Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЯЛГАРАЛ

Posted by bolod on January 10, 2012

Өвгөн эмгэн хоёр авдраа уудалж, бичиг баримтаа үзэж янзалж байж. Сайшаалын үнэмлэх, жуух, баярын бичгүүдээ үзэж. Гэтэл өвгөн нь гэрлэлтийн баталгаагаа барьчихаад л үзээд суугаад байх юм гэнэ. Эмгэн, чи юугий нь үзээд байдаг юм бэ, аль нааш нь далд хийе гэж. Өвгөн эргүүлж тойруулангаа, энэ тэдэнд гэрлэсэн гээд хугацаа нь байх юм, хэзээ дуусах нь байхгүй юм гээд үзээд байсан гэдэг. АН-ын дарга Н.Алтанхуяг гэнэтхэн мэдэгдэл хийж, сонгуулийн жил гарлаа, голд шахан бууя хоньчин хургачинд хоол болтугай, ууланд шахан бууя адуучинд нөмөр болтугай, гэчихэв. З.Алтай гишүүн АН-ынхныг тавлаж, та нар тэгээд салах л байсан юм бол эртхэн салчихгүй яасан юм бэ дээ гэтэл Гантөмөр гишүүн хариуд нь, харин яг салах цагтаа л салж байна гэж хариулж байна. АН ба МАН хоёрын гэрлэлтийн баталгаанд дуусах хугацааг нь заачихсан байсан бололтой. Яг цагтаа гэж байна.

Хариуцлагаас мултарч чадах уу? Хоёр намын эвсэл эхнээсээ л салах нь тодорхой байсан гэж хэлж болно. Эрт орой хэзээ вэ гэдэг л байсан болохоос. Салвал харин аль эрт л салах байсан юм гэж олон хүн дүгнэж байна. Нөгөө талаас нь авч үзвэл, харин ч бүр овоо эрт саллаа гэж хэлж ч болно. Хөгжлийн төлөөх эвсэл, улс эх орны эрх ашиг, үндэсний эвлэрлийн төлөөх эвсэл энэ тэр гэсэн гоё чамин үгс нь ердөө л хоосон чалчаа үг. Эрх мэдлийн төлөөх эвсэл байсан гэвэл ононо. Хоёул эрх мэдлээ хувааж эдэлж, хамтдаа заваарсан бол хариуцлагаа хамтдаа л хүлээж таарна. Хүлээх ч биз.

Хамтдаа амалсан амлалтууд биелсэнгүй, ядуурал өслөө, төгрөгийн худалдан авах чадвар буурлаа, инфляци хоёр оронтой тоонд байтугай хорь давсан тоонд хүрлээ, бэлэн мөнгөний нийлүүлэлт замаа алдлаа, эдийн засаг халах байтугай улайсч байна, ажлын байр нэмлээ гэх боловч ажилгүйдэл өссөөр, нийгмийн сэтгэл зүй улам л тогтворгүй болсоор, төр засагт итгэх итгэл улам л муудсаар, гэмт хэргийн гаралт өссөөр, ургийн гаж хөгжил, утаа, хотын бөглөрөл, бензиний үнэ, боловсролын чанар гээд асуудлууд шийдэгдсэнгүй улам хуримтлагдсаар, тусгаар тогтнол ч эрсдэлтэй байна гэхэд болохоор боллоо. Хэн нь хариуцлага хүлээх юм бэ? Сонгуульд ялснаараа хуучин МАХН уу? нэрээ сольсон шинэ МАН уу? Хамтарч засгийн эрх барьсан АН уу? Эсвэл өвчний акттай С.Баяр уу? Шадар сайд Н.Алтанхуяг уу? Тавантолгойг хувьцааг эзэмшигч, ашиг сонирхлын зөрчилтэй Сү.Батболд уу? Сангийн сайд С.Баярцогт уу? Эсвэл Д.Зоригт уу? Засаг байгуулсан нь С.Баяр, засаг барьж байгаа нь Сү.Батболд. Сонгуульд ялсан нь МАХН, Засагт хамсарсан нь АН. Гэрээ байгуулсан нь Д.Зоригт, С.Баярцогт, Лү.Гансүх. Тэд хариуцлагаас мултарч чадах уу? Бүх алдаа оноо, муу муухай бүхнийг МАН дээр овоолчихоод цэвэрхэн сугарч чадах болов уу? Үгүй л болов уу. Муу муухай бүхнийг тэдэнд бултад нь нялгадна.

Үлдэх хүнээр ачаа бүү татуул. Хоёр нам, хамтарсныхаа гол үр дүнг уул уурхайн томоохон төслүүдийг эхлүүлсэн, олон жил ярьж шүүмжилж урагшаа ахиагүй Оюутолгой, Таван толгойг хөдөлгөөнд оруулж эдийн засгийн эргэлтэнд оруулсан гэх мэтээр ярьдаг. Оюутолгой, Тавантолгойг хөдөлгөөнд оруулсан нь үнэн байж болох ч энэ нь зөв буруу, ашигтай эсэх, хэн хариуцлага хүлээх зэрэг нь асуудалтай, цаашдаа ч ужиг маргааны үндэс болох байх. С.Баяр л ерөнхий сайд байхдаа бид гэрээг боловсруулаад хариуцлагаа үүрээд ороод ирлээ гээд л бардам мэдэгдээд байсан, гэрээг батлуулмагцаа л эрүүл мэндийн гэх шалтгаанаар ажлаасаа чөлөө аваад алга болоод өгсөн санагдана. Гэхдээ тэр өнөөдөр юу ч гэж мэлзэж мэднэ. Мэлзсээр ч ирсэн. Гэрээнд гарын үсэг зурсан хүн нь хэн юм бэ? Сангийн сайд, байгаль орчин аялал жуулчлалын сайд, эрдэс баялаг эрчим хүчний сайд нар шүү дээ л гэнэ. Би хэлсэн, залуучууд хамтраад хуулинд нийцүүлээд хийгээрэй гэж үүрэг өгсөн л гэнэ. Харицлагаа үүрч орж ирсэн гэх боловч, үүрч орж ирээд хүний нуруун дээр хаячихаад бултчихсан юм биш үү? Бултах байсан юм бол яах гэж гэрээг байгуулах гээд улайраад байсан юм бол? Эртхэн эрүүл мэндээ бодохгүй. Ямар нэг сонирхол байсан байх гэж хардахаас аргагүй болно.

2012 оны төсөв батлагдаад удаагүй байгаа. Удаагүй байхад л багш эмч нар ажил хаяна гэж сүрдүүлээд төсөвт тодотгол хийхээс аргагүй байдалд оруулчихлаа. Энэ төсвийг хөгжлийн төсөв, үсрэлтийн төсөв энэ тэр гэж юу ч гэж гоёор нэрлэж болно. Эдийн засагчид харин энэ бол амлалтын төсөв, эдийн засгийн сүйрлийн төсөв гээд байна. Ийм их бэлэн мөнгө тараах, амлалтаа хаах төсөв баталчихаад, түүнийгээ гүйцэтгэх Сангийн сайд нь хаяад алга болох нь. Баталсан төсвөө зарцуулж, бодлогоо хэрэгжүүлэхгүй юм бол яах гэж ийм их нүсэр төсөв баталсан юм бол? Энэ төсөв хэрэгжиж зарцуулагдах юм бол Монголын эдийн засгийг харин ч нэг самрах байх даа. Одоо тэгэхээр тэр заваан юман дээр үлдэж баасыг нь цэвэрлэх хүн МАН –аас хэн байх юм бэ? Үлдэх хүнээр ачаа бүү татуул гэдэг дээ.

Копи нь оргиналиа хэзээ ч гүйцдэггүй. Ийм нэг хэллэг байдаг даа. АН бол МАХН-ын копи шүү дээ. Үзэл баримтлал өөр гэх боловч намын зохион байгуулалт, бүтэц, дүрэм, ажиллах арга барил, гишүүнчлэл энэ тэр гээд ялгагдах юм маруухан. Копи нь оргиналиа хүйцдэггүй гэх үгийг батлах мэт АН хорин жилийн турш ах намаасаа илүү гарч чадсангүй. Туж л гомдол, хорин жилийн турш бид 4 жил засгийн эрхэнд байсан, байхдаа ч олигтой үасаглаж чадаагүй гээд л. Угаасаа л копи юм болохоор олигтой ялгаа гарч, илүүрхэж чаддаггүй бололтой. Одоо АН –ын рейтинг МАН –ынхаас илүү байгаа гэх боловч хэр зэрэг илүү юм бэ дээ гэхээр 2-3 хувийн тухай л ярьж байна. Энэ тэгээд илүүрхэж байгаа хэрэг мөн үү? Үгүй. Илүүрхвэл бүр илүүрхээд тасраад ялгараад явахгүй яасан юм бэ? Шалтгаан нь их энгийн. Энэ хоёр намыг сонгогчид одоо нэг гэж харж байна. Тэд ууланд мацах боловч, тэрүүхэндээ дээр дороо орох боловч нэг олсноос зүүгдээтэй байна. МАН-ын рейтинг өсөхөөр АН дагаад өсдөг байсан бол МАН унангуут АН хамт татагдаад уначихаж байна. АН –ын рейтинг үл ялиг илүү байгаа ч энэ нь МАН –ын дээр гарчихсан гэсэн үг биш. Тэд хамтдаа л доошоо унасан. АН одоо МАН –аас илүү гарахын тулд эрс шинэчлэлт, зарчмын өөрчлөлт хэрэгтэй. Ах нарыгаа дуурайгаад хол явахгүй нь тодорхой боллоо.

Ялгарч чадах уу? АН өнөөдөр Засгийн газраас гарна гэж мэдэгдэж байна. Тэглээ гээд юу өөрчлөгдөх вэ? АН бол МАН –аас тусдаа өөр нам шүү гэж ялгарч харагдахыг хүсч байгаа гэнэ. Өөр нам юм бол нэг засагт яах гэж хамтарсан юм бэ гэж сонгогчид асууна. Тэдэнд хариулт байхгүй л болов уу. АН одоо яаж ялгарах вэ? Хамтдаа хутгалдаад ягаарчихсан юм чинь улаан фон дээр ялгарч мэдэгдэхгүй байна.Үзэл баримтлалаараа ялгарна гэнэ. Хаана байна тэр үзэл баримтлал нь. Хөгжлийн бодлогоороо ялгарна гэнэ. Хаана байна тэр хөгжлийн бодлого нь. Хоёр нам хоёулаа гоё ярьдаг. Хорин жил гоё ярьцгаасан. Харин сонгогчид одоо итгэхээ байчихлаа. Тэдэнд байтугай хэнд итгэхээ ч мэдэхгүй байна. Ардчиллаараа ялгарна гэнэ. Ардчилал тэдний өмч биш. Алтанхуягаараа ялгарах уу? Алтанхуяг Алтангадас хоёр АН-ыг булай харагдуулж байгаа учраас Алтанхуяг шиг гамшиг АН-д өнөөдөр байхгүй. Хуучин партизан, хуучин лидерүүдээрээ ялгарах уу? УИХ-ын гишүүдийг 76 худалч, 76 олигархи, 76 идээчин гэж л гадуур ярьж байна. Тэгэхээр тэд фэйс болж чадах болов уу? Тэгэхээр юугаар ялгарах вэ? Зарчмаар л ялгарах болно. Гэхдээ АН зарчим дээрээ үнэнч байж чадаагүй.

Хэрэв 2008 оны сонгуулийн дараагаар АН хамтарсан засагт оролгүй үлдэж чадсан бол ялгарах байсан юм. Хэрэв АН сөрөг хүчний байр суурин дээрээ үлдэж чадсан бол өнөөдөр ялгарах байсан юм. Хэрэв АН, Оюутолгойн гэрээнд хутгалдаагүй байсан бол өнөөдөр ялгарах байсан юм. Хэрэн АН, амлалт биелүүлэх гээд, 21000 тараахад оролцоогүй бол ялгарах байсан юм. Хэрэв АН 7 сарын 1-ний хэргийг илрүлэх гэж шахаж шаардаж байсан бол ялгарах байсан юм. Хэрэв АН, ямааны мөнгө, хонины мөнгө, будааны мөнгө тараалцаагүй бол ялгарах байсан юм. Хэрэв АН, амлалтын төсөв батлах гэж гүйгээгүй бол ялгарах байсан юм. Хавтгайруулсан халамж, бэлэн мөнгө цацахын эсрэг байж чадсан бол АН ялгарах байсан юм. Баахан мөнгө тараалцчихаад бид либерал үзэл баримтлалтай гэж хэлэхээр хэн үнэмших юм бэ? 2012 оны сонгуульд АН ялгарч чадах болов уу? Ялгарвал юугаараа ялгарах юм бол? Яаж ялгарах юм бол?

3 Responses to “ЯЛГАРАЛ”

  1. amar said

    Өвсөн дотор зүү хаячихвал та олно шүү.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: