийдэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд л ийм зохицол уялдаа, архитектурын шийдэл, хот төлөвлөлт энэ тэр хамаагаа алдсан юм болов уу? Мөнгөтэй нь газар авч дуртай барилгаа барьж самарч байна.

Төрийн ордныг бүсэлсэн өндөр өндөр барилгууд шил шилээ даран баригдлаа. Төрийн ордныг бүслэх байтугай цаашид бүрхэж ч мэдэхээр байна. Төрийн томчуудыг устгах мэргэн буудагч байдаг бол аль дуртай барилгынхаа дээвэр дээр гарахад л гүйцэх хэрэг. Золоор Монголын төрийн томчуудын амь насанд халдах шаардлага, бодол одоогоор хэний ч толгойд ороогүй байна. Цаашдаа ийм бодол төрөхгүй гэх газаргүй. Кинон дээр тэгдэг л биз дээ. Тэгвэл яах вэ? гэж хэн ч бодоогүй, урьдчилан сэргийлээгүй л байна.

Хүнд үзүүлэх харуулах юмтай боллоо гэнэ. Гадаадын жуулчид Монголд ирээд энэ өндөр барилгыг харж нүд хужирлах юм гэнэ. Ёстой яриваа. Тэртээ тэргүй энэ байтугай өндөр барилгууд, энэ байтугай гоё хийцтэй загвар дизайнтай барилгуудыг харж байгаад бараг тэндээс зугтаад шахуу Монголын байгалийг харж нүд хужирлахаар ирсэн жуулчдыг ганц муу байшингаар татах юм гэнэ дээ. Их хотын амьдралаас зугтаад Улаанбаатарт буусан жуулчид, Улаанбаатараас зугтаад шахам хөдөөг зүглэдэг нь тийм шалтгаантай байх.

“Чингис хаан” нисэх буудалд буусан япон жуулчин Буянт-Ухааг дөнгөж давж Ярмагийн дэнжийг харангуутаа л “Ямар том тал вэ? Талын Монгол гэж яасан үнэн үг вэ?” гээд дуу алдаад алгаа ташин дэвхцээд байдаг гэж сонсож билээ. “Улаанбаатарын төвд нь нэг их том хов хоосон талбай байдаг. Түүнийг нь Сүхбаатарын талбай гэдэг. Энэ талбайн яг хойд талд нь Төрийн ордон нь байна. Төрийн ордны урд ихэмсгээр залрах Чингис хаан, дэлхийн хамгийн эртний дархан цаазтай уулыг ширтэн мөнхийн бодолд автан байна. Та ч гэсэн Улаанбаатарын төв талбай дээрээс онгон байгаль, дархан цаазат уул, байгалийн гайхамшгийг харж биширч болно” гэх мэтээр гадаадын жуулчид дуу алдаж байвал зүгээрсэн.

Монголд ямар газар мундсан биш. Ингэж хотын төвдөө шавааралдах хэрэг байгаа бил үү? Энэ өндөр барилгуудаа харин ч хотын төвөөс зайдуу алсхан барьж, ирээдүйгээ харж болоогүй л юм байх даа. Манай хотын захиргаа ч гэж, манай засгийн газар ч гэсэн ядаж төрийн ордноос урагшаа Богд уул хүртэл хараа тусах газарт уул халхлахаар өндөр барилга бариулахгүй гээд хуульчилчихаж, журмалчихаж болоогүй л юм байх даа. Гэтэл бид өнөөдөр ялгаа байхгүй хаана ч байдаг шавааралдсан байшингуудын овоолго болох зүг рүүгээ явж байна. Санаагаар болдог бол Сүхбаатарын талбай дээрээс Богд уулаа харж баймаар л байна. Гэтэл энэ нь нэгэнт эргэлт буцалтгүй болжээ. Алдагдсан боломжийн үнэ цэнэ төсөөлшгүй.

2 Responses to “ӨНДӨР БАРИЛГЫН БҮСЛЭЛТ”

  1. Huder said

    Манайхан харин сая жаахан цас орсон чинь түүнийг арилгадаг гэдгийг мартсан байсан шүү талбайг чинь уул нь цас нь орж эхлэхэд арилгаад эхэлдэг байсан даа тэгсэн харин сая арилгалгүй удлаа шүү. Нөгөө ТҮК-ний жагсаал цуглаан, ландаар хог зөөдөг паян нь юугаар төгссөн юм бол доо.

  2. amar said

    Яагаад бичихгүй байна вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: