Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

РЕКЛАМНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ

Posted by bolod on February 17, 2011

ТВ-ийн реклам гэж нэг гай түйтгэр байна. ТВ үзэж байна гэж бодоод сууж байтал нэг мэдэхэд л реклам үзчихсэн сууж байх юм. Рекламыг хичнээн үзэн яддаг ч яаж ийж байгаад нэг мэдэхэд л үзээд сууж байх юм. ТВ-үүд рекламаа их зальтай гаргах юм. Мэдээн дундуур, кинон дундуур, мэдээлэл дундуур, хавчуулаад, шургуулаад, эхлэл төгсгөл зааг ялгааг нь мэдэгдүүлэхгүй их цэвэрхэн амжуулах аж. “Рекламны дижи” гэж бараг мэргэжил байдаг юм биш үү?

Рекламыг хөөрөгддөг бас нэг гай түйтгэр нь солонгос сериалууд. ТВ-ээр үнэндээ солонгос сериал, реклам хоёроос өөр юм үзэж чадахгүй байна. Гэрт нэг л солонгос сериалаас хамааралтай хүн байвал дуусаа. Солонгос сериал, реклам хоёрыг хавчуургадан үзсээр байгаад оройг барж байна. Ямар үйлийн үрээр, солонгос сериалын эрин үед төрчихөв өө?

Манай гэрийн солонгос сериалын мастер, солонгос кино үзэж байна гээд оройг бардаг юм. Нэг удаа мониторинг хийж үзлээ. Эхний кино 17:30-д эхэллээ. 15 минут кино 10 минут реклам. Ийнхүү үргэлжилсээр арай гэж 19:30-ын үед дуусаж, дахин 30-аад минут реклам үзсэний эцэст 20 цагийн үед дараагийн кино эхэлж байна. 10 минут кино, 15 минут реклам гаргасаар бараг 22 цаг хүргэж байж дуусаж байна. Үсрээд л 50-60 минут үргэлжлэх киног, рекламаар хавчуургадсаар байгаад 2 цаг орчим сунган үзүүлдэг ажээ. Рекламан дундуур кино үздэг гэсэн яриа дэмий ч нэг гараагүй юм байна. Кинон завсар 2-3 минут реклам хавчуулахыг бол ойлгож, зөвшөөрч байна. Киноныхоо үргэлжлэх хугацаанаас илүү реклам үзүүлж байгааг үнэндээ юу гэж хэлэхийг мэдэхгүй юм.

Энэ талаар яаж бичиж “бухимдлаа тайлъя” даа гэж бодож явтал, ашгүй ажиглагч биччихэж. Ажиглагч, энэ рекламны үргэлжлэх хугацааг бүр цаг минуттай нь бүртгээд баримтжуулаад блогтоо бичээд тавьчихсан байна. Ёстой загатнуулаад байсан сэдвийг хөндөж. Залгуулаад эдгээр рекламны үргэлжлэх хугацаа, нийт нэвтрүүлэгт эзлэх хувь, түүнээс нь хөөгөөд ТВ-үүдийн хэдэн төгрөгний орлого олж байгааг тоолоод тооцоолоод Татварын албанд мэдээлчихмээр санагдаж байна. Ядаж “хамгийн их рекламдан хүчирхийлдэг ТВ” -үүд гэсэн шинэ номинаци шалгаруулан, анти-шилдэгээр тодруулах сан. Даанч тийм мониторинг хийдаг хувь хүн байгууллага ганц ажиглагчаас өөр алга. Эсвэл рекламын үргэлжлэх хугацаа энэ тэр гээд стандарт тогтоогоод ТВ-үүдэд мөрдүүлэх сэн гэж ч бодох юм. Рекламын хүчирхийллээс өөрийгөө хэрхэн ангижруулах вэ гэхдээ түмэн зүйлийн дэмий бодол толгойд орж байна. Бусдын бизнесийн эрх чөлөөнд халдах гээд ч байх шиг. Яалтай ч билээ.

Энэ солонгос сериал, реклам хоёроос яаж салъя даа. Зул бөхөхийнхөө өмнө гэдэг шиг, энэ замбараагүй рекламны хүчирхийлэл удаан тэсэхгүй биз гэж найдъя. Рекламыг ингэж хүчээр тулгаж үзүүлдэг эрин үе үнэндээ өнгөрчихсөн. Артиллерийн буудлага хийж байгаа юм шиг хавтгайд нь бөмбөгддөг реклам сурталчилгааны энэ арга тийм ч өгөөжтэй биш гэдгийг мэддэггүй л юм байх даа. Рекламыг хүчиндэж үзүүлдэг маркетинг хоцрогдчихсон. Монголд л оргилж цэцэглэж байгаа нь энэ болов уу гэж таамаглаж байна. Сүлжээний маркетинг, вирус маркетинг, дайрект маркетинг энэ тэр гээд зөндөө олон аргууд туршигдаад, амжилт олоод, солигдоод хувьсаад сайжраад хөгжөөд байгаа билээ.

80-аад оны эхээр айлд орж ТВ үзэх нь хэвийн л үзэгдэл байсан. 90-ээд оны эхээр өнгөт ТВ-тэй айл өдрийн од шиг байлаа. 2000 онд ТВ-гүй байтугай өнгөт ТВ-гүй айл бараг байхгүй болсон. 2010 он гэхэд дийлэнх айл хавтгай дэлгэцтэй ТВ-тэй болж байна. Гэхдээ дуу дүрсний өндөр чанарыг манай арилжааны телевизүүд бидэнд бүрэн хүргэж чадаагүй л байна. Арав арван жилээр харьцуулаад харахад л ТВ бидний амьдралд хэр зэрэг нэвтэрч, технологи хэр хурдан хуучирч байгааг хэр хурдан шинэчлэгдэж байгааг харж болохоор байна. Тэгэхээр 10 жилийн дараа Монголд дижитал ТВ гэдэг юм нь бүрэн нэвтэрчихсэн байх бизээ. Технологи шинэчлэгдэж, дижитал ТВ гэдэг юм нь нэвтэрчихвэл, бид дор хаяж цагийн хуваарьтай ТВ-ийн нэвтрүүлгүүдээс чөлөөлөгдөж, цагийн хязгааргүй эрх чөлөөг эдэлж, рекламны хүчирхийллээс ангижрах биз гэж найдна. Би өөрийн үзэхийг хүссэн нэвтрүүлгээ өөрийн хүссэн цагтаа олоод үзчихэж чадна. Би хүсээгүй рекламнуудыг алгасаад үзчихнэ. Технологийн шинэчлэл мандтугай. Рекламнуудыг чөтгөр аваг.

2 Responses to “РЕКЛАМНЫ ХҮЧИРХИЙЛЭЛ”

  1. дадидо said

    ЗУРАГТААР ДАНДАА ЦАРАЙЛАГ ХҮҮХЭН ГАРГАХААР бүсгүйчүүд сэтгэлзүйн дарамтанд ордог юм гэсэн. Ер нь рекламыг хараал идэг

  2. Галаа said

    За тэгвэл тэр цагт нь л зурагтаа асаая даа. Зурагт үзэхээ болиод интернэтэд л амьдарч байх шив дээ.
    Сүүлийн үед бүр цухал хүргээд байхаар нь давтамжтайгаар зочилдог сайтуудынхаа рекламуудыг бүгдийг нь “блок”-олчихсон.. Сайхан байна өө.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: