Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХАРЬЦУУЛАЛТ ХИЙХ НЬ ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

Posted by bolod on February 19, 2011

SPSS програмыг хэрэглэх нь – 8

Америкийн нэрт социологич Нейл Смелзерийн “Социологи” ном (Нейл Смелзер, “Социологи”, ред Ү.Нямдорж,УБ.,2001.), Марк хэмээх оюутны судалгааны ажлын жишээгээр эхэлдэг.

Марк, луйврын тухай хүмүүс юу гэж боддогийг мэдэх зорилгоор анкет боловсруулж 100 оюутнаас судалгаа авчээ. Эхлээд оюутнуудаас албан татвараас бултах, тэтгэмж залилан авахын алийг нь илүү муу зүйл гэж үздэг вэ хэмээн асуугаад, дараа нь нас, боловсролын түвшин, эх эцгийн ажил мэргэжил, гэр бүлийн орлогоо мэдүүлэхийг хүссэн байна. Түүний судалгаа нь цөөхөн асуулттай, гол асуулт нь ганцхан, албан татвараас зайлсхийх, тэтгэмж луйвардах хоёрын аль нь муу зүйл болохыг асуусан асуулт боловч түүнийгээ илүү тодорхой болгож, задлан шинжлэхийн тулд бусад асуултуудыг зайлшгүй нэмэх шаардлагатай болж байгаа юм.

Дунд зэргийн орлоготой өрхийн оюутан, хууль бусаар тэтгэмж авах нь албан татвар бүрэн төлөөгүй байхаас илүү дор зүйл гэж тооцдог гэсэн таамаглалыг Марк дэвшүүлжээ. Үүнийгээ шалгахын тулд оюутнуудын эцэг эхийн жилийн орлогыг 15000 доллараас их ба бага хэмээн ангилж үүнийхээ дагуу шинжлэн үзсэн байна. Маркийн судалгааны дүн, өрхийн орлого ба луйврын байдалд хандах хандлага хоорондоо холбоотой гэсэн түүний таамаглалтай тохирч байв. Тэрээр оюутнуудын үзэл бодлын зөрүүтэй байдлыг нийгмийн ангиудын хоорондох ялгаагаар тайлбарлаж болно гэсэн дүгнэлтийг хийжээ.

Маркийн судалгааны төсөл бол 4 шалтгааны улмаас жинхэнэ социологийнх юм.

1). Мэдээллээ бодит амьдралаас авч судалгааны эх баримттай болсон

2). Судалгааны мэдээллийг задлан шинжлэх боломжтой бүтцэд оруулсан (жишээлбэл, Марк эцэг эхийн орлогыг жилд 15 мянган доллараас бага ба түүнээс дээш гэж хоёр категорт хуваажээ)

3). Марк нийгмийн ангийн онолд тулгуурлан анкетийн хариулт дахь ялгааг тайлбарласан

4). Нийгмийн харилцаа, тодруулбал эцэг эхийн амьдралын байр суурь, аж төрөх маяг, үр хүүхдэдээ яаж нөлөөлдгийг шинжлэн үзсэн байна.

Маркийн судалгааг баримт, хэмжилт, таамналд тулгуурлан нийгмийн харилцааг тодорхойлж буй бяцхан социологи гэж үзэж болно”

хэмээн Н.Смелзер тайлбарлажээ.

Смелзерийн ном хийгээд Маркийн судалгааны жишээг нуршсаны учир бол, социологид шинжилгээ хийхдээ үзэгдэл юмсын харилцан хамаарлыг тогтоох, шинж тэмдгийн зүй тогтлыг илрүүлэхдээ бусад социал хүчин зүйлсийн хамтын нөлөөлөлд судалж, тэрхүү нөлөөллөөр тайлбарлахыг эрмэлздэгт оршино. Үүний тулд дан тоололт болон энгийн бүлэглэлт хийх нь хангалтгүй учраас бидэнд зайлшгүй солбицсон бүлэглэлт хийж, харьцуулсан боловсруулалт шинжилгээ хийх шаардлага гардаг.

Английн нэрт социологич А.Гидденс, “Судалгааны явцад үүсдэг нэг чухал асуудал бол шалтгаан үр дагаврын шинжилгээ байдаг. Социологи нь байгалийн шинжлэх ухааны нэгэн адилаар бүх үйл явдалд шалтгаан байдаг гэж үздэг. Социал амьдрал нь эмх цэгцгүй, дур зоргоороо болж буй үйл явдлын замбараагүй нийлбэр биш. Социологийн судалгааны үндсэн зорилтуудын нэг нь онолын шинжилгээтэй хослуулан шалтгаан, үр дагаврыг тодорхойлоход оршдог” (А.Гидденс, “Социологи”, ред Д.Ганхуяг, УБ., 2006, х.553.) гэжээ.

Харин доктор В.Отгоннасан, “Социологийн судалгааны анхдагч мэдээллийг тодорхойлогч ба үр дүнгийн шинж тэмдгээр нь бүлэглэж, математик статистикийн төрөл бүрийн аргуудыг хэрэглэж, эдгээр шинж тэмдгийн хоорондын шалтгаант холбоог илрүүлэн тодорхой дүгнэлтэд хүрдэг юм.” (“Социологийн судалгааны үндсэн аргууд”, Ред. В.Отгоннасан, УБ.,2005, х119) хэмээсэн нь бий.

Социологийн хийгээд бусад аливаа судалгаанд эхний ээлжинд дан тоололт хийхийн хамт харьцуулсан тоололт буюу солбицуулсан бүлэглэлтийг хийснээр судалж байгаа үзэгдэл юмсын хоорондын холбоо, хамаарлыг илрүүлэх боломжийг сулаачдад олгоно. Ингэснээр судалгааны мэдээллийг цаашид нарийвчлан боловсруулах, дараагийн илүү гүнзгийрүүлсэн шинжилгээний шатанд шилжих, дүгнэх, тайлбарлах, задлан шинжлэх, корреляцийн, регресийн, дисперсийн, хүчин зүйлийн шинжилгээ зэрэг илүү гүнзгийрүүлсэн боловсруулалт хийх угтвар нөхцөл бүрдэнэ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: