Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЛОЙДОР

Posted by bolod on May 24, 2012

Өнөөдөр Монголд дээд шүүхэд бүртгэлтэй хорь гаран улс төрийн нам байна. Үзэл баримтлал, зохион байгуулалт, байгуулагдсан зорилго, шалтгаан, цаг үе, түүх, амбицаараа өөр хоорондоо бүгд ялгаатай боловч парламентийн сонгуульд өрсөлдөж, амжилт гаргах амбицтай цөөхөн хэдэн нам бий. АН, МАН хоёроос гадна энэ хоёр намтай өрсөлдөх цанхаалах санаатай намууд өөрсдийгөө улс төрийн гурав дахь хүч, улс төрийн шинэ хүч, улс төрийн тэргүүлэх хүч гэхчлэн янз янзаар л нэрлэж, өргөмжилдөг боловч бодитой өрсөлдөгч өнөөг болтол гарч ирээгүй л байсан юм. Энэ орон зай дээр тоглох сонирхолтой улс төрчид 2005 оноос ажиллаж эхэлсний үр дүнд УИХ-ын сонгуульд амжилт гаргах харьцангуй боломжтой ИЗНН, МАХН, МҮАН гэсэн гурван нам үүсч байгуулагдаж, шинээр зохион байгуулагдаад байгаа билээ. Хэн нь гурав дахь хүчний орон зайд ялалт байгуулах вэ?

МАХН болон МҮАН хоёр эвсэл байгуулснаар, нэр бүхий улс төрчдийг өөртөө нэгтгэж, сонгогчдыг татаж итгэл төрүүлэхүйц эрч хүчтэй харагдах болсноор улс төрийн орон зайгаа тэлж эхэлсэн бол ИЗН болон НН –ууд нэгдсэнээр, нэгдэх ч гэж дээ Ногоон намын хэсэг гишүүд ИЗН-д элссэнээр ямар нэгэн өөрчлөлт орсонгүй, орон зай нь харин ч багасаж байх шиг байна. Улс төрийн гурав дахь хүчний орон зайн төлөөх тэмцэлд МАХН-МҮАН гэсэн хослол ялалт байгуулж, ИЗН-НН гэсэн хослол ялагдаж байх шиг байна. Үүний нэг тод жишээ нь ИЗНН-ын гурван даргын нэг Д.Энхбат, 2012 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байгаа явдал болно. Улс төрийн гурав дахь хүчний байр сууриа алдаад зогсохгүй, улсын их хурлын сонгуульд амжилт гаргах, цаашид улс төрд тэсч үлдэх эсэх нь эргэлзээтэй боллоо.

Өөрсдийгөө улс төрийн гурав дахь байтугай тэргүүлэх хүчин гэж зарлаж байсан намын дарга нь сонгуульд оролцохгүй болохоор тэр нам яаж улс төрд амжилт гаргах вэ? Өнөөг хүртэл намын дарга нь нэр дэвшилгүй сугарч хоцорсон тийм нам гараагүй, тийм сонгууль болоогүй санагдана. Энэ жишгийг ИЗНН-ын дарга эвдлээ. Сонгууль хоёр хувилбараар явагдах учраас түүнд ч бас өрсөлдөх хоёр хувилбар байсан.

Нэгдүгээрт, тойрогт нэр дэвших. Өнгөрсөн сонгуулиар тэрээр Баянгол тойрогт нэр дэвшиж хэл амтайгаар УИХ-ын гишүүн болсон. Дийлэнх нь орон сууцанд амьдардаг, сэхээтнүүд төвлөрсөн энэ дүүрэгт л түүнд амжилт олох боломж байсан. Түүнийгээ ч ашигласан. Харин энэ удаад түүнд дахин тийм боломж байхгүй. Тойргийн сонгогчид нь түүнийг энэ удаад огтхон ч дэмжихгүй болжээ. Харин бусад тойрогт түүнд боломж байхгүй.

Хоёрдугаарт, Намын жагсаалтад бичигдэх. Шинэ сонгуулийн хуулиар, сонгогчдын дэмжлэгийн босго давсан намын гишүүд авсан саналынхаа хувьтай пропорционалиар суудлын эрхтэй болох юм. Босго давсан намууд дор хаяж 2 суудал авч чадахаар байгаа юм. Тиймээс Д.Энхбат намын жагсаалтад 2-т бичигдээд намынхаа рейтингийг өсгөчихвөл сонгогдох боломжтой болно. Гэвч тэр намдаа хоёрт бичигдэж чадаагүй бололтой.

Дүгнэвэл түүний сонгогдох магадлал тэгд ойрхон болсон тул тэр нэр дэвшихээс татгалзсан байх гэж таамаглаж байна. Сумати ч түүний ялах боломжгүйг судалгаагаараа тогтоогоод хэлээд өгсөн биз. Улстөр мэддэг хүмүүс нь ч ялж чадахгүйг нь хэлээд зөвлөөд өгөө биз. Тэгээд л шамирчихгүй юу.

Д.Энхбат гишүүний хувь хүнийх нь талаас авч үзвэл энэ нь маш зөв шийдвэр юм. Яагаад гэвэл тэрээр энэ удаагийн сонгуульд амжилт гаргах сонгогдох ямар ч шаанс харагдахгүй байна. Прагматик хүн учраас өөрийнхөө хувьд маш зөв шийдвэр гаргаж байна. Сонгогдох боломжгүйгээ мэдэнгүүт шал дэмий юманд мөнгө зарцуулж, бусдын төлөө агаар халааж, илүү зардал гаргахыг хүсэхгүй байна. Нөгөө талаас нь харвал тэрээр улстөрийн намын нэг дарга. Өөрийнхөө намыг хүнд байдалд оронгуут хамгийн түрүүнд орхиж, төөргөөрөө болог хэмээн орхиж байна. Лидер хүний, тэр тусмаа улстөрийн хүчний лидер бол ийм л үед эцсээ хүртэл тэмцэж, өөрийгөө золиослож, намынхаа нэр хүндийг өргөх гэж зүтгэх ёстой. Лидер хүн бэрхшээлийн өмнө бууж өгөх ёсгүй. Лидер хүний гол шинж бол аливаа асуудалтай нүүр тулж, даван туулах чадвар мөн. Тэр лидер биш ажээ. Намынх нь гурван даргын нэг, олонд танигдсан, УИХ-ын гишүүн нь сонгуульд өрсөлдөхгүй гэчихээр энэ нам яаж амжилт олох вэ дээ. ИЗН, сонгууль бүрт л мөнхийн 3%-ийн санал авдаг байсан, тэр байдал энэ удаад ч давтагдах бололтой.

“Би улс төрийн намын хүрээний үйл ажиллагаанаас илүү үндэсний, өргөн хүрээний үйл ажиллагаа явуулахаар шийдсэн” гэж мэдэгдэж байна. Өмнө нь хэлж ярьж байсан бүхнээсээ ухарч байна. Улстөрийн намын дарга намын хүрээнээс илүү өргөн хүрээтэй юу хийдэг юм бэ? Үсрээд л соошэлнэтворк үүсгэж, интернетийн орчинд хөсрүүлнэ биз. Интернетийн хувьсгал боломжтой гэдгийг бид харсан. Гэхдээ тэр чадахгүй гэдэг нь ч бас харагдлаа шүү дээ.

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: