Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ

Posted by bolod on October 23, 2011

Английн нэрт зохиолч Томас Майн Ридийн зохиолуудыг хүүхэд байхдаа их уншдаг байж билээ. “Зоригт анчин бүсгүй”, “Морь унасан толгойгүй хүн”, “Цагаан бээлий”, “Хурлийз бүсгүй” гээд л. Тэр дундаа “Оцеола баатар” нэрээр орчуулагдан гарсан, америкийн уугуул семинол овгийн индиан Оцеолын тухай номыг мөн ч олон удаа уншсан санагдаж байна.

Зохиолын хэсгээс сонирхуулъя:

“…Өгүүлэл маань үнэндээ түүхийн баримт дээр тулгуурласан учраас Флоридын өнгөрсөн түүхийн талаар хэдэн үг дурдъя. …1821 онд Испанийн далбаа Сан Аугустино, гэгээн Марксын цамхаг дээр намирахаа болиод, Америк тив дэх сүүлчийнх нь эзэмшлийн нэг болох энэ үзэсгэлэнт нутгийг захирах эрхээ алдсан юм. …Гэвч байлдан олсон эх нутгаа удаан хугацаагаар эзэмших хувь индианчуудад олдсонгүй. Цагаан арьстны өөр нэг үндэстэн, тэдэнтэй эр зориг, хүч чадлаараа тэнцүү улс умард зүгээс довтолж эхлэхэд, эрт орой хэзээ нэгэн цагт өөрсдөө ухарна гэдгийг индианчууд ойлгосон юм. Зэвхий царайт засгийн эрх баригчидтай нэг мөргөлдөөд авчээ. Индианчууд ялагдаж, өмнө зүг нутгийн төв хүртэл түрэгдсэн юм. Гэвч энд халдашгүй эрхийн гэрээ байгуулав. Гэрээг ёслол төгөлдөр гүйцэтгэж, газар нутгаа эзэмших эрхийг ёслол төгс тангараг өргөн баталснаар Семинол овгийнхон сэтгэл хангалуун үлдсэн аж.

Хүчтэй дорой хоёрын хооронд байгуулсан аливаа гэрээ хэлэлцээ бол хүчтэй нь дур зоргоороо зөрчиж байдаг эмзэг зүйл билээ. Энэ удаа ч гэрээний болзлоо ичгүүргүй эвдсэн байна.

Адал явдал хайгч цагаан арьстнууд Индианы нутгийн хил орчмоор сууж, индианы нутгаар хэрэн тэнүүчлэхдээ зүгээр нэг явсангүй. Газар нутгийг нь шинжин сонжиж, будаа хөвөн, чихрийн нишингэ, будаг, олив, амтат жүрж тарьж болохоор үржил шимт сайхан нутаг гэдгийг ажиглаад авчээ. Тэгээд тэр нутгийг эзэлж авахыг туйлаас хүсэж, түүгээр үл барам өөрийн нутаг болгохыг хатуу шийдсэн аж.

Гэрээ байсан боловч тэдэнд уг гэрээг сахиж мөрдөх хэрэг юун? Жорж, Каролина мужийн хоосорсон эдлэнгийн эзэд, өмнөд нутгийн негр боолын худалдаачид гээд адал явдал хайгч зүсэн бүрийн этгээдэд гэрээ хэлэлцээр, тэр тусмаа улаан арьстнуудтай байгуулсан гэрээ ямар пад байх билээ? Тэр хэлэлцээг цуцлах хэрэгтэй!

Төдий л ёсорхог бус “ИХ ЭЦЭГ” тэдний төлөвлөгөөг дэмжин хөхиүлсэн аж.

– “Зүйтэй, сайн байна. Семинолын газрыг авах хэрэгтэй, тэд өөр тийшээ нүүвэл зохино. Өрнө зүгт, өргөн их талд шинэ нутаг олж өгөмз. Тэд яахав, ан хийх уудам их нутгийг үүрд эзэмшинэ биз” гэж “Их эцэг” айлджээ.

– “Үгүй ээ, бид нүүхийг хүсэхгүй байна. Бид эндээ идээшсэн, бид төрөлх эх нутагтаа хайртай, эх орноо орхихыг үл хүснэ, эндээ л байна” гэж семинолууд хариулсан юм.

– “Та нар сайн дураараа зайлахгүй юу? Тэгж л бай. Бид хүчтэй, та нар дорой шүү дээ. Бид, та нарыг хүчээр зайлуулна!” Ерөнхийлөгч Жексон семинолуудад яг ийм утгатай хариу өгчээ.

Гэвч дэлхий дахинд олон нийтийн үзэл бодол тогтож, түүний шаардлагыг хангах хэрэгтэй байдаг. Харгис хэрцгий этгээд ч гэрээ хэлэлцээг илэрхий зөрчих дургүй. Ийм тохиолдолд улс төрийн намууд олон нийтээс илүү үүрэг гүйцэтгэдэг бөгөөд үйл ажиллагаагаа хууль ёсны мэт харуулахыг чухалчилдаг байна.

Индианчууд зөрсөөр байлаа. Тэд эх орноо хайрладаг, газар нутгаа орхин явахаас татгалздаг байв. Үүнд гайхах зүйл огт үгүй. Тэднийг нутгаас нь зайлуулахад ямар нэгэн шалтаг олох хэрэгтэй байжээ. Индианчууд бол залхуу, үржил шимт хөрсөө боловсруулж ашигладаггүй гэсэн хуучин шалтаг тохирохгүй болов. Энэ бол оргүй гүтгэлэг юм.

Үүнийг эс өгүүлэхэд өөр шалтаг ч мундахгүй олджээ. Тэдний “Их эцгийн” илгээсэн зальтай бачтай бүрэн эрхт элч янз бүрийн шалтаг төвөггүй бодож олсон байна. Тэр этгээд бол холион бантан хутгах талаар гарамгай мэргэшсэн, үүнийгээ ч гялалзтал хэрэгжүүлдэг хүмүүсийн нэг байжээ.

Төдөлгүй индианчуудын зохисгүй ажлын тухай тэр нутгаар нэг яриа тархав. Адуу үхэр хулгайлсан, эдлэн суурин устгасан, цагаан аянчин жуулчныг талж дээрэмдсэн гэх зэрэг хэргийг балмад зэрлэг семинолууд үйлдсэн мэт цуурхах болов. Хүн амыг үймүүлж сандраахад үргэлж бэлэн байдаг хил орчмын хээл хахууль авсан хэвлэлийнхэн гарсан боломжийг алдалгүй, харин ч баахан давсалж байгаад нийтлэхийг өөрийн үүрэг хэмээн үзжээ. Семинолуудын эсрэг дайсагнасан үзэл орон даяар хурцдав.

Олны хүслийг биелүүлж, зэрлэгүүдийг хөөж, устгаж, зайлуулах явдал тун хялбар гэж бүгдээрээ бодож байлаа. Гэтэл гэрээ байж байдаг. Америкийг дэлхий дахин хараа тавин ажиглаж байсны зэрэгцээ тоомсорлохгүй байж болохгүй цөөн хэдэн хүн олны хөл үймээнийг эсэргүүцэж байлаа. Уг гэрээг улайм цайм зөрчиж болохгүй тул саад болсон гэрээнээс хэрхэн салах вэ?

Овгийн толгойлогчдыг цуглуулаад гэрээг цуцлахыг ятга! Удирдагчид нь бас л хүн, ядуу хоосон, зарим нь архинд дуртай, хээл хахууль ч тус болно, хатуу хар ус бүр ч илүү тус хүргэнэ. Тэгээд хоёр утгатай гэрээ байгуулъя. Харанхуй зэрлэгүүд учрыг нь үл ухааран гарын үсгээ зурах болно. Тэгвэл гүйцээ!

Овжин төлөөлөгч! Чухамхүү чингэж төлөвлөж, тэгээд ч төлөвлөгөөгөө хэрэгжүүлжээ. 1832 оны тавдугаар сарын есний өдөр Оклаваха голын хөвөөнөө болсон зөвлөгөөнд семинол овгийн удирдагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч, эцэг өвгөдийнхөө газар нутгийг арилжиж орхив. Дэлхий дахинаа ингэж зарлав.

Энэ бол гүтгэлэг байлаа.Удирдагчид бүрэн бүрэлдэхүүнээрээ бус, зөвхөн хээл хахууль авагч, итгэл эвдсэн урвагчид, айж хулчийсан, арга барагдсан сул дорой хүмүүс цугласан байжээ. Семинол овгийнхон тийнхүү нууцаар байгуулсан хэлэлцээрийг зөвшөөрөхөөс татгалзах нь мэдээж. Тэгээд ч болзлы нь хүлээж авахгүйд гайхах зүйлгүй. Тэгэхээр ард түмний хүсэлтийг нь чөлөөтэй, дүүрэн батлахын тулд бас дахин зөвлөгөөн хийх хэрэгтэй болжээ.

Семинолын ихэнх нь уг гэрээг батлахаас татгалзсан нь удалгүй илэрхий болов. Олонх удирдагчид гарын үсэг зурахаас татгалзжээ. Тэргүүн удирдаг болох Онопа ч татгалзсан байна. Зарим удирдагч гарын үсэг зурснаа хүлээсэн боловч бусдын зөвлөгөө, ятгалгаар урьд нь үйлдсэн гэж мэдэгдэв. Овгийн ихээхэн хүчирхэг хэд хэдэн удирдагч, ах дүү Оматла, Хар Шавар, Өндөр дайчин нар уг гэрээнд үнэхээр гарын үсэг зурсан гэж илэн далангүй мэдэгдсэн байна.

Овгийн бусад гишүүд тэднийг үл итгэх болж, урвагч мэт үзсэн нь шударга хэрэг. Тэдний амь насанд заналхийлж эхлэв. Хань хамсаатан нь ч хийсэн хэрэгт нь зэвүүцэн дургүйцжээ. Гэхдээ, …үнэндээ тэр бол гэрээ биш, болзол байсан юм. Болзол ёсоор семинолыг төлөөлж хэдэн хүн Өрнө зүгт очиж үзэх, ирээд ард олондоо илтгэх ёстой байв. …Долоон удирдагч бараг бүгд нүүх талыг баримталсан удирдагчид байлаа. Эх оронч үзэлтэй Хойтл-Мэтти оролцсон боловч тэр зоригт дайчин галт усанд дурладаг байжээ. Ингээд тэдний өмнө гэрээг дэлгэхэд бүгд зурж орхисон байна. Тийнхүү бяцхан хошин тоглолт амжилттай болжээ.

… Гэвч ингэснээр Оклавахын гэрээ хүчин төгөлдөр болсон хэрэг бус юм. Ард түмний саналыг сонсохын тулд бүх удирдагчид дайчдыг цуглуулах хэрэгтэй байлаа. Тэрчлэн цуглуулж бүхний нүдэн дээр гарын үсэг зурах болжээ.

– Оматла, чиний ээлж, За одоо эхлээд гарынхаа үсгийг зур даа. Оматла урагш гарч ширээ рүү дөхөн гарын үсгээ зуржээ. Тэгэхэд нам нүм байлаа. Чимээ аниргүйг “Урвагч” гэсэн огцом хилэнт дуу эвдлээ. Оцеолын уруул үг хэлсэндээ чичигнэн, Оматлаг ширтсэн харцанд нь тоймгүй жигшил тодорчээ. Удирдагчдыг ээлж дараалан дуудаж цөөхөн нь гарын үсэг зурж, бусад нь овгийн удирдагчаасаа огцров.

… – За, Оцеола чиний нэр дээр хүрлээ дээ. Гэвч юуны өмнө таныг удаирдагчаар хүлээн зөвгөөрсөн эсэхийг надад хэлнэ үү гэсэн засгийн төлөөлөгчийн үг нам гүмийг эвдэв.

…Төлөөлөгч арай ухаалаг хүн байсан бол Оцеолын харцыг ажиглаад дуугаа хураах юм уу, наад зах нь аргаа өөрчлөх байсан биз. Гэтэл үнэн шударга ёсны үнэр ч үгүй, ичиж зовохыг үл мэдэх болхи бүдүүлэг сэтгэлд нь Оцеолын эсэргүүцлийг анхаарах сөгөө байсангүй. Харин ч улам бүр доромжлон басамжилсан өнгөөр,

– Та удирдагч мөн эсэхийг би асууж байна. Та гарын үсэг зурах эрхтэй юу? Гэж асуув. Тэгтэл Оцеолын өмнөөс олон арван хүн дуу нийлүүлэн хариулж, удирдагчдын тойргоос, араар нь зогссон дайчдын дундаас,

– Мандах наран удаирдагч мөн үү гэнэ шүү! Удирдагч байлгүй яах вэ! Гарын үсэг зурах ч эрхтэй гэлцэв.

– Би гарын үсэг зурах эрхтэй! Зурах ч болно! Гэж Оцеола үг бүрээ нухацтай өгүүлэв.

… – Маш сайн байна, Оцеола! Тэгвэл наашаа ирээд гарын үсгээ зур гэв.

… Оцеола ширээ рүү дөхөж очоод гэрээний үг бүрийг анхааралтай судлах мэт бичиг рүү тонгойв. Баримт бичгийг хурдан гүйлгэн харах нь нэгийг эрэх мэт. Эрсэн зүйлээ олжээ. “Чарльз Оматла” гэж чанга уншив.

Нуруугаа цэхлэн, төлөөлөгчийн нүүр өөд харж, даажигнасан дуугаар, гарын үсэг зуруулмаар байна уу гэж асуулаа.

– Оцеола та амалсан шүү дээ.

– Тэгвэл амалснаа биелүүлье.

Ийн өгүүлээд испани урт хутгаа хуйнаас нь сугалан авч дээр өргөн гэрээнд дүрсэнд хутганы нь үзүүр модон ширээнд гүн шааж орлоо.

– Миний гарын үсэг энэ! хэмээн хутгаа сугалах зуур дуу алдаад, -Оматла, хар! Чиний нэр байгаа газрыг хутгаллаа, урвагчаа, болгоомжлоорой! Хийснээ давтуузай, тэгвэл чиний зүрхэнд дүрж магадгүй шүү! гэлээ.”

***

Энэ зохиолд Америк тивийн үржил шимт баян тансаг Флорида нутгийн уугуул хүн ам болох Семинол овгийн индианчуудыг эх орноос нь зайлуулж, “индианы нутаг” гэгч өрнөдийн цөл газар руу хөөж газар орныг нь булаан авахаар АНУ-ын засгийн газар элдэв арга заль хэрэглэж, давуу хүчээрээ далайлган сүрдүүлж байвч индианы ард түмний хатан зоригийг нугалж чадаагүй, тэд өлгий нутгийнхаа төлөө эцсээ хүртэл тулалдаад аргагүйн эрхэнд хүчинд автан өрнө зүг одсон эмгэнэлт түүхийг дүрслэн гаргажээ, хэмээн орчуулагч Л.Баярмандах номын оршилд бичсэн байдаг.

6 Responses to “ОЦЕОЛЫН ГАРЫН ҮСЭГ”

  1. free-liver said

    Uyelteigee suudag gardag mon biluu. Ter hesgiig ni ih gaihaad l unshij bsan sanagdahiin.

    oor gun utgiig ni oilooguig bodoh joohon bj hehe.

    • bolod said

      Үгүй биш. Гэхдээ тэр тухай сануулах гэсэн юм биш. Эрх тэгш биш гэрээний тухай л сануулах гэсэн юм.

  2. ЗОРИГТ8 said

    уншихсан даа

  3. Zul said

    Майн Ридийг их багаасаа уншдаг байсан. Тэр үед миний мэдэхгүй ертөнцийг дунд орсон юм шиг мэдрэмж төртөл бичсэнд нь болоод дурладаг байжээ. Харин сүүлд уншихад харин ч бидний нөхцөл байдалтай ижил санагддаг болоод байгаа. Жижиг үндэстний өөрсдийгөө аврах гэсэн хүсэл, тэмцлийг нүдэнд харагдтал дүрсэлж чадсан гайхамшигтай зохиолч . Харин сүүлийн үед миний олж харсан шинэ орчуулгууд арай л… Хуучны шаргал хуудастай номнуудаас нь олж уншмаар л байна багш аа !!! хэхэ

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: