Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

“ЯВГАН” ХҮНИЙ ЗАМ

Posted by bolod on November 16, 2011

“Их бүтээн байгуулалтын жил” өнгөрч байна. Ямартай ч эрх баригчид ингэж нэрлээд байгаа юм. Өмнөх жилүүдтэй харьцуулбал, хоёр гурав дахин их бүтээн байгуулалт хийсэн нь ч үнэн байх шүү. Өмнөх жилүүдэд нь ямар бүтээж байгуулсан биш, түүнтэй харьцуулахад илүү л байлгүй яахав. Машин замыг байтугай явган хүний замыг “бүтээн байгуулав”. Яг энэ явган хүний зам гэхээр л мань мэтийн эрх ашгийг илүүтэй хөндөж байгаа юм. Хамаг залуу насаа явган явж, гудамж метрлэж өнгөрөөж байгаа болохоор явган хүний замаа харин ч мэднэ шүү.

Явган гэснээс, хүмүүнийг дотор нь хоёр ангилдаг бололтой. “Явган” болон “явган биш” гэж. Өнөөгийн ойлголтоор, машин тэрэгтэй хүнийг л явган биш гэж ойлгоно. Тэрнээс биш ямар нэг хөл дүүжлэх унаатай болгоныг явган биш гэж ойлгохгүй. Эрээнд нэг Монгол буужээ. Түүнийг тосож уулзсан өвөрмонгол эр, би тэрэгтэй яваа таныг хүргээд өгье, гэж саймширчээ. Машинтай явж байгаа юм байна гэж ойлгоод, дагаад гартал хойноо ачаатай унадаг дугуй байсан гэдэг. Эрээнийхэн түүнийгээ тэрэг гэж нэрлэнэ, унаатай л хүн дээ.

Явган гэдэгт бас нэг давхар утга бий. Энэ утга нь харин эрт эдүгээд адилхан ойлгогддог хэвээр. Явган нүцгэн гэх хоршоо үг нь ихэвчлэн унах унаагүй, өмсөх хувцасгүй ядарч зүдэрч яваа, эсвэл ядуу даржин гэх санааг илэрхийлнэ. Ямар л боломжтой хүн хөл дүүжлэх унаагүй явган таваргаж явах вэ дээ. Явган хүний зам гэсэн ойлголт нь дээрх хоёр утгыг хоёуланг агуулсан юм шиг санагдах боллоо. Учир нь явган хүний замаар явган хүн л явдаг учраас. Шилжсэн утгаар, явган хүний замаар ядуус л явдаг гэсэн үг шиг. Тэгэхээр явган хүний замыг бүтээн байгуулна гэдэг нь ядууст зориулсан бүтээн байгуулалт ч юм шиг. Хамгийн гол нь энэ бүтээн байгуулалт нь хотын төвийн хэдхэн гудамжинд өрнөөд байгаа болохоор тэдэнд зориулаагүй ч юм шиг. Явган хүний зам тойрсон олон асуудал байна. Зах зухаас нь сөхье.

“Гоё” зам. “Алаг чулууны” Мөнхтуяа гэж байлаа. Нийслэлийн төвийн хэдэн гудамжны асфальтийг хуулж алаг хавтангаар хучиж өгсөн юм. Шинэ сайхан юм бүтээх гэсэн л байх л даа. Гэхдээ тэр нь гулгаж тэшээд явж болдоггүй хэцүү бэрх зам байж билээ. Азаар урт насгүй, тэгсгээд хагараад дууссан. Буурал ордон тойрсон явган хүний замыг бараг л гантигдаж байна. Сонин хэвлэлээр, хэн нэгний шахааны бизнес биш биз гэж хардаж бичээд байсан замын хашлагатай яг ижил, өндөр үнэтэй засмал боржин чулуугаар ордон тойрсон замуудыг хулдаж байна. Тэр мөнгө хөрөнгө нь ч дүүрч, засаж өнгөлсөн энэ боржин чулуу нь дулааны улиралд ч яахав гоё л болж байх шиг байна. Өвөл цас орохоор гулгуур болох вий дээ. Хөөрхий ядарсан явган зочигчид чинь явганаасаа унаж бэртэх аюултай болж байгаа юм биш биз. Сүхбаатарын талбай зундаа цэвэрхэн, гоё харагддаг ч, өвөлдөө бол коток болчихдог юм. Би хувьдаа Сүхбаатарын талбайгаар алхах бол гишгэх газраа анаж, хазайж хальтрахын хийг ажиж, галбирын халтиргаа хийсээр арай гэж туулдаг. Гэтэл Сүхбаатарын талбай байтугай түүний эргэн тойрон туждаа мөсөн гулгуур болчихвол тэр хавиар явган хүн явах бараг боломжгүй болно. Явган зорчигчдод гоёос гадна аюулгүй зам хэрэгтэй. Харин явган биш зорчигчдод үнэтэй, “хөрөнгө шингэсэн” гоё зам л хэрэгтэй бололтой.

Дамба-Очирдов. Их сургуулийн гудамж, бага тойргийн авто замыг бүтээн байгуулж, явган хүний замыг бүтээн засахын өмнө хуучин замуудыг бүгдийг нь хуулав. Лүнгийн замыг тавихаасаа өмнө нэг мөсөн бүгдийг нь хуулсан шиг, нэг л өдөр бүх явган замыг хуулж, явганчуудыг нэг хэсэгтээ шороон дундуур туучуулав. Хуучин замыг нь хуулаад, өөр явах зам зааж өгөөгүй учир яах ч аргагүй, сул шороо, элсэн дээгүүр нэг хэсэг туучив. Бүр нэг хэсэг биш нэлээд хэсэг туучуулав. Бүгдийг нь нэг өдөр засаж чадахгүйгээс хойш, ээлж ээлжээр хуулж, хуулснаа хуччихаад, хучсаныхаа дараа нөгөө хэсгийг хуулж болдоггүй юм байх даа гэж түүгээр таваргах явган зорчигч болгонд бодогдовч, бодоод бодоод яах билээ. Ямар ч сонголтгүй, шороо манаргасаар, одоо ч зарим хэсэг нь хуучнаараа элс шороогоороо бужигнасаар байгаа, ирэх хавар гэхэд ч бужигнаж л байх болно.

Хүний хөлөөр орсон зам. Монголчууд хүний гараар орчихсон гэж ярьдаг. Хөндлөнгийн хүний гарт орж, хайр гамгүй ашигласан гэсэн санаа. Second hand гэдэгэрхүү юм уу даа. Харин эсрэгээр хүний гар хүрээгүй гэвэл цоо шинэ, хуучраагүй, элэгдээгүй гэсэн утгыг илэрхийлдэг. Төрийн ордноос жаахан алслагдмагц, явган хүний бүтээн байгуулалтын өнгө ихээхэн хувирна. МУИС-ийн зүүн тал Хятадын элчингийн баруун талаарх явган хүний замыг хүний гараар орсон гэдэг шиг, хүний хөлөөр орчихсон материалаар засаж байна. Second hand гэдэг шиг second foot гэмээр ч юм шиг. Илэрхий элэгдэж хуучирсан, энд тэндээ хагархай, эдэлгээ даахгүй удаан насгүй нь тодорхой, хаа нэгтэйгээс хуулж авчирсан хавтангаар хулдаж байна. Төсөв мөнгө нь батлагдчихсан, хэн нэгэнд мөнгө төлөөд хийж байгаа байх. Гэхдээ тэндээс хуулсан замыг энд тавина гэж төлөвлөсөн эсэхийг харин мэдэхгүй юм. Баруун хөлийн оймсыг зүүн хөлдөө зүүн хөлийн оймсыг баруун хөлдөө сольж өмсөхийг оймсоо солих гэж хэлдэггүй шиг энэ замыг шинэ зам гэж хэлэхэд хэцүү л юм. Хуучнаасаа дээрдсэн эсэх нь ч тдорхойгүй. Төсөв мөнгийг шингээсэн нь харин тов тодорхой. Удахгүй дахиад шинээр тавих байх даа.

“Хүнлэг” зам. Өндөр хөгжилтэй орнуудад явган хүний зам нь хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулсан, тэдний аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангасан зам байдаг гэнэ. Харааны хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулж явган хүний замын нэг хэсгийг товгор товгор хавтангаар хучдаг. Тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулж, явган хүний гарцан дээр авто замын хашлагыг намсгаж, тэргэнцэртэй иргэд явах боломжтойгоор засаж өгсөн байдаг. Манайх энэ соёлоос суралцаж, дуурайлган хуулбарлаж, явган хүний бүх гарцыг ийнхүү налуулж намсгаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд саадгүй зорчих боломжтойгоор засаж байна. Зөв ч биз. Гэхдээ…

Саяхны нэг өдөр өндөр настай ээжийгээ хөтлөөд зам гарах гээд явж байлаа. Гэтэл машин зам руу орохын даваан дээр явган хүний замын эвдэрхий хашлаганд бүдрээд, эрчээрээ машин зам руу өнхрөв. Гарнаас нь чангаагаад чангаагаад дийлсэнгүй. Азаар машингүй байж таарсан юм. Гэтэл маргааш нь яг тэр зам дээр нэгэн залуу машинд мөргүүлчихсэн байхтай таарлаа. Зөвхөн хөгшчүүл гэлтгүй залуучууд ч тэр хашлаганд бүдэрч осолдох аюултай ажээ. Үүнээс үүдээд энэ явган хүний гарцан дээр хашлагыг намсгаж, замыг налуулж байгаа нь зөв эсэхэд би эргэлзэж эхлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ зорчих боломжийг нэмэгдүүллээ гэсэн чинь бэрхшээлгүй иргэдийнхээ осолдох боломжийг нэмэгдүүлсэн юм биш биз. Ер нь бүхэлд нь тэгж налуулж намсгаж байхаар зөвхөн нэг хэсгийг нь намсгаж налуулж болоогүй юм болов уу?

Энхбаярын зам. III-IV хороолол, бичил хорооллоос хойшоо гэр хороолол руу явсан засмал зам бий. Хүмүүс нэг хэсгийг нь Энхбаярын зам, нэг хэсгийг нь Энхболдын зам гэж нэрлэдэг. Сонгуулийн сурталчилгааны үеэр тухайн үеийн ерөнхий сайдууд бярдаж байгаад өөрийнхөө тойрогт бүтээн байгуулалт хийж бариулсан замууд. Шороо чулуу, шавар шавхай дундуур тонгочуулдаг байсан жолооч нарт хэрэгтэй л зам. Шороон дотуур таваргаж явсан хүмүүсийг харин бодолцоогүй юм. Зам нь зөвхөн машин явах зорчих хэсэгтэй болохоос биш, бусад тусгаарлах зурвас, явган хүний зам энэ тэр байхгүй. Экс ерөнхий сайдуудын замаар явахад явган зорчигчид машинд дайруулчих гээд байнга эргэн харж хулмалзаж, машинаас зугатаж явахад хүрдэг. Энэ мэтчилэн явган хүний замгүй газрууд нийслэлд өчнөөн төчнөөн. Тэнд явган хүний замтай болгож болоогүй юм болов уу?

Гишгэх газаргүй хөл. Явган хүний зам нь нийтийн эзэмшлийнх. Нийтийн эзэмшлийнх гэдэг нь хэнийх ч биш гэсэн үг. Хэний ч биш юмыг хүн бүхэн хүч түрэн эзэмшиж байгаа. Байгууллагууд хашаагаа тэлэхдээ явган үний зам руу халдана. Орон сууцны нэгдүгээр давхрын үйлчилгээний газрууд өргөтгөл барьж явган хүний зам руу халдана. ЯВган хүний замаар хоёр хүн зөрөх ч зайгүй бөгөөд үйлчилгээний газруудын шатан дээгүүр өгсөж уруудан харайлгахад хүрч байна. Борооны усны хаялага нь хүртэл явган хүний зам руу чиглэсэн. Бороотойд явган хүний зам тэр чигтээ усаар дүүрнэ. Машин зам гарах гарцан дээр ч гэсэн бороотойд явах арга байхгүй, туулахаас өөр сонголтгүй. Засгийн газрын ордны баруун талд хэвлэх үйлдвэрийн хажуугаар явган хүний замгүй учир машинтай чихэлдэн л явж байна. Энд тэндгүй баригдаж байгаа барилгууд явган хүний замыг таглан хашаагаа барьж явган зорчигчдыг мухарлана. Улаанбаатарт үнэндээ явган зорчигчдод гишгэх газар алга.

One Response to ““ЯВГАН” ХҮНИЙ ЗАМ”

  1. free-liver said

    Сандэй худалдааны төвийн хажууд халдварт орох замд явган хүний зам дээр худалдаа эрхлэгчид / эртээд хэл ам хийгээд байсан/ -ийг болиулах юмсан. Хүүхдээ тэврээд тэрүүгээр явхаар багтахгүй бөөн хүн чихэлдээстэй, машин зам дээгүүр явна, машинд дайруулах гээд, эртээд шахцалдаж явж байгаад цүнхний гадна талын карманаас мөнгөө алдсан.

    Овоо тэр хүмүүсийг зогсоохоо болино гэж байсан, хэл ам хийнгүүт нь таг болчдын байхдаа.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: