Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЁРДОГЧ ҮР ДАГАВАР

Posted by bolod on June 17, 2012

Мах магнаг боллоо гэлцэнэ. Махны үнэ “дийлдэхээ” байлаа хэмээлцэнэ. Манай төрчид бүх юмны үнийг “дийлэх” хүсэлтэй байдагчлан, хэн нэгэн махны үнийг дийлэх санаатай байсан бололтой, Гэвч дөч гаран сая толгой малтай, мал аж ахуйн орон гэгдэх Монголд махны үнэ өссөөр, махны үнийн өсөлт инфляцийг хөөрөгдсөөр. Энэ үнийг төрөөс зохицуулах гэж оролдох тусам, махны үнэ улам гаажтай өссөөр байх юм, шалтгаан нь юу вэ? Зарим нэг нь “төрөөс махны үнийн бодлогыг хатуу хяналтад авах хэрэгтэй” гэж том том дугарч байна. Зарим нь төр оролцсоны улмаас улам их савлуулж хөөрөгдөж байна гэлцэн шүүмжилнэ. Зарим нэг нь хятадууд махны борлуулалтыг хяналтдаа авсан учраас ийнхүү хөөрөгдөж байна гэлцэнэ. Махны үнэ өсөхөд нөлөөлсөн олон шалтгаан бий. Ялангуяа сүүлийн арваад жилд авч явуулсан эдийн засгийн шинжтэй, янз бүрийн бодлогууд үүнд нөлөөлсөн байна.

Гэхдээ хамгийн гол нөлөөлсөн зүйл бол явж явж бэлэн мөнгөний нийлүүлэлт ихэссэнтэй л холбоотой юм. Өргөн утгаар нь харвал бэлэн мөнгөний нийлүүлэлт ихэссэнтэй холбоотойгоор инфляци өсөж, түүнээс үүдэн өргөн хэрэглээний барааны үнэ, тэр дундаа хүнс, махны үнэ эрс өсөж байгаа хэмээн тайлбарлаж болно. Гэхдээ үүн дээр социаль шалтгаан тайлбарлалуудыг нэмчихвэл дунд хугацааны нөлөөллийн шалтгааныг илүү үнэмшилтэйгээр тайлбарлаж болох мэт.

Үүний тулд Монголын нийгмийн бүтцийг эргэн харах хэрэгтэй. Монголчууд албан бусаар “хотынхон” ба “хөдөөгийнхөн” гэж хуваагдана. Социологич Х.Гүндсамбуу үүнийг “Аль нэг соёл иргэншлийн өрөөсгөл хийгээд дагнамал байдал бус, харин хосолмол шинж төрх алаглах нь өнөөгийн монгол орны содон онцлог, давуу бас сул тал яриангүй мөн” хэмээн онцолсон байдаг. Хөдөөгийнхнийг хөдөөрхүү ба жинхэнэ хөдөөнийхөн гэж цааш нь ангилсан байна. Энэ жинхэнэ хөдөөнийхөн гэдэгт малчдыг дагнан ойлгож болно. Англид өнөөдөр хөдөө аж ахуйн салбарт ажиллагсад нийт хүн амын 2 хүрэхгүй хувийг эзэлдэг бол энэ тоо Монголд арав дахин өндөр байгаа. Нүүдлийн уламжлалт аж ахуйгаа эрхэлсээр, дөрвөн цагийн эргэлтэд малаа даган нүүдэллэн амьдарч буй малчид Монголын нийт хүн амын хорь шахам хувийг эзэлдэг байх. Энэ хорь шахам хувь мал аж ахуйн түүхий эд бүтээгдэхүүнийг нийлүүлдэг. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг нийлүүлэхийн зэрэгцээ, өөрсдийн хэрэгцээг хангаж, мал аж ахуйгаас хангаж чадахгүй бусад хэрэгцээт зүйлсээ мал аж ахуйн бүтээгдэхүүнээ борлуулах замаар худалдан авдаг.

Хүн бүхний мэдэх эрэлт нийлүүлэлтийн загвартай үүнийгээ холбоё. Махны гол нийлүүлэгчид нь малчид буюу хөдөөгийн хүн ам. Махны гол хэрэглэгчид нь хотынхон ба хөдөөрхүү суурин газарт оршин суух малгүй иргэд.

Малчдад юу хэрэгтэй вэ? Трактор, чиргүүл, нарны зай хураагуур, мотоцикл уу? Азаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өссөн, ноос ноолуурын мөнгө олгодог болсноор дийлэнх малчид улирлын чанартай, жилдээ нэг удаа олдог бүл цүл ашиг орлогоороо томоохонд тооцогдох эдгээр эд хогшлыг хангалттай худалдан авч чаддаг болжээ.

Дараагийн хэрэглээ нь эрүүл мэнд соёл, боловсролын зардал. Хүүхдээ сургуульд явуулахад дэвтэр үзэг, ном бакиал авахад “нэлээд” мөнгө, хэрэв оюутан хүүхэдтэй бол сургалтын төлбөр төлөхийн тулд дориун мөнгө шаардлагатай болдог байлаа.

Гурав дахь хэрэгцээ нь өдөр тутмын хэрэгцээ. Малчдын энэ өдөр тутмын хэрэгцээ нь тун даруухан, шуудай гурил, жаахан элсэн чихэр, тэгээд л тамхи, мотоциклд нь бензин байхад л болоод явчихна.

Дээрх хэрэгцээнээс хамаараад, дээр нь монголчуудын амьдралын хэмнэлтэй уялдаатайгаар махны нийлүүлэлт улирлын чанартайгаар, тодорхой циклтэйгээр нэмэгддэг. Эдгээр өдөр тутмын хэрэгцээг хангахын тулд малаа зарж борлуулж, хэдэн цаасаар сольдог байсан бол сүүлийн хоёр гурван жилд ингэх шаардлагагүй болжээ. “Хүний” мөнгө олгох болсон нь малчдын даруухан хэрэгцээнд бараг хангалттай хүрэлцэх болжээ. Өөрөөр хэлбэл төрөөс өгч буй бэлэн мөнгө малчдын өдөр тутмын хэрэгцээг хангахад бараг бүрэн хангалттай байна.

Оюутны сургалтын төлбөрөөс жил бүр 500000 төгрөгтэй тэнцэх хэмжээний зардлыг төрөөс санхүүжүүлэх болсноор малчид их дээд сургуулийн сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөгдсөн. Төрөөс оюутны сургалтын төлбөрийн тодорхой хувийг санхүүжүүлдэггүй байх үед, намар хичээл цуглах үеэр мал махаа борлуулах гэсэн сонирхолтой малчид олширч, үр дүнд нь 8 сарын сүүл 9 сарын эхээр махны үнэ хямдардаг байлаа. Гэтэл энэ хандлага сүүлийн хоёр жилд ажиглагдсангүй.

Махны нийлүүлэлт нэмэгддэг хоёр дахь давалгаа нь Монголчуудын идэшээ бэлтгэдэг үетэй давхацдаг байсан. Малын тооллогоос өмнө малаа заазлахыг нь заазалж, зарж борлуулахыг нь борлуулж, нөөцлөхийг нь нөцөлж, идшинд хэрэглэхийг нь хэрэглэж, махны нийлүүлэлтийг өсгөдөг байна. Харин бэлэн мөнгөний эх үүсвэртэй болсон малчид малаа борлуулах сонирхол багатай, дээрээс нь төр үнийг зохицуулах гэж үнийг хөөрөгдөж эхэлснээр хотын иргэд идшээ бэлдэж, махаа нөөцөлж чадалгүй байсаар цагаан сар хүргэчихсэн бололтой. Одоо л хямдрах ёстой доо гэж хүлээсээр хэрэглэгчид мах нөөцөлж чадалгүйгээр хугацаа алдаж, төр нь ч олигтой нөөцөлсөн юмгүй, хяналтаа алдсан. Махны хамгийн гол нөөц бол “нөөцийн мах” биш, иргэд өрхүүд тус тусдаа гэр гэртээ бэлддэг идэш, үүц байдаг юм. Төр зохицуулалт хийх нэрээр үнийн үүргийг үгүй хийснээр энэ зохицуулалтыг алдагдуулсан байна.

Дээрхээс дүгнэвэл махны нийлүүлэлт багассан байна. Харин эсрэгээр, махны гол хэрэглэгчид болох нийт хүн амын 80 гаран хувь нь мөн л гар дэрээ бэлэн мөнгөтэй болсон байлаа. Өөрөөр хэлбэл мах хэрэглэх гэсэн эрэлт өссөн байлаа. Намуудын бэлэн мөнгөний амлалт, хавтгайруулсан халамжийн бодлого нь махны эрэлт нийлүүлэлтийн тэнцвэрийг алдагдуулж, махны үнийн мэдээлэл дамжуулах, өдөөх, орлого хуваарилалтын үүргүүдийг үгүй болгож, дээрээс нь төр үүнийгээ зохицуулах гэж буруу бодлого явуулсны үр дүнд зохицуулах бус улам дордуулсан гэж дүгнэхэд хүргэж байна. Бүхэлдээ махны үнийг хөөрөгдөхөд нөлөөлсөн байна. Иймэрхүү хүсээгүй, тооцоолоогүй үр дүнг бодлогын хоёрдогч үр дагавар гэж нэрлэдэг бөгөөд улстөрчид, макро эдийн засагчид тухайн нийгмийнхээ талаар тааруухан мэдлэгтэй байх нь ийм үр дүнд хүргэх нь элбэг ажээ. Эсвэл улстөрчид мэдсээр байж богино хугацааны үр дагаврыг илүү ярьж сурталчилж, арай урт хугацааны нөлөөллийг зориуд дарж, бурууг өөр тийш нь чихдэг, эсвэл түүнээс “ашиг” олдог билээ.

One Response to “ХОЁРДОГЧ ҮР ДАГАВАР”

  1. Saaral said

    Эрэлт нийлүүлэлтээс илүүтэйгээр одоогийн мах нийлүүлэлтийн ченжийн систем илүү их нөлөөлж байна гэж би бодож байна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн системийн талаар өөрөө ямар бодолтой байна вэ?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: