Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ААЛЗ

Posted by bolod on March 7, 2011

“Аалз алвал 10 мөнгө” гэж багад үеийн багацуул бие биедээ сургадаг байлаа. Хэн мэдлээ. Тэр үед задгай мөнгө ч их байсан, задгай мөнгө гээгдэхдээ ч амархан, олдох нь ч ховоргүй. Гүйж тоглож байгаад л газраас олно. Чухам аалз алсных уу, аз эз үү бүү мэд. Ямартай ч аалз гэдэг амьтныг зуслангийн багацуул харагдсан газарт нь бяц гишгэх дүрэмтэй. Тэнгэр бүрхээд бүүдийгээд ирэхэд гэрээр элбэгшдэг урт хөлтэй арвайсан тэр амьтныг нүгэл болдог бол болохоор л их алжээ. Гэтэл эхийгээ иддэг олиггүй муухай амьтан аалз гэнэм. Тэгээд бодохоор буян ч гэлтэй. Чухам аалз нь юм уу, эрвээлж нь юм уу бүү мэд арвайсан олон хөлтэй амьтдыг бүгдийг нь ААЛЗ гэдэг ангилалд оруулж алж устгах нь бидний эх оронч үүрэг шахуу.

Уул модоор явж байхад энд тэнд орооцолдох сэжиг хүрэм наалдамхай аалзны шүлс нь хөл толгойд наалдан зэвүү дургүй хоёрыг зэрэг зэрэг хүргэнэ. Ахиулаад харахад аль нэг үзүүрт нь, үсчсэн хурдан хөдөлгөөнтэй зэвүү хүрэм том гэдэстэй, аймшгийн амьтан ээлжит олзоо барихаар хурдлан довтолгож байдаг байлаа. Энд тэнд татсан тороо сахин олзоо отон нүхэнд хяран хэвтэх аалзнууд бүр ч зэвүүн. Аалзны торонд орооцолдон арчаагүй тийчигнэх өчүүхэн эрвээхий, шоргоолж, дэвхрэг, ялаа шавьжнууд түүний олз. Торонд хүрч наалдав уу үгүй юу хурдлан давхин очиж шүлсээрээ ороон бэхлэх аалз, тэдний хувьд бол аймшигт мангас.

Аалзыг алахаас гадна амьдралын төлөөх тэмцлийн гэрч болох нэг туршилтыг бид хийдэг байж. 10 аалз цуглуулаад нэг шилэнд хийчих, 7 хоногийн дараа ганцхан бүдүүн том аалз үлдсэн байна. Бусдыгаа дээрэлхэж, хүч түрж, барьж идсэн ганц нь амьдралын төлөөний тэмцэлд ялж, бусад нь түүний хоол болон золиослогдож байгаа нь тэр.

Аалзны тухай мэдэхгүй байж, аалзны тухай бичих, аалз гэдгийг танихгүй байж аалзыг муулах, аалз ашигтай (байгаль илүү юм нэгийг ч бүтээгээгүй) гэдгийн талаар огтхон ч дурдахгүй олныг нурших нь юуны учир гэвэл бие биенээ барьж идэх аалзны араншин хүнд ч бас байдаг юм болов уу гэж харьцуулах гэснийх. Үнэндээ хүнийг аалзтай харьцуулбал аалзны заяа гомдмоор муухай араншинтай амьтан бол хүн. Хүн өөрийн сүйтгэгч, хорлогчинтой, харгис шинжээрээ ямар ч араатныг дагуулахгүй биз…

Төсвийн байгууллагын удирдлага санхүүжилтийн тухай хууль гэж нэг хууль батлагдсан юм. Үндэслэл нь их энгийн. Төсвийн мөнгийг тал талд тараагаад төсвийн захиран зарцуулагч нар нь олдоод байгаа учраас төсвөөс иддэг уудаг, шамшигдуулдаг улс нь олон болоод байгаа учир. Өөрөөр хэлбэл аймаг, нийслэл дүүргийн засаг дарга нар гэх их толгойтой амьтад төсвийн мөнгийг дур дураараа захиран зарцуулж, үрэгдүүлж шамшигдуулж байгааг зогсоох, төсвийн алдагдлыг бууруулах зорилготой. Гэхдээ мэдээж наагуур нь өнгөлөн далдлалт хийнэ л дээ. Бүтээмжийг нэмэгдүүлэх, гүйцэтгэлээр цалинжуулах энэ тэр гээд олон гоё зорилт багтсан. Ерөнхийдөө бол олон толгой мэдэж зарцуулдаг байсан төсвийг захиран зарцуулах эрх мэдлийг нэг толгойд төвлөрүүлэх. Тэр нь мэдээж Сангийн сайд байх учиртай.

Арваад жилийн өмнө үүнийгээ тэд төсвийн шинэчлэл гэж нэрлэж байлаа. Эхний үр дүн нь мэдээж гарсан л байх. Аймгийн дарга 69 байтугай жип авч унаад байсан явдлыг энэ нь цэгцэлсэн. Гэхдээ энэ нь ердөө л богино хугацаанд гарсан үр дүн. Урт хугацааны үр дүн нь төвлөрсөн төсөв. 90-ээд оноос л Монгол улс бол зах зээлийн эдийн засагт шилжсэн орон хэмээн тунхаглаж ирсэн боловч аажим аажим ухарсаар, улмаар төвлөрсөн төсөвт шилжиж, төсвөөс хуваарилдаг болж, улам улмаар социалист хуваарилалт руугаа шилжсэн шиг санагддаг. Төсвөөс луйварддаг, буруу зарцуулдаг буруу гарын олон хүн байгаа учраас, бүх эрх мэдлийг төвлөрүүлж, цорын ганц шударга хүн л захиран зарцуулж байя гэдэг нь хэр оновчтой шийдвэр бол? Тэр цорын ганц шударга хүн дандаа улаан шударгаараа байна гэдэг нь хэр баталгаатай вэ? Ямар ч баталгаагүй гэдгийг өнгөрсөн арваад жил харууллаа. Төсвийг төвлөрүүлээд дараа нь хэрхэн хусч болдогийг харууллаа.

Өнөөдөр, зарим хүн ярьж байна. Тухайн үед энэ нь хамгийн зөв шийдвэр байсан гэж. Харин миний хувьд эргэлздэг. Жам ёсны юм бол жам ёсных л байх ёстой. Нэг төвлөрүүлээд л эргэж задлаад л эргэж буцаад байх нь огтхон ч жам ёсны хөгжил биш, буруу замаар будаа тээхийн л үлгэр. Иргэний танхимд Төсвийн хуулийн шинэчлэлийн асуудлаар хэлэлцүүлэг явагдахад нь сонирхож суусан юм. Тухайн үед төсвийг төвлөрүүлэх шийдвэр гаргасан автор нь өнөөдөр төсвийн эрх мэдлийг орон нутагт нь өгөх нь зүйтэй гэчихсэн бараг санаачлагчдын тоонд орчихсон л цохиж явна. Ингэхээр л эргэлзэж сэжиглэхээс өөр аргагүй.

Энэ шинэ хуулийг мундаг гоё хууль болно гэдэгт итгэж байна. Ямар ч байсан төвлөрсөн төсвөөс л хамаагүй дээр. Хусах зувчуулах юм зөндөө л гарна. Арван жилийн өмнө дайраад өнгөрөх байсан бэрхшээлийг бид одоо дахиад л эхнээс нь дайраад өнгөрөхөөс өөр аргагүй болно. Арван жилийн өмнө шийдчих байсан цаг зуурын бэрхшээлийг хойш тавьснаараа юу ч хожсонгүй, арван жил л алдлаа. Алдсан арван жилийг одоо яаж нөхөх вэ? Арван жилийн туршлага дээрээ тулгуурлаад алдахгүй байхыг хичээх хэрэгтэй болж байна. Аймаг орон нутгийн төсвийг орон нутгийн иргэд өөрсдөө шийддэг хэлбэрт шилжих нь хамгийн зөв. Гэхдээ ганцхан тохиолдолд. Иргэдийн төлөөлөгчдийн хуралд иргэд л нэр дэвшин өрсөлддөг болсон тохиолдолд. Хуучнаараа намууд иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшүүлж өрсөлдөөд, намын гишүүд иргэдийг төлөөлөх гээд зүтгээд байвал, аймаг сум дүүрэг хорооны иргэдийн төлөөлөгчдийн хурал нь намуудын орон нутгийн салбар зөвлөл шиг л болно. Намуудын орон нутгийн салбар зөвлөл нь төсвөөс санхүүжиж, төрийн нэрээр намын ажлаа хийж, намын нэрээр төрийн албыг ашиглаж, иргэдийг иргэд биш намууд төлөөлдөг байдал үргэлжилнэ.

Аалз алвал 10 мөнгө гэж багад үеийн багацуул сургадаг байлаа…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: