Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ

Posted by bolod on May 18, 2011

Таван жилийн өмнөөс л “энэ байдлаараа удахгүй БҮХ оюутнуудыг стипендтэй болгох юм байна” хэмээн шүүмжлэн бичиж байснаа санаж байна. Өнөөдөр, тэрчлэн бүх оюутанд стипенд олгох тухай ярьцгааж эхэллээ. УИХ-ын гишүүд, оюутнуудад цалин олгох асуудлыг хуугаараа дэмжиж, эсэргүүцэх “зүрхтэй” амьтан тэр дунд нь нэг ч алга даа. Өрөвдөлтэй гэдэг нь. 150000 оюутны саналыг цааш нь түлхчих вий гэж эмээхдээ, улстөрчид асуудалд бодитоор хандаж чадахгүй, ирэх жилийн сонгуульд хэрхэн оноо авах вэ гэдэг байдлаар хандаж байна. Популистууд, сонирхлын зөрчилтэйгүүд нь шүүрч давхиад гол дүрд тоглохыг хичээж байгаа бол шүүмжлэгч байр суурьтай байгаа нь, “стипенд өгөх нь зөв, гэхдээ…” гэсэн байдлаар л саналаа маш сулхан илэрхийлцгээж байна. Ганц энэ асуудлаар биш, бүх асуудалд сонгуулиар баримжаалан хандаж эхэллээ. Саяхан л бүх намын дарга нар “Санамж бичигт” гарын үсэг зурцгаагаад л “2012 оны сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй” гэцгээн тохирцгоогоод байсан санагдана. Худлаа даа, гэж бодож амжаагүй байхад л оюутнуудад сар бүр 70000 төгрөгийн стипенд олгох тухай асуудлыг ярьж эхэлж байна. Улстөрчид ийм л байдаг.

Тэд сургалтын төлбөрийг нэмэхгүй гэж улсын гэх хэдэн сургуулийг байнга шахаж дарамталж ирсэн. Ингэснээр тэд оюутнуудын өмнө сургалтын төлбөрийг нэмүүлээгүй баатар болж тоглодог байсан. Тэд төрийн албан хаагчийн хүүхдийн сургалтын төлбөрийг даадаг болсон. Ингэснээр олон зуун мянган төрийн албан хаагчийг өөрсдөдөө үйлчлүүлж байсан. Тэд малчин айлын хүүхдийн сургалтын төлбөрийг дааж байсан, малчдын саналыг татах гэж. Тэд нэн ядуу, орлого багатай айлын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг дааж байсан, мөн л улстөрийн ашиг хонжоо хайж. Өнгөрч буй хичээлийн жилээс эхлэн хүний хөгжил сангаас оюутнуудын сургалтын төлбөрийн 500000 хүртэлх төгрөгийг нь дааж байгаа. (Яг 500000 –ыг өгч байгаа эсэх нь маргаантай, олон асуудал дагуулж байгаа) Ирэх жилээс аягүй бол сургалтын төлбөрийг нь бүтнээр нь даана. Дээрээс нь нэмж тэтгэлэг олгоно. 2016 оны сонгуулиас өмнө оюутны тэтгэлэгийг нэмнэ. Оюутны тэтгэлгийг цалингийн дундаж түвшинд хүргэнэ гэхчлэн амална. 2020 оны сонгуулиар оюутны тэтгэлгийг барууны өндөр хөгжилтэй орнуудын түвшинд хүргэнэ гэх юм байна л даа. Аштай юу, оюутан болох гэдэг нэр төрийн хэрэг болно.

Сонгуульд зориулсан шийдвэр. Хэрэв хуулийн төсөл дэмжигдээд, хууль батлагдчихвал, оюутнуудад тэтгэлэг олгох кампанит ажил 2012 оны 1 сараас хэрэгжиж эхлэх юм байна. Сонгуулийн жил, сонгууль болохоос зургаахан сарын өмнө хэрэгжиж эхлэх энэ хууль сонгуульд зориулагдаагүй гэж хэлэх үү? Яагаад энэ асуудлыг ерөнхийлөгчийн амлаад байсан шиг, ерөнхийлөгчийн сонгуулийн дараа л шууд санаачлаад баталчихаагүй юм бэ? Яагаад заавал 2012 онд гэж? Яагаад гэвэл энэ хуулийн үр дүнг 2012 оны сонгуулиар үзэх гэж л тэгж байгаа хэрэг. Энэ хуулийн үйлчлэлийн эффект, нийгэмд үүсгэх хөөс дарагдаагүй байхад сонгууль явагдахаар тохируулж байна.

Яагаад мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй гэчихээд ингэж оюутнуудад мөнгө тараах хууль боловсруулаад байгаа юм бэ? Энэ асуудлыг чинь сонгуулиас өмнө шийдчихнэ, тэгэхээр энэ бол амлалт биш бодит зүйл болсон байна гэж нэг хэсэг нь хэлэх байх. Харин эсрэгээр энэ бол мөнгөний амлалт биш байж болно, гэхдээ мөнгөөр оюутнуудыг хахуульдаж авч байгаа хахуулийн аваанз гэж хэлэх байна. Стипендээр хахуульдаж оюутнуудын саналыг татах гэсэн арга. Энэ саналыг дэмжихдээ гишүүд, бид бүгдээрээ цалинтай суралцаж төгссөн оюутнууд, тэр сайхан цаг одоо ч нүдэнд харагдаж байна ч гэх шиг балайрцгааж байна.

Р.Гончигдорж гишүүн нэг ухаантай томъёолол бодож олжээ. “Зарлага гаргадаг боловсролын тогтолцооноос, ашиг авчирдаг боловсролын тогтолцоонд шилжие” хэмээн лоозогнож байна. Тэгвэл өнгөрсөн 20 жил юу гэж зарлага гаргадаг боловсролын тогтолцоо руу түлхсэн юм бэ? Өнгөрсөн хорин жилийн их дээд сургуульд суралцаж төгссөн оюутнууд үүнд буруутай юу? Өнгөрсөн 20 жилд боловсролын салбар дампуурсанд оюутнууд, тэдний төлбөрийг төлж байсан эцэг эхчүүд, эсвэл төлбөр нэмэхээр байнга завдаж байдаг, боловсролоор бизнес хийх гэж “санаархдаг”, их дээд сургуулийн “шунахай” удирдлагууд буруутай юу? Цалин өгөх нь зөв юм бол үүнийгээ эртхэн санаачлахгүй үхсэнээ хийж УИХ-д өчнөөн жил илжирцгээсэн сүгнүүд вэ?

Үндэслэл нь тааруухан юм. Оюунхорол гишүүн ярьж байна, “үнэндээ энэ хэдэн оюутнууд чинь хэцүү байна, орлогогүй ядуу, эцэг эхээсээ хол, энэ хэдэн охидууд чинь яаж амьдарч байна гэж бодож байна” гэхчлэн. Бараг л олон нийтийн телевизээр, оюутан охидууд нь аргагүйн эрхэнд л биеэ үнэлээд суралцаж байна гээд хэлчихсэнгүй. Бусад эх сурвалжууд ч ил тодоор оюутан охидууд биеэ үнэлж хэцүү байгаа учраас стипенд өгөх нь зөв гэхчлэн ярьцгааж байна. Биеэ үнэлдэг охидууд оюутнууд дунд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ бүгдээрээ биеэ үнэлдэг гэж дүгнэж, ярих нь зохимжгүй юм. Тэрчлэн, оюутан учраас л биеэ үнэлээд байгаа гэвэл үнэнд бүр ч нийцэхгүй. 70000 төгрөг өгдөг болчихвол зарим нэгнийг ийм зам руу хальтрахаас сэргийлж болох ч биеэ үнэлэхий нь болиулчих юм гэж үү? Зарим оюутнуудаас энэ талаарх сэтгэгдлийг нь тандаж үзэхэд, хэрэв биеэ үнэлж байсан бол 70000 төгрөг өгчихөөр л биеэ үнэлэхээ больчих юм уу гээд шоолон хөхрөлдөж байна.

Р.Гончигдорж гишүүн ярьж байна, “Оюутан хүн сурах хөдөлмөртөө л шамдах учиртай, хичээл номоо хийж, өөр юунд ч санаа зовохгүйгээр сурах боломжийг бүрдүүлье л гэж байгаа, гэхчлэн. 70 мянган төгрөгөөр өөр юунд ч санаа зовохгүйгээр амьдарч, хичээлээ хийгээд яваад байх бололцоотой юм гэнэ. Харин УИХ-ын гишүүдэд сая давсан цалин нь багадаад, үнэгүй унаа, үнэгүй утас, үнэгүй эмчилгээ хийлгэж байх ёстой юм гэнэ. Энэ 70000 гэдэг тоог (72 мянга гаран төгрөг) хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хагастай дүйцүүлэн бодож гаргаж иржээ. Гэхдээ л амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур дүнтэй байна. Оюутнуудыг амьдралын баталгаажих доод түвшингээс доогуур амьдар гэсэн үг шиг сонсогдож байна. Яагаад гэвэл тэд чинь хүн биш “оюутан” учраас уу?

Оюутан хүнд, өөр юунд ч санаа зовохгүйгээр хичээл номоо хийгээд явахад хэдэн төгрөг хангалттай вэ? 70000 төгрөг тэдний хэрэгцээг хангаж чадах уу? Сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, хувцас хунараас гадна тэдэнд 70000 төгрөг нь хангалттай юу? 70000 төгрөгөөр хооллоод, ундлаад, ном дэвтрээ аваад, хичээлээ хийгээд, юунд ч санаа зовохгүйгээр суралцахад энэ мөнгө хангалттай юу? Огтхон ч хангалттай биш ажээ. Сургалтын төлбөр, оюутны байрны төлбөр, сургалтад хэрэглэгдэх элдэв бусад төлбөрийг оролцуулаад нэг оюутан жилдээ дунджаар 2,5 сая төгрөгийн зардал гаргадаг байна. Үүнд хоол унд, хувцас хунар гэхчлэн бусад зардал орохгүйгээр тэр шүү.

Оюутнуудад тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг дэмжиж байгаа эрхмүүд үүнийгээ бүрэн үндэслэж чадахгүй байна. Аргагүй, хавтгайруулан тэтгэлэг олгох гээд байгаагаа зөвтгөх эрүүл үндэслэл байхгүй учраас чадахгүй. Тэд оюутнуудад цалин (бэлэн мөнгө) өгөхийг л хүсч байгаа болохоос биш тэтгэлэг өгөхийг хүсэхгүй байна.

Энэ зөв бодлого мөн үү? Элбэгдорж ерөнхийлөгч, ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа оюутнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү хэмжээний стипендтэй болгох тухай ярьж амалж байсан. Тэрчлэн Элбэгдорж ерөнхийлөгч, бидэнд одоо зүүний бодлого ч хэрэггүй, барууны бодлого ч хэрэггүй, бидэнд зөвхөн зөв бодлого л хэрэгтэй, гэж илтгэж байсан санагдана. Оюутнуудад стипенд олгох нь зөв бодлого мөн үү гэдгийг судалж, бодлогын шинжилгээ хийх нь зөв байх. Гэхдээ юун түрүүнд хэд хэдэн асуулт төрж байна.

Энэ зөв бодлого мөн үү? Мөн бол бусад бодлоготойгоо зөрчилдөж, бусад бодлогын үр нөлөөг арччихгүй байгаа. Дээд боловсролтонгууд хэтэрхий олноор төгсөж байна, мэргэжилтэй ажиллах хүч алга, дээд боловсролтой ажилгүйчүүд дүүрэн байна, гэж сурталдаж байгаад мэргэжилтэй ажилчид бэлдэх, сургах явдлыг бодлогоор дэмжиж байгаа гэж ойлгож байсан. Тиймээс ч МСҮТ-ийн сургалтыг төлбөргүй болгоод, МСҮТ-д суралцагчдад сар бүр 45000 төгрөгийн стипенд олгож байгаа билээ. Үүний үр дүнд МСҮТ –үүд ч олноор байгуулагдсан, МСҮТ-д элсэгчдийн тоо ч нэмэгдсэн, МСС-аас үүнд зориулан олон сая доллар зарцуулж байгаа билээ. Одоо оюутнуудад 70000-ыг өгөөд эхлэхээр тэд МСҮТ-ээс зугатаад их дээд сургууль коллеж руу шургахгүй гэж үү? Нөгөө мэргэжилтэй ажилтан бэлдэх бодлого юу болох вэ? Олон сая долларын хөрөнгө оруулалт юу болох вэ? Энэ зөв бодлого гэж үү?

Их дээд сургуулийн тоо хэт олширч, чанаргүй баахан дээд боловсролын дипломтонгуудыг бэлтгэн гаргаж байна гэж баахан шүүмжилсэн. Их дээд сургуулиудын тоог цөөлөхийн тулд Улсын гэх хэдэн сургуулийг хүчээр нэгтгэсэн. Зарим нэг жижиг хувийн сургуулийг ч хаасан. Үүний үр дүнд 180 хүрч байсан их дээд сургуулийн тоо 116 болж буурсан ч их дээд сургуульд суралцагчдын тоо төдийлөн буураагүй л байна. Бодлогоор чанаргүй их дээд сургуулиудыг хумьж, цөөлөх юм байна гэж ойлгож байсан. Одоо, сургалтын төлбөрийн 500000-ыг хүний хөгжил сангаас төлөөд, дээрээс нь оюутан болгонд стипенд өгөөд эхлэхээр нөгөө чанаргүй гээд байгаа дампуурлын ирмэгт байсан сургуулиуд чинь амьдрах чадвартай болоод санхүүгийн хувь бэхжээд эхлэхгүй гэж үү? Боловсролын салбарт өрсөлдөөн гэж зүйл байхгүй, хувийн хувьсгалын ялгаагүй, улсаас өгдөг хэдэн төгрөгөөс хамаатай болчихвол боловсролын чанар сайжирна гэж бодож байна уу? УИХ-д байгаа, хувьдаа сургуультай сонирхлын зөрчилтэй гишүүдийн лоби яваад байгаа юм биш биз? Энэ зөв бодлого гэж үү?

Оюутнуудад сар бүр цалин олгох нь зөв. Оюутнуудад сар бүр цалин олгох явдлыг шүүмжилж байгаа ч гэсэн эсэргүүцэж байгаа хэрэг биш. Хэлбэрийг нь буруутгаж байна. Оюутнуудад цалин олгох нь уг нь зөв. Гэхдээ энэ нь бүтэн болон хагас, ер нь янз бүрийн тэтгэлэгийн хэлбэрээр олгогдох нь зохистой юм. Улстөрчид зөв юмыг яаж ийгээд буруугаар хийж чадах юм. Энэ талаар бүр гайхалтай авьяастай. Хэн нэг нь, ямар нэг зөв зүйлийг хэлж санаачлахаар, авч давхиад юу ч биш болгож чаддаг, эсвэл өөрсөддөө ашигтайгаар эргүүлж чаддаг, бараг бурхнаас заяагдмал авьяастай юм. Тиймдээ ч улстөрч байдаг биз.

Оюутнуудад сар бүр 70000 төгрөг өгөхөд, нийтдээ 130 гаран тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай гэнэ. Оюутны сургалтын төлбөрт, хүний хөгжил сангаас олгож байгаа 82 тэрбум 500 сая төгрөгтэй нийлбэл 200 гаран тэрбум төгрөг болно. Төр тийм их мөнгөтэй л юм бол боловсролыг дэмжих гээд байгаа л юм бол энэ мөнгийг ингэж хавтгайд нь тарааж цацаж юу ч биш болгож байхаар, нийлүүлээд 220 тэрбум төгрөгийн сантай “ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ” зарлачихвал үр дүнтэй мэт. Нэг оюутанд зориулагдах бүтэн тэтгэлгийн хэмжээ дунджаар 5 сая төгрөг байна гээд бод. 44000 оюутан тэтгэлэгт хамрагдана. Одоо байгаа нийт оюутнуудын 30 орчим хувь нь тэтгэлэгт хамрагдах бололцоотой болж байна. Тэтгэлэгт хамрагдагсдын тоо ч хангалттай, нэг хүнд ноогдох тэтгэлгийн хэмжээ ч боломжийн байхаар тооцоо гарч байна. 5 сая төгрөгийн тэтгэлгээсээ тодорхой хэсгий нь сургалтын төлбөртөө тушаагаад, тодорхой хэсгийг нь оюутны байрандаа төлөөд үлдэх хэсгийг нь сар бүр цалин болгоод аваад байхад одоогийн ханшаар амжиргааны баталгаажих доод түвшингээс хамаагүй дээгүүр амьдарч болохоор байна. Ингэвэл оюутан хүн өөр юунд ч санаа зовохгүйгээр номоо шагайгаад сууж болохоор байна. Гончигдорж гишүүний хэлснээр боловсролдоо хөрөнгө оруулалт хийж, хүнээ боловсруулах замаар хөгжих боломж бүрдэнэ. Харин манай төрчингүүд хавтгайд нь тарааж, хавтгайд нь амжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур амьдруулах сонирхолтой байгаа нь ямар учиртай вэ? Ердөө л бүх оюутанд таалагдах гэснийх, бүх оюутны саналыг худалдаж авах гэснийх. Өөрөөр тайлбарлах боломжгүй.

Гэхдээ… Өнөөдөр оюутнуудад толгой дараалан цалин олгох явдал нь буруу. Яагаад гэвэл боловсролын салбар дахь бодлогын алдаанаас болоод өнөөдөр их дээд сургуульд сурч байгаа оюутнуудын тодорхой хувь нь идэвхгүй зорилгогүй оюутнууд болоод байна. Төрөөс дээд сургуулиудын сургалтын төлбөрийг хязгаарлачихсан тул сургуулиуд элсэлтийн тоог нэмж, сургавал зохих оюутнууд дээрээ сурч чадахгүй ч гэсэн төлбөр төлж чадах тодорхой тооны оюутнуудыг нэмж элсүүлж байгаа. Ингэж байж зардлаа нөхөхүйц мөнгө олдог байдал бий болсон. Тиймээс сургуульд элсэх шалгуураа бууруулж, босгоо намсгасан. Тодорхой босго тавихгүйгээр, тоо гүйцээх байдлаар элсэлт авч байгаа. Дээрээс нь сурч чадахгүй, суралцаж тэнцэхгүй байгаа оюутнуудыг хасах ямар ч механизм байхгүй, байсан ч үйлчлэхгүй. Яагаад гэвэл оюутан хасна гэдэг нь нэг оюутны төлбөрөөр санхүүжилт багасна л гэсэн үг. Тиймээс хамгийн гол шалгуур нь төлбөрөө төлсөн бол сураад бай гэдэг шалгуур, төлсөн л бол салгалж байгаад төгсөнө гэдэг зарчим үйлчилж байна.

Чадвартай чадваргүй баахан оюутныг нэг ангид дүүргэн чихчихээд муу тавьж болохгүй, хасаж болохгүй, тэгэхдээ сурга гэж тулгаж байна. Зарим сургуулиуд бараг 3 ээлжээр хичээллэж байна. Сайн сурсан оюутанд урамшуулал алга, муу сурсан оюутанд шийтгэл алга. Өөрөөр хэлбэл сэдэл төрүүлэх бүтэц байхгүй байна. Муу нь ч оюутан сайн нь ч оюутан адилхан л диплом авч төгсөнө. 10 сайн оюутныг 20 тааруухан оюутан яаж ийгээд уруу татаж, идэвхийг нь бууруулж дөнгөнө. Бүхэлдээ оюутнуудад сурах идэвх сонирхол буурна. Багш нь ч хичнээн хичээгээд нэмэр болохгүй анги дүүрэн идэвхгүй оюутнууд, мундаг заагаад ч нэмэргүй, муу заагаад ч ял шийтгэлгүй, оюутанд хариуцлага тооцох хөшүүрэг байхгүй, багшийн идэвх зүтгэл ч суларна. Одоо чанартай боловсролын тухай ярих ямар нэг үндэслэл байна уу?

Бодлого байгаасай. Оюутанд цалин олгох явдлыг зөвтгөж байгаа цорын ганц шалтгаан нь чанартай боловсрол. Гэхдээ өнөөгийн нөхцөлд хавтгайд нь цалин тарааснаар чанартай боловсролд хүргэх ямар нэг ирээдүй харагдахгүй байна. Үүнийг сэдэл төрүүлэх бүтэц бий болгохуйц, эдийн засгийн үр дүнтэй хөшүүрэг болгоосой гэж хүсэж байна. Хэрэв дээр дурдсанчлан “ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ” бий болгон олгож эхэлбэл ийм хөшүүрэг болж чадна. Оюутнуудад сурах, тэтгэлэгт хамрагдах тэгш боломжийг олгох хэрэгтэй.

Үлдсэн оюутнууд нь яах юм бэ, гэсэн асуулт мэдээж урган гарна. Элсэлтийн тоог багасгаад ирэхээр оюутны тоо мэдээж тодорхой хэмжээгээр буурч таарна. Чанаргүй их дээд сургуулиуд ч хаагдаж л таарах байх. Ингэснээр нийт оюутны дундах, засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй оюутнуудын эзлэх жин өснө. Засгийн газрын тэтгэлгээс гадна өөр бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдийг бий болгох тал дээр ч бодлогын дэмжлэг хэрэгтэй. Голомт банкны тэтгэлэг, Зориг сангийн тэтгэлэгтэй адил олон арван тэтгэлэгт хөтөлбөрүүдийг дэмжиж, татварын хөнгөлөлт үзүүлж, тэтгэлэгт зориулж байгаа мөнгийг татвараас чөлөөлж урамшуулж болно. Энэ тэтгэлгүүд ч засгийн газрын тэтгэлэгтэй өрсөлдөхийн тулд тэтгэлгийнхээ хэмжээг нэмж таарна. Бизнесийн байгууллагууд ч төгсөгчдийн чанар муу байна гэж гомдоллож байхаар, өөрийн мэргэжилтнүүдийг оюутан байхаас нь тэтгэлгээр дэмжиж бэлдэж авдаг практик бий болно. Бэлэн төгсчихсөн хүн л авах гэж зовж байхаар, төгссөн хойно нь дахин бэлдэх гэж зовж байхаар ингэсэн нь тэдэнд ашигтай. Нэгэнт л сургуульд төлбөрийг нь төлж байгаа учраас бизнесийн байгууллагууд сургуулиудыг шахаж, сургалтын чанарт хяналт тавьж эхэлнэ. Дээрх тэтгэлгүүдэд хамрагдаж чадаагүй ч гэсэн үнэхээр сурах хүсэлтэй байгаа мөнгөтэйчүүд мөнгөө төлөөд л сурна биз.

Энэ их амархан ойлгомжтой шийдэл. Гэтэл манай гишүүд хавтгайд нь тараах сонирхлоо бодлого гэж нэрлээд төөрөөд байна. Шүүмжлэлд өртмөгцөө, сургуулиудыг 10 шалгуураар зэрэглэнэ энэ тэр гээд худлаа ярьж эхэлж байна. Оюутанд стипенд олгохын тулд дахиад баахан шалгуур үзүүлэлт, түүнийг хянаж байх бүтэц, баахан хүнд суртал, түүнийг аргалах гэсэн сонирхол улмаар авлигын үүр уурхай л бий болох магадлалтай. Аль сургууль тэтгэлэгт хамрагдах болон хэн гэдэг оюутан стипенд авахыг төр ч юм уу төрийн хүнд сурталтан ч юм уу шийддэг болох гээд байна. Төр иймэрхүү заваан юманд хутгалдаж байхаар сангаа бүрдүүлээд бодлогоо тодорхойлоод орхивол болох хэрэг. Төр оролцоод шийдээд байх ямар ч шаардлагагүй. Тэтгэлэгт хөтөлбөрүүд яаж шалгаруулалтаа хийдэг вэ, тэр л процедурыг аваад хэрэгжүүлчихэд болох хэрэг.

Иймэрхүү эрүүл өрсөлдөөн бий болгох, улмаар дээд боловсролын чанарт ахиц гарахад нөлөөлж чадах бодлогын шийдвэр гаргаасай гэж л хүсэх байна даа.

10 Responses to “ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГ”

  1. onochnom said

    Sain bna uu? Boldoo,

    unshuurtai ergetsuulel bailaa. Gexdee ugaasaa zuv yum dundaa xichneen aldaatai ch zuv l baidag. buruu yumiig xichneen zuv xiilee ch buruu l baidag. uuniig sociolism baiguulaad aldsan mongolchuud sain medne dee. baiguulj baix yavtsdaa xichneen ix ajil amjuullaa. zuv yum xichneen ixiig xiilee. gexdee buxeldee buruu baisn uchir nuraad l unasan. Uuntei adil negent zuv gevel tegeed nemergui yum bish uu. minii bodloor zarchmiin xuvid zuv yum shig. tegeed l boloo. gexdee zuv yumiig buruu xiij boloxgui. Ene uudnees niitleliig oilgoj bna. Amjilt

  2. amar said

    Гоё нийтлэл болсон байна.

  3. g said

    Зөв системээс зөв бүтээгдэхүүн гарна. Насаараа байгууллагын тайлан баланс гаргаж үзээгүй, өөрөөр хэлбэл практик мэдлэггүй, багш ямар ня-бо бэлтгэх вэ? Үүнтэй ижил сурах нөхцлийг цаг, улирал үл шалтгаалан тасралтгүй байхаар бий болгоод, багш нарын онолоос илүү практик мэдлэгийг дээшлүүлбэл мөн багш нарын ажлаа хийх нөхцлөөр бүрэн хангасан цагт Гончигдоржийн мөрөөдлийн 20 хувь биелэх байх. сурах хүсэл эрмэлзэл ЕБС-д хэрхэн зөв тавигдсанаас шалтгаалдаг болохоор зөвхөн оюутан гэлтгүй ЕБС-ийн багш, сургуулийн орчинг сайжруулах ч энэ системийн салшгүй хэсэг болох ёстой. монголд дутуу буюу байдаггүй зүйл гэвэл номын сан, номын санг ашиглах ухаан. энэ бүгдийг бүрдүүлбэл их, дээд сургууль төгссөн хэрнээ ажил хийх чадваргүй хүний тоо буурах байх.

  4. Bonko said

    Хавтгай халамж гэдэг угаасаа буруу. Буруугаар баркү маш их хор уршигтай. Зөндөө л гашуун түүх, сургамжууд байна. Зимбабве гээд улс байна. Хавтгайруулж мөнгө тараасаар байгаад, мөнгө нь мөнгө биш болсон. Нэг талхыг 20 сая зимбабве доллараар авдаг. Тийм болох гээгүй л юм бол хавтгай халамжийг зогсоох хэрэгтэй. Халамжилсан ч юм байхгүй. Шал дэмий. Архичин бэлтгэх дамжаа биш дээ. Эх орны хишиг гээч 21төгрөг буудаг өдөр эрүүлжүүлэх байр, дэлгүүрийн согтууруулах ундааны борлуулалт, зочид буудлын орлого сарын дээд хэмжээндээ хүрдэг болсон мэдээ ч байна. Хавтгайгаар нь биш босоогоор нь халамжлах хэрэгтэй. Болодийн хэлж байгаа шиг чанартай, цөөхөн, “шагнал” ч юмуу тэтгэлэг маягаар өндөр шалгууртай, сурч чаддагт нь дэмжлэг болж өгөх хэрэгтэй. Бүр ахиухан шиг.

  5. sodko said

    гэхдээ манай улс төрчид дунд мэдээж ийм бододлтой хүн бгаа л бх.
    тэр хүмүүс нь нөгөө бүтэхгүй хүмүүстэй нийлж уусдаг.
    тиний бодлооор манайхаан дундаас нь мөнгө идэх гэж ингэж улайраад улаан цагаандаа гараад байна уу гэж бодож байна.
    ард иргэдээ биш өөрсдийгөө яаж баяжуулах вэ гэж ярьж суудаг бхаа

  6. oyutan said

    Зарим оюутнуудаас энэ талаарх сэтгэгдлийг нь тандаж үзэхэд, хэрэв биеэ үнэлж байсан бол 70000 төгрөг өгчихөөр л биеэ үнэлэхээ больчих юм уу гээд шоолон хөхрөлдөж байна.
    gej hariulj baiwal teneg malnuud we biye uneleed yawj baihdaa taarsan
    tedend sard 500000-g ogood ch biye uneleh yum baina

  7. oyutan said

    Боловсролын салбарт өрсөлдөөн гэж зүйл байхгүй, хувийн хувьсгалын ялгаагүй, улсаас өгдөг хэдэн төгрөгөөс хамаатай болчихвол боловсролын чанар сайжирна гэж бодож байна уу?
    medeej shuud noloolohgui baih l daa. bi oyutan bolohoor mongo awah durtai baigaa yum bish l dee, “Undesnii tetgeleg” – iig bol todorhoi shalguur end bas yawj baigaa gej duulsan yum baina, bas deerees ni sain surdag oyutnuudad nemj “tusgai”, “neremjit” tetgeleguudiig olgono gej duulsan, uls torchdiin show ch bai, kok awah arga ch bai, songuuliin surtalchilgaa ch bai, mongo ideh arga ch bai garch baigaa ur dun ni chuhal shuu dee. gehdee ali ali talaas ni l harj uzeh heregtei, deerh hunii helsneer zow yum aldaatai baisan ch zow l baidag gej.
    end bas yaponii aldartai chanartai bolowroliin systemiig yunaas ehleltei boloo gej boddog yum, medeej naad zahiin nomiin sangaas ehluuleed olon zuil l noloolson baih, gadaad uls ruu yawuulj surgaj bolowson huchin beltgej, ondor shalguurtai surguuli geh zereg, gehdee dainii uyd olsgolond nerwegdeed baihdaa zowhon oyutnuuddaa maslo talh ogdoh baisan gej duulsan yum baina, oyutnuudaa deer uyesee l chuhald tootsdog baijee gej bodjiisan.

  8. oyutan said

    Шүүмжлэлд өртмөгцөө, сургуулиудыг 10 шалгуураар зэрэглэнэ энэ тэр гээд худлаа ярьж эхэлж байна. Оюутанд стипенд олгохын тулд дахиад баахан шалгуур үзүүлэлт, түүнийг хянаж байх бүтэц, баахан хүнд суртал, түүнийг аргалах гэсэн сонирхол улмаар авлигын үүр уурхай л бий болох магадлалтай.
    ter ch bas tiim taltai. gehdee ta neg talaas ni heterhii ingej tuilshirch bolohgui, aliwaa yumand urgelj l sul tal dawuu tal baidag shdee, tanii dewshuulsen sanald ch bas sul tal baigaa gedegt itgeltei baina

  9. oyutan said

    10 сайн оюутныг 20 тааруухан оюутан яаж ийгээд уруу татаж, идэвхийг нь бууруулж дөнгөнө. Бүхэлдээ оюутнуудад сурах идэвх сонирхол буурна.
    heterhii tuilshirch muu geed muu talaas ni heterhii haraad buh l muu zuiliig hondson haragdaj baina.

  10. social said

    сонирхолтой санаа байна. нээрээ л боловсролын тогтолцоо, оюутаныг дэмжих гээд байгаа юм бол, эрүүл байдлаар хийх хэрэгтэй. хавтгайруулах бус-өрсөлдөөн хэрэгтэй байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: