Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НИЙСЛЭЛИЙН ХӨГЖИЛ

Posted by bolod on January 26, 2011

Нийслэлийн удирдлагууд чуулж гэнэ. Нийтийн мэдээллээр ярьж байна. Нийслэлийн хөрөнгө оруулалтын асуудлаар хийсэн өргөтгөсөн зөвлөгөөн дээр “Улаанбаатар өнөөдөр өргүй байна” хэмээн засаг дарга Г.Мөнхбаяр мэдэгдэж гэнэ. Өргүйгээр барахгүй өнгөрсөн жилийн орлого нь давж биелээд, түүнээсээ 10 тэрбумыг оролцуулан 2011 онд 236,3 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтыг хийх гэнэ. Ирэх жил нийслэлийн бүтээн байгуулалтад ойгүй их мөнгө зарцуулна гэнэ. Өнгөрсөн жилийнхээс хэд дахин их мөнгөөр нийслэлийг бүтээн босгох юм байна.

Хөрөнгө оруулалт мөн үү? Хөрөнгө оруулалтын хэмжээ нь ингэж их нэмэгдэж байгааг нь харахад тэд бас их ажиллаж байгаа хэрэг болж таарах гээд байдаг. Гэтэл хиймээр, хийчихэж болмоор зүйл асар их байгааг тооцвол тэд ер нь олигтой ажиллахгүй байх шиг. Өнгөрсөн 20 жилд нийслэл ер нь юунд хөрөнгө оруулсан юм бэ? Ингээд бодвол ингэж их хөрөнгө оруулаад хийгээд байгаа ажил нь өмнө нь хийгээгүйгээ нөхөх гэсэн л оролдлого төдий харагдана. Одоо хийж байгаа нь муу биш. Гэхдээ сайн ч биш. Урьд нь хийж болох байсан зүйлийг юуны учир ингэж хойшлуулсан юм бол. Нөгөө талаас дээрдэж мэдрэгдэж байгаа зүйл харагдахгүй байгааг бодоход нийслэлд хийгдэж байгаа нөгөө их хөрөнгө оруулалт нь эрэлтийн хурдыг огтхон ч гүйцэхгүй байгаа бололтой. Ердөө л, энэ их мөнгөнөөс хэн нэг нь хусч байгаа даа гэх хардлагыг л төрүүлж байна. Их хөрөнгө оруулалтыг дагасан их ашиг нь үнэхээр нийслэлийн иргэдэд чиглэсэн байна уу, тэдний нэрээр хийгдэж байна уу? гээд эргэцүүлбэл асуудал босоод ирнэ. Тэгэхээр нийслэлийн хөрөнгө оруулалт нь ирээдүйтэй хөрөнгө оруулалт биш гал унтраах төдий, хэн нэг гүйцэтгэгчид л ашигтай, хөрөнгө зарцуулалт байх вий гэж эмээж байна.

Бүтээн байгуулалт мөн үү? Манай нийслэл бүтээн байгуулагдаж байгаа юу? ЯГ энэ асуултыг дагаад түмэн асуулт хөвөрнө. Ер нь нийслэлийн бүтээн байгуулалт гэж яг юуг нэрлэх вэ? Бид нийслэлийг бүтээн байгуулж байгаа юу? Нийслэлийн амьсгааг бүтээж, сөнөөж байгаа юу? Одоогоор энэ асуултад би хариулж чадахгүй байна. Байгаа гээд байгаа тэр төлөвлөгөөгөө баримталдаг болов уу? Хот байгуулалтын төлөвлөгөөнийхөө дагуу сад цэцэрлэгүүдийг устгаж, сургууль цэцэрлэгийн газрыг булааж, цэвэр усныхаа эх үүсвэр дээр газар олгож байгаа гэж үү? Тоглоомын талбайнуудыг, нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу зарж үгүй хийсэн юм гэж үү? Нийслэлийг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд замбараагүй, шавааралдсан, чанартай, чанаргүй, ногоон байгууламжгүй, зогсоолын талбайгүй, зам гарцгүй, бие биенийхээ цонхыг хаасан барилгууд баригдахаар тутсгагдсан байдаг юм болов уу? Нийслэлийг бүтээн байгуулаад байгаа гэж яриад байгаа нөхдүүд яг юуг бүтээн байгуулаад байгаа юм бэ? Нийслэл юм бол нийслэлд юу бүтээгдсэн байх ёстой юм бол? Зүгээр нэг ЮУ ч биш, тэр юуг ямар стандартаар, хэдий хэмжээтэй, хүрэлцээтэйгээр, хаана хаана бүтээн байгуулах ёстой вэ? Одоогийн байдлаар бүтээн байгуулалт биш, замбараагүй барилгын овоолго шаваалга болох вий гэж эмээж байна.

Нийслэлийн хөгжил ирээдүйтэй юу? Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө гэж байна уу? Яг энэ байдлаараа ингээд “бүтээн” байгуулаад байхад нийслэлийн хөгжлийн ирээдүй танд харагдаж байна уу? Надад харагдахгүй байна. Нийслэл хөгжихийн тулд хөгжлийнхөө ирээдүйг тооцож, төлөвлөөд түүндээ чиглэсэн арга хэмжээг шат дараатай авах хэрэгтэй байх. Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө байхгүй, байсан ч түүнийгээ мөрдөхгүй хэн нэгэн эрхтэн дархтан, эсвэл хэн нэгэн баян хүний хүсэл зоргоор дур дураараа шавар овоолоод байвал юун хөгжил. Юун ирээдүй. Энэ байдлаараа Улаанбаатар тун удахгүй гамшгийн хэмжээнд очно. Одоо бид Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд хүрчээ гээд л амтай болгон ярьж байгаа шиг, Улаанбаатарын хөрс усны бохирдол, хог хаягдал, цахилгаан, дулаан, нийтийн тээвэр, сургууль цэцэрлэг, үзвэр үйлчилгээ, Улаанбаатарын зам, замын түгжрэл, гэр хороолол, Улаанбаатарын ядуурал, ажилгүйдэл, гэмт хэрэг гээд шийдэж чадахгүй олон хур асуудлууд бүгд гамшгийн хэмжээнд хүрэх вий.

Хот байгуулна гэдгийг зүгээр нэг барилга барих, шавааралдуулах төдийгөөр ойлгож боломгүй. Хот байгуулалт гэдэг нь илүү өргөн хүрээтэй цогц ойлголт. Хот байгуулалт гэдгийг энгийнээр томъёолбол, ердөө л дэд бүтцийн асуудал. Бүх л дэд бүтцийг шийдчих юм бол барилга барих асуудал нь ихээ энгийн хялбар зүйл болж хувирна. Эхлээд, зам харилцаа, зогсоолын талбай, ногоон байгууламж, цахилгаан дулаан, цэвэр бохир, нийтийн тээвэр, сургууль соёл, шуудан харилцаа, үзвэр үйлчилгээ, эмнэлэг домлого, дэлгүүр худалдаа гээд дэд бүтцийн асуудлыг шийдээд зохицуулчихвал барилгыг барьж болдог гэдгийг одоо бид нар харж байна. Харин байшин барьж, чигжиж дууссаны дараагаар дэд бүтцийн асуудлыг яагаад ч шийдэж чадахгүй гэдгийг Улаанбатарын жишээн дээр бас харж болж л байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: