Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

БИ ХҮН МӨН ҮҮ?

Posted by bolod on January 19, 2012

“Ноён Жонс та хүн мөн үү?” гэсэн нэртэй зөгнөлт зохиол байдаг юм. Уралдааны машины жолооч Жонс, даатгалын компаниудтай шүүхдэлцэж байгаа тухай гардаг санагдаж байна. Жонс даатгалын компаниудаас мөнгөө нэхэж, цаадуул нь төлөх эсэх дээрээ тулаад, гэтэл эмнэлгийн болон засварын газрууд Жонсоос төлбөрөө нэхээд л гурвалжин дөрвөлжин асуудал болно. Асуудал явсаар байгаад Жонс хүн мөн эсэх дээр тулдаг юм. Учир нь Жонс маш сайн тамирчин боловч, бас үргэлж аваарт орж бэртэж гэмтэж байдаг. Шинжлэх ухаан, технологи хөгжөөд хүн үхэж болохооргүй болчихсон цаг болохоор гэмтсэн дутсан эрхтнийг нь хиймэл эд эрхтнээр солиод л эдгээгээд, Жонс ч хашрахгүй дахин уралдаж аваарт орсоор. Ингэсээр байгаад ориг Жонсоос, тархины зүүн тал бөмбөрцөгний ч бил үү, зөвхөн нэг хэсэг нь л үлдэх бөгөөд, шүүх хуралд энэхүү тархины тасархай оролцож, шүүхдэлцэж байгаа тухай гарна. Үнэндээ энэ хүн нь Ноён Жонс мөн үү, эсвэл Жонсын нэрийг барьж уралдуулж байгаа робот уу? Төлбөр төлбөл хэнд төлөх вэ? Жонс даатгуулбал юугаа даатгуулах вэ? Амь насаа юу? гэхчлэн эх адаггүй асуудалд хутгаад хаячихдаг юм.

Үүнтэй адилаар надад өнөөдөр, “Би хүн мөн үү?” гэсэн бодол орж ирж байна. Сүүлийн хэдэн жилд Монголчууд Хүний эрхийн өдөрийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа. Ардчилсан үндсэн хуулиа баталсан өдрийг “Үндсэн хуулийн өдөр” болгон тэмдэглэж, хүний эрхийг хуульчлан дээдэлснээ бахархацгааж байна. Хүн ёсны эрхээ хуульчлан баталж олж авсны 20 жилийн ойг тэмдэглэж, бие биенээ шагнацагаав. Гэтэл би хүний эрхтэй билүү? Үгүй билүү? Хүний эрхтэй юм бол яагаад эрхээ эдэлж чадахгүй байгаа юм бэ? Эрхгүй юм бол би тэгээд хүн мөн үү? гэж асуухаас өөр аргагүй байдалд орж байна. Цагаан морин жилд эрх чөлөөгөө олж авлаа гээд байгаагүй бил үү? Улс төр эдийн засгийн хос шилжилт хийсэн гээд л хөөрөөд байсан. 20 гаран жил өнгөрчээ. Эдийн засгийн эрх чөлөө баталгаажаагүй гэдгийг ардчилагчид өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Ардчиллын хоёр дахь давалгаа үйлдвэржилт хэмээн лоозогноцгоож байна. Зэрэгцээд хүний суурь эрх, улс төрийн эрх баталгаажсан эсэхийг ч эргэцүүлэх хэрэгтэй мэт.

Хүн бүр амьд явах эрхтэй. Яг амьд явах эрхтэй юу? Амьд явах эрхтэй юм бол яагаад амьд явах эрхтэй хүмүүсийг төр нь буудчихдаг юм. Иргэдийнхээ амьд явах эрхэнд халдчихаад төр өнөөдрийг хүртэл яагаад иргэдээсээ уучлалт гуйхгүй байгаа юм бэ? Өнгөрсөн сонгуулиар 5 хүний амь насаар тугаа тахичихаад юу ч болоогүй юм шиг ирэх сонгуулиар ч юм уу хэзээ ч юм иргэдийнхээ өмнөөс галт зэвсэг хэрэглэх тухай яриад сууж байдаг хууль зүйн сайдтай бид азгүй хүмүүс (хэрвээ хүн мөн юм бол). Тэд иргэдийнхээ өмнөөс галт зэвсэг хэрэглэх эрхтэй болчихвол би амьд явах эрхтэй юу? Хүн амьд явах эрхтэй юм бол яагаад иргэн Д.Энхбатыг францаас хууль бусаар барьж авчраад амь насыг нь хохируулахад хүргэсэн юм юм бэ? Иргэн Д.Энхбат амьд явах эрхгүй, бусад нь амьд явах эрхтэй юм уу? Тэгвэл иргэн бүр амьд явах эрхтэй биш, зарим иргэн л амьд авах эрхтэй юм уу? С.Зоригийн амьд явах эрхэнд хэн халдсан нь гол бус, төр нь энэ хэргийг улс төрийн шалтгаанаар завхруулж байгаа нь хүн бүр амьд явах эрхтэй гэдгийг тунхаг болохыг батлах мэт.

Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Хонгор сумын иргэд даяараа химийн хорт бодисонд хордож, эрүүл мэнд эдийн засаг амьдралаараа хохиров. Хордсон гэдгээ мэдэж эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхээ эдлэх гэж төр засгаасаа шаардтал бүгдээрээ хамуутай байна хэмээн эрүүл мэндийн байгууллага нь нотлов. Дийлэнх нь тэмбүүтэй хэмээн доромжлов. Тэгээд ч зогсохгүй Засгийн газрын тэргүүн асан С.Баяр ДЭМБ-ын шинжээч гэх эрхмүүдийг авчирч “хордоогүй” болохыг нотолж давхар давхар доромжлов. Хонгороос гадна өөр хаана ийнхүү хордож хохирч байгааг хэлэх арга алга. Сумын төв байтугай нийслэл хотод амьдарч байгаа иргэдээ хордоогүй хэмээн нотлоход ч бэлэн байна. Улаанбаатарт амьдарч байгаа сая гаран иргэн эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа юу? Аюултай орчинд амьдарч байгаа юу? Иргэдээ аюултай орчинд амьдарч байгааг харсаар мэдсээр байж, төр яагаад юу ч хийхгүй, хийхийг хүсэх ч үгүй байна вэ? Нүдэнд харагдах утаанаас гадна, хөрс усны бохирдлыг ярьвал бид эрүүл аюулгүй орчинд амьдарч байгаа юу? Стандарт бус “аюулгүй” орчинд амьдарч байгаа юу? Яг аюулгүй орчинд амьдрах эрхгүй мэт.

Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй. Эрүүл бус аюултай орчинд амьдруулчихаад, та эрүүл мэндээ хамгаалуулах эрхтэй гэж хэлэх нь зөөлөн хэлэхэд доромжлол мөн. Хорин жил (ардчилсан үндсэн хууль батлагдсанаас хойш) эрүүл мэндийн даатгал төлсөн иргэн, эмнэлэгт үнэгүй үзүүлж чадахгүй байна. Эрүүл мэндийн даатгалаас нэг ч төгрөгний тусламж авч чадахгүй иргэддээ, та эмнэлгийн тусламж авах эрхтэй, гэхдээ түүнийгээ хөөцөлдөж байж, арын хаалгадаж, хахуульдаж байж авах эрхтэй хэмээн хэлснээс ялгаагүй.

Сурч боловсрох эрхтэй. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Тэр дундаа суурь боловсролыг үнэ төлбөргүй эзэмших эрхтэй. Гэхдээ хямдхан, хямдхан ч гэж дээ үнэгүй сургуульд “үнэгүй” боловсролыг л эзэмших эрхтэй. Та Американ сургууль юм уу, Элит сургуульд сурах бол мөнгөө төл. Мөнгөгүй бол сайн боловсрол эзэмшиж, сайн сурах эрхгүй. Улсын гэх сургуулиуд, өдийг хүртэл багш нарын нуруун дээр хамаг ачааг үүрүүлж, үнэгүй боловсролыг ардын олон хүүхдэд олгож, сурч боловсрох эрхтэй гэдгийг батлах гэж оролдлоо. Энэ загвар явцгүй гэдгийг саяхны багш нарын ажил хаялт баталж байна. Боловсрол нь үнэгүй байж болно (үнэгүй ч биш л дээ, хэн нэгэн нь энэ дунд төлж л байгаа), харин багшийн хөдөлмөр үнэгүй байж таарахгүй. Боловсролын чанар унаж, системээрээ дампуурчихаад байхад Кеймбриджийн стандарт гэх гоё үгээр хуурч, аргацааж байна. Өнөөг хүртэл тэр стандарт нь бэлэн биш, батлагдах нь байтугай боловсрогдоогүй, боловсрогдоод батлагдлаа ч гэсэн үр дүн нь 10 жилийн дараагаас гарч эхэлнэ. Тэр болтол та бүхэн сайн боловсрол эзэмших боломжгүй ч гэсэн, сурч боловсрох эрхтэй гэж тунхаглаад явахаас өөр аргагүй байна.

Сонгох сонгогдох эрхтэй. Та сонгох эрхтэй, сонгохдоо намуудаас нэр дэвшүүлсэн хүмүүсийн нэгийг л сонгох эрхтэй. Одоо түүнийгээ бүр, хоёр намаас нэр дэвшүүлсэн хүмүүсээс л сонгох эрхтэй гэж хуульчлах нь халаг байна. Энэ хоёр намаас өөр намын нэрээр сонгуульд нэр дэвшсэн хүнийг сонгосон ч гэсэн ялгаа байхгүй энэ хоёр намын нэр дэвшигч ялж мэднэ. Гэхдээ та сонгох эрхтэй л гэж хэлж байна. Тэр байтугай та сонгогдох эрхтэй. Та сонгууль эхлэнгүүт өөрөө нэрээ дэвшүүлээд, гарын үсэг цуглуулаад, сонгуулийн кампанит ажил эхлэнгүүт өөрийгөө сурталчлаад, УИХ-ын гишүүдтэй “бараг” тэгш эрхтэйгээр “өрсөлдөж” сонгогдсон ч болно. Гэхдээ ямар ч тэнэг хүн энэ сонгогдох эрх нь ёс төдий тунхаглал, үндсэн хуулинд заасан онолын төдий эрх гэдгийг ойлгохтойгоо байна. ИРгэн бүр сонгох сонгогдох эрхтэй юу?

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй. Яг тэгш эрхтэй юу? Адил тэгш эрхтэй юм бол яагаад УИХ-ын гишүүд чуулганы танхимд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй, иргэд гудамжинд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээх ёстой юм бэ? Иргэдэд гудамжнаас өөр үг хэлэх газар байхгүй. Иргэн Н.Энхбаяр яахаараа “Нямдоржийг хууль зүйн сайд байсан цагт би мэдүүлэг өгөхгүй” гэж хэлж болдог, бусад нь “Нямдорж сайдыг хууль зүйн сайд байхад заавал мэдүүлэх өгөх ёстой” юм бэ? Хуулийн өмнө адил тэгш эрхтэй юм бол яагаад зарим нь 7000 төгрөг хулгайлсны төлөө 7 жилийн ял авч, зарим нь 14 тэрбумыг хусчихаад 10 жилийн ял авдаг юм бэ? Хуулийн өмнө УИХ, засгийн газар, нам бүлэглэлийн гишүүд дархлагдаж, илүү тэгш эрх эдэлж, жирийн иргэд нь дутуу тэгш эрх эдэлж байгаа юм бол? Хуулийн өмнөх тэгш эрх ч гэж дээ, хуулийн дарангуйлалд байгаа гээд хэлчихэд болмоор. Иргэн бүр хуулийн өмнө адил тэгш эрхтэй биш, зарим иргэд давуу эрхтэй юм уу? Хуулийн өмнө тэгш эрхтэй гэсэн энэ тунхаг цаагуураа иргэдээ кастад хуваачихаад байгаа.

Хүн бүр эрхтэй. Хөдөлмөрлөх эрхтэй. Гэхдээ уучлаарай ажлын байр байхгүй, байсан ч цалин нь бага шүү, өндөр цалинтай ажилд гадаадын мэргэжилтнүүдийг ажиллуулчихъя, тэд найдвартай юм. Гэхдээ та цалинг нь голохгүй бол ажиллах эрхтэй шүү. Хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, бага л даа гэхдээ ямар хамаатай юм бэ, цалин л бол цалин. Тэр цалингаараа амьдарч чадахгүй бол тэр таны асуудал. Сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэхдээ зарим чинь таалагдахгүйгээр эвлэлдвэл, түүнийг чинь бүртгэхгүй байж мэднэ шүү. Үг хэлэх, хэвлэн нийтлэх эрхтэй, гэхдээ араа даагаарай, хүн гүтгэсэн байх юм бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 50 нугалуулж төлүүлнэ. Их хурлын гишүүд халдашгүй дархан эрхтэй, халдашгүй эрхмүүдийг муулж, хуулиас давж гэм бурууг нь баталж чадахгүй бол та хүн гүтгэсэн болно шүү. Тухайн гишүүнийг яг үйлдэл дээр нь барьж, баримтжуулж, ТВ8 –аар гаргаж, нотариатаар баталгаажуулж чадаагүй л бол та хүн гүтгэсэн хэрэгт орно. Та үг хэлэх хэвлэн нийтлэх хязгааргүй эрхтэй. Гол нь хүн гүтгэж л болохгүй. Тайван жагсаал цуглаан хийх эрхтэй. Тайван гэдгийг анхаараарай, тайван биш цуглаан хийвэл буудаж магадгүй шүү. Гөлгөө яасныг дуулсан уу, 7 сарын 1 –нд яалаа.

Хүн бүр тэгш эрхтэй. Гэхдээ би хүн мөн үү?

 

2 Responses to “БИ ХҮН МӨН ҮҮ?”

  1. Гоё бичсэн

  2. amar said

    Санал нийлж байгаа ч бидэнд ихээ буруу бий.
    Баруун хөл зөв зам руу алхахад зүү нь буруу зам руу зүтгэдэг. Зам нийлэхгүй болохгүй аль нэг хөлөө гээж таарна.
    Баруун гартаа болохгүй гэсэн хууль барьчихаад зүүн гараараа авлига өгдөг. Авлига эсвэл хуульд аль нэг гараа тастуулна.
    Өрөөсөн хөл, гартан суухийг хүсэмжлэх нь тодорхой. Зөөлөн суудлын төлбөр хямдхан ганцхан ширхэг бөөрөнхий толгой. Ингээд толгойгүй, гаргүй, хөлгүй магадгүй хөндий цээжтэй үлдэнэ. Гэхдээ бид сохор нүдэнд бүтэн харагддаг.
    Бид Жонсоос ялгаагүй болжээ.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: