Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ

Posted by bolod on June 26, 2012

АН-ынхан хамтарсан ЗГ-аас гарах болсонтой холбоотойгоор, АН-ын сайдуудыг УИХ-ын чуулганаар бараг л авч хэлэлцсэн, хийсэн ажлынх нь тайланг тавиулж, шүүмжилж баалсан. Энэ үйл явдлыг харж байхад, ер нь ЗГ-ын гишүүдийн хийсэн ажлын тайланг тавиулж ийнхүү хэлэлцэх нь зөв юм байна гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Хэн нь юу хийсэн болохыг, эсвэл юу хийгээгүй болохыг шүүн хэлэлцэж, дүгнэж цэгнэх боломж олгодог юм билээ. Гишүүд хэдийгээр, бидний хийсэн ажлын зөв бурууг сонгогчид шүүнэ, сонгогчид дүгнэнэ хэмээн цэцэрхдэг боловч сонгогчдод тийнхүү дүгнэх боломж байдаггүй юм. Учир нь сонгогчдын хувьд мэдээлэл хаалттай, буурал ордон дотор хэн нь юу хийж, юуны төлөө кноп дарсныг тэр болгон цэгнэх үнэлэх боломж маруухан. Харин иймэрхүү “нээлттэй тайлан” хэлэлцүүлэгт адилхан мэдээлэлтэй нөхөд адилхан мэдээлэлтэй нөхдөө шүүн хэлэлцэж, шүүмжилж, мэтгэлцдэг болохоор үнэнд төдий хэр ойр мэдээлэл авах боломжтой юм.

Нэгэн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй энэхүү парламентийн хувьд цоо шинээр бий болгосон шинэ бүтээгдэхүүн нь УИХ-ын нээлттэй сонсгол байлаа. Нээлттэй сонгол хийдэг ийм жишиг тогтоосон юм чинь, үүнийг уламжлал болгож яагаад болохгүй гэж? Санаагаа шууд хэлье. Нээлттэй сонсголтой адил, нээлттэй тайлан хэлэлцүүлгийг засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дуусахын өмнөхөн, улсын их хурлын хаалтын чуулганы өмнөхөн хийдэг, засгийн газрыг тайланг нь тавиулдаг, сондсог, хэлэлцдэг жишиг тогтоовол яасан юм бэ? Зөвхөн чуулганы танхимд ч биш, телевизээр шууд дамжуулж, олон нийтийн дунд өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, олон нийт ч энэ явц дунд өөрийн гэсэн үнэлэлт өгч дүнгээ тавьцгааг. Муу ажилласан засагт, муу ажилласан сайдын хувьд энэ нь шүүх хурал, цаазын тавцан шиг санагдах байх. Ажлаа сайн хийсэн сайдын хувьд энэ нь харин ч эерэг нөлөөтэй байх биз. Ажлаа сайн хийсэн юм бол олон нийтээс дэмжлэгээ аваг л дээ.

Дахин хэлье, хэрэв бид муу ажилласан бол сонгогчид бидэнд дүнгээ тавина гэх мэтээр улс төрчид сайхан ярьдаг боловч сонгогчдод дүн тавих боломж олгодоггүй юм. Тэднийг тэгж мундаг ажилласан болохыг бид өөрсдийнх нь амнаас л сонсдог. Амьдрал дээр тэр мундаг ажлынх нь үр дүнг барагтаа мэдэрдэггүй юм. Сонгууль дөхөхөөр л бид ингэж мундаг ажилласан амлалтаа тэдэн хувиар давуулан биелүүлсэн, одоо дахиад тэгж жаргаан гээд л ам уралдан сайхан сайхан амьдрал ярьцгаана. Зүйрлэвэл бичгийн шалгалт өгсөн сурагч “бичгийн ажлаа” тас нуучихаад л өөрийнхөө хийсэн “бичгийн ажлыг” ямар мундаг супер бичгийн ажил болох тухай, өөрөө ямар мундаг бичсэн тухайгаа л ярьсаар байгаад багшаасаа дүн авах гээд байгаатай адил. Тэгэхээр тэдний хийсэн “бичгийн ажлыг” сонгогчид нүдээрээ харж, уншиж, үг үсгийн алдааг нь засаж, дүнгээ жинхэнээр нь тавьцгаая.

Энэ нээлттэй хэлэлцүүлэг нь АН-ын сайдуудыг хэлэлцдэг шиг, Д.Зоригтыг хэлэлцдэг шиг, Ц.Нямдоржийг хэлэлцдэг шиг ил тод, хурц ширүүн өрнөвөл сайн. Д.Зоригт, Ц.Нямдорж нарын асуудлыг хэлэлцээд ямар нэг үр дүн гараагүй, нам нь хамгаалаад үлдсэн. Харин энэ хэлэлцүүлгийн зорилго нь огцруулах эсэх тухай асуудал биш, тухайн сайдын ажилд дүн тавих тухай асуудал. Зөвхөн сайдад дүн тавиад зогсохгүй, засгийн газрын кабинетад дүн тавина, асуудал хэлэлцэж, байр сууриа илэрхийлж байгаа гишүүд ч дүнгээ тавиулна. Тиймээс манай нам, манай фракц, манай бүлэглэл гэж хандвал өөртөө л дүнгээ тавиулах вий. Товчоор хэлбэл ЗАСГИЙН ГАЗРЫН тайланг нь тавиулж, нээлттэй хэлэлцүүлэг хийдэг болцгооё.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: