Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

АМЬДРАЛ ҮХЛИЙН ЗААГТ

Posted by bolod on May 12, 2011

Бага байхдаа уншиж байсан нэгэн зөгнөлт, уран сэтгэмжийн зохиолын санаа нь ер мартагддаггүй юм. Хэн гэдэг зохиолчийн бичсэн ямар нэртэй зохиол байсныг санахгүй байна. Тэр байтугай, ямар ном сэтгүүлээс, хэзээ олж уншсанаа ч санахгүй байна. Нэгэн сансрын хөлөг осолд орж, сүйрээд сураггүй алга болно. Араас нь эрлийн баг гарч удаан хайсны эцэст сүйрсэн сансрын хөлгийн үлдэгдлийг олдог ба гайхалтай нь сансрын хөлөг дээр нэгэн нисэгч амьд олддог юм. Эрлийн баг хөлөг дээрээс амьд хүн олно гэж огтхон ч найдаагүй боловч амьд хүн үлдсэн байсныг олсондоо ихэд баярлацгаадаг. Яаж, хэрхэн, чухам ямар ид шидээр ийм удаан хугацаагаар сөнөсөн хөлөг онгоцон дээр амьд үлдэж чадав аа?

Урт хугацааны сансрын аялалд зориулсан сансрын асар том хөлөгт ногооны хүлэмж хийж өгчээ. Энэхүү хүлэмж нь хөлгийн хүчилтөрөгчийн нөөцийг тэтгэх болон хоол хүнсний хэрэгцээг хангах зориулалтаар бүтээгдсэн байсан бөгөөд энэ хүлэмжинд түгжигдэн үлдсэн азтай нисэгч тэндээ олон хоног амьдарч амьд үлддэг тухай гардаг юм. Сансрын Хөлөг сүйрэх үеэр хөлгийн ногооны хүлэмжинд ажиллаж байсан ажилчин тэндээ түгжигдэн үлдэж, азаар тэр хэсгийн битүүмжлэл алдагдаагүйн улмаас амьсгалах агаартай үлдэж, тэндээ хэсэг хугацаанд амьдрах боломж гардаг байна.

Хожим, аврагдаж амь гарсан нисэгч эх дэлхий дээрээ ирээд, ургамал ногоог маш их хайрлаж, дээр нь гишгэхээс хүртэл цээрлэдэг хүн болсон байдаг. Сансрын нисгэгчдийг урт хугацааны сансрын аялалаас буцаж ирэхэд нь эх дэлхийн амьдралд нь дасгаж, ядаргааг тайлж, сэргээн сувилах зориулалттай амралт сувиллын газарт амарч байхдаа амралтын газрын мод бут болгонтой бараг ярьж, хүн шиг харьцаж байгаа нь бусдын анхаарлыг өөрийн эрхгүй төрүүлнэ. Тэр яагаад ийм болчихов? Ганцаараа удаан амьдраад зожигров уу? Аль эсвэл солиорчихсон юм болов уу?

Учир нь сансрын хөлөгт түгжээтэй байхдаа түүнд сонголт хийх шаардлага тулгарна. Ургамлаасаа идэж өлсгөлөнгөө дарах уу? ургамлаа арчилж ургуулан хүчилтөрөгч үйлдвэрлүүлэх үү? Хэрэв хүлэмжийн ногоонуудаа идээд байвал тэрээр өлсөхгүй байж болох ч тун удахгүй хүчилтөрөгчгүйдэх аюултай байлаа. Тиймээс өл дарах бага зэргийн навч ногоо л идэж, бусад тохиолдолд тэдгээр ургамлуудыг тордож, хайрлаж хамгаалж, ургуулах шаардлагатай болно. Хөлгийн хүлэмжинд байгаа ногоон массыг устгачихаж яагаад ч болохооргүй байлаа. Ургамал нэг бүрийг, навч нэг бүрийг хайрлаж, эгээ л амьд амьтантай харьцаж байгаа юм шиг, гэр бүлийнхэндээ хандаж байгаа юм шиг хайрлаж хандаж байж амьдралаа авч үлддэг. Энэ нь тухайн хөлгийн хэлтэрхий дээр хэрхэн тогтвортойгоор амьдралаа үргэлжлүүлэн тэтгэх вэ гэдгийг шийдэх маш чухал шийдвэр байсан бөгөөд түүнийг амжилттай шийдвэрлэж чадсанаар амьд үлдэж чаддаг тухай юм.

Ногоон ургамлуудын ачаар л амьд үлдэж чадсан, үхэхээс наахнуур хүнд бэрх сорилтыг давсан эрэлхэг сансрын нисэгч эх дэлхий дээрээ эргэж ирээд, хүн төрөлхтөн ногоон байгууламж, мод ургамалтай хэрхэн зүй бус харьцаж, ямар ч анхааралгүй хайр гамгүй хандаж байгааг тэвчиж чаддаггүй байна.

Дэлхий хэмээх энэ жижгэвтэр гаригийг сансар огторгуйн хязгааргүй орон зай дахь нэг өчүүхэн жижиг сансрын хөлөг гэж үзвэл түүн дээр амьдарч буй 7 тэрбум гаран хүн тэрхүү хөлгийн ногоон масс болон хүчилтөрөгчийн нөөцийг хайр гамгүй сүйтгэн хороож байна. Ногоон масс жил ирэх тусам багасаж, хүчилтөрөгчийн үйлдвэрлэл ачааллаа дийлэхээ байж, улмаар дэлхий хэмээх сансрын хөлөг дээр амьдрал сүйрэх зам руугаа шуудраад байгаа юм биш биз гэсэн харьцуулалтыг энэхүү зохиолоос хийж болохоор.

One Response to “АМЬДРАЛ ҮХЛИЙН ЗААГТ”

  1. amar said

    кино болгоод гаргавал тун зүгээр юм.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: