Ц.Болдын блог

Just another WordPress.com weblog

ОЛИМПИЙН “ДАРХАН” АВАРГА

Posted by bolod on August 3, 2012

Н.Түвшинбаяр дахиад бараг “аварга” болов. Бахархахгүй байхын аргагүй юм. 2008 оны олимпод аварга авахад нь Монгол даяараа бахархсан, шоудсан, бие биенийхээ азтайг гайхсан, согтоцгоосон, эвлэрцгээсэн. Харин дараагийн дөрвөн жилийн турш л түүнийг дахин барилдаж чадах болов уу, барилдлаа ч амжилт гаргаж чадах болов уу гэж эргэлзэцгээж байсан. Яагаад гэвэл олимпийн алтан медаль гэдэг тийм үнэ цэнэтэй, тийм хүнд хэцүү зорилго учраас. Мөн эргэлзэнгээ, Түвшинбаяр ч дээ, азаар л нэг алт авсан байх гэж муулах хандлага ч гарч л байсан. Эдгээр муулж байгаанууд ч гэсэн битүүхэндээ, дахиад алт авчихаасай гэж хүсэж байгаагаа илэрхийлж байгаа нь л тэр биз.

Би хувьдаа их л эргэлзэж байсан. Нэг хоёр ялалт, тэгээд нэг дагах барилдаан хийгээд л ирэх болов уу гэж бодож байсан. Дахиад медаль, хүрэл ч хамаагүй авчихдаг аз байдаггүй л юм байх даа гэж дотроо горьдож байсан. Гэтэл өчигдөр гадуур, Түвшинбаяр ялсан гэнэ, цэвэр ялсан гэнэ гэж шуугиад явчихлаа. Гэртээ иртэл гэрээр нэг яриа, гурав дараалан цэвэр ялсан, ниппон бил үү, иппон бил үү гээд л. ТВ үзтэл дандаа л Түвшинбаярын барилдаан гарч байна. Узбекийн нөхрийг цэвэр шидэж байгаа барилдааныг харуулж байна. Гарцаагүй аварга шиг ялалт байгуулж байна. Дагаад л хөөрчихлөө. Тайлбарлагч нь “бөхийн таван төрлөөр гарцаагүй цэвэр ялалт байгууллаа” гэхчлэн мэдэмхийрч байна. Баярсайхан зааны тэр жилийн сонирхогчдын сумод ялалт байгуулсан барилдаан шиг л гэж ойлгосон бололтой. Тэрч яахав.

Дараа нь өмнөх хоёр барилдааныг нь олж үзэх гээд л хүлээж эхэллээ. Дандаа л сүүлийн барилдааныг үзүүлээд байна. Тэгж тэгж Францын бөхтэй барилдсан барилдааныг харууллаа. Инженер техникийн ажилчид нь бас хөөрчихсөн юм уу, будилаад л хоёр гурван барилдаан хольж гаргаад л, тайлбарлагч нь энэ хоёр дахь барилдаан, энэ гурав дахь барилдаан, одоо хоёр дахь барилдаан гээд л хольж хутгаад, зориуд гэмээр будилуулж удааж байна.

Эхний тойрогтоо минут хүрэхгүй хугацаанд өрсөлдөгчөө боож цэвэр ялалт авчээ. Хоёр дахь тойрогтоо, хоёр минут хүрэхгүй хугацаанд даралтанд оруулж, дахиад л цэвэр ялалт. Гурав дахь тойрогтоо үндсэн цагт юко үнэлгээ авсан боловч, шүүгчид санал нийлэлгүй цуцалчихжээ. Харин нэмэлт цагт, ёстой л аваргын зангараг гаргаж, эхлэнгүүт л үүрч шидээд цэвэр ялалт. Хагас шигшээд гарч ирээд мөн л сайн барилдаж эхэлсэн. Харин барилдааны дундуур гэмтэл нь сэдэрч, хөдөлгөөн нь багассан боловч, илүүрхсээр, юко үнэлгээ авч ялалт байгууллаа. Энэ барилдааны дараахан, аварга Түвшинбаярын дэвжээнээс буугаад үүрүүлээд явж байгаа бичлэг yuotube –д тавигдсан байхыг хараад л ямар хүнд барилдаан хийснийг ойлголоо. Тэр бичлэгийг үзээд л алтан медалийн төлөө барилдаж чадах боловуу, ер нь барилдах хэрэг байгаа юм болов уу гэж бодож байлаа. Гэтэл барилдах цаг болоход, юу ч болоогүй юм шиг барилдахаар гарч ирэхийг нь хараад бараг л нулимс гарсан даа. Ялалт ч яамай гэмтчихэлгүй шиг л барилдаанаа дуусгаасай даа гэж хүсэж байсан.

Оросын бөх ч үүнийг ойлгож мэдэрч байх шиг байсан. Өөр “жижигхэн” тамирчин бол аваргын өвчтэй хөл дээр л ажиллах байсан. Харин дагестан залуу, сул тал дээр нь ажиллах гэж огтхон ч оролдоогүй, гэхдээ л нэр төртэйгөөр ялалтаа байгуулсан. Аль аль нь л нэр төрөө хамгаалж, аль аль нь алдраа мандуулж, авах гэснээ авсан. Медалийн тавцан руу гарах гээд шатаар өгсөх үед, дагестан залуу манай аваргыг түшиж дэм өгч байгаа нь аргагүй л тамирчин хүний шинж, манай аваргыг хүндэлж, зориг тэвчээрийг нь үнэлж байгаагийн шинж байлаа. Энэ бол Олимпийн торгон агшин байлаа. Энэ үед ёстой л нэг юм огшоод аваргаараа бахархах сэтгэл төрлөө. Ялагдсан ч гэсэн миний хувьд Түвшинбаяр аварга болсноос ялгаагүй. Түүнд эргэлзэж байсандаа одоо би ичиж байна, Түвшинбаяраар бахархаж байна. Манай үндэсний бөхөд тав түрүүлсэн бөхийг “Дархан аварга” гэж цоллодог. Дөрвөн жилийн дараа, тав дахь жилдээ аваргаа баталж байгаа Түвшинбаяр яах аргагүй “дархан аварга” юм байна. Таван жил л бараг босоо байсан гэсэн үг шүү дээ. Түүнийг дархал. Түвшинбаяр бол “ОЛИМПИЙН ДАРХАН АВАРГА”.

3 Responses to “ОЛИМПИЙН “ДАРХАН” АВАРГА”

  1. Zorigoo said

    тиймшүү

  2. Болд said

    Монгол эр хүний ид хавыг харуулсан дархан аврага минь ХУРАЙ ээ ………….

  3. amar said

    Sanal neg baina

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

 
%d bloggers like this: