Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ХОЛИМОГ СОНГУУЛЬ, АСУУДАЛ, БЭРХШЭЭЛ, ҮР ДАГАВАР

Posted by bolod on June 28, 2012

Дунд сургуулийн математикийн хичээл дээр хольцын бодлого гэж нэг хэсэг бодлого байх. Хольцын бодлогыг учрыг нь олохгүй бол бодоход бас л ярвигтай олон хүнийг тамласан бодлого байдаг билээ. Нэг учрыг нь олчихвол уг нь ядах юмгүй л дээ. 2012 оны УИХ-ын сонгууль холимог системээр явагдаж байгаа учраас хольцын бодлого шиг төвөгтэй байдал үүсгэнэ. Бүх зүйл холимог байдалтай, дээр нь холион бантантай. 2008 оны сонгууль томсгосон тойрогт мажоритараар явагдахад л олон хүндрэлтэй асуудлууд үүсэж, маргаан будилаан, зөрчил тэмцлийн шалтгаан болж байсан. Гэтэл 2012 оны сонгууль томсгосон мажоритар, дээрээс нь холимог учраас бүр ч төвөгтэй, нийлмэл бодлого болж хувирна.

Олон янзын холимог.

Нэгдүгээрт, Тэгш бус боломж. Сонгууль холимогоор явж байгаа учраас хоёр өөр арга замаар сонгогдох холимог үүснэ. Намуудад тулгарсан эхний бэрхшээл нь тойрогт нэр дэвших болон намын жагсаалтаар нэр дэвшигчдээ тодруулах явдал байлаа. Үүний улмаас нам доторх фракцууд байтугай, фракц доторх гишүүд хоорондоо нэлээд ширүүн өрсөлдөж, зөрчилдөж, зөрчил нь заримдаа савнаасаа хальж, хагарч бутрахад хүргэжээ. Арай гэж жагсаалтын болон тойргийн нэр дэвшигчид тодорч дуусахад энэ хоёр янзын нэр дэвшигчдийн хооронд эрс ялгаатай байдал үүснэ. Нэр дэвшигчид сонгогдох харилцан адилгүй магадлалтай, харилцан адилгүй нөхцөлтэй бүлгүүдэд хуваагдчихлаа. Тухайлбал АН болон МАН-ын жагсаалтыг тэргүүлж байгаа, ер нь босго давж буй намуудын жагсаалтыг тэргүүлж байгаа нэр дэвшигчид сонгогдох нь гарцаагүй үзэгдэл болох бөгөөд сонгогдох магадлал нь 1 –тэй тэнцэнэ. Энэ нь 100 хувийн боломж гэсэн үг. Харин жагсаалтын сүүл рүү бичигдэж байгаа нэр дэвшигчдийн хувьд сонгодох магадлал нь тэгтэй тэнцүү. Жагсаалтын эхнээс авахуулаад тухайн намын боломжит шугам хүртэлх гишүүд сонгогдох магадлал нь 1-д ойрхон байгаа бол боломжийн шугам хавьд байх 2-3 нэр дэвшигчийн хувьд магадлал нь 0,4-0,6 –ийн хооронд түүнээс хойш тэг рүү шууд унана. Харин тойрогт нэр дэвшигчийн хувьд сонгогдох магадлал нь харилцан адилгүй боловч сонгогдох эсэх нь тухайн нэр дэвшигчийн өөрийнх нь нэр хүнд, хармааны оноо, сурталчилгааны кампанит ажлаас, өөрөөр хэлбэл өөрөөс нь хамааралтай гэж хэлж болохуйц юм.

Хоёрдугаарт. Харилцан адилгүй зардал. Нэр дэвших эрхээ авахын тулд 50 сая, 100 сая төгрөг тушаасан нөхдүүд сонгуулийн кампанит ажил эхлэхээр гаргах зардал нь харилцан адилгүй. Тэгэхээр хэн нь 50 саяыг төлчихөөд нэгд бичигдэх, хэн нь сүүлд бичигдэх вэ, үүний төлөө 50 саяыг төлөх хэрэгтэй юу гээд олон асуудал үүснэ. Харин тойрогт нэр дэвшигчид 50 саяа төлөөд зогсохгүй, тойрогтоо ажиллахын тулд асар их мөнгө зарцуулах шаардлагатай болж байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа мэдээллийг шүүрдвэл тэрмбумаар тоологдох мөнгийг зарцуулцгааж байна. Энэ гаргаж буй зардлын холимог нь харилцан адилгүй үр дүнтэй байна.

Гуравдугаарт. Сонгуулийн өөр өөр тактик. Тойрогт нэр дэвшигчид өөрсдийгөө сурталчлахын зэрэгцээ, намаа болон намын мөрийн хөтөлбөрөө давхар сурталчлах үүрэг хүлээнэ. Намын мөрийн хөтөлбөрийг сурталчилж, сонгогчидтойгоо нүүр тулж, тэдний байцаалт зэмлэлийг хүртэх, өнгөрсөн дөрвөн жилийн алдаа оноог сонгогчдод тайлбарлах, итгүүлэх хүнд үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл талбар дээр жинхэнэ утгаар ажиллах шаардлагатай. Дээрээс нь олон мандаттай тойрогт, тухайн тойрогт нэр дэвшиж байгаа нэр дэвшигчид хоорондоо хамтарч ажиллах уу, дан дангаараа ажиллах уу, хоорондоо өрсөлдөх үү гэдэг нь нэр дэвшигчдийн рейтингээс гадна, тухайн тойргийн онцлогоос хамаараад онцлогтой ялгаатай болно. Зарим тойрогт нэг намын нэр дэвшигчдийн хооронд хатуу ширүүн өрсөлдөөн гарч болдогийг өнгөрсөн сонгуулийн туршлага харуулсан.

Харин намын жагсаалтаар нэр дэвшигчид зөвхөн намын мөрийн хөтөлбөрөө тайлбарлаж, намын суурь фоныг өргөтгөх тактикаар агаар халаах тактик баримтална. Сонгогчид дээр гүйж очих шаардлага байхгүй, сонгогчдыг аргадах шаардлага байхгүй байна. Сонгогчдод ч тэднээс ам асуух, хариу нэхэх боломж байхгүй гэсэн үг. Энэ хоёр тактикийн холимог хольцыг жор тунгий нь тааруулан явуулах бэрхшээл тулгарна.

Энэ олон холимог дунд сонгогчийн зан үйл бүр ч нарийн нийлмэл байдалтай, олон янз хувилбараар илэрнэ. Бүхэлдээ энэ олон холимогоос нэлээд төвөгтэй хольцын бодлого тавигдаж байна.

Холимогоос гарах үр дүн.

Сонгуулийн үр дүн хоёр янзын арга замаар сонгогдсон гишүүдээс хамааралтайгаар гарна. Тэгэхээр энэ үр дүнг таамаглахын тулд дээр хэлсэн “хольцын бодлого” бодох шаардлагатай болж байна. Сонгуулийн судалгаа ч өөрөө “хольцийн судалгаа” байлаа. Сонгуулийн хууль батлагдахаас өмнө олон янзын хувилбараар тандсан таамагласан “нөхцөлт судалгаа” байлаа.

Намуудын авсан саналын хувиар пропорционалиар суудал хуваарилагдана. Нийт саналыг 100% гэж үзээд, 28 суудалд хуваахаар ойролцоогоор 3,57% гарна. (Дашрамд дурдахад энэ хувь ИЗН-ын нийт сонгогчдоос авдаг мөнхийн хувьтай бараг тэнцүү хувь байна. ИЗН-ын хувьд тиймээс л 1,5% нэмэх хамтрагч хэрэг болсон) Сонгуулийн босго 5%. Тэгэхээр 5%-ийн босго давсан нам автоматаар нэг суудалтай болж байгаа юм. Үүнээс ургуулаад саналын хувийг пропорцдоод авах суудлын тоог таамаглаж болно. Дийлэнх хүмүүс энэ хавьцаа л алдаа гаргаж байна. Тухайлбал АН 40%-ийн санал авбал шууд үржүүлээд, хуваагаад 11 суудал авна гэсэн таамаглал хийх жишээтэй.

Энд хоёрын зэрэг жижиг засвар хийх хэрэгтэй.

Нэгдүгээрт, сонгуулийн оролцоог тооцох шаардлагатай. Сонгуульд хатуу электоратууд болон сонголтоо хийчихсэн сонгогчид идэвхийлэн оролцоно. Сонголт хийгээгүй болон хөвдөг сонгогчид, залуучууд хойргошно. (Залуучууд хойргоших нь өмнө нь АН –д ашиггүйгээр эргэдэг байсан бол энэ хандлага бага багаар арилсаар байгаа юм.) Жилээс жилд сонгуулиас сонгуульд сонгуулийн оролцоо буурсаар байгаа бөгөөд энэ жилийн сонгуулийн оролцооны хувь их л өөдрөг төсөөллөөр 70% (67-68%) хүрвэл их юм болно. Сонгуулийн оролцоо буурах боловч, гол гол намуудын дэмжлэг тэр хэрээр өсөж, сонголт гол намууд дээр илүүтэй төвлөрөх болно.

Хоёрдугаарт, valid percent буюу бодит хувийг бодох шаардлагатай. Үүний тулд 5%-ийн босго даваагүй намуудыг тооцоонос хасах шаардлагатай. Эдгээр намуудын хувь хуримтлагдсаар багцаагаар 15% болно. Нэгэнт босго даваагүй тул энэ хувийг хасаж бодит хувийг бодож гаргана. Ингэснээр босго давсан намуудын авах саналын хувь босго даваагүй намуудын саналын хувиар нэмэгдэж зузаатгагдана. Өндөр хувь авч байгаа нам илүү их хувийн бонус авна.

Сонгууль болохоос багцаагаар 7-10 хоногийн өмнө хийгдсэн судалгааны дүнгээр АН 42% орчим, МАН 32% орчим, МАХН-МҮАН 15 орчим хувийн санал авч байлаа. Бусад намууд эвслүүд аль нь ч 5%-ийн босго даваагүй учраас энэ гурван нам эвсэлд хувь тэнцүүлсэн суудлууд хуваарилагдана. Дүгнэвэл АН-47%, МАН-35% МАХН-МҮАН- 18% санал авах бөгөөд энэ нь намын жагсаалтаар АН 13-14 суудал, МАН 9-10 суудал, МАХН-МҮАН 5-6 суудал авах магадлалтай.

Тойргуудад хийгдсэн урьдчилсан судалгаануудын үр дүнд үндэслэн, дээрэх намын жагсаалтаар авах суудлын тоог нэмж сонгуулийн дүнг таамаглавал, АН 35-37 суудал, МАН 31-33 суудал, МАХН-МҮАН-ын эвсэл 5-7 суудал авах магадлалтай байна. Дээр нь үйлдвэрчний Ганбаатар бие даагчаар цорын ганц суудал аван орж ирнэ гэж тооцож болно. Дээр нь бас нэг хоёр бие даагч сонгогдож магадгүй ч тэр нь тун ч магадлал муутай байна.

Намуудын хувьд дараах горьдлого бий. АН-ын хувьд 39 суудал авч олонх болох. МАХН-МҮАН -ын эвсэлийн хувьд 8 суудал авч УИХ-д намын бүлэг байгуулах. ИЗНН-ын хувьд 5%-ийн босго давж, аз таарвал намын жагсаалтаас 2 суудал авах мөрөөдөлтэй.

Дээрх бүгдээс үүдэн дүгнэвэл дэрээх мөрөөдлүүдийн талаар болон ерөнхийдөө дараах дүгнэлтүүдийг хийж болно.

Сонгуулийн ирц ойролцоогоор 65-70%-тай байна.

Үнэмлэхүй олонхийн суудал буюу 39 суудал авах нам байхгүй.

АН-ын хувьд их л “азтай” байвал 39 суудал авч олонх болно. Гэхдээ энэ нь тун ч магадлал муутай.

ИЗНН тойргоос л азын ганц суудал авч магадгүй. Эсвэл ганц ч суудал авч чадалгүй парламентийн бус нам  болно.

2012 оны сонгуульд гурван нам суудал авч дээр нь ганц нэг бие даагчтай парламент бүрдэнэ.

МАХН-МҮАН-ын эвсэл, Архангайд Удвал, Сонгинохайрханд Тэрбишдагва ялалт байгуулж, нам нь 18-аас дээш хувийн санал авч 6 суудал авбал 8 суудалтай болно. Дэндүү олон хэрэв байгаа ч тийм ч боломжгүй зүйл биш. Гэхдээ Удвал, Тэрбишдагва хоёроос их зүйл хамаарна.

МАН цөөнх болж, хамтарсан засгийн газарт орохыг хүсэж үлдэнэ. Эдгээр таамаглал дүгнэлт сонгуулиар батлагдвал гарах үр дагавар нь таамаглашгүй болно.

Үргэлжлэл бий.

2 Responses to “ХОЛИМОГ СОНГУУЛЬ, АСУУДАЛ, БЭРХШЭЭЛ, ҮР ДАГАВАР”

  1. хэхэ

  2. Sogsoo said

    Сайн таамаглсан байна. Гэхдээ 4н бие даагч ялчаад байгаа гэсэн шүү. МАХН-МҮАН-ийн Шудрага ёс эвсэл 10 суудал авах нь тодорхой болсон ш дэ хө. Тэхээр зарим таамаг арай зөрөөд байна.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: