Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ТӨВ ТАЛБАЙ ХЭНИЙХ ВЭ?

Posted by bolod on January 23, 2011

Би нумерологич биш ч гэсэн 2011 оны 01 сарын 23-ны өдрийг бэлгэшээж блогоо хөдөлгөөнд оруулахаар шийдлээ.  1 сарын 23-ны бараг 24 цагт… Тэгээд товчхон төрөгдөл биччихдэг юм уу?

80-аад онд гадныхан Монголд ирэхээрээ, хотынх нь төвд асар том хоосон талбай байх юм, хэмээн гайхдаг байсан гэлцдэг. Манай Сүхбаатарын талбай нээрээ аль ч улсын нийслэлд байхгүй, овоо том талбай байх шүү. Нөгөө алдарт Тянь Аньминий талбай, Улаан талбай энэ тэртэй л өрсөлдөх байх.

1921 онд энэ талбайд хогийн овоо л байсан гэлцэнэ. Ардын журамт цэрэг нийслэл хүрээнд орж ирэхэд Сүхбаатарын унаж явсан морь нь яг тэнд шээсэн учраас, шадруудынх нь нэг марталгүй санаж яваад хожим түүний нэрээр энэ талбайг нэрлэж, хөшөө дурсгалыг нь босгосон гэдэг домогтой. Энэ ч яахав нэлээд хувьсгалжсан л домог байх. Гэхдээ Хувьсгалт нам, хувьсгалт засаг гэдэг нь жанжин Сүхбаатартай салшгүй холбоотой болохоор төв талбайгаа Сүхбаатарын нэрээр нэрлэх нь хувьсгалын зорилготой яв цав нийцэж байсан учраас л түүний хөшөөг босгосон нь гарцаагүй, төв талбайгаа тэрчлэн нэрлэсэн нь баараагүй.

Сүхбаатарын хөшөөг өнгөрсөн намраас эхлэн буулгаж, шинэчилж “хүрэлдэж” байгаа ажээ. Хөшөөг шинэчлэх ажил нэлээд ахицтай байгаа бололтой, арслангууыг нь суурилуулаад эхэлсэн талаар мэдээлэв. Үүнтэй зэрэгцээд дэмий шахуу, бүтэлгүй бодол толгойд орж ирлээ.

Сүхбаатарын хөшөөг заавал Сүхбаатарын талбайд байрлуулах хэрэгтэй гэж үү? Сүхбаатарын хөшөөг заавал Сүхбаатарын талбайд байрлуулах нь зөв л байх л даа. Гэхдээ улсын маань төв талбай заавал “Сүхбаатарын” талбай байх ёстой гэж үү? МАХН, “хувьсгалт” нэрээ аваад хаячихсан юм чинь Ардын “Хувьсгалын” удирдагчийнхаа хөшөөг ч төв талбайгаасаа нүүлгэчихэж болохгүй гэж үү? Сүхбаатар үнэхээр Ардын намыг үндэслэсэн нь үнэн л юм бол Ардын намынхаа байрны үүдэн дээр хүндэтгэлтэйгээр залвал илүү утга төгөлдөр, учир зүйтэй болох бус уу? МАХН-ын байрны, уучлаарай хуучнаар нь нэрлэчихлээ, МАН-ын байрны өмнөх талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлээд, Сүхбаатарын хөшөө Сүхбаатарын талбайдаа л байвал болохгүй гэх газаргүй бөгөөд дан ганц тэдний сэтгэлийн чиг зориг л мэдэх хэрэг. Тэгээд ч  зүүхэн талд нь Ленийн багшийнх нь хөшөө бэлээхэн байж байгаа.

МАН-ын байр шинэчлэгдэж Тусгаар тогтнолын ордон нэртэй болж байгаа. Тусгаар тогтнолын ордны өмнөх талбайг Сүхбаатарын талбай гэж нэрлэвэл утга төгөлдөр болж байгаа бус уу? Ингэж өөрчилсөн жишээ захаас аваад зөндөө,  Ленинград, Сталинград, Калининград гээд л агуу хувьсгалчдын нэрээр нэрлэгдсэн том том хотууд бүгд л нэрээ сольж өөрчилчихөөд байхад бидний Монголчууд л хувьсгалчаараа хуучин нэрээ хадгалаад яваад байгаа юм байна. Эрх чөлөөний талбайг Тусгаар тогтнолын талбай гэж нэрлэсэн, Буянт-Ухааг Чингис хаан гэж нэрлэх болсон, Сү.Батболд сайдын “хувьчилж” авсан “Чингис” зочид буудал өмнө нь “Сэлэнгэ” гэдэг нэртэй байсан гээд л жишээ зөндөө шүү дээ. 

Чингис гэснээс хотынхоо төв талбайг Чингисийн нэрээр л нэрлэе л дээ. Сүхбаатар, Чингис гээд хэлээд харьцуулаад бодоод үз аль нь илүү жин дарж байна. Монголчуудыг Чингисийн Монгол гэж л дэлхий мэддэг болохоос Сүхбаатарын Монгол гэж хэн ч мэдэхгүй. Чингис гэдэг нэр 800 жил ертөнцийн чихнээ дуурсагдсан бол Сүхбаатар гэдэг нэр 80 жил болоод дурдагдахаа ч больж эхэлж байна. Монголд ирэнгүүт төв талбай дээр нь Сүхбаатар гэж хэн ч мэдэхгүй танихгүй нөхрийн хөшөө байж байх нь хэний анхаарлыг татах юм. Үнэндээ 90-ээд оноос хойш төрсөн хүүхдүүд Сүхбаатар гэж мэдэх ч үгүй өсөж байна. Ямар сайндаа л Сүхээ ахын талбйа гэж дуулцгааж байх вэ дээ? Арван жилийн нэг хүүхдээс, чи Сүхбаатар гэж мэдэх үү гэж асуусан чинь мэднэ гэж. Ямар хүн байсан юм бэ гэсэн чинь, он (тэр) эх орон ч хүн байсан гэж хариулсан гэнэ. Үнэндээ түүнээс цааш юу ч мэдэхгүй. Монголчууд ч өөрсдөө сайн мэдэхгүй байгаа тийм хүнээр төв талбайгаа овоглох нь хэр зөв бэ?

Төв талбайг Чингисийн талбай гээд нэрлэчихье. Та зүгээр төсөөлөөд үз. Тэртээ тэргүй манай агуу их удирдагчид, нам засгийн мэргэн бодлогоор Төрийн ордны урд талыг тохижуулж Чингисийн хөшөө бүтээчихсэн байгаа. Тэр хөшөө нь хэдий хүртээмж муутай, ур хийц багатай, сүр бараагаар тааруухан гээд олон хүн шүүмжилдэг ч Чингис л юм болохоор хүн болгон л очиж хүндэтгэл илэрхийлдэг. Сүхбаатарын хөшөөний суурин дээр түүнээс илүү сүрлэг сайхан хөшөө дурсгалыг Монголчууд бүтээж цогцлоож чадахгүй гэж үү? Оюутолгойгоос олж авах “асар их” ашгаар ядахдаа ганц сайхан хөшөө дурсгалыг босгочихвол жуулчин муулчин татаж, зураг хөрөг авахуулах гээд дагаад олон олон жижиг бизнес цэцэглэх юм биш биз.

Чингисийн хөшөө биш юмаа гэхэд Хархорум хотод байсан нөгөө алдартай Мөнгөн модыг дахин цогцлоочихож болдоггүй л юм байх даа. Жинхэнээсээ бал бурам, архи дарс гоожихгүй ч гэсэн усан оргилуур байж болохгүй гэж үү?

Болохгүй ээ, Тэр Мөнгөн мод чинь Хархорум хотын бэлгэдэл гэж үү? Тэгвэл, Чингисийн хатдын сэрэг дүр бүхий хөшөө дурсгалыг цогцлоож яагаад болохгүй гэж. Энд тэнд олон хатадын барималтай усан оргилуур цогцолбор газар зөндөө л байдаг. Чингисийн хатдын дүрийг алтаар урлаад босгочихвол гадна дотны жуулчид үзэх харах юм нэгээхэн ч гэсэн нэмэгдэх байх. Монгол бүсгүйчүүдийн гоо сайхан, сүр жавхланг дэлхий харж биширч байг.  

Төв талбайгаа тэгэхээр хэний нэрээр нэрлэх нь зөв байна? Сүхбаатарын талбай юу? Чингисийн талбай юу?

3 Responses to “ТӨВ ТАЛБАЙ ХЭНИЙХ ВЭ?”

  1. amar said

    Сонин өнцөг байна.
    Яагаад тэр хөшөөг тэгэж ихээр хувьсгал, нам хартай холбож үзээд байгаа юм бэ?
    Тэр хөшөөг би хувьдаа улс төрийн гэхээсээ урлагийн үүднээс илүү хардаг. Тэр хөшөө чимэг болдог хөшөө. Тэрнээс гоё хөшөө хаана байгаан? Хийц, зохиомж нь их гоё.

    Монголчууд ч өөрсдөө сайн мэдэхгүй байгаа тийм хүнээр төв талбайгаа овоглох нь хэр зөв бэ? -Энэ өгүүлбэрийн цаад санааг огтхон ч ойлгосонгүй. Үүгээр юу хэлэх гээд байгаа юм бэ? Энэ хэсгийн уншаад мэдэхгүй болохоор нь, мэдэхээ байчихаар нь мэддэг зүйлээр нь хамаг юм аа солиод байх уу? Энд зөвхөн Сүхийн хөшөөний тухай яриагүй гэдгийн та эрх биш ойлгох байх.

    Нэр ус солио л биз тэр тэгсэн би ч бас эж намирч яадгийн та хүртэл блогийнхоо нэрийг сольсон тэглээ гээд Ц. Болд яаж өөрчлөгдсийн?
    Сүхийн хөшөөнөөс илүү жинхэнэ урлагийн бүтээл гарч ирвэл зай тавьж өгдөг нь юу юм гэхээс гадаад дотоодоод мөнгө орж ирж байгаа сургаар, хийгээгүй байж хийчихсэн юм аа устгаж, зайлуулах нь дэндүү эмэгнэлтэй юм.

    Эцэст нь хэлэхэд хэний ч талбай байсан яадгийн эрх төлөөний талбай гэж байдаг ч тэнд эрх чөлөөтэй үгээ эхэлж суулт хийж болдог билүү ялгаагүй л баривчилагдан хөөгдөнө ш дээ.

    • bolod said

      Дэмий шахуу санаа гэж би бичлэгийнхээ эхэнд хэлсэн байгаа биз дээ? Урлагийн бүтээл гэдэг талаас нь би ойлгож байна. Гоё хөшөө. Хувь хүнийх нь хувьд ч Сүхбаатар гээд үзэн ядаад байх зүйлгүй. Бид Сүхбаатар кино үзэж Сүхбаатараар амьсгалж хүн болсон. Түүхийн богино зурвас үед аваад үзвэл Сүхбаатарыг түүхэн хүн гэж харж болно. Харин урт хугацаанд харвал жин дарахгүй. Тэртээ тэргүй Чингис хааныг мянганы хүн гээд дэлхий тодруулчихсан биз дээ. Чингисийн нэрийг дэлхий даяараа худалдаж идэж байхад бид л олигтой өмчилж, өөрийн болгож, бахархаж чадахгүй байгаа юм шиг санагдаад. Чингис Монголынх юм бол, Монгол Чингисийнх юм бол Монгол улсын төв талбай нь яагаад Чингисийнх байж болохгүй гэж?

      • huder said

        Таны энэ санаа чинь одоо дээд цэгтээ хүртэл яригдаад нэг юм больж байх шиг байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: