Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МӨНХИЙН УС

Posted by bolod on April 7, 2011

Бид, мөнхийн ус нь байдаг бол хаанаас ч гэсэн олох юм сан гээд л дуулдаг. Үлгэрт Гэсэр, Жангараас эхлүүлээд бүгд л мөнхийн ус уугаад амь ордог тухай гардаг. Ануухнаараа байгаа хөгшчүүлийг мөнхийн ус уучихсан юм шиг хэмээн хэлцдэг. Мөнхийн усны эрэлд хүн төрөлхтөн тэр чигтээ хатдаг юм болов уу? Мөнхийн ус гэлтгүй, ус өөрөө мөнхийн зүйл юм биш үү? Мөнхийн гэх тодотголгүй байлаа ч жив жирийн усгүйгээр хүн амьтан хэр удаан тэсэх билээ. Хоолгүйгээр хэдэн сараар тэсдэг харх хүртэл усгүйгээр хоёр долоо хоногоос илүү тэсдэггүй гэнэ. Тэгэхээр амьдрал гэдэг усгүйгээр мөнхийн биш зүйл ажээ. Ус гэдэг угаасаа амьдралыг бараг мөнхжүүлдэг зүйл юм биш үү? Энэ жив жирийн усанд амьдралыг тэтгэх тийм мөнхийн гэмээр хүч чадал байдаг бололтой. Усыг “мөнхийн” гээд тодотгоод байх шаардлага угаасаа байхгүй, амьдралын мөнхийн хэрэгцээ болдог ажээ.

Гэхдээ байгальд, үнэхээр “мөнхийн” гэж хэлж болохоор ус байдаг гэнэ. Эрж хайж хол явахын ч хэрэггүй, үүнийг нүүдэлчин ард түмэн сайн мэддэг. Хахир хэцүү өвлийг арай чамай давсан мал, хавар цасны хайлсан ус уугаад л нүд нь сэргээд ирдэг гэлцэнэ. Цасны хайлсан усанд ямар нэг шид байдаг юм шиг. Үүнийг эрдэмтэд ч бас судалж, туршиж үзжээ. Гайхалтай үр дүнд хүрсэн байна.

***

Эрдэмтэд жин, насаар адилхан хоёр сүрэг тахиаг авч, нэг сүргийг нь цасны хайлсан усаар, нөгөө сүргийг нь зүгээр худгийн усаар усалж байжээ. Гурван сар хагасын хугацаанд цасны хайлсан усаар усалж байсан сүрэг тахиа 538 өндөг, жирийн усаар усалж байсан сүрэг тахиа дөнгөж 272 өндөг төрүүлсэн байна.

***

Боос гахайд цасны хайлсан ус уулгаж туршжээ. Хоёр сар цасны хайлсан ус уусан гахай тус бүр нь кило хагас жинтэй арван торой төрүүлсэн бол жирийн усаар усалж байсан гахай нь кило юм уу түүнээс үл ялиг илүү жинтэй торой төрүүлсэн байна.

***

Томскийн ботаникийн цэцэрлэгт сонирхолтой туршилт хийжээ. Цасны усаар усалсан өргөст хэмхийн бут жирийн усаар усалсан өргөст хэмхийн бутнаас хоёр дахин илүү ургац өгчээ. Өргөст хэмхний үрийг цасны хайлсан усанд дэвтээхэд ургацын хэмжээ гурав дахин нэмэгдэж байжээ. (Владимир Мезенцев, “Гайхамшгийн нэвтэрхий толь” номноос)

***

Дээрх бүх судалгаанд туршилтын судалгааны дизайныг хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл туршилт явуулах зорилтот бүлэг, туршилтын үр дүнг харьцуулж дүгнэх боломжтой хяналтын бүлгийг яг ижил нөхцөлтэйгөөр сонгон авсан байжээ. Сүрэг тахиаг сонгон авахдаа яг ижил сүргээс таслан хоёр сүргийг зохион байгуулсан. Өргөст хэмхийг туршихдаа уснаас бусад бүх нөхцөлийг ижил байлгаж чадсан байна. Туршилтанд зөвхөн усыг л сольж байгаа бөгөөд бусад хүчин зүйлийн нөлөөллийг аль болох бага байлгах, болж өгвөл байхгүй байхаар тооцсон ажээ. Үр дүн нь гайхалтай. Цасны хайлсан ус ид шидтэй юм шиг л нөлөө үзүүлсэн байна.

Үүний шалтгаан нь юу вэ? Цасны хайлсан ус мөнхийн ус мөн үү? Цасны хайлсан усанд ямар ид шид агуулагдаж байна вэ? Энэ мэт олон олон асуулт бусад олон олон асуултыг дагуулан ундрах нь дамжиггүй. Цасны хайлсан усны шидэт нөлөөг тайлбарлах хэдэн хэдэн янзын таамаглал гарсан байна. Цасны хайлсан ус нь жирийн устай харьцуулбал хүнд усыг бага агуулдагийн зэрэгцээ цасны хайлсан усны бүтэц нь жирийн усныхаас өөр байдаг байна.

Усны химийн томъёог бид сайн мэднэ. Тэрээр хүчилтөрөгчийн нэг атом болон устөрөгчийн хоёр атомоос тогтдог. Эдгээр атомууд гурвалжин хэлбэрээр байрлана. Усны температур багасаж хөлдөх үед усны молекулууд хоорондоо нэгдэж, молекул тус бүр өөр дөрвөн молекултай холбогддог ажээ. Өөрөөр хэлбэл таван талст тор үүсгэдэг байна. Энэ зөв таван талст торны бүтэц л жинхэнэ гайхамшгийг бүтээдэг. Амьд бие махбод доторх ус, яг ийм бүтэцтэй байдаг ажээ. Амьд эд эсүүд усны молекулыг өөртөө татаж, маш нарийн зохион байгуулалттайгаар гадаргуугаараа жагсаан бүрхүүл үүсгэдэг байна. Энэ усны молекулуудын бүрхүүл нь усан бүрхүүл гэхээсээ илүүтэй мөсөн бүрхүүл гэж хэлж болохоор бүтэцтэй байдаг байна. Эсүүд мөс маягийн талстлаг торыг гадаргуугаараа бий болгодог ажээ.

Цасны хайлсан усанд хоорондоо холбоотой усны молекулууд хадгалагдаж байдаг байна. Өөрөөр хэлбэл, маш жижиг мөсөн уулс хөвж явдаг ажээ. Энэ мөсөн уулс 30 градус хүртэл хадгалагддаг бөгөөд түүнээс дээш градуст маш амархан хайлж алга болдог байна. Бид цангахаараа ус уудаг. Гэтэл бидний бие махбодод ус биш, “мөс” хэрэгтэй бололтой. Жирийн ус ч юм уу буцалсан усыг бидний бие махбод “мөс” маягийн талст бүтэцтэй болгохын тулд маш их эрчим хүч зарцуулдаг байна. Харин бэлэн “мөс” бүхий цасны хайлсан усыг эсүүд амархан өөртөө татаж хамгааллалтын бүрхүүлээ үүсгэдэг ажээ. Эсийн ийм хамгаалалтын бүрхүүл эвдэрвэл эс гэмтэж, дахин бүрхүүл үүсгэж чаддаггүй байна. Тиймээс хөгширсөн, үхэж муудаж байгаа эсийг бэлэн мөсөн бүрхүүлээр хангавал сэргэж чаддаг байна. Тиймээс л цасны хайлсан усыг мөнхийн ус гэж нэрлэхэд болохгүй гэх газаргүй ажээ.

Усны шувууд яагаад хавар нүүдэллэн ирж, намар буцдаг вэ? Үүнийг мөн л цасны хайлсан устай холбон тайлбарлаж болох юм. Цасны хайлсан ус ямар үр дүнтэй гэдгийг дээр дурдсан туршилтаас мэдэж байгаа. Цасны хайлсан усны нөлөөгөөр л ангаахай нь дэгдээхэй болж, дэгдээхэй нас бие гүйцэж, маш хурдан өсөж торнидог ажээ. Түүнчлэн цасны хайлсан усанд амьдардаг жижиг амьтад бичил биетүүд маш хурдан өсөж үржихийн зэрэгцээ асар их шим тэжээлтэй элбэг хангалуун хоол хүнсний нөөц болдог байна.

Загас яагаад намар болохоор уруудаж, том гол мөрөн, далай руу буцдаг вэ? Хавар болохоор яагаад ус өгсөж, нарийн жижиг гол салаа руу зүтгэдэг юм бол? Энэ нь мөн л цасны хайлсан устай холбоотой. Загас хүйтэн устай, ийм жижиг голд түрсээ шахаж, цасны хайлсан устай ийм орчинд түрс нь маш хурдан өсч томорч, илүү эрүүл найдвартай амьдарч чаддаг байна.

Аливаа амьтад яагаад хавар төллөдөг юм бол. Хавар л цасны хайлсан усаар тэжээж тэтгэвэл үр төл нь илүү хурдан бойжиж, эрүүл чийрэг, бага өвчлөмтгэй, амьдрах чадвар сайтай болдог байна. Энэ бүгд байгалийн шалгарлаар л явагджээ.

Хавар болж, цагаан сар тэмдэглэхээр л онд мэнд орлоо гэлцдэг нь үүнийг л хэлдэг бололтой. Хүн африкт үүссэн гэдэг ч амьдрал усанд үүссэн гэдэг билээ. Усанд үүсэхдээ яг л ийм цасны хайлсан ус бүхий хүйтэн сэрүүн нөхцөлд амьдрал үүссэн байж таарна. Амьдрал үүссэн байж таарах ийм тохиромжтой хүйтэн сэрүүн нөхцөлд амьдралын төлөө тэмцэл илүү хүчтэй явагдаж, байгалийн шалгарлаар илүү амьдрах чадвартай төрөл зүйлүүд үүсдэг бизээ. Цас мөсний орон гэдэг амьдралыг тэтгэх мөнхий усны орон ажээ.

2 Responses to “МӨНХИЙН УС”

  1. amur said

    Гоё бичлэг байна. Зөөлөн тайван.
    Таван талст ?

    Ертөнцийн төгс дүрслэл буюу 6-н талстыг хамгийн сайн нь гэдэг байх аа.

  2. bold said

    Чиний зөв зургаан талст

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: