Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР…

Posted by bolod on November 13, 2011

“Дуусдаггүй яриа” нэвтрүүлгээр УИХ-ын зарим гишүүд ямар нэгэн сэдэв олон мэтгэлцэх болсоор удаж буй. Мэтгэлцэх гэх юм уу, санал бодлоо уралдуулах гэх юм уу, төгсгөлгүй үргэлжлэх энэ яриа сүүлийн үед улам “таалагдах” болоо. Ярианы агуулга, ач холбогдол гэхээсээ илүү нэвтрүүлгийн үр дүн нь таалагдаад байгаа юм. Нэвтрүүлэгт оролцдог, “ярьдаг” хэдийг хүн болгон сайн таньж авч байна. Хэн нь хэн бэ гэдэг нь бүр тодорхой болох юм. УИХ-ын гишүүдийг уулзалт сурталчилгааны үеэр, эсвэл өөрийн бэлдсэн сэдвээр илтгэл тавих маягтай нүүр тулсан ярилцлагуудаар, эсвэл чуулганы танхимд хэлсэн үг, анхаарал татсан хэрүүл шуугианаар нь л илүү мэдэх, түүгээр нь төсөөлдөг үзэгчид сонгогчид, урт хугацаанд үргэлжлэх цуврал нэвтрүүлгүүдийг үзэх боломжтой болсноор хэн нь хэн бэ гэдгийг харьцуулан харах, үнэлж дүгнэх боломжтой болж байна.

Нэвтрүүлгийг санаачлагчдын цаад далд бодол ч үүнд чиглэсэн нь тодорхой. Долоо хоног бүр, тогтмол цагт телевизээр гарч, давтамжтайгаар сонгогч олонд танигдах нь сурталчилгааны маш сайн, үр дүнтэй хэрэгсэл гэдэг нь тодорхой. Энэ нь зарим танигдаагүй хүнийг сайтар таниулж, хүнд хүргэх үр дүнтэй арга зам. Гэхдээ үр дүн нь тэр бүр хүссэнчлэн гарахгүй ч байж мэдэх юм. Тунг нь тааруулахгүй бол тодорхой түвшинд хүрээд харинч эсрэгээр сөрөг сурталчилгаа болж ч мэдэхээр ажээ.

Анхлан сайн танихгүй байхад маш гоё гоё юм яриад байгаа хүнийг нэг хэсэгтээ сонсоход их л сонирхолтой санагддаг. Нэг хэсэг гэдгийгээ давчихаар харин ч уйдаж залхах маягтай болно. Нөгөө л ярьдагийгаа л яриад байх юм. Ярьж байхаар тэгээд наадхыгаа хийгээч. Хийхгүй тэгээд юугаа хүлээгээд байгаа юм бэ? УИХ-ын гишүүн болчихоод хийж чадахгүй бол тэгээд хэзээ хийх юм гэж асуухад хүргэнэ. Бас л нөгөөхөө ярьсаар байна уу гэсэн залхалтад хүргэнэ. Хүн бүрийн хэмжээг мэдэж, таньж, энэ хүн хэн бэ гэдгийг сайтар таних боломж олгоно. Сонгогчдын зорилго ч тэр. Хэн нь хэн бэ гэдгийг сайтар мэдэж байгаад сонголтоо хийх санаатай. Энэ утгаар л “Дуусдаггүй яриа” нэвтрүүлэг улам улам таалагдаж эхлээд байна.

Өнгөрсөн нэвтрүүлгээр Гантөмөр гишүүн ярьж байна. Хүн төрөлхтний хөгжлийг өдий түвшинд хүргэхэд шунал л гол үүрэг гүйцэтгэсэн байхгүй юу, гэхчлэн ярив. Хүн төрөлхтний түүх бол шунал тачаалын түүх гээд золтой л хэлчихсэнгүй. Эдийн засгийн хөшүүрэг чухал үүрэгтэй гэдгийг л өөрийнхөө ойлголтоор хялбарчлан тодорхойлж байгаа нь тэр бололтой. Гэхдээ энэ нь асуудлын зөвхөн нэг тал гэдгийг мартаад, эсвэл санаатайгаар гуйвуулаад сэтгэл хөтлөлдөө автаж, хэт мэдэмхийрч туйлшрав. За тэрч яахав, тухайн үеийн сэтгэл хөдлөл байсан байх.

Үүнтэйгээ залгуулан хэмнэлтийн бодлогынхоо талаар ярьж цэцэрхэв. Сонгогчидтой хийх уулзалтан дээр иймэрхүү зүйл ярьвал сонгогчдод тэрүүхэн тэндээ таалагдах л байх. Гэхдээ ТВ-ээр биш. Монголчууд их үрэлгэн байгаа гэнэ. Зөвшөөрч байна. Хэмнэлт хийх хэрэгтэй гэнэ. Яг зөв. Гар утсаар их ярьж байгаа гэнэ. Үнэн байх. Нэг хүн олон операторын утас хэрэглэж 2-3 гар утас барьж байгаа гэнэ. Бодит байдал. Өөрөө ч тэгж байгаа. Гэхдээ залгуулаад, хэмнэлт хийхийн тулд нэг хүн нэг л операторын хэрэглэгч байх хэрэгтэй, нэг л гар утастай байх хэрэгтэй гэнээ. За яахав хэн нэгэн хүнд гэнэтхэн ийм “мэргэн” бодол орж ирж болох л юм. Үүнийгээ энд тэнд ярьж явах нь хүний эрхийн асуудал. Гэтэл бүр, хэдүүлээ энэ асуудлыг судлаад хуулийн төсөл боловсруулах ёстой байхгүй юу гээд явчихлаа. Түүний хэлдэг олох “ёстой байхгүй юу” гийн нэг нь л энэ. Гантөмөр гишүүн боловсролтой, өндөр мэдлэгтэй, эрх мэдэлтэй, чадалтай улс төрч. Гэхдээ үүнийгээ, би бусдаас илүү ухаантай, тиймээс бусдын мөнгөө хэрхэн хэмнэхийг би зааж өгнө, тэд миний хэлснээр нэг л гар утас хэрэглэг, үүнийг би хуульчилж, батлуулж, иргэдэд тулган хүлээлгэнэ гэж бодож байгаа бол энэ буруу хандлага. Төрд очсон хүн ингэж л боддог байна. Хувь хүний утасны хэрэглээг хүртэл хянаж, хэн хэдэн гар утастай байхыг хүртэл заах гэнэ. Зүгээр байхад зүгээр байгаарай. Хувь хүний хэрэглээний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө энэ тэрийн тухай үнэр ч алга. Ингэж л төрчин болдог. Ингэж л төрийн дарангуйлал руу гулсдаг. Дараа нь чиний өмсөх хувцас хэт үрэлгэн байна гэж хязгаарлаж, бүгдийг нь ижил хувцас өмсүүлэхээр хуульчлах нь. Соёлын довтолгооны үеийн хятадууд шиг. Удахгүй өмсөх хувцаснаас идэх хоолыг чинь хуульчлаад, дараа нь хэлэх үг, үзэл бодлыг чинь хуульчилна. Гантөмөрийн заасан замаар хэмнэлтийн бодлого руугаа урагшаа…

Болдогсон бол УИХ-ын гишүүдийг бүгдийг нь ингэж ТВ-ээр ил гаргах сан.

3 Responses to “БУДААЧ БУДААЧ ГЭХЭЭР…”

  1. багшийн дуртай нэвтрүүлэг

  2. huder2003 said

    Бүх юм болохгүй нэг гарт төвлөрч байна даа , социализм стализм мандан бадраг!!!

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: