Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ЭХ ОРОН?

Posted by bolod on June 25, 2012

Гудамжаар дүүрэн самбар. Самбар самбартаа, дүүрэн хүндэт самбар. Социализмын үед л хүндэт самбар гээд, гоё гоё нүүрний зурагнууд хадаатай байдаг байж билээ. Гэхдээ арай ч ингэж хаа сайгүй байгаагүй, хамжааргатай байсан. Ийм том том хүндэт самбар харагддаггүй байсан. Хааяа баяраар л сахалтайгаас Маркс, Энгельс, Ленин, сахалгүйгээс Сүхбаатар, Чойбалсан, Цэдэнбал нарын зураг, их үсрээд л улс төрийн товчооны арваад нөхрийн зураг ийм том томоор хүндэт самбарт хадагддаг байсан. Өнөөдөр дуртай болоод мөнгөтэй нь хүндэт самбарт өөрөө өөрийгөө “өлгөж” байна. “Ажилчин” хүний зураг нэг ч алга, дүүрэн цагаан захтнууд. Дандаа цагаан захтнууд бүхий л Монголчуудыг төлөөлөхөөр бусад цагаан захтнуудтайгаа өрсөлдөж байна. Гэр хорооллын гудамжинд цагаан цамц зангиатай, хар туфль жийж костьюм пиджак нөмөрсөн эрчүүд эсвэл үнэт хослол брэндийн хувцсаар гоёж, алт мөнгөн эдлэлээр гангарсан дэгжин шаавай бүсгүйчүүд нэг л зохимж муутайхан. Ленинээс долоон дор. Ленин ядаж хүрз барьж, дүнз мөрлөөд пиараа хийж байлаа.

Амарсайхан саяхан блогтоо нэг гоё шог зураг нийтэлжээ, “сонгууль уу? наадам уу?” гэсэн нэртэй. Сонгуульд нэр дэвшигчдийг хараад сонгогчид мэтгэлцэж байгаа зураг. “Энэ наадам уу? Хару башё? Miss World? Болор цом?” гэхчлэн. Нээрээ л тэгж андуурмаар байна. Тэр дундаа Болор цом шиг. Олон яруу найрагчид өрсөлдөж байгаа болохоор ч биш. Олон сайхан уран цэцэн үг шидэлж, дагсалдаж байгаа болохоор тэр. Үнэндээ яруу найрагчдыг ичээхээр л “гоё гоё” үгнүүд, толгой холбосон, сүүл уясан, утга нийлсэн, үзэл суртал шингэсэн уриа лоозон дүүрэн. Тэр дунд нь “Монголдоо сайхан амьдаръя”, “Эх орондоо сайхан амьдарцгаая”, “Нутагтаа сайхан амьдарцгаая”, “Дорноддоо сайхан амьдаръя”, “Хотдоо сайхан амьдарцгаая”, “Ховддоо сайхан амьдарцгаая” гэх урианууд хааяагүй. Аль нам нь тэгж уриалаад байгаа юм бол гэхээр, тэр энэ гэхгүй, бүгд л тэгж хэлээд уриалаад байх юм.

“Монголдоо сайхан амьдаръя” гэдэг уриа жирийн мөртлөө олон хүнд таалагдсан уриа. Олон хүнд таалагдахын сацуу өргөн агуулга, гүн утгатай уриалга. Монгол хүн, Монгол эх орондоо тавтай сайхан амьдрахын тулд, тавтай сайхан амьдрах тэр нөхцөл боломжийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь утаагүй, хоггүй, хоргүй, тоос шороогүй, уур бухимдалгүй, ядууралгүй сайхан эх оронд амьдаръя гэсэн агуулгатай. Энэ нь авилгыг бууруулъя, ядуурлыг бууруулъя, ажлын байр нэмэгдүүлье, баялгийн тэгш хуваарилалт, ижил боломж, үйлчилгээний хүртээмж нэмэгдүүлэх, цалин хөлс нэмэгдүүлэх, тэтгэврийн зөрүүг арилгах, улс шиг хөгжих, хүн шиг амьдрах гээд л энэ намуудын дэвшүүлдэг бүх амлалт зорилтыг агуулгаараа багтаадаг. Тиймээс л өнөөдөр бүх нам энэ уриалгыг ямар нэгэн байдлаар хэлж хэрэглэж байна. Энэ уриалгыг “Иргэний Холбооныхон” 2006 онд дэвшүүлж байсан боловч, өнөөдөр иргэний холбоо нь ч хаана билээ, хэлж ярих хүн нь ч хэн билээ, эзэнгүй сайхан уриаг хүн бүр хэлж хэрэглэж байна.

Гэхдээ, нөгөө л өнгөрсөн хорин жилд төр барьсан хуучирсан улс төрчид энэ уриаг хэлээд эхлэхээр “Леопольд муурын адал явдал” хэмээх хүүхэлдэйн кино шиг нэг л хиймэл, хуурай хоосон юм. “Ребята, давайте жить дружно” гэж байнга хэлдэг муурын энэ дүр хэдийгээр хулгануудыг ердөө ч гомдоодоггүй боловч (дэлгэцээр л лав гомдоодоггүй) нэг л хиймэл амьдралгүй санагддаг юм. ТЭД, “Эх орондоо сайхан амьдаръя” гэхээр өөрийн эрхгүй шүүмжлэлтэйгээр хандаж байна. Энэ “эх орон” гээд байгаа нь бидний ойлгож байгаа Монгол эх орон мөн үү? Бидний хувьд ч яахав сонголтгүй, Монголдоо л яаж ийгээд амьдаръя гэдэг уриатай. ТЭДНИЙ эх орон нь харин Монгол мөн үү? С.Баярын эх орон Монгол мөн үү? Билэгтийн эх орон нь Монгол мөн үү? Мөн юм бол ТЭД яагаад Монголдоо амьдрахгүй, харь оронд амьдраад байгаа юм бэ? ТЭД, “Эх орондоо сайхан амьдаръя” гэнэ. Тэгээд яагаад Америкт, Англид хаус худалдаж аваад, мөнгөө яагаад гадны банкинд хадгалуулаад байдаг юм бол? ТЭДНИЙ гэр бүлийнхэн яагаад эх орондоо биш чиртаанаасаа гадуур амьдраад байдаг юм бол? ТЭД яагаад эх орондоо эмчлүүлэхгүй, “гадаад” оронд эмчлүүлдэг юм бэ? ТЭДНИЙ хүүхдүүд яагаад эх орондоо, үндэсний их дээд сургуульд сурахгүй, дандаа өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуульд сурдаг юм бэ? Сан Францискод, Ливерпүүлд Монголын баячуудын бүхэл бүтэн гудамж байдаг гэлцэнэ. Тэд яагаад Монголдоо гудамлахгүй, тэнд гудамлаад байгаа юм бол? ТЭДНИЙ эх орон нь хаана байгаа юм бэ? Монгол ТЭДНИЙ эх орон мөн үү? “Эх орондоо сайхан амьдаръя” гэдэг уриалга нэг л сэжигтэй. “Монголдоо сайхан амьдаръя” гэвэл өөр хэрэг. Ярилцъя.

Advertisements

One Response to “ЭХ ОРОН?”

  1. Tungaa said

    Yaag minii bodoj bsan byhniig neeh goy bazaad, goy onovchtoigoor bichchihej. Ta niitlelyydee sonin ene terd uguuch, bagshaa?

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: