Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЛИМОГ ХУУРГА

Posted by bolod on April 29, 2012

Намууд сонгуулийн хуулийн асуудлаар сая л нэг тохиролцож зөвшилцөлд хүрчээ. Шилжилтийн асуудлаар ҮХЦ дээр унаснаас хойш маргааны үндсэн сэдэв нь УИХ –ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг зэрэг явуулах эсэх тухай асуудал л болох шиг боллоо. Наанаа тэгж харагдаж байгаа боловч, цаагуураа далд өрөг тоглоод байгаа нь ойлгомжтой.

Хуулийн хүрээнд байж чадсан уу? Сонгуулийн хуулийг сонгууль болохоос 6 сараас доошгүй хугацаанд баталж эцэслэсэн байх ёстой. Өөрөөр хэлбэл сонгууль болох ойртсон үед буюу сонгууль болтол 6 сараас бага хугацаанд сонгуулийн хуулинд ямар нэг өөрчлөлт оруулж болохгүй хуультай. Ингэснээр улстөрчдийн сонирхлын зөрчлийг хуулиар хязгаарлах гэсэн санаа. Манай хэд сонгуулийн хуулийн асуудлаар мэтгэлцэж, зөвшилцөхдөө үүнийг мэдэж л баймаар юм. Эрхбиш хууль тогтоогчид юм болохоор хуулийн хүрээнд л хуулийн өөрчлөлт, тохиролцоо хийж байгаа гэж найдъя. Миний хувьд эргэлзэж байна. Хоёрхон сарын хугацаа дутуу байх үед улстөрчид өөртөө ашигтай хууль батлуулахгүй гэсэн баталгаа хаана байгаа юм. Тиймээс тэд өөрсдийн эрх ашгийн төлөө л завааруулж байна гэж хардаж байна.

Тэдний зорилго ядмаг төсөвөө хямгадах. Олон нийтэд ил хэлж байгаа үндсэн аргумент нь “мөнгө хэмнэх” явдал гэнэ. Чухал царайлсан нөхдүүд “16 тэрбум төгрөгөөр хичнээн эмнэлэг, хичнээн сургууль, цэцэрлэг барьж болохыг ойлгож байна уу” гэхчлэн мэдэмхийрнэ. Жил бүр 6 их наяд төгрөг шатааж байгаа мөртлөө одоогоор нэг ч эмнэлэг шинээр барьж чадаагүй, Японы тусламжаар барьсныг эс тооцвол ашиглалтад оруулсан сургууль цэцэрлэгийн барилга ч байхгүй байж, 16 тэрбумыг хэмнэнгүүтээ тэрүүгээрээ сургууль цэцэрлэг эмнэлэг барина гэдэг нь үлгэр л дээ. Хэн итгэх юм бэ?

УИХ-ын гишүүдийн нэрээр жил бүр 76 тэрбум төгрөг зарцуулагдаж байгаа. 16 тэрбумаар тийм их бүтээн байгуулалт хийж болдог юм бол 76 тэрбумаар бүр их бүтээн байгуулалт хийж болох нь ээ. Хөгжим бэлэглэдэг байснаа компьютер бэлэглэдэг болсон, Суварга босгодог байснаа усан оргилуур барьдаг болсон, 4000 хүнтэй суманд 2000 хүний суудалтай спортын ордон барьсан зэрэг нь дэвшил л дээ. Үүнээс гадна нэр дэвшигч бүр сонгуульд зориулж тэрбум тэрбумаар мөнгө цацах гээд бэлдэж байхад түүний дэргэд, 16 тэрбум төгрөг хэмнэх гээд ухаантай царай гаргаад байгаад хэн үнэмших юм бэ?

Орон нутгийн сонгуулийг хамт явуулахаар болж чадсан уу? Төсөв мөнгө хэмнэх гэдэг ийм үнэмшилгүй шалтгаан тоочиж байгаад УИХ-ын сонгууль болон орон нутгийн сонгуулийг хамтад нь ч биш тусад нь ч биш явуулах болж орхилоо. УИХ –н болон орон нутгийн сонгууль тэртээ тэргүй тусдаа явах хэвээрээ үлдэв. Нөгөө мөнгө хэмнэх үндсэн зарчим юу болов. Үндсэн далд өрөг дээрээ тохиролцчихсон болохоор зарчим марчим ч хамаагүй болох шиг боллоо. Бид нар тохиролцоонд хүрч чадлаа, сэтгэл их өндөр байна гээд л гавьяа байгуулсан царайтай баатарын дүр эсгээд байгаа нь инээдтэй.

Хэдийгээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийг УИХ-ын сонгуультай хамт явуулахаар болж байгаа ч энэ нь орон нутгийн сонгууль тусдаа явахгүй гэсэн үг биш. Зөвхөн нийслэлийнхийг УИХ-ын сонгуультай хамт явуулах гээд байгаагийн шалтгаан нь юу юм бол? Нийслэлд Монгол улсын нийт хүн амын бараг тал хувь нь амьдарч байгаагийн зэрэгцээ хэдэн уул уурхайн компаниудыг эс тооцвол дийлэнх татвар төлөгчид энд байгаа. Монголын мөнгөний дийлэнх нь энд эргэлдэж байгаа. Тэгэхээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгууль нь УИХ-ын сонгуультай энэ тэнцүү ач холбогдолтой, ашиг сонирхолтой сонгууль болох нь харагдаж байна. НИТХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүнээс дутуугүй эрх мэдэлтэй гишүүн болох нь ойлгогдож байна. Тиймээс л энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулж, хотын улс төрчдийг Макүчи зиндаанд өрсөлдүүлэх гэж байгаа бололтой. Хүчний тэнцвэрийг хадгалахын энэ хоёр сонгуулийг хамтад нь явуулахгүй бол болохгүй шалтгаан байгаа ажээ. Хамгийн гол нь улстөрчдийн хүчний харьцаагаа тэнцвэржүүлэх гэсэн наймаа л явж байна. Харин үүндээ орон нутгийн сонгуулийг хутгалдуулж байгаа нь ердөө л луйвар юм.

Орон нутгийн сонгууль гэж юу вэ? Орон нутгийн сонгууль болон УИХ-ын сонгуулийг огтхон ч хутгаж болохгүй зүйлс. Энэ хоёрыг яагаад заавал хамт явуулах гэж зүтгээд байгаа юм бол. Мөнгө хэмнэх нь зорилго биш болох нь ойлгомжтой. Ердөө л орон нутгийн эрх мэдлийг намууд булаацалдаад байгаатай л холбоотой. УИХ-ын сонгууль бол улс төрчдийн сонгууль. Харин орон нутгийн сонгууль бол иргэдийнх. Орон нутгийн сонгуулиар “ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИД” –ийг сонгодог. Харин намын төлөөлөгчдийг биш. Тэд энэ ялгааг ойлгохгүйгээр, ойлгосон ч мэдэн будилж, иргэдийн эрх мэдлийг булааж авах гээд байгаа учраас л энэ хоёр хуулийг хутгаж хуурга хийж байна. Төрийн зарим эрх мэдлийг орон нутаг руу шилжүүлнэ гээд л улс төрчид ардчилсан ерөнхийлөгчтэйгөө нийлэн сайхан ярьцгаасан. Яг хэрэг дээрээ орон нутагт зарим эрх мэдлийг шилжүүлмэгцээ, намын шугамаар дамжуулан бүрэн эрхт төлөөлөгч томилж, орон нутгийн эрх мэдлийг дахиад л нөгөө улс төрийн хүрээнийхэн хянах гэж байна. Улстөрчдөө орон нутгаас савраа тат. Орон нутагт иргэд, иргэдээ сонгог. Иргэд, иргэдийн төлөөлөгчдийн хурлаа байгуулаг. Иргэд орон нутгийн засаг захиргааг хянаг.

Иргэдийн төлөөлөгчдийн хуралд намаар дамжуулан нэр дэвшүүлдэг, намын гишүүд өрсөлддөг практикийг халах хэрэгтэй. Иргэдийн төлөөлөгчдийг жинхэнэ иргэдээс л сонгодог болох хэрэгтэй. Орон нутгаас намуудын гар хөлийг салгаж чадвал улс төр цэвэршинэ. Эхэндээ орон нутгийн бүлэглэлүүдийн хооронд тэмцэл өрнөх л байх. Яваандаа цэвэршиж, гольдролдоо орж л таараа. С.Данзангийн хэлсэнчлэн “Үлгэрлэвэл Швецари улс лугаа хөгжих хэрэгтэй” гэдэг шиг, “Үлгэрлэвэл Швецари улс лугаа иргэд нь орон нутгийн эрх мэдлээ хэрэгжүүлдэг болвол зохино”.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: