Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЛОН СОНГОЛТТОЙ АСУУЛТЫГ БОЛОВСРУУЛАХ

Posted by bolod on February 10, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 7 

Сүүлийн жилүүдэд нийгмийн салбарт судалгааны ажлууд олноор хийгдэх болж тэр хэрээр судалгааны мэдээллийг боловсруулах түвшин, судалгааны ажлын чанар нэмэгдэж байна. Судалгаа эрхэлж буй олонх залуу судлаачид анхан шатны боловсруулалтыг хийх чадвартай туршлагатай болж буй боловч зарим арга техник тэдэнд дутагдаж байгаа тал бий. Энэ удаад залуу судлаачдын байнга асууж байдаг зүйлийн талаар зөвлөгөө хүргэхээр сонгон авлаа.

Анкетийн судалгаанд олон сонголттой асуулт цөөн биш хэрэглэгддэг. Респондент хариултын хувилбаруудаас нэг биш хэд хэдэн хариултыг сонгох боломжтой бол тэр асуултыг олон сонголттой асуулт гэнэ. Yнэндээ үргэлж нэг хариулт сонгох боломжит хувилбар бүхий асуултуудыг дандаа ашиглах боломж хязгаарлагдмал бөгөөд судалгаанд оролцогчийн хариулах эрхийг зарим тохиолдолд хүндэтгэн үзэхээс өөр аргагүй тохиолдол гардаг юм. Ийм тохиолдолд судалгааны шаардлагаар олон сонголттой асуултыг ашигладаг бөгөөд олон сонголттой асуултын хэд хэдэн янзын хувилбар байж болно.

Хамгийн чөлөөт хувилбар нь “та дараах хариултуудаас хэдэн ч хариулт сонгож болно” гэсэн хувилбар асуулт байдаг. Ихэнхдээ энэ нь 10 болон түүнээс дээш боломжит хувилбартай асуулт байна. Мөн түүнчлэн “гол гэсэн 3 хариултыг сонгоно уу”, “хэрэгтэй гэж үзсэн 5 хүртэлх хариултыг сонгоно уу” гэх мэтээр хариултын тоонд хязгаарлалт тавьж болдог. Ингэж хязгаарлалт тавих нь хоёр талын ач холбогдолтой юм.

Нэгдүгээрт гол гэсэн хариултыг гол биш хариултаас ялгах, хариултын ялгаа, хүчийг тодруулж өгөх сайн талтай. Ингэж хязгаарлалт хийж өгөхгүй бол респондент бүх хариултыг юм уу ихэнх хариултыг дугуйлах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд чухам аль хариулт нь илүү жин дарж байгааг тодруулахад хүндрэлтэй болно.

Хоёрдугаарт хариултуудын ижил магадлалтайгаар сонгогдох боломжийг хангаж өгдгөөрөө давуу талтай юм. Анкетийн асуултууд дунджаар 5 боломжит хариултын хувилбартай байдаг гэж үзвэл нэг хариулт нь 5 хариулт тутмаас сонгогдох боломжтой. Энэ санаагаар бол 10 боломжит хариулт бүхий олон сонголттой асуултын хувьд гол гэсэн 2 хүртэлх хариултыг сонгоно уу гэж зааж өгч болно. Хэрэв анкетийн асуултууд дунджаар 3 боломжит хариултын хувилбартай байвал 12 хариулт бүхий олон сонголттой асуултаас 4 хүртэлх хариултыг сонгоно уу гэвэл энэ нь 3 хариулт тутмаас нэг нь сонгогдох магадлалыг хангаж байгаа хэрэг болно.

Түүнчлэн сонголтын тоог чөлөөтэй тавьбал, тухайлбал гурван хариулт сонгосон респондентийн хариулт болон 10 хариулт сонгосон респондентийн хариултууд харилцан адилгүй жин дарж судалгааны дүнгийн үнэн магадтай байдалд сөргөөр нөлөөлөх боломжтой юм. Тиймээс респондентуудын саналын тэгш байдлыг хангахын тулд судалгаанд ихэвчлэн сонголтын хязгаарлалтыг зааж өгдөг байна.

Олон сонголттой асуултыг компьютерт оруулахдаа хоёр янзын хувилбарыг ашигладаг.

  1. Сонгох хамгийн дээд боломжийн тоогоор багануудад задлах
  2. Тухайн асуултын хариултын хувилбарын тоогоор багануудад задлах

Мэдээллийг аль ч хувилбараар шивсэн бай ялгаагүй, эдгээр тус тусдаа байгаа мэдээллүүдийг нэгтгэж тоолж болно. Yүний тулд эдгээр тус тусдаа багананд байгаа мэдээллүүдийг хувьсагчуудын нэгдсэн нэг багц /set/ болгох шаардлагатай.

  • Analyze (цэсээс)

                                    Multiple response►

                                                Define Set…

командыг сонгосноор Define Multiple Response Set гэсэн харилцах цонх идэвхжинэ.


 
  • Зүүн талын дэлгэц дэх боломжит бүх хувьсагчийн жагсаалтаас багцад оруулах хувьсагчуудаа сонгон авч  товчны /голын сумтай товч/ тусламжаар баруун талын дэлгэцэнд шилжүүлнэ.
  • Variables Are Coded As гэсэн хэсгээс Dichotomies болон Categories гэсэн хоёр сонголтоос нэгийг нь сонгоно. Дихотоми хариулт бүхий асуултуудыг ашиглах гэж байгаа тохиолдолд Dichotomies гэсэн сонголтыг, олон хувилбарт хариулттай асуултуудыг ашиглах гэж байгаа бол Categories гэсэн сонголтыг хийдэг. Ард нь байрлах нүдэнд боловсруулалтад ашиглах хувилбарт хариултуудынхаа эхний болон сүүлийн хариултын дугаарыг бичнэ. Ихэвчлэн эхний нүдэнд 1 гэсэн тоог дараагийн нүдэнд хариултынхаа сүүлийн хувилбарын дугаар буюу нийт хувилбарын тоог бичдэг. Гэхдээ боловсруулалтад заавал бүх хувилбарыг ашиглах шаардлагагүй тохиолдолд өөр маягаар оруулж болно.
  • Шинээр үүсгэх багцынхаа нэрийг Name гэсэн нүдэнд бичиж, Label гэсэн нүдэнд тухайн багцын талаарх дэлгэрэнгүй тайлбар буюу шошгыг бичээд Add товчийг дар. Ингэснээр нэг шинэ багц үүсгэх үйлдэл дуусна.

Энэ командаар дээрх тус тусдаа хувьсагчуудыг нэг багц болгон тодорхойлсноор түүнийг нэг хувьсагч гэж үзэж болохоор болж байгаа юм. Энэхүү Define Set буюу хувьсагчуудын багцыг тодорхойлж зарлах үйлдэл нь зөвхөн олон сонголттой асуултыг боловсруулахад ашиглагдахаас гадна боломжит зарим асуултуудыг  нэгтгэн боловсруулах боломжийг ч нээж өгдгөөрөө давуу юм. Ер нь энэ командаар тус тусдаа буй хувьсагчуудыг нэгтгэн тоолох боломжтой болдог. Тиймээс зөвхөн олон сонголттой нэг асуултын хувьд ч биш зарим тохиолдолд өөр асуултуудыг нэгтгэн тоолоход ч ашиглаж болно. Мөн түүнчлэн нэг хувьсагч хэд хэдэн хувьсагчуудын багцад /сет/ багтаж болдог. Өөрөөр хэлбэл нэг хувьсагчийг өөр багцад дахин оруулж ашиглах боломжтой. 

Та нэгэнт энэ харилцах цонхонд орсон бол шаардлагатай гэж үзсэн бүх хувьсагчуудын багцыг нэг мөр тодорхойлон зарлаж болно. Эхний багцыг зарлаж Add товчийг дарсны дараа дэлгэцийн баруун талд байрлах багц хувьсагчуудын жагсаалт нэгээр нэмэгдэж харин хувьсагчдын багцад орж байсан хувьсагчдын жагсаалт бүхий цонх хоосордог. Харин зүүн талын дэлгэцэнд боломжит бүх хувьсагчуудын жагсаалт дахин бүрэн болсон байхыг харж болно. Энэ нь дараагийн хувьсагчдыг сонгон авч шинэ багцыг тодорхойлоход бэлэн болсныг харуулдаг. Та дараагийн шаардлагатай хувьсагчуудыг сонгон авч, нэрийг тодорхойлсноор дахин шинэ багцыг тодорхойлох боломжтой. Гэх мэтчилэн шаардлагатай бүх багцыг тодорхойлж дуустал юм уу, эсвэл хангалттай гэж үзтэлээ хувьсагчуудыг тодорхойлж болно. Хувьсагчийн багцыг тодорхойлж дууссан гэж үзвэл Close товчийг дарж харилцах цонхыг хаа. Ингэснээр та олон сонголттой асуултуудыг боловсруулж тоолоход бэлэн боллоо.

Олон сонголттой асуултыг боловсруулахын тулд маусны заагчийг

  • Analyze (цэсийн)

                                    Multiple response

команд дээр аваачна. Хувьсагчдыг тодорхойлохоос өмнө зөвхөн Define Set… гэсэн команд идэвхтэй, бусад нь идэвхгүй саарал байсан бол одоо /хувьсагчийн багцыг зарласнаар/

                        Frequency

                        Crosstabs… 

командууд идэвхтэй болсон байхыг та анзаарах болно. Тиймээс эдгээр командыг ашиглан олон сонголттой асуултуудын хувьд анхдагч боловсруулалтыг хийх боломжтой, тэдгээрийг ч ашиглан боловсруулалтыг хийдэг юм.

  
  • Зүүн талын дэлгэцээс боловсруулах багцаа сонгон авч  товчны тусламжаар баруун талын дэлгэц рүү шилжүүлнэ. Зүүн талын дэлгэцэнд зөвхөн таны тодорхойлж зааж өгсөн хувьсагчийн багцууд л харагдах болно.
  • Боловсруулах багцуудаа баруун талын дэлгэцэнд шилжүүлээд ОК товчийг дар. Хэрэв хэд хэдэн багцийг нэг зэрэг сонговол /ингэх бололцоотой/ бүх хувьсагчийн үр дүн нь нэг хүрээнд багтаж гарна. Тус тусдаа хүрээнд гаргая гэвэл дан тоололтоо нэг нэгээр нь давтан гүйцэтгэх шаардлагатай.

Дараах зурагт, сонгон авсан Q13 багц асуултын дан тоололтын дүнг үзүүлсэн байна.

Судалгааны мэдээллийг боловсруулахад олон сонголттой асуултын хувьд хоёр янзын хувь гаргадаг.

Судалгаанд нийт 778 хүн оролцсоноос 5 нь энэхүү асуултад нэг ч хариулт өгөөгүй (5 missing cases) байна. 773 хүн дор хаяж нэг хариулт өгсөн (773 valid cases) бөгөөд тэдгээр хариултуудыг хүчинтэй хариултууд гэж тооцжээ. Эдгээр 773 хүн давхардсан тоогоор нийт 2247 хариулт өгснөөс (Total responses) хамгийн өндөр хувьтай нь ядуурал байгаа бөгөөд энэ нь нийт хариултын 20.5% (Pct of Responses) болж байна. Ядуурал хамгийн их санаа зовоосон асуудал боллоо гэж нийт судалгаанд оролцогчдын 59.5% нь (Pct of Cases) хариулжээ.

Дээрх хоёр янзаар бодсон хувийн алийг дүгнэлт болгон ашиглах нь тухайн асуудлын онцлогоос хамаарах бөгөөд судлаач хэрхэн дүгнэж бичих нь нээлттэй юм. Практикт ихэвчлэн хоёр дахь хувилбарыг ашигладаг. Тиймээс ч дээр хэлсэнчлэн респондентуудын саналыг тэгш хамруулах, хариултуудын жинг ижил магадлалтай болгохын тулд сонголтын хязгаарыг тогтоодог байна.

Дээрх хүснэгтэд Category label гэсэн баганын дор тухайн асуултын маань хариултын хувилбарууд бичигдсэн байгааг уншигч та анзаарсан биз. Хэрэв та юникод ашигладаг бол монголоор бичихэд төдийлөн хүндрэл гарахгүй. Хэрэв үгүй бол таны бичсэн label -үүд эвэртэй үсгээр гарах, арын тоо болон хувь арзайж энд тэнд гарах гэх мэт хүндрэл гарч болзошгүй. Тиймээс та аль болох юникод ашиглахыг хичээх хэрэгтэй. Гэхдээ ингэх боломжгүй бол, та монкеу фонтуудыг ашигладаг бол МИАТ компаниас боловсруулж гаргасан RealMon програм болон үүнтэй төстэй бусад програмуудыг ашиглаж болно.

Edit цэсийн Options командыг дарвал Options харилцах цонх нээгдэнэ. Та Viewer  дэд цонхонд орж Text Output Font  гэсэн хэсгээс, боловсруулалтын үр дүнг ямар фонтоор бичиж гаргахыг сонгох боломжтой.
Хэрэв та Monospased fonts гэсэн сонгох товчийг сонгосон бол боловсруулалтын үр дүнгүүд энд тэнд байрлах, фонтыг солиход арзайх зэрэг хүндрэлээс зайлсхийж болно. Энэ товчийг сонгосноор фонт сонгох талбарт зөвхөн  Monospased fonts буюу үсгүүдийн эзлэх зай нь нэгэн ижил байдаг фонтууд л идэвхжих болно.

2 Responses to “ОЛОН СОНГОЛТТОЙ АСУУЛТЫГ БОЛОВСРУУЛАХ”

  1. Галаа said

    Судлаачид, оюутнуудад тун хэрэгтэй зөвлөгөө, мэдээлэл байна.

    Цуглуулах өгөгдлөө төлөвлөх, дараа нь боловсруулах гэдэг судалгааны ажлын үр дүнгийн үнэн бодит байдал болоод чанарт нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл юм. Мөн шаггүй их хөдөлмөр, хөрөнгө төсөв, цаг хугацаа ордог. Харин хэдэн шинжилгээ хийх, шинжүүр тавих зэрэг ч яах вэ, онолоо мэддэг хүнд арга урвуулах дайны л ажил.

    Онцлон хэлэхэд судалгаагаа төлөвлөх гэж амин чухал ажил байна. Зарим судлаачид, магистрант, докторантуудыг харж байхад нэг судалгаа хийнэ гээд “сэтгэлийн хөөрлөөр” л хамаа намаагүй мэдээлэл цуглуулдаг. Яг цагаа тулаад тавьсан таамаглалд нь хариулт өгөх статистик шинжилгээнүүдийг хийх гэтэл цуглуулсан өгөгдөл нь тухайн шинжилгээнийхээ шаардлагыг /энгийнээр хэлбэл, түүврийн тоо хэмжээ, хэмжилтийн хэлбэр ба нарийвчлал, хэмжигдэхүүнүүдийн сонголт, өгөгдлөө шивж оруулах болон цэвэрлэгээ хийсэн байдал/ хангахгүй, улмаар хайран хөдөлмөр талаар болчихдог. Ийм байдалд хүрэхгүйн тулд эхлээд мэргэжлийн статистикч хүнд хандаж тухайн асуултад статистикийн болон математикийн ямар аргуудаар хариулт өгч болох, үүний тулд өгөгдөл маань ямар шаардлага хангаж байх ёстой зэргийг сайн тогтоосон нь дээр байдаг.

  2. Ankhaa said

    Ecological niche model яг юу гэж орчуулах вэ ? багшаа

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: