Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХҮНДИЙН ТӨВ

Posted by bolod on March 5, 2011

Ногоон нам, Монголын улс төрд үе үехэн “хувьцаа нь” өсөж, хувь заяаны эрхээр чухал “хөзөр” болдог. Намуудыг шинэчлэн бүртгэж эхлэхэд л Ногоон нам гуравт бүртгүүлсэн учраас, бусад “жижиг” намуудтай харьцуулах юм бол “түүхтэй” нам. Тиймээс л бусад улс төрийн намууд Ногоон намыг гэнэ гэнэхэн сонирхож, түр зуурхан “саамганаад” орхидог байсан. Ногоон нам удаа дараагийн сонгуульд олон ч намтай эвсэн оролцож, орхигдсоор л иржээ. 2008 оны сонгуулиар УИХ-д суудалтай болтлоо, хэнд ч тоогдолгүй үлдчихдэг гэмтэй байсан байх юм.

Өнөөдөр Ногоон нам анхаарал татаад байгаа нь тэдний мундагт ч бас биш байхаа. Өнөөг хүртэл Монголын улс төрийн огторгуйд хоёрхон л хүндийн төв байсан. МАХН ба бусад. Бусад гэдгийг нэг хэсэгтээ Ардчилсан нам тодорхойлж, өөртөө төвлөрүүлж чадаж байсан боловч сүүлийн хоёр сонгуульд дараалан дампуурч, МАХН-тай эвссэнээр тэд өнөөдөр хэн ч биш болчихлоо. 2004 -өөс 2008 оны хооронд олон ч хүн ардчилсан намыг харааж, шившиглэж, шүлсдэж, “Ардчилсан нам өөд болов” хэмээн шуугиж байсан. Гэхдээ 2008 оны сонгуулийн дараагаар МАХН-ын стандарт бус засгийн газарт шургаснаар л АН жинхэнээсээ өөд болсон юм.

Тэр болтол АН-д бас ч итгэлийн гэгээ сүүмэлзэж байсан. АН-ыг дэмжигчдийн хувь МАХН-ыг дэмжигчдийнхээс илүү гарч байгаагүй ч үл буурдаг байсан. Хотод Ардчилсан нам МАХН-аас хүчтэй болчихсон байлаа. Хотын сонгогчдын уур амьсгал нийт улс орны улс төрийн уур амьсгалыг тодорхойлж хөтөлдөг боловч хотын сонгуулийн дүн нийт улс орны сонгуулийн дүнг тодорхойлдоггүй юм. Хотод сонгогчдын бараг тал нь байдаг ч хотоос ердөө л 20 гишүүн сонгогддог билээ.

Хотын уур амьсгал нь АН-ынхныг “алсан” гэж хэлж бараг болно. Хотын уур амьсгалын хөөсөнд булагдсан ардчилагчид, бид ялчихлаа хэмээн хөөрч, АН бол эрийн цээнд хүрсэн нам, хэнтэй ч эвсэхгүйгээр дангаараа ялалт байгуулж чадна хэмээн цээжээ дэлдэж, уран жиргэцгээж байсан. Сонгуулийн маргааш л хөөс хагарч, зэрэглээ замхармагц тэд сандралдсан болов уу? Хэрэв яг энэ үед намынхаа эрх ашгийг бодсон бол сөрөг хүчний байр суурин дээрээ үлдэж, МАХН-ыг шаварт нь үлдээх байсан юм. Дахиад 4 жил хүлээх гэдэг хувь улстөрчдөд хэцүү байх. Тэгээд л С.Баярын өгөөшинд хууртагдсан даа. Намынхаа ирээдүйг сайдын суудлаар “зарсан”.

2008 оны сонгуульд МАХН ялсан боловч, энэ нь түр зуурын ялалт байлаа. Магадгүй хамгийн сүүлийн удаа сонгуульд амжилт гаргаж байгаа нь энэ байж мэдэхээр байсан. 7 сарын 1, үргэлжилсэн хүнд хэцүү үед, улс төрийн заваан тоглоомондоо АН-ыг хутгаж чадсан. 2008 оны сонгуулиас хойш МАХН-ын рейтинг тасралтгүй унасан. Магадгүй үүнээс ч илүү хурдтай унах байсан байж магад. Зөрөөд АН -ынх өсөх боломжтой байлаа. Хоёр нам эвсэж ЗГ-аа хамтран байгуулснаар аль аль нь гавьяа шагнал, нэр хүнд, рейтингээ дундаа хийж, хоёулангийнх нь нэр хүнд унасныг бид мэднэ. Хэрэв АН 2008 онд ЗГ-т нь ороогүй бол өнөөдөр МАХН сүйрэн унах байсан ч юм билүү хэн мэдлээ. Тэртээ тэргүй МАХН өнөөдөр хуваагдчих шиг боллоо.

Өнөөдөр Монголын улс төрд тэргүүлэх хүчин алга. Олон түмэн хэнд саналаа өгөх, хэнийг дэмжихээ мэдэхгүй байна. Улс төрөөс хүнийсч байна, намаас дайжиж байна. Монголын улстөрийн огторгуйд томоохон хоосон орон зай үүсчихсэн учраас, ногоон намын хүндийн жин автоматаар өсчихсөн. Энэ жоохон кредитийг ашиглаж улс төр хийх хүсэл улс төрч хүнд төрөхгүй юм бол хэнд төрөх билээ. Тэгэхээр ногоон нам улстөрчдийн тоглоом болохоос хаашаа зайлах билээ дээ. Улс төрийн огторгуйд задрал явагдаж дуусах тийшээ хандаж байна. Эргээд нэгдэл явагдах цаг хугацаа дөхөж байна. Гэхдээ энэ нэгдлийг хэн удирдах вэ? Хэн хүндийн төв болох вэ гэдэг нь асуулт.

 

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: