Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХУУЛИЙГ “ХУВЬЧЛАН” ЗӨРЧИЖ БОЛНО

Posted by bolod on November 22, 2011

Сонгууль болгоны дараагаар ялагдагсан хийгээд ялсан талууд сонгуулийн хуулийн бузар булайг уудалж, ирэх сонгуулийг шинэ сонгуулийн хуультай угтана хэмээн бараг тангараг тавьдаг уламжлал ардчилсан гэх сонгуулийн хорь гаран жилийн турш л давтагдлаа. Гэвч өнөөдрийг болтол “бүх хүнд таалагдсан”, эсвэл ядахдаа дийлэнх олонхоор хүлээн зөвшөөрөгдсөн сонгуулийн хуультай болж чадаагүй л байна. Аанай л сонгуулийн хуулийн шударга бус болох талаар ярихын хамт, энэ хуулиар сонгууль явагдвал “7 сарын 1” давтагдана шүү хэмээн биенээ сүрдүүлдэг шинэ маяг харин нэмэгджээ.

Дүгнэвэл сонгуулийн мажоритар болон пропорциональ тогтолцооны таларх онолын маргаан бүтэн хорин жилийн турш явагджээ. Онолчид онолдсоор, сонгогдсоор, чухам дараагийн сонгуулиар чин шударга сонгуулийн хуулийн төслийг өргөн барьж, жинхэнэ ардчилсан сонгууль гээчийг явуулах болно гэж мэдэгдсээр. Гэвч өнөөдөр бүх үйл явц яг хуучнаараа. Үзсэн кино шиг тодорхой. Наанаа чанга чанга ярьсан популистууд цаанаа явцуу эрх ашигтаа хөтлөгдсөөр.

Ардчилагчид 18 жил пропорциональ тогтолцоо гэж хашгирсан боловч, хувьсгалчид пропорционалиар сонгуулиа явуулъя гэчихэнгүүт гайхаж, улмаар эсэргүүцсээр түүнийг хүлээн аваагүй билээ. Одоо ардчилагчид эргээд пропорциональ тогтолцоогоо зүтгүүлэх боловч амаа асуулгасаар байна. Бид хувь тэнцүүлсэн тогтолцоогоор чинь сонгууль явуулъя гэсэн шүү дээ, та нар л өөрсдөө эсэргүүцсээр байгаад ийм заваан хуулиар сонгууль хийхээр болсон шүү дээ хэмээн тулгаж байна. Гэхдээ сонгуулийн шинэчлэл хийнэ гэж чанга чанга хашгирсан болохоор эрх биш шинэчлэл хийхээр зүтгэж буй дүр үзүүлэхгүй бол болохгүй.

Талууд сонгуулийн хуулийн шинэчлэл хэмээн чанга чанга хашгиралдавч, хэрэг дээрээ шинэчлэхгүй байх шиг санагдах боллоо. Мөн л өмнөх жишгээр сонгууль болохоос 6 сарын өмнө, цагт хавчигдаж, баяртай давхцуулан сонгуулийн хуулиа батлах нь.

Сонгуулийн хуулийн шинэчлэлийн процесс ч яахав үзсэн кино шиг явагдаж байна. Харин талуудын дэвшүүлж байгаа саналууд нь өөрөө гоё л доо. Пропорциональ тогтолцоогоор сонгуулиа явуулъя гээд батлах гэхээр үндсэн хуультай зөрчилдөх болчихоод байгаа гэнэ. Учир нь үндсэн хуулинд, УИХ-ын гишүүнийг ард түмнээс шууд сонгоно гээд заачихсан гэнэ. Өөрөөр хэлбэл шууд сонгоно гэдэг нь нэр дэвшигчийг шууд сонгоно гэсэн зарчим болохоор намын нэрийг дугуйлах буюу пропорциональ сонгууль явуулах нь үндсэн хуультай зөрчилдөх болчихоод байгаа гэнэ. Тиймээс дундын хувилбар буюу холимог тогтолцооны тухай яриа гарч иржээ.

26:50, 52:24, 36:36, 48:28 гэх мэт нүд эрээлжлүүлж толгой эргүүлсэн олон тоонууд нь үндсэн хуулинд “нийцүүлж”, намуудын эрх ашигт “таацуулж” гаргаж байгаа хувилбарууд юм байна. Энэ хувилбаруудыг нь аваад үзвэл, УИХ-ын гишүүдийн заримыг нь ард түмнээс шууд сонгоно, заримыг нь шууд бишээр сонгож болно гэх аж. Яг энд л асуудал үүснэ. Хуулийг хэсэгчлэн мөрдөх тухай ямар ч яриа байхгүй гээд байгаа. Тэрчлэн хууль тэгш үйлчлэх зарчимтай гээд байгаа. Тэгвэл үндсэн хуулинд шууд сонгоно гээд заачихсан юм бол заримыг нь шуудаар заримыг нь шууд бишээр сонгож болно гээд байгаа нь ямар учиртай юм бэ? Хуулийг хэсэгчлэн мөрдөх тухай яриа юу? Эсвэл хуулийг зөрчөөгүй, үндсэн хуулинд нийцүүлсэн болгох гэсэн арга уу? Зарим нь шуудаар, зарим нь шууд биш далдаар сонгогдох нь сонгогдох боломжийг тэгш бус болгож байгаа хэрэг биш биз. Хоёр өөр аргаар сонгогдсон гишүүдийн эрх хэмжээ нь ялгавартай болчих юм биш биз. Бие биенээ доромжлоод ялгаварлан гадуурхаад эхлэхгүй байгаа.

Дүгнэвэл тэд тэртээ тэргүй л хууль зөрчиж, үндсэн хуультайгаа зөрчилдөх гээд байна. Заримыг нь шууд заримыг нь намуудын авсан саналд хувь тэнцүүлж сонгоно гэдэг нь “Үндсэн хууль” –ийг тодорхой хэмжээгээр мөрдөж, мөн тодорхой хэмжээгээр зөрчих гэж байгаа юм байна гэж л ойлгогдож байна. Хуулийг хувьчлан зөрчиж болох уу? 50 хувь юм уу 33 хувь зөрчих нь байж болох зүйл юм болов уу? Хуулийг хувьчлан зөрчиж болох ажээ.

Эсвэл пропорционалиар сонгох нь үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг үндэслэлээ мартах хэрэгтэй. Зүгээр л, бид намуудынхаа эрх ашгийг цэгнээд, хүчний хуваарилалт, ашиг хуваарилалт дээрээ наймаалцаж тохиролцож байна гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: