Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХУЛГАНЫ ОРНЫ ТҮҮХ

Posted by bolod on June 25, 2012

Эрх баригчдын хэлж ярьж байгааг Леопольд мууртай зүйрлүүлэн бодсон чинь гэнэтхэн “Хулганы орны түүх” санаанд орчихлоо.  Би өөрийн блогтоо бусдын бичсэн зүйл болон бусдын материалыг огт оруулдаггүй боловч зөвхөн энэ бичлэгийг л дөрвөн жилийн тэртээ оруулж байсан билээ. Энэхүү хошигнолын орчуулгыг 2008 оны эхээр найз Хашбаяр маань над руу, “маш их таалагдсан хошигнолыг явуулав” гэсэн тодотголтойгоор явуулсан бөгөөд надад ч гэсэн маш их таалагдсан юм. Энэ орчуулгыг олон хүн өөрийн сонгуулийн сурталчилгаанд ашиглаж байсан бөгөөд Х.Тэмүүжин л лав өөрийн номонд оруулан хэвлэсэн байсан санагдана. Одоо бүр олон хувилбараар, хүн бүр өөрчлөн засаж, хасаж, зарим талаар утгыг нь алдуулан энд тэнд хэвлэсэн байх нь их тааралдаж байна.  Энэ богинохон мөртлөө маш ихийг өгүүлэх хошигнолыг хүмүүст дахин сануулмаар санагдлаа. Орчуулагч Рэгсүрэнгийн Батхүү. (Энэ орчуулгыг цааш нь тараах, олон хүнд хүргэх, хэвлэн нийтэлж болох эсэхийг би найзаараа дамжуулан тухайн үед орчуулагчаас лавлаж зөвшөөрөл авсан. Ямар ч асуудалгүй, гагцхүү жинхэнэ авторын нэрийг дурдаж, линкийг зааж өгөхийг хүссэн билээ.) 

Канадын Шинэ Ардчилсан Намын анхны тэргүүн Томми Дагласын 1944 онд олны өмнө хүүрнэсэн “Хулганы орны түүх” хэмээх улс төрийн хошигнолыг та бүхэнд өргөн барьж байна. Чадварлаг илтгэгч асан түүний өөрийнх нь дуу хоолойг энэхүү хошигнолыг ярьснаар нь та бүхэн энэ хаягаар ороод сонсож болно: http://www.workingtv.com/mouseland.html

 

* * *

Хулганы орны тухай түүх оршвой. Хаа ч юм бэ байх. Хулганы оронд бяцхан хулганууд амьдран, тоглон наадаж, нэгэн насыг өнгөрөөдөг байлаа. Тэдний амьдрал яг л та биднийх шиг нэгэн хэмээр урсан одох авай.

Тэд бас та бидэн шиг өөрсдийн парламенттэй байв. Парламенттэй тул 4 жил өнгөрөөд л сонгууль болно. Хөлтэй нь хөлхөн очиж, хөсөгтэй нь хөлөглөн ирээд сонгуульдаа оролцно. Тэгээд дөрвөн жилийн дараа дахиад л санал хураах байр зүглэцгээх бүлгээ. Яг л тань шиг, над шиг, тэдгээр бяцхан хулганууд сонгуулийн өдөр болгон санал хураах хайрцаг руу очдог, тэгээд засгийн газраа сонгодог байлаа. Засгийн газар нь бүдүүн, тарган, хар муурнуудаас бүрднэ.

Хулганууд очиж очиж муурнуудаар төрөө бариулаад байхдаа яахав дээ гэж та хэрэв бодож байвал зүгээр л Монголын өнгөрсөн 20 шахам жилийн түүхийг бодоод үз.[1] Тэгвэл та хулганууд биднээс огт тэнэг биш гэдгийг нэг ойлгож магад.

Муурнуудыг муулах гэсэн юм үнэндээ байхгүй л дээ. Тэд дажгүй л гарууд. Төр засгийн ажлаа ч үнэнчээр хашиж байв. Тэдний гаргасан хуулиуд нь сайн, ялангуяа муурнуудад их сайн хуулиуд байлаа. Гэхдээ муурнуудад сайн хуулиуд маань хулгануудад бас тийм сайн байсан гэж хэлж боломгүй. Жишээлбэл нэгэн хуулинд хулганы нүх муур савраа дотогш оруулж болохуйц том байх ёстой гэж заажээ. Өөр нэгэн тогтоомж хулгануудын гүйх, зорчих хурдыг тодорхой тусгасан байх агаад ингэхдээ муур авхайтан өглөөний зоогоо нэг их чармайлт гаргалгүй хүртэх боломжийг бодолцсон аж.

Хууль тогтоомжууд бүгд л сайн байв. Муурнуудад тэр шүү дээ. Харин хулгануудын тухайд! Хүндхэн л байлаа. Амьдрал улам л дордсоор, улам л муудсаар. Тэгээд байдал тэсвэрлэхүйеэ бэрх болж ирмэгц хулганууд одоо нэг юм хийх хэрэгтэй гэж шийдэцгээжээ. Ингээд тэд цугаараа, бүр бүгдээрээ сонгуульд оролцоцгоов. Саналын хуудсан дээр хар муурнууд хусагдаж, хулганууд цагаан муурнуудыг сонголоо.

Цагаан муурнууд энэ удаа маш хүчтэй кампани явуулжээ. “Хулганы оронд илүү ил тод байдал хэрэгтэй байна” гэж тэд зарлав. Мөн “Хулганы орны гол бэрхшээл бол энэ муусайн дугаргий нүхнүүд юм. Хэрэв та нар биднийг сонговол бид дөрвөлжин хулганы нүхнүүд барих болно” гэж сурталчилжээ. Муурнууд амласнаа биелүүллээ. Харин дөрвөлжин нүхнүүд нь дугаргийгаасаа хоёр дахин том байв, ингээд одоо муур хоёр савраа зэрэг оруулах боломжтой болжээ. Амьдрал бүр барзгар болох нь тэр. Тэгээд хулганууд цаашид тэвчихийн аргагүй болоод ирэхээр нь цагаан муурнуудыг сонгуулиараа авч хаяад харуудыг эргүүлж тавив. Дараа нь дахиад л цагаануудаа гаргаж ирэв. Дараа нь харуудыг буцаагаад. Тэр ч байтугай тэд хагас нь хар, хагас нь цагаан муурнууд сонгож ч үзжээ. Үүнийгээ тэд эвсэл гэж нэрлэв. Тэр ч бүү хэл гагцхүү толботой муурнуудаас бүрдсэн засгийн газар байгуулж ч үзлээ: тэдгээр муурнууд бүр хулгана шиг дуугарахаар чармайж байсныг яана, гэхдээ яахав муур шиг иднэ л дээ.

Тэгэхээр асуудлын гол нь муурны өнгөнд байсангүй. Тэд муурнууд байсанд нь л гол учир байв. Муурнууд муурнууд байсан учраас яалт ч үгүй хулгануудыг умартаад муурнуудаа хайхарч байсан хэрэг.

Гэтэл саявтархан нэг жижиг хулганад нэгэн санаа төржээ. Сэтгэж буй жижигхэн эрхмийг анхаарцгаая. Тэрбээр бусад хулганууддаа хандан “Та минь, яагаад бид заавал муурнуудаас бүрдсэн төр дахин дахин сонгоод байх ёстой юм бэ? Яагаад бид хулгануудаас бүрдсэн төр байгуулж болохгүй гэж?” Бусад нь гэтэл “Хүүе! Энэ большевикийг хараач! Бариад яв наадахаа!” гэцгээлээ.

Ингээд жижиг хулгана шоронд оров.

Одоо ганц л юм хэлмээр байна: хулганыг юмуу хүнийг хорьж цоожилж болно, харин бодол санааг хааж боож хэн ч чадахгүй ээ.

[1] Залруулга: энд орчуулгын алдаа гарсан байна. Энэ хэсгийг “Канадын өнгөрсөн 90 гаруй жилийн түүхийг” хэмээн залруулан уншина уу.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: