Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

МИНИЙ ЭС СОНГОХ ЭРХ

Posted by bolod on May 30, 2011

Намууд сонгуулийн хуулийг хэлэлцэж байгаа талаарх чимээ гэнэ гэнэ чих дэлсэнэ. Сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн талаар бодитой, гүйцэд мэдээлэл харин сонсогдохгүй байна. Яг юуны тухай яриад байгаа юм, яаг яах гээд байгаа юм, үнэнээсээ яриад байгаа юм уу үгүй юм уу, толгой эргүүлээд байгаа юм уу, ёстой чөтгөр нь ч бүү мэд. Эхлээд л нэг их мундаг зарчим ярьцгаана, тэгээд л тогтолцоо ярина, гол асуудлаасаа хальж хэнд ч хэрэггүй жижиг асуудлаар баахан мэтгэлцэнэ, иймэрхүү предметний маргаан, дуусдаггүй яриа, эх адаггүй мэтгэлцээн цэцэрхэл нь явж явж дандаа л өөрийн намын эрх ашиг, эцсийн эцэст өөрийнхөө эрх ашигт хэр нийцэж байгаад л шууд чиглэнэ. Мэтгэлцээний явц нь хэн илүү чанга дуугаар ярьж, тэр хэрээр сонгогчдод таалагдах вэ гэсэн уралдаан шиг, харин хууль батлах болохоороо хэрхэн сонгогчдыг үл тоомсорлож зөвхөн өөрсдийн эрх ашгийг дээдлэх вэ гэсэн цусгүй (цустай ч юм билүү хэн мэдлээ) тулаан шиг.

АН-ын бүлэг дээр АН-ын зарим гишүүдээс “Сонгуульд оролцож саналаа өгөөгүй сонгогчдод хүний хөгжил сангаас олгох мөнгийг дараагийн сонгууль болтол олгохгүй” байх тухай санал гарсан гэнэ. Үнэн болов уу? Тэгээд очиж очиж АН-ын гишүүд, ажлын хэсгээс ийм санал гаргасан юм байх даа. АН улам улмаар л “ардчилсан биш” зарчим руу ухарч байна. Энэ хурдаараа бол 2012 оны сонгуульд МАН-тай эвсэл байгуулж сонгуульд оролцоно, ил биш юмаа гэхэд далдуур эвсэнэ, сонгуулийн дараа дахин эвцэнэ, 2016 онд хоёр нам бүр нэгдэх юм байна л даа. Жилээс жилд л ардчилагчид улам улмаар комунистууд шиг аашилж байна. Экс ардчилагчид экс комунистуудын нэгдэл неокомунистууд л харагдаж байна. Неокомунистууд монголд тоталитар дэглэм тогтоох нь дутаж гэнэ. Тэгэх вий гэж бүр үнэнээсээ эмээх боллоо.

Монгол улсын үндсэн хуульд заасанчлан, 18 нас хүрсэн хэн бүхэн “төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхтэй”. Гэхдээ сонгуульд заавал оролцож, заавал саналаа өг гэж албадах эрх аль ч албан тушаалтанд байхгүй. Ямар ч хуульд тийм заалт байхгүй. Тэр тусмаа “сонгогдох” эрхтэй зарим нэгүүд, “сонгох” эрхтэй бусдыгаа сонгуульд оролцож заавал саналаа өг гэж хэлэх, хүчиндэх ямар ч эрхгүй шүү, мэдтүгэй. Сонгуульд оролцож санал өгөх нь монгол улсын бүрэн эрхт иргэний зүй ёсны эрх болохоос биш заавал биелүүлэх үүрэг биш, заавал гүйцэтгэх алба биш, сая төгрөгийн торгуультай ял биш. Сонгуульд оролцохгүй байх нь ямар нэг хууль зөрчсөн үйлдэл биш, үүргээ хөсөрдүүлсэн явдал ч биш, ердөө л эс үйлдэл. Сонгуульд оролцоогүйн төлөө сая төгрөгөөр торгох нь эргээд хууль зөрчсөн үйлдэл болох юм биш биз хууль тогтоогчдоо, сайн бодоорой. Яах нь вэ, зүгээр байхад зүгээр байгаарай.

Би сонгуульд санал өгөх эрхтэй, саналаа өгөхгүй ч байх эрхтэй. Энэ бол миний, бидний, монгол улсын иргэн бүрийн халдашгүй дархан эрх. Сонгуульд оролцож саналаа өгөхгүй байгаа нь эс үйлдэл боловч энэ нь сонгогчийн бүрэн эрх. Та нар муусайнуудыг сонгохгүй байх хэн ч халдаж болшгүй дархан эрхийг минь булаах нь уу? Сонгохгүй байх сонголт бол ардчилсан сонгуулийн амин сүнс. Тэд өөрсдөө сонгогчдын саналыг татаж, өөрсдийгөө сонгуулахын төлөө ажиллах ёстой болохоос биш, сонгуулахаар албадах эрхгүй. Та нарыг сонгохыг хүсэхгүй байгаа нь сонгогчдын буруу биш. Сонгогчдынхоо халдашгүй дархан эрхэнд халдаж, өөрсдийн халдашгүй дархан эрхийг баталгаажуулах гэж санаархаж байна уу? Бодол чинь богино байна. Ямар ард түмэн байна, тийм төр байна гэж донгосцгоогоод байсан, одоо болохоор ямар ч ард түмэн байсан одоогийнх шиг ийм л төр байх зам руу гулгуулан түлхэж байна уу?

Тэд “Хүний мөнгө” –өөр (хүүхдийн мөнгө, ямааны мөнгөнөөс ялгаж ийнхүү нэрлэв) барьцаалан иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэхийг тулган шахсан. Иргэний шинэчилсэн бүртгэлээрээ барьцаалан “Таван толгойн хувьцаа” -наас олгох эсэх дээрээ тулсан. Одоо хүний мөнгөөр барьцаалан сонголтгүй сонголт руу хүчиндэн шахаж байна. Сонгогчдынхоо сонгох, эс сонгох эрхийг даран бузарлах гэж байна. Дараагийн удаад үг хэлэх хэвлэн нийтлэх эрхийг чинь хязгаарлана. АН, МАН намуудыг шүүмжилвэл, эсэргүүцвэл хүний мөнгийг чинь өгөхгүй гэж сүрдүүлнэ. Дараагийн удаад үзэл бодлыг чинь худалдаж авна. АН, МАН намуудыг сонгохгүй бол хүний мөнгийг чинь өгөхгүй гэнэ. Өөр үзэл бодолтой байвал танд хүний мөнгө өгөхгүй. Ингэж л дарангуйлал руу гулсдаг. Одоохондоо хүний мөнгийг чинь өгөхгүй, дараагийн шатанд хүн байх эрхтэй чинь ярина. Эхлээд эдийн засгийн эрх чөлөөнд чинь халдана, дараагийн шатанд улс төрийн эрхийг чинь булаан авна, тэгээд амьд явах суурь эрхийг чинь хязгаарлана. Эхлээд эдийн засгийн цагдаа, дараа нь сэтгэхүйн цагдаа ажиллаж эхэлнэ. Та хөмсгөө зангидсаны төлөө хүний мөнгөө хасуулж мэднэ. Та бодлогоширсны төлөө хүний мөнгөө хасуулж мэднэ. Та бүх нийтийн комунист суботникт оролцохгүй бол хүний мөнгөө хасуулна. Та мод тариагүй бол хүний мөнгөө хасуулна. Улс орны дайсан, хэн нэгнийг үзэн ядах цуглаанд оролцоогүйн төлөө хүний мөнгөө хасуулна. Үзэх ядах цуглаанд оролцсон ч гэсэн, үнэн голоосоо үзэн ядаж, бахардан хашхираагүйн төлөө хүний мөнгөө хасуулна. Өөртөө таалагдаагүй бүхнийг хавчдаг энэ арга зам комунистуудынх. Үр дүн нь Орвэлийн 1984 ийнхөрхүү.

Би, намын дарга нарыг, “2012 оны сонгуульд мөнгөний амлалтаар өрсөлдөхгүй” хэмээн санамж бичигт гарын үсэг зурж шоудацгаасныг эхнээс нь л хардангуй байсан. Гэтэл мөнгөний амлалтаар биш, мөнгөний хязгаарлалт хавчилтаар өрсөлдөх гэж байсан юм байна. Өнөөгийн төгрөгийн ханшаар бодоход сар бүр дор хаяж 21000 гэдэг жилийн 252000 төгрөг, дараагийн сонгууль хүртэл гэвэл энэ нь 1 сая гаран төгрөг болж байна. Өөрөөр хэлбэл сонгогчид эс сонгосныхоо төлөө 1 сая төгрөгний эдийн засгийн шийтгэл хүлээж байна. Энэ ер нь үндсэн хууль энэ тэртэй зөрчилдөөгүй биз? Иргэдээ үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг биш биз. Хууль юмны учир мэддэг хэн нэг нь тайлбарлаад өгөөрэй.

Ингэж хүчээр сонгуульд оролцуулж болох уу? Социализмын үеийн заавал сонгуулийн элемент эндээс ханхийж байна. 99,99%-ийн ирцээр 100 хувь АН, МАН намуудыг сонгуулахыг хүсэж байна. Сонголтгүй сонгуулийг яагаад сонгогчдод тулган шаардаж байна вэ? Хэнийг ч сонгохгүй гэсэн нэг хувилбарыг санал асуулгын хуудсанд нэмж оруулах юм гэнэ. Ердөө л заль мэх. Сонгохыг хүсэхгүй байгаа сонгогчдыг, та сонгуульд оролцоод хэнийг ч сонгохгүй гэсэн сонголтоо л хийчих, танд хэнийг ч сонгохгүй байх боломж байгаа хэмээн хуурч байна. Үр дүнд нь сонгуулийн ирц найдвартай бүрдэнэ. Сонгуулийн ялалтаа баталгаажуулна. Дараа нь харин, би ард түмнээс сонгогдсон мандаттай хүн, би ард түмний төлөөлөл, намайг та нар сонгосон гэж хэлж байгаад л хууль ёсоор доромжлох эрхтэй болчихно.

Төрчингүүд, яагаад сонгогчдыг ийнхүү хүчээр санал өгүүлэх гээд байна. Учир нь маш тодорхой. Төрчингүүдийн нэр намчингуудынхаа нэр төртэй цуг шал арчиж байгаа. Нам-төр цугтаа шал арчиж байгаа энэ үед сонгогчдын саналыг татах гэдэг нь маш хүнд зорилт болж хувирчээ. Тиймээс санал татах гэж зовж байхаар шахаж хүчиндээд зүтгүүлэх замыг сонгох гэж байна. Хүчиндэхгүй бол сонгуулийн ирц бүрдэхгүй байх гэмтэй. Сонгуулийн ирц бүрдэхгүй бол манай төрийн байгуулалтын систем явцгүй болсны нэг баталгаа болох юм.

Одоохондоо УИХ-ын сонгуулийн ирц яаж ийгээд хүрэх л байх л даа. Сонгуулиас сонгуульд ирц буурч байгаа нь үнэн боловч УИХ-ын сонгуулийн ирц хүрэхгүй байх хэмжээнд арай ч тулчихаагүй байгаа. Гэхдээ л сонгуулийн ирц буурах энэ үзэгдэл нь намуудад тэр дундаа АН –д их хохиролтой гэж бодож байх шиг байна. Сонгуульд оролцохгүй хаягчдын дийлэнх нь залуучууд байдаг. Залуучууд болон нийгмийн идэвхтэй хэсгийнхэн, АН-ыг дэмжигчид сонгуулийг хаядаг байсан. Гэхдээ энэ дүгнэлт 10 жилийн өмнөх дүгнэлт. Энэ нөхцөл байдал сүүлийн үед өөрчлөгдөж байгаа. Харин ардчилагчид нөхцөл байдлын өөрчлөлтийг мэдрэхгүй байх шиг. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлчихвэл АН-ын авах хувь өснө гэж бодоод байх шиг байна. Сонгуулийн ирцийг нэмэгдүүлснээр саналын шилжилт хаашаа гулсахыг тэд таамаглаж байгаа болохоос биш одоогоор мэдэхгүй, андуурцгааж байх шиг байна. Тиймээс л хүчиндэж байгаад сонгуулийн ирцийг нэмчихвэл, дуртай ч дургүй ч манай хоёр намыг сонгохгүй хаачихав гэж цээжин бангаар тооцож байх шиг байна. Дээрээс нь 21000-аар гул барьж, бид л өгсөн юм хэмээн сануулж, саналыг нь барьцаалах гэж байна. Сүүлийн хорин жилд ядууруулж туйлдуулсан дундаас доош давхаргынхныг ингэж л ашиглах гэж байна.

Ер нь, сонгогдогчдоор сонгуулийн хууль боловсруулуулах нь угаасаа буруу юм биш үү?. Тэмүүжин гишүүний яриад байгаа “Сонирхлын зөрчлийн хууль” ямаршуу концепцтой гарах бол. Өөрсдөө сонгогдох өндөр сонирхолтой, сонгуулийн хувьд сонирхлын зөрчилтэй нөхдүүд, “Сонгуулийн хууль”-ийг боловсруулах, батлах нь ер нь хэр зохистой юм бол. Сонирхлын зөрчилд орчихгүй байгаа. Гээд одоо яалтай ч билээ дээ, хуулийг ТЭД л баталдагаас хойш. Хууль санаачлах эрхтэй субъектууд нь бүгд л сонирхлын зөрчилтэйгөөс хойш ингээд л завааруулах байх даа. Сонирхлын зөрчил эндээс л эхэлж байх шиг.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: