Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ШИНЭ ХҮНДИЙН ТӨВ

Posted by bolod on June 28, 2011

Дээд шүүх МАХН-ыг бүртгэчихлээ. Одоо улс төр жинхэнээсээ кааш болж байна. Сонгуулийн хуулийг ямар хувилбараар зүтгүүлэх тал дээр намууд нэг л шийдэмгий бус байсан нь зарим нэг тодорхойгүй хүчин зүйлээс болгоомжилсноос үүдэлтэй гэж таамаглаж байсан. МАХН гэдэг нэрийг ашиглаж чадах эсэх, энэ нэр улс төр дэх хүчний хуваарилалтад ямар нөлөө үзүүлэх вэ гэдэг нь тодорхой болоогүй байхад сонгуулийн хуулийг эцэслэн шийдэж чадахгүй гэж таамаглаж байсан. Таамаг ёсоор болж байна. МАХН-ыг бүртгэчихлээ. Одоо сонгуулийн хууль руугаа орцгооно. Гэхдээ сонгуулийн хуулийн талаарх мэтгэлцээн эсрэг чиглэлд өрнөх болов уу даа.

МАХН-ыг дээд шүүх бүртгэн авсан нь олон нийтэд төдийгүй, зарим улстөрчдөд ч гэнэтийн үйл явдал байсан бололтой. Одоо түр хугацааны эмх замбараагүй үйл явдал өрнөнө. Улс төрд шинэ хүндийн төв бий болох магадлалтай байгаа тул улс төрийн ашиг хонжоо хайгчид, суудал горьдогсод хөдөлгөөнд орж бужигнана. Хорсогчид, үзэн ядагчид, улс төрийн хор хутгагчид, панзчингууд түчигнэнэ. Бужигнаан түчигнээн намдаж хүчний тэнцвэр шинээр тогтсон хойно зарим нь суудал хожиж, зарим нь алдаж, суудалгүй үлдсэн нь улстөрөөс жийгдэх гэмтэй. Гэхдээ алдах юмгүй улсуудад үзээд алдахаас өөр сонголтгүй.

МА(б)Н ба АН-ын хэврэгхэн эвцэл бутарч, улс төрийн эмзэгхэн тэнцвэртэй байдал алдагдах нь одоо бараг тодорхой биз. Сонгууль ч дөхөж байна. Угаасаа нэр төр, рейтингээ алдаж, дэмжлэгээ барж байгаа намууд, гурав дахь хүчнээс үхтлээ айж байсан. Гагцхүү энэ гурав дахь хүчин нь хаана байна, аль байна, хэн бэ? хэн түүнийг байгуулж тэргүүлэх вэ гэсэн хүлээлт байсан бол одоо энэ нь нэгэнт тодорхой болж байх шиг. Улс төрийн гурав дахь хүч нь МАХН байж магад чадна. “Шинэ” МАХН-д тийм потенциаль бий. МАХН бол монголын улс төр дэх бодит ”аюул” мөн, зарим хүний хувьд. Тэдэнд олонд танигдсан брэнд нэр байна, олонд танигдсан брэнд лидер байна, хуучнаа санагалзсан үнэнч дэмжигчид, сохроор итгэгчид байна, учраа олохгүй рефлексээрээ санал өгөх идэвхгүй сонгогчид, дагаж дарвих хөөрөн баясагчид байна. Түүнээс ч дутахгүй МАН, АН-уудыг үзэн ядагчид байна. Одоо фейс болох хэдэн нүүрний “арьс” л хэрэгтэй. Олонд танигдсан “арьс” байх тусмаа, тэр нь хуучин МАХН-ын угшилтай байх тусмаа тэдэнд тэр хэрээр ашигтай. Олдох ч байх. МАН-д гомдогсод болон гологдогсод хангалттай олон бий. Бас бандгар бандгар “түрийвчнүүд” хэрэгтэй. Тэр нь ч мэдээж олдох биз. Тэгэхээр МАХН Монголын улс төр дэх шинэ хүндийн төв болж магадгүй боллоо.

Одоо МАХН –д ганцхан зүйл хэрэгтэй. Сонгуулийн саналын хуудсан дахь намын жагсаалтад МАХН-ын нэр бусад “жижиг” намуудаас дээгүүр бичигдэх боломжийг хангах аль нэг намтай эвсэх эсвэл нэгдэх л хэрэгтэй. Ингэж “ашиглагдах” аль нэг нам мэдээж олдоно. МАХН гээд эхний дөрөвт бичигдсэн байхад МАН-аас нэг их дутуу санал авах нь юу л бол? Намуудын жагсаалтын эрэмбийг саналын хуудсанд хольж бичих санал гарч байсан боловч үүнийг хуульчилж хэрэгжүүлэх нь юу л бол. Тэгвэл МАН болон АН –ууд давуу талаа өөрсдийн гараар үгүй хийснээс ялгаагүй болно. Тиймээс сонгуулийн саналын хуудсан дахь намууд болон нэр дэвшигчдийн нэр улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаараа бичигдэх нь бараг гарцаагүй гэж болно. МАХН-тай эвсэх нэгдэх нам нь ямар нам байх тухай асуудал нь өөр сэдэв тул ингэсгээд товчилъё.

МАХН ийнхүү гурав дахь хүчний орон зайг эзэлснээр бусад “жижиг” намуудын боломжийг ихээхэн хумьсан хэрэг болж байна. Одоо бусад намууд хичнээн хичээгээд тэдэнд боломж тун бага үлдэнэ. Иргэний Зориг нам болон Ногоон намуудын эвслийн үр дүнг энэ үйл явдал бараг баллуурдчихлаа. ИЗНН –ыг улсын дээд шүүх бүртгэлээ ч гэсэн тэд бодитой хүч болж хараахан чадахгүй л болов уу? Яахав баталгаатай дөрөв дэх нь болох л байх. Гэхдээ дөрөв дэх хүчний орон зай Монголд бий юу? Ээ мэдэхгүй.

Улстөрд шинэ хүндийн төв бий болсонтой холбоотойгоор сонгуулийн хуулийн талаарх маргаан одоо шал өөр болчихлоо. Хоёр гол нам өрсөлдөж байсан нөхцөлд сонгуулийн хуулийн маргаан хоёр намын тэнцвэрийг олоход чиглэж байсан бол шинэ тоглогч гарч ирснээр нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Санал хувааж чадах бодитой шинэ тоглогч гарч ирснээр бодлогоо дахин шинээр бодохоос өөр аргагүй байдалд хүргэлээ. Хэдийгээр АН-ынхан МАХН –ыг бүртгэгдсэнд баярлаж, МАН-ыг хоёр хуваачихлаа, дэмжлэгийг сарниалаа гэж бодож болох ч сайтар цэгнэвэл баярлах цаг бас ч болоогүй байж мэдэхээр байна. Могой гурав тасравч гүрвэлийн чинээ гэдэг үг эрхгүй санаанд орно.

АН өөрийн намын рейтинг өндөр (бусдаас харьцангуй өндөр болохоос үнэмлэхүй өндөр биш) байгаад дулдуйдан, мөн Улаанбаатарын сонгогчдын дэмжлэгт найдаж пропорциональ давамгайлсан хувилбарыг сонгохыг хүсэж байсан. Харин МАН олонд танигдсан улстөрчдөөрөө гул барьж мажоритар давамгайлсан хувилбарыг сонгуулахыг хүсэж байсан. Дундын хувилбаруудыг орхиж, туйлын тохиолдлуудад, аль аль хувилбар дээр шинэ тоглогчийг нэмж, нөхцөл байдлыг болзмол байдлаар төсөөлөх гээд оролдъё.

Жижиг 76 тойрог бүхий мажоритар хувилбар. 76 тойрогт бүгдэнд нь нэр дэвшүүлж чадах улс төрийн хүчин тийм олон байж чадахгүй. Гэхдээ МАХН мэдээж 76 тойрогт бүгдэнд нэр дэвшүүлэхийг хичээж таарна. МАХН-ын даргад, ийм мөнгөтэй нэр дэвшигчид хангалттай олдоно. Ингэсэн нөхцөлд гарцаа байхгүй МАН болон МАХН-ууд бие биенийхээ саналыг хуваалцаж, хэрчилцэнэ. Харин АН энэ хоёроос ялгарч, тод харагдах боломж бүрдэнэ. Гэхдээ намын нэр хүнд унасан энэ үед намын фон бүдэг, намын фон дээрх хувь хүний хүчин зүйл илүү үйлчилнэ. Тэгэхээр намууд нэр дэвшигчдийнхээ нэр хүндээр ирүүл тулаанд орох болж байна. Ийм тохиолдолд аль нь ялах вэ? Бодоод үзээрэй.

Том 26 тойрогтой мажоритар хувилбар. Сонгуулийн энэ хувилбар 2012 онд давтагдах магадлал маш муутай ч гэсэн зүгээр дүрслэн бодож үзье. Олон мандаттай тойргууд дээр намууд хоорондоо байлдахаасаа илүүтэйгээр нэр дэвшигчид хоорондоо байлдах нь давамгайлдаг. Нэр дэвшигчдийн хоорондын тэмцэлдээн нам хооронд байтугай нам дотроо хурцадна. Өнгөрсөн сонгуулийн туршлагаас харахад сонгогчдын олонх нь саналын цуглуулга хийх хандлагатай байдаг нь ажиглагдсан. Өөрөөр хэлбэл МАН -аас 1 хүн, АН-аас нэг хүн, МАХН-аас нэг хүн сонгох жишээтэй. “Баярыг багаар нь” гэх мэт сурталчилгаанаас “Намыг нь биш хүнийг нь сонгоё” гэх мэт сурталчилгаа хорлонтойгоор газар авдаг нь батлагдсан. Ингээд л ихэнх ресурсээ нам дотроо, намынхаа нөхөдтэй тулалдахад зарцуулж, хоорондоо алалцсаар байгаад сонгууль дуусгаж байсан. Саналын цуглуулгын үр дүнд гол гурван намаас нэг нэг гишүүн сонгогдох магадлал маш өндөр.

Пропорциональ хувилбар. Хэрэв сонгууль пропорционалиар явбал аль ч нам олонх болж чадахгүй. АН хэдийгээр хамгийн олон санал авч болох ч хяналтын багцийг атгаж яасан ч чадахгүй. Хамгийн их саналыг АН, дараа нь МАН, тэгээд МАХН (магадгүй МАХН ч хоёрт орж мэднэ) авч төрийн эрх барих тоглоомоор тоглоно. АН хамгийн олон санал авснаараа санаачлага тэдний талд байх боловч гарцаагүй эвслийн засгийн газар байгуулж таарна. Гэхдээ хүнд хэцүү хэлцэл тохироо, наймаа явагдана. Хэрэв саналын хувийг нэгтгэж үзвэл МАН болон МАХН-ын саналын хувь 50+1 болж чадах бөгөөд далдуур засгийн эрх бүхэлдээ Ху намынхны гарт байна гэсэн үг болно. Хуучны нэг намын нөхөд далдуур тохиролцохгүй гэж хэн хэлж байгаа юм бэ? Тэгээд ч улс төрд мөнхийн дайсан мөнхийн нөхөр гэж байдаггүй, гагцхүү мөнхийн эрх ашиг л бий гэдэг биз дээ. Хэрэг дээрээ АН засгийн эрх барих боловч нэдэр дээрээ МАН болон МАХН-ын далд эвсэлд засгийн эрхийг алдах болно. 1996 оны парламент шиг, АН ялсан боловч ялагдсан байх болов уу?

Одоо дүгнээд үзье. Ардчилсан намынхны хүсээд зүтгээд байгаа пропорциональ давамгайлсан хувилбар тэдэнд ашигтай гэхээсээ аюултай болж байна. Томсгосон мажоритар бол бүр ч аюултай хувилбар. Хүссэн ч хүсээгүй ч хуучин 76 жижиг тойрог бүхий мажоритар хувилбараар сонгууль явуулбал АН-д ашигтай байж магадгүй хувилбар байна. Гэхдээ нөгөө хоёр хувилбараасаа харьцангуй ашигтай л болохоос биш үнэмлэхүй ашигтай гэж хэлж хараахан болохооргүй байна. Үр дүнд нь АН саяхныг болтол зүтгүүлж байсан мажоритар давамгайлсан сонгуулийн хуулийг батлуулахаар зүтгэж, МАН эсрэгээрээ пропорциональ давамгайлсан сонгуулийн хуулийг дэмжих болов уу гэсэн таамаглал гарч байна.

Гэхдээ аль ч хувилбарыг сонголоо гэсэн АН-д тийм их ашигтай харагдахгүй байна. Өмнө нь ганц бодитой өрсөлдөгчтэй байсан бол одоо хоёрын хоёр бодитой өрсөлдөгчтэй болж магадгүй байна. Хэрвээ нөгөө хоёр нь ил далд хэлцэж тохироод АН-ыг буланд шахвал гарцаагүй АН-ыг нуман тулгуурт оруулж магадгүй нөхцөл байдал үүсэж мэдэх юм.

Таамаглавал, Монголын улс төрд гурав дахь тоглогч бодитойгоор бий болох нөхцөл бүрджээ. Сонгуульд дангаараа баттай ялалт байгуулж чадах улс төрийн нам өнөөдрийн байдлаар байхгүй байгаа нь гарцаа байхгүй эвсэл рүү түлхэнэ. Энэ эвсэл нь сонгуулийн өмнөх эвсэл байх уу? сонгуулийн дараах эвсэл байх уу гэдэг нь улстөрчдийн тоглоомоос шалтгаалах биз. Гэхдээ ямар ч байсан эвслийн засгийн газар байгуулагдах нь өндөр магадлалтай. Энэ засгийн газар нь АН-МАН байх уу? АН-МАХН гэж байх уу? МАН-МАХН гэж байх уу? Тус бүрдээ тун ч магадгүй хувилбарууд бөгөөд аль нь ч байсан цаагуураа тун ч хорон тоглоом тоглогдохоор зураг харагдаад байна даа.

2 Responses to “ШИНЭ ХҮНДИЙН ТӨВ”

  1. дадидо said

    яагаад гэнэтийн гэж угаасаа МАХН нэрийг хэрэглэх боломжтой байсан юм биш үү. Жилийн дотор МАХН МАН хоёроо эрх биш ялгах байлгүй дээ. Энэ зун наадмын дараачаас Энхбаярын авилгын хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэнэ биз. Үйлдэл хийгээгүй юм аа гэхэд эс үйлдэл хийсэн л хүн дээ. Чи идсэн би идсэн дээрээ тулсан энэ хэрүүл бүгдийг нь дээлийг нь нөмрүүлнэ биз. МАХН Үндэсний шинэ намтай эвсэнэ биз.

    • B said

      МАХН-ын нэрийг бүртгэх эсэх нь улстөрийн шийдвэр. Бүртгүүлэхийг хүсч байсан болон бүртгүүлэхгүйг хүссэн бүлэг байгаа. Тиймээс зарим улстөрчдийн хувьд энэ нь гэнэтийн байсан.
      МАН, МАХН хоёрыг жилийн дотор ялгах байх гэдэг чинь өөрөө асуулттай байгаа биз. Ялгахгүй ч байж бас магадгүй л юм. Сонгогчдын 5% нь ялгахгүй байхад л ихээхэн хорлонтой дүн гарна.
      Авилгын хэрэг Монголд ер нь шийдэгддэг юм уу? Эрүү үүсгэдэг юм аа гэхэд яагаад ганцхан Энхбаяр гэж, өөр зөндөө олон хүн нэр холбогдоод л байгаа. МАН-ын гишүүд ч гэсэн. Гэхдээ дээлээ нөмрөх хүн гарахгүй биз дээ.

Leave a comment